ТУСГААР ТОГТНОЛЫГ ХӨГЛӨГЧ

2018-11-01 10:09:36

Уулзаж ярилцсан өдөр хоногийн тэмдэглэл нам­рын шаргал өдрүүдийг угтан инээвхийлэх мэт тэр­тээ сар гаруйн өмнөх өдрүү­дээр тоологдох ч хэрхэн бичих тухай, түмнээ ил болж, олноо тод мөр үлдээсэн намтар түүхийнх нь зурвас тэмдэглэлийг яахан эхлүүлэх тухайгаа олж тааварлахгүй явсаар олон хоногийн үджээ. Тэр л өдрүүдэд удаасандаа уучлал гуйж, эргэн уулзах хүсэл төрөх ч мөр цагаалж, өгүүлбэр төгсгөөгүйдээ гэм­шин халгах. Аажмийн аажимд бичиж дуусгах тухай гэгээн бодол сэтгэ­­лийг галтай бас дөртэй болгох нь хувьд бол өчүүхэн жаахан ч болов их олз мэт санагдах. Ийн удтал чилээсэн сэтгэлийн дурдатгалаа хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын төгсгөлөөр эхэлье юу гэж бодсон маань гэнэтийн бодол.

-Охин минь, хөгшин би чинь бас болоогүй ээ. Хадгаламжиндаа сая төгрөгтэй болчихсон яваа шүү, нээрээ. Бага залуу наснаас цалин буулаа ном л авдаг байлаа. Аль эртнээс л сайн ном, чанартай хоол хоёрт байдаг мөнгөө өгчихдөг байсан гэмтэй хүн. Сүүлд харин хөгшин маань “Өмнөх номоо уншиж дуусгаагүй байж шинэ ном аваад яах вэ. Ингэж номонд мөнгө үрж байхаар сайхан чанартай хоол л идэж бай” гэж хэлээд... Тэрнээс хойш үгийг нь аваад ном авахаа байсан чинь мөнгө бас хураагдаж байна шүү... хэмээн эг маг хийн инээх түүний харц одоо ч сэргэлэн цовоо. Багын л хөдөлгөөнтэй, дэврүүн, хөгжүүн хүү байсан болов уу гэмээр төрх байдал нь өөдөөс нүдээ жоотойлгон инээх инээмсэглэлээс нь илт харагдана. За тэр ой санамжийн тухайд хэлэх юм биш. Тэдэн оны тэддүгээр сарын тэдний өдөр... гэж ирээд л эг маггүй ярих нь оюун бодол нь цэл залуу ануухнаараа байгааг илтгэнэ.

Энэ тухай нь “Та яаж ингэж сайн санаад байна” гэхэд

-Би ер нь багын сонсгол, ой тогтоолт сайтай хүүхэд байсан. Залуу байхад нэг сонссон хөгжмөө сарын дараа ч шууд санаад ноотолдог байлаа. Анх гурван настайдаа радиогоор сонссон аяа би одоо хүртэл санадаг шүү гэж байна. Тэр ч бүү хэл ой тогтоолтынхоо хүчээр орос хэл заалгаагүй атлаа орос үг нүдэлж, Оросын утга зохиолыг А, Б-гүй уншчихсан гэж байгаа юм. Гэхдээ агуулгыг нь ойлгохгүйгээр шүү. Учрыг асуувал

-Москва руу сургуульд явахаасаа өмнө байнга л орос ном уншдаг байлаа. Утгыг нь бол мэдэхгүй. Үг л нүдэлнэ. Буруу зөрүү дуудлага хамаагүй өөртөө л чанга уншина. Тэрнээсээ болоод орос ном сугавчилж явж хэлбэрддэг энэ тэр гэж бас найз нөхөд маань цаашлуулна. Тоохгүй ээ, тэр яриаг нь. Үг гэж бодох ч үгүй. Уншаад л байна. Тэрнийхээ хүчинд Москва хотноо П.И.Чайковскийн нэрэмжит консерваторын цэргийн удирдаачийн факультетэд бэлтгэл курсыг алгасаж, үндсэн ангид шууд сурсан. Тэгсэн хэрнээ багшийн лекцийг ойлгохгүй. Харин дуудлагаар нь ёстой эг маггүй тэмдэглэнэ дээ. Эхний нэгдүгээр курстээ нэг ч оюутантай ярьж, ойлголцож чадахгүй. Лекцийнхээ утгыг ч мэдэхгүй. Тэгж байгаад жилийн дараагаас хэл яриа зүгширч хөөрхөөн ярьдаг болсон. Тэгэхэд харин манай ангийн орос оюутнууд “Бид нар чамайг Монголын чекист” гэж ярьдаг байсан. Оросоор ярихгүй, нэг ч үг дуугарахгүй хэрнээ нэг ч алдаагүй тэмдэглэл хөтлөөд байдаг болохоор чинь бас их эмээдэг байлаа гэж байгаа юм. Юун чекист, юун тагнуул... Үгийнхээ утгыг мэдэхгүй хүн юугаа ярих вэ дээ. Хамгийн гол нь миний тэмдэглэлд үг үсгийн алдаа бараг л гардаггүй байсан болохоор тэгж гайхах нь арга ч үгүй биз. Сүүлдээ найзан дундаа орж орос оюутнууд маань надаас лекцээ хуулдаг болсон. Орос ном уншсны хэрэг тэгж л гарсан даа... гэж байна.

