НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нарыг АН-ын гишүүнээс хасчээ

2018-11-13 00:18:20

Ардчилсан намын гишүүнээс хасагдах цуваа баянзүрхчүүдээр үргэлжиллээ. Тодруулбал, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг энэ сарын 5-нд намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан. 

Тэгвэл үүний дараа Ардчилсан намын Баянзүрх дүүргийн хорооны дарга П.Нүрзэд энэ сарын 7, 9-нд тушаал гаргаж, Г.Мянганбаяр, Л.Батдэлгэр, Т.Батцогт, М.Ихцэнгэл нарыг Ардчилсан намын гишүүнчлэлээс хасчээ. Намын гишүүнчлэлээс хасагдсан эдгээр гишүүн нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид юм. Тэднийг Ардчилсан намын Үндсэн дүрэм зөрчсөн хэмээн үзэж ийнхүү намын гишүүнээс хасаж байгаа аж.

Ийнхүү нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөө намаас хөөснөөр Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг хүчгүйдүүлж, МАН-ынханд олз болох эрсдэлтэй шийдвэр гаргаж буйг буруутгах хүн цөөнгүй байна. Улмаар Ардчилсан намын Баянзүрх дүүргийн хорооны дарга П.Нүрзэдийг 2020 оны сонгуульд өрсөлдөх өндөр рейтингтэй гишүүдээ ийн хассан гэж таамаглах ч хүмүүс байгаа юм. Харин эдгээр гишүүнийг намаас хасах шийдвэрийг Ардчилсан намын дарга С.Эрдэнийн удирдлагаар гаргасан байх өндөр магадлалтай аж. Учир нь, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Батцогтыг удаа дараа дарамталсны зэрэгцээ хоёр долоо хоногийн өмнө болсон хурлын үеэр барьцалдаж авсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг Ардчилсан намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хассан бол Г.Мянганбаяр, Л.Батдэлгэр, Т.Батцогт, М.Ихцэнгэл нарт ямар нэгэн хугацаа заагаагүй байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)