“ӨДӨРТ 10000 АЛХАМ” аяныг орон даяар эхлүүллээ

2018-11-13 00:39:42

Монгол Улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт 10000 хүн тутамд 503.9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 2017 оны байдлаар энэ өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу өвчин нь хүндэрсэн 3 хүн тутмын нэг нь нас баржээ. Энэхүү өвчин зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресст өртөх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэйг эмч мэргэжилтнүүд тогтоогоод байгаа. Тиймээс бүх нийтийг зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх зорилгоор “ӨДӨРТ 10000 АЛХАМ” эрүүл мэндийн өдөрлөгийг Богд уулын Баруун ширээт аманд зохион байгууллаа. Энэ нь иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой орон даяар эхлүүлж буй ажил юм. Сонирхуулахад, 10000 алхам нь 7-8 км газар аж.

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар оролцож, “Улаанбаатар аялагч”, “Алтайн ирвэс” клубын хамт олонтой 10 гаруй км алхав.
Энэхүү аян нь Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээ аж.

Сергей Дордица: Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтаа сайжруулах шаардлагатай

(ДЭМБ-ын Суурин төлөөлөгч)

 

Бүх нийтийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах зорилтыг Монгол Улс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт болгосон нь маш чухал бодлогын шийдвэр болсон. Дэлхий дахинд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилт нь зөвхөн өвчин болон өвчтөнд суурилсан биш иргэд рүү хандсан, урьдчилан сэргийлэх, зүй зохистой мэдлэг түгээж хэрэгжүүлнэ.
2018 онд ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсээс гаргасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын талаарх танилцуулгаас харахад Монгол Улсын хүн амын нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт нь бүсийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байгаа бөгөөд нөхөн үржихүй, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр маш сайн ахиц дэвшил гаргасан байна. Харин халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт хяналт, иргэдийн амьдралын буруу хэвшил, хотжилт болон орчны эрүүл мэнд, агаарын бохирдолтой холбоотой хүндрэлтэй асуудлууд бий болжээ. Тиймээс үүнд түлхүү анхаарах цаг болжээ.

Д.Сарангэрэл: Нийгэмд давалгаа үүсгэх, дэмжиж оролцож буй клубууддээ талархлаа
(Эрүүл мэндийн сайд )

Амралтынхаа өдрийг зориулан бидний “ӨДӨРТ 10000 АЛХАМ” аяныг дэмжиж хамтран оролцож байгаа “Улаанбаатар аялагч”, “Алтайн ирвэс” клубын залуусдаа баярлалаа. Аяныг орон даяар эхлүүлж байгаа ч эрүүл мэнддээ анхаардаг залуус олон жилийн өмнө эхлүүлсэн. Ууланд алхах сонирхолтой хүмүүсийг нэгтгэсэн уулын клуб олноор нэмэгдэж, алхагчдын тоо ч жил бүр өссөөр байна.
ДЭМБ-аас судалгаа хийж, хүн өвчлөхгүй байх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх, архи, тамхийг хязгаарлах юм. Манай улсын 40-65 насны 750 мянган иргэн бий. Эдгээрийн 25 хувь нь зүрх судасны өвчлөлтэй байгаа.
Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэхэд дан ганц салбарын яам, эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүд биш иргэдийн өөрсдийн оролцоо, санал санаачилга, идэвх зүтгэл чухал юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд амралтын өдрүүдээр Богд ууланд алхдаг хэвшил тогтсон нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд олон нийтийг уриалах, оролцоог хангах, зөв үлгэр дууриал үзүүлэх нэг чухал ажил юм. Цаашид иргэдийн өөрсдийн санаачилга бүхий эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх аян, зөв зүйтэй санаачилгыг салбарын зүгээс дэмжих болно.

С.Мөнхжаргал: Ууланд алхахын давуу талыг өөрөө мэдэрсэн хүн л ойлгоно
(“Улаанбаатар аялагч” клубын тэргүүн )


Ууланд алхахын давуу талуудыг тухайн хүн өөрийн биеэр мэдэрч, дурлаж байж л ойлгоно. Хэнтэй ч өрсөлдөөгүй, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрийгөө ялан дийлж, уулын оргилд гарч байна. Манай клуб долоо хоног бүрийн ням гаригт тасралтгүй алхалт зохион байгуулдаг. Миний хувьд 6 жилийн өмнөөс алхаж эхэлсэн. Хэрэв алхаж эхлээгүй байсан бол жингийн илүүдэлтэй болох байсан байх. Яамнаас хэрэгжүүлж байгаа аянд манай клубын залуус идэвхтэй оролцож, өөрсдийн хүрээндээ нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх болно.

Н.Мөнхболор: Залуус эрүүл мэнддээ анхаарч тамхи, архинаас татгалзаасай

(“Мазаалай” клубын гишүүн )


2012 онд нурууны гэмтэлтэй болоод мэс засалд орохгүйн тулд анх бага багаар алхаж эхэлсэн. Уулын алхалтад 2015 оноос хойш нэгдсэн. “Улаанбаатар аялагч” клуб болон гэр бүлийн хүнтэйгээ алхдаг. Зориулалтын бус хувцастай, буруу алхах зэргээс хамаарч нурууны суулттай хүмүүсийн гэмтэл сэдрэх магадлал өндөр байдаг. Тиймээс эхний үед гэртээ өдрийн 15 минут спининг унадаг байсан. Дараа нь хоногт нэг цаг алхаж эхэлсэн. Зуны цагт спорт алхаагаар, бага зэргийн хурдтай гүйдэг болсон.
Өнгөрсөн жилийн аравдугаар сард нурууны зураг авахуулж үзэхэд суулт нь бага зэрэг доошилсон ч нурууны хоёр талын босоо булчин өсөлттэй байсан. Тиймээс олон залуусыг энэ аянд нэгдээсэй, өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч тамхи, архинаас татгалзаасай гэж хүсч байна.

П.Алтангэрэл: Хамтран ажиллахад таатай байх болно
(“Алтайн ирвэс”клубын үүсгэн байгуулагч )


Эрүүл амьдралыг эрхэмлэгч Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай клуб жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулдаг. 10 жил алхаад спорт аялал хүний эрүүл мэндэд ямар сайн нөлөөтэйг биеэрээ мэдэрч явна. Ууланд алхаснаар байгаль дэлхийгээ хайрлах, хамт олонтой болох, өөрийгөө таних зэрэг чухал зүйлсийг мэдэрдэг.
Аяны хүрээнд клубуудтай хамтраад дэмжиж ажиллана гэж сайд хэллээ. Хамтран ажиллахад таатай байх болноо.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)