Харин хэргийг нь гартал шамдахад сургасан хүн бол түүний ээж Ч.Тогоо. Ууган хүүгээ монгол бичиг, кирилл үсэг, латин бичиг, тоо газарзүйн гэрийн боловсролтой болтол нь буюу арванхоёр нас хүртэл нь багшийн үүрэг гүйцэтгэхдээ тэрбээр орных нь толгой дээр радио тавьчихдаг байж. Тэртээ 1934 онд Монголд радио нэвтэрсэн бол П.Хаянхярваа гуай жилийн дараа Цэргийн армийн хөгжмийн дарга Б.Пүрэвжав гуайн ууган хүү болон мэндэлсэн. Ердөө л жил хүрэхтэй үгүйтэй хугацааны өмнө Монголд нэвтэрсэн радио хөгжмийн дуунд тэрбээр бүүвэйлэгдэж, сүүлдээ радио явахгүй бол унтаж чадахгүй уйлагнадаг байсан тухай дурсамжийг ээж нь хүүдээ хуучилсан нь бий. Тиймээс ч хөгжим сонсох, тогтоох чадварынхаа их багшийг тэрбээр радио хөгжим хэмээн нэрийдэх бөгөөд аавынхаа мэргэжлийг өвлөж, цэргийн хөгжимд орсон тухайд нь харин дэд хурандаа Б.Пүрэвжавын дэмжлэг төдий л байгаагүй гэнэ билээ. Учир нь, тэрбээр зулай зулайг нь гишгэж мэндэлсэн хоёр дүүгээсээ ахархан жижиг биетийн дээр, аавынхаа хажууд намхан атигар хүү байж л дээ. Тиймээс ч өдрөөс өдөрт өсч том болж буй ч бие хааны хувьд төдий л өсч өндийгөөгүй хүүгийнхээ байр байдлыг хараад аав нь “Техник сонирхолтой байх шиг байна аа. Механикч, техникч, инженер болбол яаасан юм бэ. Муу хөгжимчин болбол хөгжимдөө л дарлуулахын нэмэр дээ” гээд үгээ цааш нь нөөжээ. Харин ээж нь хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг өндөрт ургахыг мэдсэн үү, эсвэл хөгжимчин болох хүүгийнхээ авьяасыг аль эрт таньж мэдсэн үү ямартай ч арван хоёр нас хүрэхтэй нь зэрэгцэн Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн салаанд шалгаруулалтанд оролцуулснаар П.Хаянхярваагийн бүтээл хэмээн өдгөө ч, хойшид ч дурсагдах цэрэг эх орны сэдэвтэй 400 гаруй дуу, бүжгийн 40 орчим хөгжим, 80 гаруй хөгжмийн зохиол, 40 гаруй цэргийн марш зохиогдох эх тавигдсан түүхтэй. Бидний уулзаж ярилцсан тэр өдөр ч П.Хаянхярваа хэмээх хөгжмийн зохиолчийн шинэ уран бүтээлийн ноот зурагдаж

-“Хүннү марш” бичиж байгаа санаатай хэмээн инээмсэглэх нь цаанаа дэврүүн мөрөөдөл нь буурал насны өндөр эрэмбийг нь залуу халуун нас руу эргэн хөрвөөж буй уран бүтээлчийн урам зоригийг илтгэнэ. Ийн хөөрөлдөн ярилцах үед гэхдээ сэтгэлийнхээ мухраас санааширч, “Түүх түүхээрээ үлдэнэ гэдэг ховор юм байна шүү” гэдэг үгийг хэдэнтээ шүүрс алдан хэлсэн нь гэнэт ам алдсандаа тэр биш байлаа. Учир нь, түүний аав, дэд хурандаа Б.Пүрэвжав хэмээх эрхмийг Монголын армийн хөгжимд ямар том хувь нэмэр оруулсныг нь дурсан ярилцах, хүндлэн хүүрнэх хүн өнөөдөр өдрөөс өдөрт ховордохын хэрээр алдар гавьяа нь нуугдан дарагдаж, бүтээсэн бүхэн нь бусдын нэр дээр бичигдэх болсон гашуун үнэнтэй тэрбээр хүүгийнх нь хувиар эвлэрч чадахгүй сэтгэлийн шархаа сэдрээх нь олон аж. Тиймээс ч

-Би яах вэ. Өөрийгөө яриад явж чадна. Харин аавын минь тухай сайн бичихийг бодоорой, охин минь. Хүний л хүүхэд юм болохоор би аавыгаа ярихгүй бол өөр хэн ярих вэ. Ядаж байгаа дээрээ аавынхаа тухай сайн ярьж өгмөөр байна гээд олныг хүүрнэснийг нь үргэлжлүүлэн сийрүүлье ээ.

Банзарын Пүрэвжав... Цас унаж, хүйт даасан өвөл буюу 1903 оны арванхоёрдугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Оргод харуул хэмээх газар Бэнд бичээч гэдгээрээ алдаршсан бөө-занги Банзарын хоёр дахь хөвүүн болж мэндэлсэн тэрбээр багын ан гөрөөнд хорхойтой, буу шийдэмд сонирхолтой хүү байжээ. Гэсэн ч гэр бүлийн уламжлал ёсоор Даяндээрхийн хүрээнд шавилан суулгасан ч ном цээжлэхэээс илүүтэй ан гөрөөнд хорхойтой хүслээ дагаж хурал номоо их удалгүй орхисноо үр хүүхэддээ цөөн удаа хэлж, ярьсан удаатай гэнэ. Олзуурхууштай нь Даяндээрхээс бичиг үсгийн боловсрол эзэмшсэн нь тус болж, идэр залуу насандаа багийн даргын алба хашиж байгаад цэргийн албанд морджээ. Энэ үед нь буюу 1926 онд ангийн цэргүүдийг нь нэг эгнээнд жагсааж байгаад нуруу өндөр, шүд сайтай залуусыг нь сонгон шалгаруулахад, хөгжимчин байлдагчаар тэнцсэнээр бага дарга, аргил бүрээчин болсон түүхтэй. Харин таван жилийн хугацаат албаа хаахтай нь зэрэгцэн 1929 онд Зөвлөлтийн цэргийн хөгжмийн мэргэжилтэн В.Лялин Монголын цэргийн хөгжмийн нөхцөл байдалтай танилцахдаа “Цэргийн хөгжмийг удирдах мэргэжлийн боловсон хүчин байхгүй байна. Иймд яаралтай цэргийн хөгжмийн багш бэлтгэх хэрэгтэй” гэдэг зөвлөмж өгснөөр Хаянхярваа багшийн аав шалгаруулалтад тэнцэж, гурван сарын цэргийн хөгжмийн удирдаачийн курсыг онц төгсөж, тэр даруйдаа Тамсагийн 17-р хорооны хөгжмийн багшаар томилогдсон түүхтэй. Ийн хөгжим, багаж зэвсэгээ морин тэргэн дээр ачсаар Тамсагийг зориход тосч авсан хүн нь хожим залуу жанжин гэдгээрээ алдаршсан Батлан хамгаалахын сайд асан Ж.Лхагвасүрэн. Болоо ч үгүй, Ж.Лхагвасүрэн жанжинг бага дэслэгч цолтой байхад нь нэг гэрт амьдарч, үүрэг даалгавар авч явснаа хожим аав нь ихэд бахархангуй дурсахын зэрэгцээ “Долоо хоногийн дараа манай хороо байлдааны туг гардана. Тэр үед заавал хөгжим дуугаргах ёстой” гэсэн тушаалыг нь биелүүлэх гэж лам байсан цэргүүдийг сонгон өдөрт 14-16 цагийн бэлтгэл хийлгэж, богино хугацанд “Монгол интернациональ”, “Улаан наран марш” болон ганц хоёр талархлын ая хөгжимддөг болгож байснаа дурсан ярьсан нь бий. Ингэж л номын уншлагаас цэрэг, цэргээс аргил бүрээчин, аргил бүрээчнээс цэргийн хөгжмийн дарга болж дэвшсэн Б.Пүрэвжав хэмээх эрхмийн амьдрал бүхий л цаг хугацаандаа урлаг, тэр дундаа цэргийн хөгжмийн төлөөх үйл хэрэгт зориулагдсан байх бөгөөд том хүү П.Хаянхярваа, дунд хүү П.Мөнхтөр, бага хүү П.Мөнхбаяр нараа ч цэргийн хөгжмийн удирдаач, дарга, хөгжимчин болгосон нь яах аргагүй Монголын хөгжмийн урлагт оруулсан түүний үнэмлэхүй их хувь нэмрийг илтгэх биз ээ. Энэ дөрвөн эрхэм хүний хөгжимд зориулсан он жил нь өдгөө 112 жилээр тоологдож, Б.Пүрэвжав гуайн 115 жилийн ой энэ онд тохиож буйд П.Хаянхярваа гуай ч ихэд бэлэгшээн аавынхаа ажил үйлээр эрдэм шинжилгээний хурал хийлгэж, бүтээлээс нь эгшиглүүлэх хүсэл дэрвүүн яваа. Арга ч үгүй, Монголын цэргийн хөгжмийн анхны гэсэн тодотголтой бүхэн аавынх нь дохиурын уран тансаг хөдөлгөөн доор эхэлж, 1939 оны аравдугаар сарын 22-нд Халх голын байлдааны ялалтын парадыг Монгол талаас удирдан зохион байгуулсан, 1942 онд Монголд Европын сонгодог хөгжмийн бүтээлээс бүрдсэн анхны тонлолтыг хурандаа Р.Решетняктай хамт удирдсан, 1950 онд Төрийн дууллыг шинэчлэх ажилд биечлэн оролцож, тавдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд анх удаа  цэргийн нэгдсэн хөгжмөөр эгшиглүүлэхэд удирдаж, хөгжимдүүлсэн, “Ерөнхий сургууль”, “Хатанбаатар Магсаржав”, “Сод Монголын 25 жил” зэрэг үлээвэр найрал хөгжимд зориулсан 20 гаруй найруулга, аяж бичиж, хөгжимдүүлсэн эрхэм хүн. Гэсэн ч тэрбээр энэ бүх бүтээлийг эгшиглүүлж, Монголд үлээвэр хөгжмийг нутагшин хөгжихөд анхдагчийн хувь нэмэр оруулсан атлаа нэг ч удаа өөрийгөө магтаж, дүвийлгээгүйн дээр унтаж байхад нь гараад, унтаж байхад нь орж ирдэг тийм л завгүй аав байж. Харин нэг удаа  буюу 1940 онд МАХН-ын аравдугаар их хуралд цэргийн төлөөллийн тоонд орж, суусан үеэрээ их л баяртайгаар орж ирээд гэргийдээ

