С.Чинзориг: Би өөрийнхөө компанид ЖДҮ-ийн зээл аваагүй, энэ бол гүтгэлэг

2018-11-30 12:04:48

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг "Бээвэр" ХХК-иар дамжуулан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдаад буй.

Энэ талаар сайд С.Чинзориг дөнгөж сай Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Сүүлийн өдрүүдэд Засгийн газрыг огцруулах асуудал нэлээд яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор улс төрчдийн хооронд бие биенээ гүтгэх ажил газар авч байна. Миний биетэй холбоотойгоор УИХ-ын зарим гишүүнээс "Бээвэр" гэдэг компаниараа дамжуулан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл сүүлийн 2 хоногт явлаа. Гүтгэлгийн шинжтэй энэ мэдээллийг намжих байх гэж харсан ч улам даамжирч буй учир албан ёсны тайлбар мэдээлэл хийж байна.

 Би насаараа төрд алба хашиж байна. Амьдралдаа нэг л удаа компани байгуулсан. "Соёмбо консалтинг" гэдэг зөвлөх үйлчилгээ явуулдаг компани юм. Надад бусад гишүүдтэй адил өөр олон компани байхгүй. Надтай нэр холбогдоод буй "Бээвэр" гэдэг компани надад ямар ч хамааралгүй. Миний хамаатай хүмүүс болох гэр бүл, үр хүүхэл, ах дүү, найз нөхөр дунд ч тийм нэртэй компани байхгүй гэдгийг мэдэгдэж байна. Тус компаниар дамжуулж С.Чинзориг гэдэг хүн 300 сая төгрөгийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл, гүтгэлэг болно.

Миний сонгогдсон тойрог 12 сумтай.2018 оны Улсын төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой төсөв мөнгө туссан учир би тойргийнхоо нэг суманд 2-3 төсөл боловсруулж өг гэсэн чиглэл өгсөн. Энэ дагуу ирүүлсэн төслийг бол ХХААХҮ-ийн яаманд уламжилсан ийм л процесс явагдсан. Манай тойргийн сумдаас ирүүлсэн нийт төслийн 40 орчим хувь нь нийт 250 орчим сая төгрөгийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан байдаг. Өөрөөр бол би өөрийнхөө компанид мөнгө авсан зүйл байхгүй" хэмээн мэдэгдлээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)