“БУЯН”-ГИЙН ЖАРГАЛСАЙХАНЫ ОХИНЫ “MANDKHAI” БРЭНДИЙГ “VOGUE” ОНЦОЛЛОО

2018-12-05 23:22:27

Алдарт “VOGUE” сэтгүүлийн “Vogue.co.uk” сайтад Монгол брэнд Мандхайн талаар нийтлэл гарчээ. Ингэхдээ дэлхийн супер моделиудын нэг Жижи Хадид тус брэндийн Монгол ноолууран бүтээгдэхүүнээр гоёсон тухай тодотгосон байна.

Мандхайн загварууд  Англид хэдийнэ танил болж, “HUNGER”, “The Telegraph”, “Stella, Grazia”, “ELLE”, “Red”, “The Times”, “Style”, “Bazaar”, “InStyle”, “GLAMOUR” зэрэг сэтгүүл загварын буландаа онцолж байсан. Түүнчлэн Арабелла Гринхилл, “Spice Girls” хамтлагийн дуучин Жери Хорнер зэрэг олны танил алдартнууд Мандхайн загварт нэлээд мөнгөө зарцуулдаг байна. “VOGUE”  сэтгүүл дээр гарсан “Gigi Hadid’s Favourite Cashmere Comes With A Sustainable Caveat” нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Дэлхийн ноолууран бүтээг­дэхүүний дийлэнх хувийг Монгол Улс үйлдвэрлэдэг. Тус улсын цаг агаар эрс тэрс бөгөөд өвлийн улиралд -40 хэм хүрдэг. Ийм ч учраас хүйтэн өвлийг өнтэй давахын тулд ямаанууд өөрөө өөртөө хөвсгөр дулаахан дээл урладаг. Харин дөрөвдүгээр сараас эхлэн малчид үйлдвэрлэгчдэд боловсруулаагүй ноолуураа худалдаж эхэлдэг. Монголд ноолууран бүтээгдэхүүний зах зээл эрчимтэй тэлсээр байна. Ноолууран бүтээгдэхүүний зах зээл тэлэхийн хэрээр ноолуурыг хаанаас авсан, хэр чанартай эсэх  асуудал мөн бий болох юм. Хэдийгээр  дэлхийн олон компани Монголоос ноолуур авдаг гэдэг ч БНХАУ-ын хойд хэсэгт байрлах Өвөрмонголоос ноос худалдан авдаг. Тэгвэл  Жижи, Белла тэргүүтэй алдартнуудын гоёсон ноолууран бүтээгдэхүүн бол Монголын загвар зохион бүтээгч Мандхайн бүтээл. Мандхай өнгөрсөн  2014 онд Лондон хотноо нэрийн “MANDKHAI CASHMERE” дэлгүүрээ нээж, амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Түүний гэр бүл одоогоос 25 жилийн өмнө буюу социалист нийгмийн үед Монгол Улсад анхны ноолуурын үйлдвэрийг байгуулж байсан хүмүүс. Тэдний ноолуурын үйлдвэр Монголдоо томоохонд тооцогддог. Мандхайн загварууд загварлагаас гадна өдөр тутам өмсөхөд амар, биед эвтэйхэн. Түүний хамгийн үнэнч фэн нь Жижи Хадид. “Хүмүүс биднийг Жижи Хадид их мөнгө төлдөг гэж боддог байх. Мэдээж, бид тэгдэггүй. Үнэндээ аав минь Жижи Хадидын талаар тийм ч сайн мэдэхгүй. Гэхдээ шинээр гарсан загвар бүрийг өмссөн байхыг харах сайхан байдаг” гэж Мандхай ярьжээ. Жаргалсайханы Мандхай 20 настай байхдаа Лондонд анх  загварын чиглэлээр суралцахаар очоод үргэлжлүүлэн маркетингийн чиглэлээр суралцсан байна. Тэрбээр сургуулиа төгсөнгүүтээ өөрийн бизнесээ эхлүүлсэн бөгөөд “Орчин үеийн загварын зах зээлд завсар үүссэн. Хүмүүс чанар болон ил тод байдлыг эрэлхийлэх болсон” гэдгийг онцолж байв. Мандхай бүтээгдэхүүнээ хаанаас авдаг талаараа “Бид бүтээгдэхүүнээ малчдаас шууд худалдаж авдаг. Малчдаас худалдаж авахдаа зах зээлийн ханшаас арай  өндөр үнэ төлдөг ч байж магадгүй юм. Нэг бүтээгдэхүүн худалдсан үнийн дүнгийн 60 орчим хувь материалдаа зарцуулагддаг. Ийм ч учраас ноолууран бүтээгдэхүүн чанартай байдаг юм. Түүнчлэн манай үйлдвэрт ажиллаж буй ажилчдын олонх нь удаан жил ажилласан хүмүүс тул тэдний туршлагад итгэж болно” хэмээж байв. Ноолуурын зах зээл хүрээгээ тэлэх тусам Монголын бэлчээр сүйтгэгдэх эрсдэлтэй байдаг талаар түүний байр суурийг сонирхоход Мандхай “Монгол бол асар том газар нутагтай. Германы газар нутгаас л гэхэд тав дахин их. Гэхдээ энэ том газар нутагт ердөө гуравхан сая хүн амьдардаг. Тиймээс малчид хүссэн газар руугаа нүүдэллэж байдаг. Монголын өвөл маш хүйтэн, ширүүн. Өвөл, хаврын цагт малчдаас шалтгаалахгүйгээр олон мал үрэгддэг. Энэ бол байгалийн мал сүргээ тэнцвэржүүлэх нэг хэлбэр юм. Ноолуурын үйлдвэрлэлээс маш бага хаягдал гардаг. Өөрөөр хэлбэл, синтетик бүтээгдэхүүн шиг байгаль орчинд ямар нэгэн хор хөнөөл учруулахгүй гэсэн үг. “Би хэзээ ч синтетик материалтай хувцас өмсөхгүй. Учир нь би ноолууран дунд амьдардаг эмэгтэй. Үнэхээр азтай байгаа биз. Ноолуур бол хамгийн шилдэг даавуу” хэмээн ярьж байлаа.