-Маршал Х.Чойбалсан намайг мэддэг юм байна. Намайг Пүрэвжаав гэж холоос дуудаад, хөгжим зэмсэг нь хүрэлцээтэй байна уу. Чанар хэр байна. Асуудал бэрхшээл байвал хэлээрэй. Хэлэхгүй бол бид нар мэдэхгүй шүү. Цэргийн хөгжим маань хүчтэй байх ёстой” гэж хэллээ шүү хэмээжээ. Харин үүнээсээ өмнө буюу Зөвлөлтийн маршал Г.Жуков, Х.Чойбалсан хоёроос нэг шөнө амжуулах ёстой үүрэг даалгавар аваад амиа алдах уу, армийн хөгжмөө удирдах уу гэсэн хоёрхон сонголтын өмнө 24 цагийг өнгөрөөсөн тухайгаа хожим хүүхдүүддээ дурсан ярьсан нь өнөөдөр сонсоход нэг их сонирхууштай, содон санагдахгүй байж болох ч он жилээр нь хөөн бодож, тухайн цаг үеийн нөхцөл байдалтай нь харьцуулан үзвэл яах аргагүй хүнд хэцүү сорилт байсан нь мэдрэгдэнэ. Учир нь, Зөвлөлтийн мэргэжилтэн Р.Решетняктай хамтран Халх голын байлдааны ялалтын парадыг тоглохын өмнөх өдөр нь Г.Жуков, Х.Чойбалсан нар ирж бэлтгэлтэй нь танилцаад Г.Жуков генерал

-Танай цэргүүд чинь дээрэмчин юмуу хаашаа ийн. Юун олон алаг эрээн хувцастай юм. Монгол ардын армийн цэрэг ийм байж болох юмуу. Ардын армийн цэрэг биш юм уу. Маргааш өглөөний парад дээр бүх цэргүүдээ жигд хувцаслахгүй бол та хоёрыг жагсаалын өмнө буудна шүү... гэдэг том үүрэг, бас тодорхой шийтгэл оноогоод явж. Энэ даруйд Б.Пүрэвжав гуай орос мэргэжилтний хамт Цэргийн бэлтгэлийн агуулах руу очиж, шөнөжин хувцас тааруулж оёхыг нь оёж, сэлбэхийг нь сэлбэж, өмсөж болохоорыг нь түүсээр парад эхлэхээс хоёр цагийн өмнө хөгжимчин цэргүүдээ жигд хувцасласан байгаа юм. Цагийн бэрхэд энэ мэт амь эрсдэж болох албан даалгаврыг цөөнгүй авсан ч хожим буюу 1947 онд Зөвлөлтийн хөгжмийн мэргэжилтэн, дэд хурандаа П.Лучко нутаг буцахдаа

-Одоо цаашид та нар монгол хүнээрээ цэргийн хөгжмөө удирдуулах хэрэгтэй. Энэ Пүрэвжав гэж бэлэн хүн байна. Одоо энэ хүнээ ашигла гэж хэлснээр Ерөнхий сургуулийн хөгжмийн дарга болсон түүхтэй. Харин уг томилгооноос хоёр сарын дараа буюу 1947 оны тавдугаар сарын 1-нд том хүү нь Ерөнхий сургуулийн цэргийн хөгжмийн салаанд сурагчаар элсэж, аав хүү хоёр хамтдаа 1950 онд Төрийн дууллыг батлахад өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан түүхтэй. Ардын уран зохиолч, зууны манлай соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэн, XX зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж нар үг, аяыг нь зохиож, Зөвлөлтийн мэргэжилтэн найруулсан Төрийн дууллыг Б.Пүрэвжав гуай цэргийн үлээвэр хөгжимөөр анх удирдсан бол П.Хаянхярваа гуай аргил бүрээчний үүрэг гүйцэтгэсэн. Энэ үед нь маршал Хорлоогийн Чойбалсан бүгдэд нь баяр хүргээд “Та нар өөрсдийн намтартаа Төрийн дууллыг бүтээлцсэн уран бүтээлчид гэж энэ өдрөөс хойш албан ёсоор оруулах эрхтэй боллоо. Та нарын хувь нэмрийг хэн ч үгүйсгэх эрхгүй. Та нарын үйл хэргээр Монгол Улсын төрийн дуулал батлагдлаа” хэмээн хэлсэн нь 15 настай хүүгийн зүрх сэтгэлийг чамгүй донсолгосон гэдэг. Яриа төрхөөс нь харвал энэ түүх түүний хувьд яах аргагүй үнэ цэнтэй дурсамж.

