Д.Баярмагнай: Хөгжлийн банк, 60 тэрбум, АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ЖДҮ гээд бүгдийг нь прокуророос шалгаж байна.

2018-11-16 08:43:52

Нийслэлийн Ерөний прокурор Д.Баярмагнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргах үеэр өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй хэргүүдийн талаар зарим гишүүд асууж байсан. Энэ талаар та тодруулга өгнө үү?

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээргүй, хуулиар хориглосноос бусад асуудлаар зарим нэгэн хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар товч мэдээллийг өгье. Эхний ээлжид УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн гомдлын дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрийн санхүүжилт болон хөрөнгийн зарцуулалттай холбоотой хэргийн хувьд мэдээлэл өгье. Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн. Энэ шалгалтын хүрээнд тайланд тусгагдсанаар 18 зээлийн санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны нэгдүгээр сард “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт болон хөрөнгийг зарцуулах явцад холбогдох албан тушаалтнуудаас албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй” гэж үзэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 болон 264 дүгээр зүйлийн 264.2, 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хэргийг бид цогцоор нь нэг дор шүүхэд өгч шийдвэрлүүлэх боломжгүй. Учир нь тус тусдаа олон төсөл хөтөлбөрүүд байгаа. Тус тусад нь эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гаргуулах, аудит хийлгэх гээд маш их ажилтай. Энэ үүднээсээ хэрэг удааширч байгаа асуудал бий. Гэхдээ шинэ хуульд нийцүүлэн нотлогдож, тогтоогдсон хэмжээнд нь зарим хэргийг тусгаарлан шүүхэд өгч шийдвэрлүүлж байгаа.

-Тухайлбал?

-“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б нь 2015-2016 онуудад албаны эрх ашгийг урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг тусгаарлан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх оногдуулсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны сайдаар 2015-2016 онд ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б-тэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг шүүх хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан.

“Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г нь 2013-2016 онуудад “ОССК”-ийн дүрмээр олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаас хээл хахууль авсан. Мөн тус газрын маркетинг борлуулалтын хэлтсийн дарга нарын хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэнийг шүүх хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийгүүлэхээр буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.

“Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн 2013-2016 оны хооронд арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан байгаа. Одоо хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Эдгээрээс гадна Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2012-2014 оны хооронд ажиллаж байсан Н.Баярбаяр нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Энэ мэтчилэн “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн ажлын хэсгийн тайланд тусгагдсан бусад санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Удахгүй зарим нотлогдож, тогтоогдсон үйлдлүүдийг тусгаарлан шүүхэд өгч гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, улсад учирсан хохиролыг нөхөн төлөөлэх арга хэмжээг авна.

-Нэр бүхий улстөрчидтэй холбоотой 60 тэрбумын асуудлыг сэргээн шалгаж байгаа гэдэг мэдээлэл бий. Үнэн үү?

-60 тэрбумын гэх хэргийг МАН-ын хэсэг бүлэг нөхөд 2014 онд, Улсын Их хурлын болон орон нутгийн 2016 оны сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилтийг хэрхэн босгох талаар ярилцаж байсан болох нь нотлогдож, тогтоогдсон гэж үзсэн. Хамгийн гол нь тухайн яриа, төлөвлөгөө нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй, төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар хүч хэрэглэн авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх бодит нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Харин 2018 оны долоодугаар сарын сүүлээр Тагнуулын байгууллагаас энэ асуудлын хүрээнд шалгах мэдээ, мэдээлэл байна гэсэн санал тавьсны дагуу миний бие саналыг хянаад, хэргийг сэргээн шалгавал зохих асуудлууд байна гэж үзээд 2018 оны наймдугаар сарын 01-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээсэн, одоо хэрэгт ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байгаа.

-Агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой зөрчил дутагдлын талаар та шинэ мэдээлэл өгөх үү?

-Нийслэлийн прокурорын газраас агаарын бохирдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, мэдээлэлд үндэслэн “..агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт нь хуульд нийцэж байгаа эсэх“ асуудлыг шалгуулахаар 2017 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуулийн 24.9 дүгээр зүйлийн 24.9.1 дэх зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг байгуулан, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүд нь бодитой, хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа эсэхийг шалгах ажиллагааг явуулж байна.

Үндэсний аудитын газраас “Цэвэр агаар сан” болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар хийсэн ажилд гүйцэтгэлийн аудит хийж баталгаажуулж, илэрсэн зөрчилтэй асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар 2018 оны аравдугаар сард шийдвэр гаргасан, яг одоогийн байдлаар уг асуудлыг шалгуулахаар албан ёсоор хандаагүй байна. Гэхдээ Нийслэлийн прокурорын газраас Үндэсний аудитын газарт албан бичгээр хандсан байгаа.

