ҮНДЭСТНИЙ ОНЦЛОГОО ХАДГАЛАХАД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

2018-12-05 23:24:19

Дэлхий дахин даяаршиж байгаагаас үүдэн хөгжиж байгаа улс орнуудын ариун нандин үнэт зүйлс нүд ирмэхийн зуур унтрах, бүр устан алга болоход ойртжээ. ЗСБНХУ, Югослав, Чехословак зэрэг улс өрсөлдөх чадвар нь шавхагдаж, задарч унасан түүхтэй. Өнөөдөр ч гэсэн үндэстний онцлогоо алдах аюул олон оронд тулгараад байна. Даяаршил үндэстнүүдийг ижилсүүлэхийг эрмэлзэж байхад улс орон өөрийн соёл, уламжлалаа хадгалж үлдэх гэж тэмцэж байна.

Үндэстний онцлогоо алдсанаар үндэстний үнэт зүйлсийн баримжаа баларч, төр улс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж улмаар үндэсний сонирхлоо “гээж”, бие даасан гадаад, дотоод бодлого явуулах чадваргүй болдог.  Улс төрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадвараа алдаж, бусдын эрхшээлд орсон ч үндэстний онцлогоо сэргээн тогтоох талаар хүч чармайлт тавьж үүний төлөө идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж чадвал тусгаар тогтнолоо буцаан олж авч чаддаг. Даяаршлыг эсэргүүцэх боломжгүй. Харин даяаршлын тоглоомын дүрэмд  зохицохоос гадна үндэстний онцлогоо  хадгалах нь хамгийн чухал юм.    Английн судлаач Бенжамин Шефард, Роналд Хайдук нар “Орчин үеийн бослого ба даяаршлын эрин дэх харилцаа” бүтээлдээ даяаршлыг “Аливаа соёлын онцлог шинж байдлыг устгагч төдийгүй ижилсүүлэгч, хүлээн авагч, хэрэглэгч, соёлыг түгээгч, баруунжсан соёлын түрэмгийллийг хурдасгагч” хэмээн тодорхойлсон байдаг. Их Британи, Герман, Франц зэрэг хөгжилтэй орон ч даяаршлын түрлэгт өртөж, үндэсний онцлог, аюулгүй байдлын асуудалд анхаарал тавих болжээ. Хэдэн жилийн дараа дэлхийн газрын зураг хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Судлаачид Тайвань, Бельги, Испани, Канад тэргүүтэй орнуудыг үндэстний онцлогоо алдаж, ирээдүйд задарч магадгүй орны  тоонд багтаажээ.

Тайвань- Олон хүн одоо ч  Тайванийг Хятадын нэг хэсэг гэж боддог. Хятадын Засгийн газар ч ингэж үздэг болохоор энэ аралд өөрийн гэсэн бодлого баримталдаг. Харин Тайвань 1949 оноос буюу Хятадын Засгийн газрын тэргүүн иргэний дайнд Мао Зэдуны дайчдад ялагдаж, Тайваньд бүгсэн цагаас эхлэн тусгаар тогтнох үйл явцаа эхлүүлсэн байдаг. Тайваньчуудын соёл, уламжлал, хэл хятадуудаас ялгарах зүйл үгүй.

Бельги- Тус  улсыг нэгдмэл улс гэж үзэхэд төвөгтэй. Энэ улс хоёр том, бараг тэгш бүсэд хуваагддаг. Тухайлбал, хойд хэсгээрээ Фландрия, өмнөд хэсгээр Валлония гэж хуваагддаг байна. Фландрия нь нидерланд хэлээр ярьдаг бол Валлонияд францаар ярьдаг. Үүнээс гадна герман хэлтэй хэсэг бүлэг хүмүүс ч  бий. Үүнээс үүдэж нэгдсэн нэг уламжлал, үндэстний  онцлог гэж байхгүй.

Испани- Тус улс нь Их Британийн адил дотроосоо хагарч буй улс.Өнгөрсөн жил болсон бүх нийтийн санал хураалт, Каталоны Засгийн газар нэг талыг баримтлан Испаниас тусгаар тогтнож, Каталоны Бүгд найрамдах улс үүсгэн байгуулах гэсэн оролдлого зэргийг дурдаж болно. Испанид ийм муж олон. Ерөнхийдөө нэгдмэл нэг уламжлал, ёс заншил, онцлог гэж үгүй. Тус улсын өнцөг булан бүрт өөр өөр соёлтой, өөр өөр хэлээр ярьдаг хүмүүс аж төрдөг. Тусгаар тогтнох дараагийн бүсээр Басков орон ч нэрлэгдэж магадгүй байна.

Канад- Тус улс нь цагаачдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Иймээс хэдэн жилийн дараа гэхэд тус улсад үндэстний онцлог гэх зүйл бараг л үлдэхгүй гэж ажиглагчид үзэж байна.