Гэхдээ хөгжимчний хувиар оролцсон энэ удаагийн тохиол хожим буюу 1973 онд төрийн дууллыг монголчилж, шинэчлэн найруулах том үүрэг хүлээхийн эхлэл болсон түүхтэй. Төрийн дууллыг анх зохиогдох үед Москвагаас ихэд анхаарал тавьж, хөгжмийн найруулгыг нь Москвад оросын мэргэжилтэн хийсэн нь яг чих тавин сонсоход, тэр дундаа хөгжмийн мэдрэмжтэй, мэдлэгтэй олон хүнд төдий л монголжоогүй мэт санагддаг байж л дээ. Иймд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Базарын Ширэндэв гуай Х.Ёндон генералд

-Ёндон генерал аа, чи олон орноор явсан хүн. Очсон улс орон бүрийнхээ төрийн дууллыг сонсоо л байлгүй. Та нар одоо Төрийн дууллаа жаахан өөд нь татаач ээ. Манай төрийн дуулал арай л хийморьгүй, нунж дорой дуугараад байх шиг байх юм. Цэргийн хөгжмийн мэргэжилтнүүдээ ашиглавал яасан юм бэ гэсэн байгаа юм. Х.Ёндон генерал ч тэр даруйд П.Хаянхярваа гуайг дуудаж

-Ер нь чамд манай төрийн дуулал ямархуу сонсогддог вэ гэхэд нь тэрбээр санаа бодлоо нуулгүй

-Яах вэ давгүй гэтэл Х.Ёндон генерал

-Давгүй гэж юу гэсэн үг юм бэ. Давгүй гэдэг тодорхойлолт хөгжимд байдаг юм уу. Арай хийморьгүй дуугараад байна гэж Ширэндэв гуай хэлж байна лээ. Арай хийморьтой цог золбоотой дуугаргамаар байна гэхээр нь

-Уг нь болно л доо. Гэхдээ Үндсэн хуулиар батлагдаж, зөвлөлтийн мэргэжилтнүүдийн найруулсан бүтээлд бид нар гарч хүрч болохгүй биз дээ, генерал аа гэтэл өмнөөс нь жигтэй сүртэй гэгч нь хараад

-Битгий дэмий юм яриад бай. Чамд би 15 хоногийн хугацаа өглөө. Энэ хооронд Л.Мөрдорж, Г.Бирваа гээд томчуудтай зөвлөлдөж байгаад төрийн дууллаа өөд нь тат гээд хаашаа ч зугтах аргагүй, биелүүлэхгүй хөсөрдүүлж болохгүй хатуу хүнд даалгавар өгчээ. Тэр дагууд нь хөгжмийн томчуудтай уулзах гэтэл зарим нь халамцаад олдсонгүй гэнэ. Олонх нь “Бид гар хүрдэг нь биш” гээд халгаад зугтчихаж. Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн, маршийн хаан хэмээн өргөмжлөгдсөн Н.Цэрэнпил хурандаа жигтэйхэн дэмжиж “Чи гардан гүйцэтгэ. Би зөвлөе” гэснээр урам зориг орж, өнөөдрийн найруулгыг нь 15 хоногийн дотор шинэчлэн бүтээсэн үнэлэмж бол яах аргагүй П.Хаянхярваа багшийнх. Гэхдээ 1973 оноос тоглогдож эхэлсэн шинэчилсэн найруулгыг нь тухайн үед олон хүн анзаараагүй ч Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга асан С.Гончигсумлаа гуай уг оны аравдугаар сард тааралдаад

-Төрийн дууллын найруулга арай дээрдсэн байна. Хойшдоо энэ найруулгаар тогломоор байна шүү гэсэн бол сарын дараа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай гэнэт утасдаад нэг их олон таван үг хэлэлгүй

-Үлгэр жишээ хөгжим төрийн дууллыг арай нэг аятайхан тоглоод байх болсон байна. Чи янзалсан гэл үү. Болж дээ гэж хэлээд харилцуураа тасалжээ. Ингэж мэргэжлийн хоёр луухгар хөгжмийн зохиолчдоос урам авч, Төрийн дууллын найруулгыг өөрчилснөөрөө мэргэжилдээ ч, улсдаа ч өөрийн том хувь нэмрийг оруулсан тухайгаа тэрбээр “Хөгжимд авч явдаг хоёр гол хэрэглээ байдаг. Үүний хамгийн чухал нь чимэглэл. Тэр дундаа, суурь өнгө, нот сайн байх ёстой. Монголжуу болгох арга ухааныг бодож суухдаа би дотор суурь өнгөөр чимэглэхийг зорьсон юм. Зөвхөн би ч ганцаараа бодсон хэрэг биш л дээ. Н.Цэрэнпил хурандаа ч тэгж зөвлөсөн юм” хэмээн хөгжмийн оношлуур, нарийн гялтгануур өнгийг олж чимэглэх тухай товчхон зөвлөгөөг өгөхөө энэ удаад мартсангүй. Харамсалтай нь, түүний энэ бүтээл, шинэчилсэн найруулгыг нь өнөөдөр төдий л мэдэх хүн ховордсоны дээр хаана ч “П.Хаянхярваагийн найруулгаар...” гэдэг үг, үсэг бичигдээгүйн дээр Төрийн дууллаа монголчилж найруулсан хөгжмийн зохиолчоо төр ч тухайн үедээ хүндэтгэн үнэлээгүй нь гайхаш төрүүлмээр. Гэхдээ энэ бол түүний хэлсэн үг биш бөгөөд хөгжмийн зохиолчдын уран яруу аялгуунаас үнэнийг, үнэлэмжийг хайсан хэсэг хугацааны эрэл маань ийн зэмлэл унагах шалтгаан болсон гэвэл үнэнд дүйцэх биз ээ. Харин хожим Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, ерөнхий удирдаач Г.Цэрэнсүх хэмээх шавь нь П.Хаянхярваа багшийн төрийн дууллыг ноотолсон ноотыг бэлэг дурсгалын бүтээл дээр ноотлоод  тэргүүнд нь алдар нэрийг нь бичиж хэвлүүлээд цөөнгүй хувийг багшдаа бэлэг болгон өгснийг нь тэрбээр өдгөө хүмүүст тараагаад дуусгасан гэж байгаа. “Манай Цэрэнсүх хүн нь яах аргагүй сайн хүү байгаа юм. Зориуд хэвлүүлээд аваад ирэхээр их сайхан санагддаг юм билээ шүү” хэмээн хуучлах бидний яриа

-Танд бага залуудаа онгирч, ур чадвартаа эрдэж, сагасан үе байв уу гэсэн асуултаар үргэлжлэхэд

-Хөөе байна шүү, байна. Яг үнэндээ одоо эргээд харахад бас ичих сэтгэл төрөх юм. Өтөл насандаа ирэхээр хүн залуу үеэ, дурсамжаа их боддог юм байна. Тэгээд алдаанаасаа бас их ичдэг юм байна шүү гээд нөгөө л аясаараа жуумалзан инээмсэглэнэ.

