АН-ЫН ЦООЖЛОГДСОН ҮЕИЙНХЭН БУЮУ 1970-ААД ОНЫХНЫ УНАЛТ

2018-10-19 09:43:09

Харин энэ дүгнэлтийг илүү том зургаар, тэр дундаа Монголын ардчилсан хувьсгалыг эхлэлээс нь өнөөдрийг хүртэлх он жилийн үргэлжлэл дунд нь харвал Ардчилсан нам харин яах аргагүй Монголын ардчиллын түүх байх учиртай биз. Гэхдээ эхлүүлсэн гавьяаг нь завхруулсан, зувчуулсан түүхтэй нь холбож бодвол нэг их магтаал ч бас Ардчилсан намд оногдох хувьгүй мэт. Тэр дундаа, хувьчлагдсан эрх мэдэл талаас нь хараад үз. Амьд хүн ийм цөөхөн билүү гэмээр тийм л эмгэнэлтэй дүр зураг. Нөгөө л хэд...

Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Одхүү, Д.Дорлиг­жав, Р.Гончигдорж, Н.Батбаяр, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, С.Санжмятав... Яг үнэндээ энэ дунд нь өлгөөд нэрлэчих тодорч гарсан эрт цагаас манлайлж яваа эмэгтэй улстөрч ч алга. Эрчүүдийн, тэр дундаа 1950-1960 оных­ны хаанчлал. Ийм бодит нөхцөл байдалд эрх мэдлийн хувьчлалтай хамт хүйсийн тэгш бус байдлыг хөндөх нь өөрөө үр дүнгүй бөгөөд утгагүй. Бүр шал хэрэггүй сэдэв шиг санагдах. Гэсэн ч тэд буцахгүй, цуцахгүй, унахгүй, ухрахгүй. 2020 оныг мөрөөдсөн 1950-1960 оныхны улс төр эхнээсээ эрчимжээд эхэлчихсэн. Ерөнхийлөгчийн хажууд нуугдаж суугаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сошиал пиартаа бага багаар олныг дасгаж эхэлж байхад Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хөрөг нийтлэлийн ном шилдэг борлуулалттай номын дунд ялгарч харагдах жишээний.

УИХ-ын дэд дарга С.Санжмятав Завханы ирээдүйн сонгогчдод зогсоо зайгүй мянга мянгаар нь морин хуур заалгаж, шатар тоглуулж, сүүлдээ бүр цэргийн түр алба ч хаалгаж байх шиг. Намаасаа дэмжлэг авах улс төрийн тэнхээгүй болсноо ойлгосон уу, яасан УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл Гэр хорооллын хөгжлийг дэмжих холбоо гэгчийг нам болгох гэж үзэн, хэдэн ч удаа Дээд шүүхэд хүсэлт гаргав. Тэрхүү хүсэл нь ёсоор болохгүй болохоор өнөөдөр гудамжны тэмцлийн хэлбэр рүү аваачиж, орхилоо. Магад 2020 оны сонгууль дөхөх тэр үед “Иргэдийн дэмжлэгээр нэр дэвшихээс өөр аргагүй боллоо” гэх зарлал түгээж юуны магад. Энэ янзаараа ямар ч байсан нэр дэвших нь тодорхой. Товчхондоо тэд улс төрөөс явахгүй. Өнгөрсөн 30 жилийн түүхэндээ ханаагүй, эрх ашгийн хувьд цадаагүй байж таарах нь.

Тэгвэл тэднийг явуулах чин хүсэлтэй, хоёр, гуравдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү алхаж орох хүсэлтэй 1970-аад оныхон хаа байна вэ. Тэд үргэлжийн мөнхөд үглэсэн, уурласан хэвээр байх уу. 2020 оны УИХ-ын сонгууль болж, дөрвөн жилийн парламентын бүрэн эрхийн хугацаа 2024 онд дууслаа гэхэд тэд ахмадууд болно. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ч.Сайханбилэг, Б.Болор, О.Эрдэнэбулган, Б.Отгонбат, Д.Пүрэвдаваа...өөр хэн байдаг юм тэд бүгд 1980 оныхонтой нүүр тулах шаардлага гарна. 1990 оныхон өлмий дээр нь гишгэнэ. “Ах нар зайгаа тавь” гэж хашгирна... Тэд тэр цаг үед хэн байх вэ. Дараагийн Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ болох уу... Харамсалтай нь, асуултын тэмдэг... ?