Дэлхийн улс орнууд үндэстний онцлогоо хэрхэн хамгаалдаг вэ

Европын холбооны комисс 1980-аад оны дунд үеэс үндэсний хувь чанарыг сурталчилж, гадаад соёлын түрэмгийлэл, тэр дундаа америкжилтаас хамгаалах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан явуулж эхэлсэн байдаг. Өдгөө Азид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүчээ аваад буй Солонгосын соёлд ч мөн адил хэвлэл мэдээлэл, олон ангит цуврал кино, поп хөгжмийн түрэлт голлох үүрэг гүйцэтгэж байна. Тэгвэл орчин үед тун эрчтэй хүчээ аваад байгаа “Солонгосын давалгаа” бий болохоос өмнө тус улс ч нэг үе Америк соёлын түрэмгийлэлд өртөх аюулд ороод байсан билээ. 1987 он хүртэл дотоодын кино компаниудад л гаднаас кино импортолж оруулахыг зөвшөөрдөг байв. Тухайн үед Өмнөд Солонгосын Засгийн Газар АНУ- ын шахалтан дор Холливудын кинонуудыг театрууддаа шууд гаргадаг болгохыг зөвшөөрснөөр 1994 он гэхэд Солонгосын 10 гаруй кино компани дампуурлаа зарласан юм. Ийнхүү Холливудын кино үйлдвэрийн хаалга үүдээ нээсэн нь маш олон кино компаниудад нөлөөлж, үндэснийх нь кино үйлдвэрлэлийн салбар уналтанд орж эхэлсэн байна. 1994 он гэхэд Холливудын кинонууд Солонгосын кино үйлдвэрлэлийн салбарын 80 хувийг дангаараа эзэлж байв. Ийнхүү үндэсний соёл уламжлалын дархлааг бий болгох, үйлдвэржилтийн хөгжлийг сэргээх чухал шаардлага тулгарсан үед Солонгосын хэвлэл мэдээлэл, соёлын сэргэн мандалтад хоёр томоохон хүчин зүйл нөлөөлсөн билээ. 1993 онд буюу  хүмүүс үндэсний кино урлагийн салбарт ямар ч аврал үлдсэнгүй гэж боддог болсон үед шинээр гарсан “Sopyonje” кино нэг сая гаруй үзэгчтэйгээр шилдэг киноны жагсаалтыг тэргүүлсэн нь хэний ч санаанд оромгүй явдал болжээ. Энэхүү кино нь “pansori” хэмээх солонгос үндэстний урлагийн үзүүлбэр үзүүлж амьдралаа залгуулдаг нэгэн хэрмэл гэр бүлийн тухай өгүүлдэг бөгөөд мартагдан мөхөж байгаа үндэсний хөгжмийн урсгалыг гол хэрэглүүрээ болгож, өргөн уудам үзэсгэлэнт байгалийг дүрслэн харуулсан нь олон түмэнд “үндэсний соёл” гэгчийг эргэн санагалзах сэдлийг төрүүлж, харин мөнөөх өлсгөлөнд нэрвэгдэхийн ирмэг дээр буй гэр бүл нь Холливудын нөлөөнд автан сүйрлийн эрмэг дээр ирээд байсан Солонгосын кино урлагийг төлөөлж байв.

Түүнчлэн бусад орнууд ч мөн адил гаднын соёлын түрэмгийлэлд өртөхгүйн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд тодорхой хэмжээний хязгаарлалт тавьж, үндэстний онцлогоо хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг. Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал гэж ихээр яригдах болсон өнөө үед аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгад хязгаарлалт тавихыг эсэргүүцэх нь олонтаа. Гэсэн хэдий ч соёлын түрэмгийлэлд өртөхөөс сэргийлж, сөрж зогсох дархлааг бий болгох нь нэн чухал асуудал гэдгийг олон орон ойлгож, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зохицуулалт хийсэн байдаг.

Тухайлбал, Хятадын телевизүүдийн хамгийн оргил цаг болох 19:00–22:00 цагийн хооронд ямарваа гадаадын кино, телевизийн олон ангит цуврал, хошин шог, хүүхэлдэйн киног Үндэсний радио, кино зураг болон телевизийн яамны зөвшөөрөлгүй гаргахыг хориглодог байна. Харин Франц Улсад телевизийн нэвтрүүлгийн 40 хувийг  үндэсний, талаас илүүг Европын агуулга эзлэх ёстой бол Австралид өглөөний 06:00 цагаас шөнийн 00:00  хүртэлх эфирт нэвтрүүлж буй гадаад нэвтрүүлэг 45 хувиас хэтэрч болохгүй. Мөн хөтөлбөрийн найруулагч, зураглаач нь заавал австрали хүн байх ёстой хэмээн заажээ. Түүнчлэн зарим орон телевизийн сувгийн нийт эфирийн цагт эзлэх гадаад контентийн хэмжээг зааж өгөхөөс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарыг тогтоосон байдаг. Индонез Улсад гэхэд хоёр ба түүнээс дээш гадаад хувь нийлүүлэгчтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн аль нэг гадаад хөрөнгө оруулагч дээд тал нь 20 хувийг  эзэмших зөвшөөрөлтэй байдаг аж.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)