-Яагаад таныг ичээгээд байна вэ гэхэд

-Өө, цөөнгүй алдаа байна аа, байна. Анх Москвад П.И.Чайковскийн нэрэмжит консерваторыг 1961 онд цэргийн хөгжмийн удирдаачаар төгсөж ирчихээд нэг хэсэг их онгирсон санагддаг юм. Долдугаар сарын 19-нд Ж.Лхагвасүрэн жанжингаас томилолт аваад ажилдаа гарах болоход ээж маань өөрөө цэргийн даргын эхнэр хүн чинь арга ч үгүй биз. Миний хувцсыг ёстой нэг ухлаадас, хуниасаар нь индүүдээд ид сайхан бэлдчихсэн. Ажилдаа явахаа хүлээгээд яараад байдаг цаг явдаггүй аа. Үүрээр таван цагт бослоо, буцаад хэвтлээ зургаа болж байна. Цаг явж өгдөггүй, би яараад байдаг. Яг энэ үед маань ансемблейн дуучин С.Долд гэнэт манайд ороод ирлээ. Яав ийв гэтэл

-Шинэ ажилдаа очих гээд сэтгэл чинь хөдлөөд болж өгөхгүй байна уу. Гар хоосон очихоор нэг сайхан дуутай оч. Би шүлэг биччихлээ гэнэ. П.И.Чайковскийн нэрэмжит сургуулийг цэргийн удирдаач мэргэжлээр төгссөн хүн чинь бас нэг их дуу энэ тэр гэсэн жижиг юм хийх сонирхол байдаггүй ээ. Дотоод хүн маань тэгж хэлээд байна л даа. Тэгэхээр нь

-Дэмий, дэмий. Би чадахгүй. Дуу яаж хийхийг мэдэхгүй, сураагүй гэтэл ээж маань харин тэндээс

-Хүний урам байна даа, хүү минь. Ядаж шүлгийг нь уншаад үз гэж байна. Багын л ээжийнхээ үгнээс зөрж үзээгүй хүн чинь дуртай, дургүй шүлгийг нь уншаад, ая дарж үзлээ. Ёстой болох ёстой юм болдгоороо болно гэдэг л тэр байх. Тэр дороо ая ороод ирсэн. Тэгж л би

Цэргийн нөхрөө хө

Цэрэнтэйгээ хоёулаа хө... гээд “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ” гэдэг дуугаа хийсэн. Худалч хүнд арван минут ч хүрээгүй байх. Тэр даруйд ажил дээрээ очоод нөгөө агуу, нийтийн дууны мастер Г.Дарамзагддаа үзүүллээ. Их урам өгч байна.

-За наад дуу чинь олонд түгнэ шүү. Ард түмэн их сайхан хүлээж авна.

Чи ч бас яггүй эд юмаа гээд магтаж байна. Чихтэй, сонсголонтой хүн гэж цаанаа өөр. Ёстой л Г.Дарамзагдын маань хэлснээр дуу ч түгсэн, би ч жаахан хойргошиж онгирч эхэлсэн

-Өө, дууны ая зохиох чинь их амархан ажил байна. Асуудал алга... гэсэн бодолд хөтлөгдчихсөн. Тэгж онгирсон хүн чинь яахав хоёр жил юу ч хийгээгүй. Бүр ямар ч ноот бичээгүй. Онгироо зан хүнийг тэгж л эвдэж байгаа юм шүү дээ. Хаа сайгүй миний дуу эгшиглээд, “Хаянхярваагийн ая” гээд байхаар чинь хүн дотор сэтгэлээсээ онгирчихдог юм билээ. Тэгсэн нэг өдөр С.Гончигсумлаа багш гэрийн утас руу залгаж байна.

-За уран бүтээл хэр байна. Би маргааш Хөгжмийн зохиолчдын их хурал дээр чамайг шүүмжлэнэ шүү. Битгий гомдоорой гэлээ. Тэр хүн чинь тухайн үедээ бурхан минь том амьтан шүү дээ. Айж бэргэнэ гэж жигтэйхэн хурдан шиг л

-Яалаа гэж гомдох вэ багшаа. Танаас үг сонсоно гэдэг чухал шүү дээ гэтэл

-За тийм байх даа. Та нар болсон хойно дараа нь агсан тавина биз. Би ямар мэдэхгүй биш гээд утсаа салгачихсан. Тэр өдөртөө нэг л дэн дун, жаахан таагүй. Маргааш ч боллоо. Хурал ч боллоо. Л.Гончигсумлаа багш маань

-Хөгжмийн зохиолч Хаянхярваа амар хялбар арга хөөж, ардын дууны хэлбэрээр анхны дуугаа бичлээ гэж хэлээд тавьчихсан. Одоо санахад тэр үг харин хаа очиж надад даруулга өгсөн байх талтай шүү. Л.Гончигсумлаа гэж хүний үг тэр үедээ хамгийн том үнэлэмж байлаа шүү дээ. За яг үнэндээ онгирч, томорсон минь ганц энэ ч биш ээ. Хөгжим бичих, найруулах номыг нь Москвад сураад ирчихсэн хүний хувиар удирдлагадаа ажиллаж байсан хөгжимчдийг их ч загнаж зэмлэнэ. Их ч сүржигнэсэн. Аав шигээ настай хөгжимчдийг өөд уруугүй загнана гээд бод л доо. Ямар олиг байх вэ дээ. Хаа байсан 80 гарч байж залуу насныхаа тэр алдааг “Их л өвчтэй амьтан байж дээ” гэж бодохоор бас их ичнэ шүү. Нас явж ухаан сууна гэдэг бас л их оносон үг байна шүү гээд тэрбээр өнөөгийн залуусыг ч яг л өөрийнх нь нэгэн адил залуу насны аагаар омголон, онгироо байгаад хожим дурсах дурсамж, дурдатгалаасаа өөрийнх нь нэгэн адил алдааг олж харна даа гэж бодохоор өмнөөс нь жаахан жаахан халгадаг гэнэ.

