МОНГОЛ УЛС ОУВС-ГИЙН ХААЛГЫГ 2021 ОНД ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТОГШИНО

2018-11-30 11:56:09

2016 онд ард түмний итгэлээр засгийн эрх авсан төрийн бус байгууллага доторх хагарал даамжирч, эцэстээ Монголын улс төрийн орчин урд хожид тохиогоогүйгээр муухайрсныг гадна, дотногүй ярьцгааж байна.
Эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд нь жагсаал цуглаан хийхийг, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн зүгээс ч бүх нийтийн ардчилсан сонгуулиар бүрдсэн төрийн эрх дээд байгууллагаа тараах талаар ам нээсэн тохиолдол парламентын түүхэнд үгүй юм билээ. Зөрчилдөж буй хэсэг аль аль талаасаа хариуцлага, шударга ёс ярьж байгаа ч үнэн хэрэгтээ эрх мэдэл дагасан мөнгөний өрсөлдөөн болох нь “Нүүрсчин”, “ЖДҮ-чин”, “Концессчин” гэдгээ өөрсдөө дэлгэцгээснээр ил харагдана. Учир нь сонгуулиас хойшхи хугацаанд ОУВС тэргүүтэй олон улсын түншүүд тусламжийн гараа сунгасан, гадаад зах зээлийн эерэг мөчлөгийн нөлөөгөөр эдийн засаг сэргээд байгаа. Улмаар Монгол Улс гадаадаас зээлсэн ам.доллараа дампуурал зарлалгүй төлж, төр ашигт малтмалын хэдэн ордоосоо ахиу ам.доллар олоод эхэлсэн юм.

Энэ нь төсөв ашигтай гарах болсон, эдийн засгийн өсөлт сэргэсэн зэргээс харагдах бөгөөд дэлхийн зах зээл дээр зэс, нүүрс тэргүүтэй түүхий эдийн ханш өсөхөд Монголын эдийн засгийн дагаад өсдөг зүй тогтолтой шууд холбон ойлгож ч болно. Гэвч дотоодын улс төрийн тогтворгүй орчин өсөлтийн циклиэ ашиглах сөхөөгүй өнгөрч, гадаад зах зээлийн тааварлашгүй байдал түүнд нь цэг тавьж мэдэх байдал үүслээ.