Загварын хүрээлэлд нэгэнтээ танигдаж, мэдрэмжтэй фэйшниста, фэйшн блоггеруудын сонголт болсон “MANDKHAI” брэндээс Жижи Хадид “MANDKHAI” oversize загвартай ноолууран цамц эхлээд сонгож байжээ. Нью-Йорк дахь гэрээсээ гарч яваад папараццичдын дуранд анх өртсөн түүнд нэлмэгэр том цамц ихэд таалагдсан бололтой, хэд хэдэн удаа “MANDKHAI” брэндийн цамцтай явж харагдсан байна. Энэ загварын цамцны албан ёсны онлайн дэлгүүр дээрх үнэ нь 895 фунт стерлинг (1160 ам.доллар). Түүний дүү Белла ч мөн “MANDKHAI” брэндийн улаан өнгөтэй ноолууран цамц сонгосон байдаг. Жижи Хадид Мандхайн загваруудын талаар “Түүний загварууд маш загварлаг, нүдэнд дулаахан биед эвтэйхэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: https://www.vogue.co.uk/article/mandkhai-sustainable-cashmere-brand-2018

 

 

Ж.Мандхай: Ноолуур гэх гайхалтай зүйлийг дэлхий дахинтэй хуваалцмаар байна

Жаргалсайханы Мандхайн  хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард http://www.twenty6magazine.com сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Та өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулна уу. Яг юу таныг загварын ертөнцөд  дурлахад хүргэв?