Гэхдээ Хаян багш өөрөө л цаг хугацаанд бүдэрч үлдсэн өчүүхэн жаахан алдаагаа томд тооцож, бэргэнгүй ярьж суугаа болохоос бус үнэндээ томд тооцогдох гэм нүгэл гэдэг түүний амьдралаас хол хөндийгийн дээр уран бүтээлчийнх нь гэнэн дэврүүн араншин нь харин ч хүний сайн нь гэдгээр дурсагдах их хувь тавиланг бэлэглэсэн гэдэгтэй эвлэрэхгүй байхын аргагүй.

Тэр дундаа, өнгөрсөн намар Д.Түвшинсайхан удирдаачийн найруулгаар “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид “Цэргийн хүү Цэрэнтэйгээ” дууных нь аялгууг хөгжмийн бүтээл болгон шинэчлэн найруулж, үзэгч олноо сонсгоход танхимд цугласан олон түрлэг нэмж, алга ташилтын цуурай тасралтгүй үргэлжлэхийг сонссон бол ч... Ай даа, бас л сэтгэл огшоод л явчихна даа. Энэ тухай сэтгэгдлээ хуваалцаж суухад  хөгшин нь хажуунаас

-Тэр Д.Түвшинсайхан ёстой мундаг хүү байна лээ. Бид хоёр баяр хүргэж, баярласнаа илэрхийлж нэг очий гэж бодоод байгаа юм. Даанч амждаггүй ээ. Үгүй мөн сайхан аа... хэмээн үг нэмэв. Хаян багш анхны ханиа бурхан болсноос хойш хожуу Цэргийн нууцын газрын даргаар ажиллаж байсан, ахмад дайчин Ч.Энхтуяа эгчтэй ханилж суугаад арав гаруй жилийг хамтдаа туулж буй. Арга ч үгүй биз, хүний амьдралын жаргал зовлон дунд ижилдэн дасаж, хорвоогийн гэгээн өдрүүдийг тамгалж, үр хүүхдүүдийнхээ тус дэмээр амралт, сувилал сэлгэн амихандаа л хоёр биенээ тордон, асрамжилж яваа нь сэтгэлийн гэгээг гогдон хөөргөх нь сайхан. Хаян гуай бид хоёрын ярианд төдий л үл оролцох хөгшин нь хаа нэгтээ

-Гол юмаа яриач ээ. Жаахан хадуурах гээд байна шүү хө. Цаана аа ажил төрөлтэй байгаа байлгүй. Хүүхэд битгий хөшөөчих... гэж зэмлэх нь Хаян багшийг

-Аа, за гэсэн ээнэгшиж номхорсон үгээр өөрийгөө цэгнэхэд хүргэх ч тэртээх 100 жилийн өмнө бүтээгдсэн аавынхаа түүхийг он сар өдрөөр нь санаж, эрхэм хүндэт багш нарынхаа тухай өдөр судраар нь дурсамж хүүрнэх хөгжөөнтэй яриагаа таслах нь бас их ховор оо. Үргэлжлүүлээд л яриад байна. Ингэж суух зууртаа

-Нээрээ, би чинь бас их том толгойтой нөхөр байсан шиг байгаа юм шүү гээд ярьсан нь 1969 онд Цэргийн ансамбльд байгуулсан цэргийн эрэгтэй хоор буюу бидний нэрлэж заншснаар 60 харын тухай түүх. Энэ тухай нь учир явдлыг ухан асуувал тэрбээр

-1969 онд манай Цэргийн ансамбль дээр Соёлын яам, Намын Төв хорооны хамтарсан шалгалт ирсэн юм. Их л сүр бараатай том дарга нар долоо хоног шалгаад сүүлийн өдрөө манай ансамблийн дарга, уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэтлэн Д.Дугарсүрэн, найруулагч Ө.Очирбат бид гурвыг нэг, нэгээр нь дуудаж байна гэнэ. Эхэндээ ч нэг их юм бодсонгүй. Мэдээж том дарга нар дуудсан болохоор багахан айдастай. Тэгсэн Д.Дугарсүрэн дарга, Ө.Очирбат хоёроос

-Танай хоорыг эрэгтэй найрал дуутай болговол яаж байна гэж асуусан байгаа юм. Тэгсэн мань хоёр жаахан болохгүй бүтэхгүй, олон жил хэрэгтэй гэсэн юм ярьж. Миний харин хаанаас нь тэр их зориг гарсан байгаа юм мэдэхгүй. Шууд л

-Тун зөв гээд хэлээд тавьчихлаа. Тэгсэн урдаас “Яагаад” гэж асууж байна. Учир байдлаа нэг нэгэнгүй тоочлоо доо.

-Миний удирдлага дор одоо 40 найрал дуучин байгаа. Тэдний тал нь эмэгтэй. Тэд маань ер нь л бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтод оролцох нь ховор. Жирэмсний амралт, өвчний чөлөө, хүүхэд гээд алга болчихдог. Эрэгтэй дуучдаас бүрдүүлчихвэл ийм бэрхшээл байхгүй болно. Дээр нь, социалист орны чуулгууд бүгд эрэгтэй найрал дуутай болсон гэтэл

-Хэр хугацаа хэрэгтэй вэ. Тэднийг бүрдүүлэхэд гэнэ... өө нэг их бодсон ч үгүй.

-Гурван сар хэрэгтэй. Эхний 45 хоногт хоорынхоо бүрэлдэхүүнээ  цуглуулна. Дараагийн 45 хоногт ансамблийн гол урын санг дуулуулж сургана. Тэгээд хувцас, өмсгөлийг нь жигдлээд тоглолтод оруулахад бэлэн болгоно гэдэг ам өгчихлөө.  Шалгалтын комиссынхон ч