Өнөөдөр нартай байгаа ч маргааш тэнгэр муудаж мэднэ

Энэ он гарсаар дээрх анхааруулгыг дотоод гадаадын шинжээчид бүгд л өгч байгаа. Тэр дундаа манай төсөв, мөнгөний чигийг зааж буй ОУВС-гийн тэргүүн хамгийн сүүлд болсон дэлхийн улсуудын сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгчдийн уулзалтын үеэр “Нартай байгаа дээр дээврээ битүүл” гэж уриалсан. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн зүгээс дэлхийн эдийн засгийн байдал эвгүйтэх төлөвтэй, түүнээс өмнө өртэй нь өрөө төлөх мөнгөө бэлтгэж байхыг зөвлөсөн хэрэг л дээ. Мөн Америк Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн эрчимжиж болзошгүй гэдгийг бусад олон улсын судалгаа шинжилгээний байгууллагын зүгээс анхааруулах болсон. Хамгийн анхаарууштай нь хэзээ, хаана хүрч төгсөх нь тодорхой бус байгаа их гүрнүүдийн худалдааны дайны улмаас хамгийн их хохирол амсаж болзошгүй улсуудын нэгээр Монголыг нэрлэгдэх болсон явдал. Судалгаагаар худалдааны дайн дээд цэгтээ хүрвэл, Америкийн экспорт 30 хувь, Европынх 35 хувь, Хятадынх 40, Монголынх 50 гаруй хувийн татвартай болох тооцоо гарсан байна. Монгол Улс 12 тэрбум ам.долларын эдийн засагтай, жилд есөн тэрбумын гадаад худалдаа хийдэг. Улмаар манай түүхий эдийн хамгийн том худалдан авагч БНХАУ-ын эдийн засаг буурснаар дэлхийн зах зээл дээр ханш унах магадлалтай аж. Дээрээс нь БНХАУ-ын хэдхэн хоногийн өмнөөс Монгол, Австрали тэргүүтэй улсуудаас авч буй нүүрсэнд хориг тавиад буй. Гадаад ертөнцөд ганц худалдааны дайнаар тогтохгүй тааварлашгүй олон зүйлс өрнөж байгаа бол манай улс төрийн дотоод байдал түүнээс дутахааргүй болоод байгаа юм. Гэвч Монголын төр, засаг гадныханд төсөв, санхүүгээ даатгачихаад өөр хоорондоо хэрэлдэж суугаа нь өнөөгийн дүр төрх.  Олон улсын валютын сан 2017 оны тавдугаар сарын 24-нөөс эхлэн Монгол Улсын Засгийн газартай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нийтдээ 5.5 тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй буюу хоёроос доош хувийн хүүтэйгээр олон улсын байгууллага, донор орнуудаас зээлээр тохиролцсон. Тухайлбал, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлцэл сунгасан. Үлдэж байгаа 3.5 орчим тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хандивлагч Япон, Солонгос зэрэг орноос авахаар болсон юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын эхэнд ОУВС-гийн төлөөлөгчид хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээг хийгээд буцсан. Үүний дараахан Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэг хувиар чангаруулж, 11-д хүргэсэн нь дээрх анхааруулгаас эхтэй бэлтгэл байсан. Энэ нь импортыг дэмжиж буй зээлийг хязгаарлах, мөн эдийн засагт нийлүүлэгдэж буй төгрөгийн хэмжээг бууруулах замаар валютын ханшийн өсөлтөөс сэргийлэх эхний арга хэмжээ болж байна. Засгийн газрын хувьд ирэх онд тэлсэн төсвийн бодлого баримтлах нь ойлгомжтой болсон зүйл. Үүнээс үзэхэд, Засгийн газраас гаргах мөнгөө нэмэх бол Төв банк эсрэгээрээ хумьсан бодлого барих нь. Харин энэ хоёрын харьцааг ОУВС дараа дараачийн үнэлгээгээрээ зохицуулчихна гэж эрх баригчид харж байгаа бололтой.  

2020 оноос хамгийн хүнд жилүүд эхэлнэ

Анх ОУВС Монголд туслахыг зөвшөөрч, “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-төө хамруулахдаа, төсвийн болон гадаарын өрийн дарамтаас үүдсэн төлбөрийн тэнцлийн хүндрэлийг бууруулах тохиролцоо хийсэн байдаг.  Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд манай талаас төсвийн хүндрэл арилгаж, өмнөх гадаад өрүүдээ өөрөөр орлуулсан төдий арга хэмжээ аваад байгаа. Монгол Улсын Засгийн газрын өр өнгөрсөн жилийн эцэст 22.7 их наяд төгрөгт хүрээд байсан бол энэ оны II улирлын байдлаар 21.1 их наяд төгрөг болж эрс буурлаа гэдгийг Сангийн яамнаас удаа дараа мэдээлсэн. Үүнд, “Чингис” бондын үлдэгдэл 127.2 сая ам.доллар, “Дим сам” бондын үлдэгдэл 145.9 сая ам.доллар тэргүүтэй 2.9 их наяд төгрөгийг төлбөрийг барагдуулсан нь нөлөөлсөн. Тэгвэл Засгийн газрын өр 2015-2018 онд тасралтгүй өсчээ. Засгийн газар 2015 онд 14.4 их наяд төгрөгийн өртэй байсан бол  2017 онд 22.7 их наядад хүрсэн. Ийн өсөхөд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон БНХАУ-тай хийсэн своп хэлэлцээг сунгасан, өмнө нь олон улсын зах зээл дээр гаргасан хуучин бондуудаа шинээр сэлгэн эдийн засагтаа амь тариа хийсэн нь нөлөөлсөн. Тухайлбал,  өнгөрсөн оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын бондыг 8.75 хувийн хүүтэй “Хуралдай” бондоор орлуулах замаар хугацаатай нь уралдан төлж дуусгасан.  Үүнээс хэдхэн сарын дараа 800 сая ам.долларын  5.625 хувийн хүүтэй “Гэрэгэ” бондоор 500 сая ам.долларын “Чингис” бондын 74.5 хувь буюу 372.8 сая ам.доллар, нэг тэрбум юанийн “Дим сам” бондын 9.5 хувийг буцаан худалдаж авсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө өндөр өртөг төлж, байдгаа барин байж өрөө барагдуулсан. Тэгвэл ирэх 2020-2024 онд үүнээс хүнд үеүүд тохиохыг эдийн засагчид сануулж байгаа.  Хуваарийн дагуу 2020 онд БНХАУ-ын Ардын банктай хийсэн хоёр тэрбум ам.долларын своп хэлэлцээ дуусна, 2022 онд Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай гаргасан нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын өрийг төлнө. Түүнчлэн 2023 онд 600 сая ам.долларын 8.75 хувийн хүүтэй “Хуралдай” бонд, 2024 онд 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын төлбөр төлөгдөхөөр байгаа нь төсөвт ирэх ачаалал юм. Харин ОУВС-гийн хөтөлбөр 2020 онд дуусна. Өнөөдрийн эрх баригчдаас үүдэлтэй дотоодын улс төрийн тогтворгүй байдал, гадаадын орчин дахь шинжээчдийн таамаг биеллээ олбол,  дээрх өр төлбөрүүдийг төлж чадахгүйд хүрэх нөхцөл үүсэх бөгөөд тэр цагт буюу 2021 онд гурав дахь удаагаа нөхөрлөөд  буй ОУВС-гийнхаа хаалгыг дахин тогших магадлал өндөр гэнэ.