-Намайг Жаргалсайханы Мандхай гэдэг. “Mandkhai” брэндийн үүсгэн байгуулагч. Социалист нийгмийн үеэс буюу Монголд анх удаа ноолуурын бизнес эрхэлж эхэлсэн гэр бүлээс гаралтай. Миний бага нас эцэг эхтэйгээ хамт ноолуурын үйлдвэрт өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, ноолуурын үйлдвэр миний тоглоомын талбай байлаа. Миний хийдэг ажил үйлдвэрийн ажилчдын юу хийж буйг харах болон ноолууран бүтээгдэхүүний өөдсөөр тоглох байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Багаасаа хувцас загварын салбартай холбогдсон болохоор, нөгөө талаас ээж минь намайг ийнхүү загварын салбартай чинь сэтгэлээсээ холбогдоход нөлөөлсөн.  Загварын чиглэлээр Лондонд сурахад үнэхээр гайхалтай байсан. Учир нь энэ хотод загвараар дамжуулж өөрсдийгөө илэрхийлэхээс ичдэггүй маш олон уран бүтээлч байдаг. Түүнчлэн Лондон хотын оршин суугчдын эрх чөлөөт байдал надад маш их таалагддаг.

-Яагаад зөвхөн ноолуурыг сонгохоор шийдсэн юм бэ. Ноолуурын талаарх хүмүүсийн хуучинсаг үзэл баримтлалыг хэрхэн өөрчлөхөөр төлөвлөж байна?

-Би ноолууран дунд өссөн. Ноолуур бол байгалийн бүтээсэн хөвөн утас. Тийм ч учраас би энэ гайхалтай зүйлийг дэлхий дахинтай хуваалцахыг хүссэн юм. Ноолуураар зөвхөн нэг төрлийн хувцас хийдэг юм биш. Хүрэмнээс эхлээд маш чамин даашинз хүртэл урлаж болдог. Иймээс “MANDKHAI” брэндээр дамжуулж хүмүүс ноолуурыг  орчин үеийн, сонирхолтой байж болохыг, бас маш чанартайг харах болно. Мөн Монголын ноолуурын талаар хүмүүст мэдүүлж, энэхүү байгалийн гаралтай гайхамшигтай зүйл бидэнд ямар сонирхолтой хувцасны сонголтуудыг өгч байгааг хүмүүс олж харна гэж найдаж байна. 

-Сүүлд гаргасан коллекцоороо дамжуулж яг ямар санаа илэрхийлэхийг хүссэн бэ?

-Монголын ноолуурыг орчин үеийн хэрэгцээтэй холбохыг оролдсон байгаа. Түүнчлэн загваруудыг гар хатгамалаар чимэглэж, сарлагийн хөөвөр ашигласнаараа онцлог. Сүүлийн үед бүтээгдэхүүнүүддээ сарлагийн хөөвөр ашиглах талаар судалж байгаа.

-Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хэрхэн хангадаг вэ?

-Бид ноолуурыг хаврын цагт  их хэмжээгээр нь авдаг. Монголын ямаа болон хонь хүссэн газартаа бэлчиж, өвлийн -50 хэмд тэсвэртэйгээрээ онцлог. Тиймээс монгол ноолуурын чанар нь бусад улсын фермерийн ямааныхаас хэд дахин илүү. Үүнээс гадна ноолуурыг боловсруулах бүх процессыг бид өөрсдөө бие дааж явуулдаг. Ноолуур нь өөрөө байгалийн гаралтай болохоор үйлдвэрт хаягдал гэх зүйл ч бараг гардаггүй.

-Хувцасны байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахын тулд загварын салбарынхан яг юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?

-Хүрээлэн буй орчинд хамгийн их бохирдол үүсгэгчдийн нэг нь яах аргагүй загварын салбарынхан. Энэ салбар дахь аливаа эерэг өөрчлөлт бүр байгаль орчинд сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Харин эрхэлж буй бизнес бол байгаль орчинд ээлтэй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна. Иймээс загварын салбарынхан байгалийн гаралтай хөвөн, даавууг бүтээгдэхүүндээ ашиглаж, энэ төрлөөр үйл ажиллагаа явуулж буй брэндүүдийн үйл ажиллагааг дэмжиж, өөрчлөлт хийх хэрэгтэйн болов уу гэж бодож байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)