-Их зоригтой хугацаа хэлж байна шүү. Явж болно гээд долоо хоногийн дараа Д.Дугарсүрэн даргыг Соёлын яаманд, намайг мөн Цэргийн ансамблийн уран сайхны удирдагчаар томилж, харин дууны багш Ө.Очирбатыг маань Зүүнбаян руу шилжүүлсэн... Дахиад л эргээд бодоход хөнгөн, зоригтой ам гарсны маань балагт тэр хоёр маань нутаг, ажил заагдаж шийтгүүлсэн нь энэ. Залуу л хүний алдаа юм даа. Гэхдээ өмнө нь ам гарсан хүнийг нь томилж, амлалт өгч чадаагүйг нь явуулах тухай бодоогүй, мэдээгүй байсан болохоор санамсаргүй л хийсэн алдаа болж үлдсэн. Гэсэн ч би шалгалтын комиссынхонд өгсөн амлалтандаа ёстой жинхэнэ утгаараа хүрсэн шиг хүрсэн. Гурван сарын дотор 60 хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй хоороо тоглолтод оролцуулж, дараа жил нь хилийн чинадад тоглолтоор авч явсан. Үүнийг гэхдээ ганц миний гавьяа гэж битгий бичээрэй. Манай найрал дууны багшаар ажилласан Ардын жүжигчин Д.Мяасүрэнгийн гавьяа их бий. Анхны бүрэлдэхүүнд багтсан тэр шижигнэсэн сайхан 60 залуугийн хүч хөдөлмөр юу юунаас ч илүү их. Их сайхан залуус байсан. Харин сүүлд ардчиллын хэцүү он жилүүдэд буюу 1994 онд Намын төв хорооны хүрээнд яригдаж байгаад татан буугдсан. Одоо тийм сайхан 60 залууг нэгтгээд хоор байгуулна гэдэг хэцүү байх. Гэхдээ цэргийн хөгжим бол цэргийн хөгжим л байх ёстой. Сүүлдээ 20 хүний бүрэлдэхүүнтэй хоороос хэтрэхгүй байгаа нь сэтгэлд таагүй л санагддаг. Олонд түгсэн “60 хар” нэрийг бол харин Төрийн шагналт, яруу найрагч Ц.Гайтав гуай өгсөн юм шүү дээ. Д.Мяасүрэн гуайтай таарах бүртээ

-За, жаран харын ганц цагаан хэрээгээр юу байна... гэж мэндэлдэг нь яван явсаар ард түмэнд “Цэргийн ансамблийн 60 хар” гэдгээрээ түгсэн хэрэг. Ёстой нэг онож хэлж чадаж байгаа юм шүү... хэмээн нэгэн цагт ажиллаж, амьдарч, уран бүтээлээрээ ээнэгшин дассан ахмад буурал, үе тэнгийхнийх нь тухай хөөрөлдөхтэй зэрэгцэн тэрбээр

-Одоо би нэг зүйлд их санаа зовж байна. Хөгшин миний үг хаа л хүрээдэг гээд дуугүй байя гэхээр бас хаяа бас дуугарчихмаар санагдах юм. Урлаг, тэр дундаа цэргийн хөгжмийн урлаг гэдэг бол тухайн улс орныхоо нэр сүрийг илтгэж, тусгаар тогтнолыг манаж, бадрааж байх ёстой юм. Харамсалтай нь, сүүлийн үед цэргийн хөгжимд зориулж марш бичдэг хөгжмийн зохиолч гэж байхгүй болчихлоо. Арга ч үгүй биз, төр ямар марш бичлээ гээд мөнгө өгөх биш. Уран бүтээлчид чинь уран бүтээлээрээ л амьдардаг хүмүүс шүү дээ. Өөрсдийнхөө амьдралын төлөө зүтгэж яваа хөгжмийн зохиолчдоо энэ талаар буруутгах эрх алга. Гэхдээ Маршийн хаан гэгддэг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цэрэнпил гуайн марш сүүлийн үед тоглогдохоо байлаа. Би яах вэ, чадан ядан 40 гаруй марш бичсэн. Тэгэхэд Н.Цэрэнпил гуай маань 112 марш бичсэн агуу хүн шүү дээ. Ийм хүмүүсийнхээ бүтээлийг ирээдүй үед өнгөлж, тордож сонсгодог баймаар байна. Төр засаг уг нь энэ асуудлыг бодмоор л байгаа юм даа. Дууны урлаг маань ч гэсэн дээ. Англи, монгол, солонгос нь мэдэгдэхгүй хачин эрлийз аятай болчихсон. Дуртай нь дуу зохиогоод байхаар арга ч үгүй биз. Даанч манай хөгжмийн зохиолчид энэ тухай үг унагахгүй юм. Хөгширч ирж би энэ тухай яривал амьтан хүн “Дуугүй бай” л гэх байхдаа гэж байна.

-Үгүй ээ харин ч та хэлэх ёстой. Танд хэлэх эрх нь бий гэхэд

-Ай мэдэхгүй. Жаахан хөөрчихсөн болохгүй байгаа. Мэргэжлийн урлаг нь мэргэжлийн урлагаараа, нийтийн шоу урлаг нь шоу урлагаараа явж, төр засаг ч энэ хоёрын үнэлэмжийг ялгаж, салгаж үнэлэхгүй бол ирээдүйд засч болохгүй алдаанд унах вий гэж санаа зовох юм. Сүүлийн үед нэг л их зандарсан, загнасан, эсвэл хайр дурлал гэж хэт их гонгиносон бүтээл их боллоо. Уг хайрын тухай дууг гэхэд С.Гончигсумлаа багшийн ая, Ардын уран зохиолч Б.Баастын үг “Чамайгаа үдье” шиг хийх ёстой юм. Тэр сайхан нандин ая аялгуу уг нь хүн төрөлхтөн байгаа цагт хүний сэтгэлд байх л учиртай. Гэтэл сүүлийн үеийн уран бүтээлчдээс тэр нандин сайхныг олж сонсоход хэцүү болж. Ядахад төр засаг маань бас их ухвар мөчид шийдвэр гаргах юм гэхэд нь

-Та тухайлбал төр засгийн ямар шийдвэр дээр жаахан сэтгэл дундуур үлдэвдээ гэсэнд

-Дуучин Д.Болд жишээ нь их сайхан хөдөлмөрч уран бүтээлч. Гэхдээ Төрийн соёрхол авна, өгнө гэдэг чинь өөрөө нээлт дагуулсан бүтээлд өгөх, авах учиртай юм. Гэтэл Д.Болдод өгөх жишээний. Гавьяат бол өгч болно оо. Дууны урлагт тэр залуу хангалттай хувь нэмэр оруулсан. Төрийн соёрхлыг бол болохгүй. “Хонх” хамтлагийн “Хонхны дуу”-нд Төрийн шагнал өгнө гэдэг ч мөн хэтэрхий сэрүүдсэн хэрэг. Төрийн шагнал өгч байгаа бүтээл гэдэг агуу, тэр дундаа мэргэжлийн байх ёстой юм. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчилсан хувьсгалын сүлд дуу гээд өгчих жишээний. Дэлхийн мэргэжлийн уран бүтээлчид энэ шагналын тухай мэдээд, дууг нь сонсвол яг үнэндээ Монголын урлагийг элэглэнэ дээ. Орцны л дуу шүү дээ. Ноотыг нь бол авах ч юм байхгүй. Ах нь гэхдээ аль алиныг нь ор тас үгүйсгэж байгаа хэрэг биш шүү. Гагцхүү мэргэжлийн уран бүтээл, мэргэжлийн хөгжим гэдэг чинь өндөр дээд хэмжүүр гэдгийг бодож үзээсэй гэсэндээ л хэлж байна. Өвгөн намайг хөгшин хонины насгүй болчихоод олон юм ярилаа гэх хүн гарч магадгүй. Гэхдээ насаараа, аавтайгаа, хоёр дүүтэйгээ 110 гаруй жилийг он  уртаар хөгжмийн төлөө, мэргэжлийн урлагийн төлөө зориулсан болохоор хаяа бас сэтгэлд гайхах, эргэлзэх бодол их төрөх юмаа... хэмээх түүнийг зовинолыг эдгээж, магадгүй мэргэжлийн бахархлыг нь өдөөсөн залуу мэргэжлийн хөгжмийн зохиолчдын тэргүүнд тэрбээр  Төрийн шагналт Бирваагийн Мөнхболд болон Сангидоржийн Сарангэрэлтэх нарыг нэрлэж, ухаантай хүн гэдэг цаанаа өөр юм билээ Б.Мөнхболд маань жишээ нь нэг ярилцлагадаа “Би сүүлийн үед Монголынхоо үндэсний хөгжмөөс их хөндийрсөн байна. Энэ дутагдлаа засч, ардын дуунаасаа суралцахыг эрмэлзэж байгаа” гэж их сайхан үг хэлсэн байгаа юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн маань хүү Сарангэрэлтэх даанч Америкаас ирэхгүй юм. Тэр ч бас л их мундаг амьтан даа гээд баярлаж байна.