Энэ удаагийнх Монгол Улс ОУВС-тай хамтарч буй анхны тохиолдол биш.  Монгол Улс  1991 болон 2009 онд одоогийн сул нөхцөлтэй “Стэндбай” хөтөлбөрт хоёр удаа хамрагдаж байжээ. Засгийн газар анх 1991 онд ОУВС-гаас 14 сая ам.доллар зээлж, эдийн засгийн шижилтийн үеэ даван туулж байсан бол 2009 оны дэлхийн санхүүгийн хямрал дээд цэгтээ хүрсэн үед хоёр дахь удаагаа хандсан байдаг. Тухайн үед 232 сая ам.долларын зээл авч байсан ч Хятадын их хэмжээний алт, зэсний эрэлттэй холбоотойгоор экспортоо нэмэгдүүлэн зээлээ төлж байсан түүхтэй аж. Тэгвэл энэ удаагийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гурав дахь нь болсон. Гэхдээ  ОУВС өмнө нь үзүүлж байсан “Стэндбай” хөтөлбөртэйгээ харьцуулахад өндөр шаардлага тавьсан юм. Энэ утгаараа Хувь хүний орлогын албан татвар, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татвар зэрэг ард иргэдийн амьжиргаанд шууд холбоотой найман төрлийн татварыг нэмэх хүндхэн арга хэмжээ авч өнөөгийн эдийн засгийн сэргэлтэд хүрээд байгаа. Засгийн газар нөгөө талдаа нийгмийн халамжаа бууруулсан нь иргэдийн зүгээс хамгийн их эсэргүүлцэлтэй тулгарч байлаа. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөлгүй зөвхөн зорилтот бүлэгт олгох зэрэг шийдвэр гаргаж, түүнээсээ эргэж буцсан нь нэг Засгийн газраа огцруулахад хүргэсэн. Харин одоо намын дотоодын улс төр нь хүүхдийн мөнгөтэй үгүйтэй болж, түүнээсээ ч давсан идэж ууж, шамшигдуулсан асуудлыг дэлгэлцэх болсон нь ОУВС-тай хийсэн тохироонд нь хэр нийцдэг юм бол. Энэ нь маргааш ч манай хаяанд ирж болзошгүй тарифын дайн, 2020-2024 онд тохиох хүндрэлүүдийг битгий хаагаасай. Дээр нь эдийн засгийн өсөлт саараад байгаа. Өмнөх Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат уржигдар болсон “Засгийн газар ганцхан жилийн дотор 1.2 хувьтай байсан эдийн засгийг 5.3 хувь болгож өсгөөд танд хүлээлгэн өгсөн. Ердөө ганцхан жилийн дотор 4,1 хувиар өсгөсөн. Гэтэл таны Засгийн газар ижил хугацаанд ердөө 6.4 хувь болгосон. Энийг чинь л эдийн засгийн өсөлт саармагжлаа гэж хэлээд байгаа юм” хэмээн одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэлээд анхааруулснаас харагдана.

Үндэсний шуудан

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)