-УИХ-ын гишүүд “АСЕМ”-тай холбоотой Үндэсний аудитын газрын дүгнэлтийн мөрөөр шалгалт явуулахгүй байна гэж шүүмжилж байсан?

-Үндэсний аудитын газраас Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүү, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийсэн, уг аудитын тайланд АСЕМ-ын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой илэрсэн зөрчлүүдийн талаар ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.8 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.

-“Жаст групп” ХХК-ний захирал Ш.Батхүүд холбогдох 201501000330 дугаартай хэргийн тухайд шинэ мэдээлэл өгөх үү?

“..Жаст групп ХХК-ний захирал Б нь хуурамч барим бичиг үйлдэн Өмнөд Африкийн Стандарт банктай 2009, 2010 онуудад зээлийн гэрээ байгуулан, их хэмжээний ам.долларын зээл авч өөртөө болон хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулж, уг үйлдлийн улмаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан..” гэх хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Энэ хэрэгт “Жаст групп” ХХК-ний захирал Б, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байсан Г, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Хэрэгт яллагдагч Б болон түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр бүртгэлтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө бусдад шилжсэн байдаг ба эдгээр хөрөнгүүд бусдад шилжсэн асуудал нь хууль ёсны эсэх асуудлыг шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ утгаараа хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бага зэрэг удааширч байгаа, гэхдээ бид хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авч байгаа, цаашид гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.  

-Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг шалгаж байгаа гэдэг үнэн үү

-Улсын их хурлын төсвийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийх болсонтой холбогдуулан, үйл ажиллагааг нь шалгаад аудитын дүгнэлт гарсан үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “..Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан З нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан..” гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Сүүлийн үед дуулианн болоод байгаа УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүдийн авсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас авсан зээлийн мөрөөр шалгалт явуулж байгаагаа Улсын ерөнхий прокурор УИХ дээр мэдээллэсэн. Энэ талаар та шинэ мэдээлэл өгөх үү

-Нийслэлийн прокурорын газраас “..Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтан нар  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр авч өгч өөртөө болон бусдад давуу байдал олгосон..” тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтлэгдсэн мэдээлэлд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг нээж, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдох зээл нь экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай, хөнгөлөлттэйгөөр олгохоор зохицуулсан байгаа гэтэл уг зээлийг улс төрийн өндөр албан тушаалтан нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан авч, зээлийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа үгүй эсэхийг шалгаж байна. Тухайлбал: Зээлийг тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахйн нэгж, иргэнд олгож болохгүй, авсан зээлээ дээрх байдлаар зориулалтын бусаар ашигласан байх юм бол хууль зөрчсөн үйлдэл болно.

-Жижиг дунд үйлдвэрээс зээл авсан ААН, иргэдийн зээлийг төлүүлэх зорилгоор эд хөрөнгийг нь битүүмжилж, үйл ажиллагааг нь хааж  байгаа гэсэн үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллага зөвхөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлуудыг л шалгана. Зээл авсан болгоныг буруутгаад хар, цагааныг ялгалгүйгээр нэг тогоонд хийгээд буруутгаад байж бас боломгүй байгаа юм. Энэ зээлдэгч нар дотор хууль болон сонгон шалгаруулалтын дагуу зээлээ авч, зориулалтын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулж, зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлж барагдуулж байгаа ААН, иргэн ч байгаа шүү дээ. Үүнийг бид ялгаж салгана.

-ЖДҮ дэмжих сангаас танай Улсын Ерөнхий прокурорын орлогч Амгаланбаатар зээл авсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Энэ үнэн үү. Энэ хүн та нарын шалгалтын ажилд хаалт болох юм биш үү?  

рокурор хүн шийдвэрээ зөвхөн хуульд нийцүүлэн хараат бусаар гаргах учиртай, прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцож болохгүй. Бид зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрээ гаргана. Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт гаргасан, үүний дагуу Улсын Ерөнхий прокурор хүсэлтийг нь хүлээн авч хянаад ашиг сонирхолын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг татгалзан гаргасан байгаа.

- Нийгэмд прокурор нь хүртэл зээл авсан, хэргийг нь дараад өнгөрнө гээд итгэхгүй байгаа шүү дээ?

 - Бид хуулийн хүрээнд шударга ажиллана, санаа зоволтгүй, харин ч прокурор шалгая гээд УИХ-д хүртэл асуудлаа оруулаад байгаа биз дээ? Хэн ч байсан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх учиртай.  За танд баярлалаа.

“Үндэсний шуудан” сонин

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)