-Та Мөнхболд, Мөнхболд гээд багшийнхаа хүүхдийг илүү магтаад байна уу даа гэсэнд

-Яалаа гэж. Манай Б.Мөнхболд чинь жинхэнэ хөгжмийн хүн. Б.Мөнхболдод олгосон Төрийн шагналтай бол ярих юм биш. Авах ёстой хүн нь л авсан. Төрийн шагналт Г.Бирваа багшийн маань нэр төрийг өндөрт өргөж яваа нь ч үнэн. Мундаг хөгжмийн зохиолч. Миний багш чинь анх аавын маань шавь байлаа. Дараа нь, надад хөгжмийн найруулгыг 14 хоног зааж, миний багш болсон. Үлээвэр хөгжмийн нэрт багш Г.Таванцэрэг гэхэд аавын маань шавь. Хожим мөн л надад хөгжмийн ухааныг анхалж заасан хүн. Тэгэхээр би чинь аавынхаа шавь нарын гарт өлгийдүүлж, зэмлүүлж байж хөгжимчин, хөгжмийн удирдаач болсон байх нь байна шүү дээ. Ж.Лхагвасүрэн жанжин хүртэл миний анхны тоглолтыг хяналтын журмаар үзэж гарч ирчихээд

-Хаянхярваа чи наад нэг хөлөө хараадхаач. Яасан хэцүү майга юм бэ. Энэ хоёр хөлийг одоо яаана аа гэж хөгжимчдийн маань дэргэд элэглэж байлаа шүү дээ. Аавтай маань бага залуу наснаас нөхөрлөсөн болохоор дотночилж зөвлөсөн нь тэр. Жанжины үг ч ёстой оройд орно гэдэг болж би чинь бүүр хоёр, гурван жил бүжгийн багшаар хичээл заалгаж, хөлөө арай хийж нэг цэгцэлж байлаа. Хожим 1972 онд аавынхаа хашиж байсан Жанжин штабын цэргийн хөгжмийн албаны дарга, армийн ерөнхий удирдаачаар томилогдож ажилласан тэр он жилүүд бас их сайхан. Жижигхэн биетийг ч хэлэх үү. Өрөмний өт шиг байнга ийшээ тийшээ гүйж. Нэг юм бодчихсон хэлж ярьж явдаг байлаа. Хаяа бас тэрнээсээ болж буруудна аа. Буруу л санагдвал хэлээд тавьчихаар чинь ямар олиг байх вэ дээ.  Одоо ч гэсэн би ярьж байж л санаа амрах шинжтэй өвгөн болчихоод байх шиг байгаа юм шүү  хэмээх түүний яриаг түүвэрлэн бичиж суух энэ мөчид “Пүрэвжавынх гэдэг айл гурван хүүтэйгаа хамт армийн хөгжмийн манаанд зогссон шиг зогссон доо” гэж бодохоор сэтгэлд хүндэтгэл төрдөг юм” гэсэн үг нь тодорч сонсогдох агаад “Цэргийн хөгжмийн зохиолчид гэдэг тусгаар тогтнолын дууч, тусгаар тогтнолыг хөглөгч” гэдэг бодолд хөтлөгдөж суух зуурт маань хэлсэн

-Цэргийн хөгжим гэдэг улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд асар өндөр үүрэгтэй. Дайчдыг зоригжуулах, нэгтгэхийн тулд эртний Грекүүд хүртэл туг, бүрээч хоёроо жагсаалын өмнө явуулдаг байсныг мартаж болохгүй гэсэн үгийг нь Батлан хамгаалах яам хийгээд Зэвсэгт хүчний Жанжин штаб, уг штабын харьяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнд мөн давтан давтан сануулая. Их урлагийн тайзнаа 80 орчим жил ажиллаж, амьдарч, уран бүтээлээрээ хөглөгдөж, түүхийг бүтээж, бүтээлээ эгшиглүүлж яваа П.Хаянхярваа хэмээх энэ л хүндэт эрхмийн бүтээл мөнхөд эгшиглэж, Монголын урлагийн түүхийг бүтээлцсэн он жилүүдийнх нь үргэлжлэлд ерөөл өргөе.

Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, армийн хурандаа гээд алдар хүндлэл нь түмэнд түгсэн түүний эрхэм хайртай өөр нэг алдар цол бол “Хөвсгөл аймгийн БАХАРХАЛ” хэмээх  өргөмжлөл. Шагналыг нь илтгэх тэрхүү энгэрийн тэмдгээ тэрбээр өдрийн цагт энгэрээсээ салгадаггүйн дээр, ирэх жилээс аавынхаа төрсөн нутаг, угаасан ус болох Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум руу зорьж очин сэтгэлийн өглөгөө өргөж, тоглолт хийх чин хүсэл тээсээр яваа... “Нутаг намайг санаад. Би нутгаа санаад...” хэмээн хүйн холбоог эргэн эргэн дурсах түүний шинэ бүтээлийн дээжид эрчим нэмье. Нэгэн цагт “Түмэн эх” чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулга, Үлгэр жишээ хөгжмийн дэргэд “Соёмбо” жааз хамтлаг гээд олон хамтлаг чуулгыг байгуулж, хөгжмийн холбогдолтой 70 гаруй ном бүтээл редакторлож, өөрийн 80 шахам номоо хэвлүүлж, мэргэжлийн сургуулиудад багшилж явсан тэр эрч хүчийг нь хүндэтгэн талархая.  Ноотыг нь бичиж эхэлсэн “Хүннү марш”-ийн хөг, дэг бат оршиг ээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)