Тэд ердөө л “Ер нь бол үе солигдох ёстой. Хүний манайгүй энэ хууччуулд 26 жилийн нөхөрлөл ч байна, дайсагнал ч байна. Заримдаа тэдний нөхөрлөл нь тонуул дээрэм, дайсагнал нь бутрал сүйрлийг энэ улсад авчрах гээд байна. Ийм учраас намаа, улсаа бодоод эдгээр улсууд хойш суух учиртай юм. Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэж би хэлдэг дээ” гэж яриад сууж байна. Энэ бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ярилцлагын нэг хэсэг. Сүүлд өгсөн ярилцлагадаа харин “Үе солигдолт буцаж ухрахгүйгээр үргэлжилж байна. Ж.Эрдэнэбат гэж залуу хүн Ерөнхий сайд байсан. У.Хүрэлсүх гэдэг залуу Ерөнхий сайд боллоо. Ямар ч байсан нөгөө хэдэн хөгшчүүд, ялхийтал шигдээд, ашиг сонирхлоо сагуулаад, мөнгө, бизнес бүх юмаараа сүлбэлдээд, явахгүй зүсэх газраа зүсээд, цавчих газраа цавчих хэмжээний иртэй хүн зогсч байна гэдэг бол том дэвшил” хэмээн өөрсдийн үеийхний амбицыг зөвтгөсөн. Гэсэн ч энэ бол АН-д боломжгүй үзэгдэл.

Зөвхөн энгийн жишээ болгох үүднээс МАН-ын өнөөгийн Удирдах зөвлөлийн 30 гишүүний намтрыг харахад 40 хувь нь 1970 оноос хойш төрсөн байх жишээний. Өнөөдрийн Засгийн газрын сайдуудаас гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1968 онд төрснийг эс тооцвол гол бодлого зангидаж байгаа сайдууд нь мөн л 1970-аад оных. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Зам, тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар. МАН-ын Нарийн бичгийн дарга, аппаратын ажилчдын олонх нь энэ оныхон. Угтаа өнөөдөр МАН-ын бодлогыг 1981 оны Д.Амарбаясгалан Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар удирдаж, хэрэгжүүлж байхад 1968 оны бараг 1970 онд хамаатуулж болохуйц У.Хүрэлсүх намыг ч, төрийг ч удирдаж байх жишээтэй. Түүнээс өмнө тус нам 1974 оны Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж байсан. Энэ бол АН-тай харьцуулахад яах аргагүй эерэг үзүүлэлт. Мэдээж хандлагын шинэчлэл, үзэл санааны өөрчлөлтийн хувьд яривал энэ нь тогтонги үзүүлэлт байж болно. Гэсэн ч яах аргагүй үеийн бодит шинэчлэл. Тийм ч учраас тэд багаараа, оноороо өнөөдөр МАН-ыг авч чадсан.

Харин АН-д бол Шонхор фракцид албан ёсоор харьяалагдах Ц.Тувааныг эс тооцвол 1970 оны удирдлага алга. Ардчилсан нам уу, Нийгмийн хамгааллын нам уу гэдэг нь үл ялгарах хувь улстөрч, түүний аялдан дагалдагчдыг түшсэн зогсонги бүтэц. Тиймээс ч өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам лидергүй олон нийтийн нам болно. Үүний төлөө шинэчлэл хийнэ” хэмээн ярьж байна. Гэтэл цаад уг углуургаар нь харахаар “Ардчилсан хүчний холбоо” гэх төрийн бус байгууллагыг түшсэн, “Шонхор” фракцаар овоглосон хувьчлагдсан бүтэц өдрөөс өдөрт өргөжин тэлж байх. Мэдээж үүний төлөө тэрбээр өөрийн багийн хамт, тойрон хүрээлэгчдийн хамт ажилласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Нэг ардчилал” буюу 1970 оныхныг багтаасан үг чангатай, том зорилготой жижиг фракцын гишүүд эрх мэдлийнхээ хүчээр аархаж байхад С.Эрдэнэ одоогийн бүтцээ АН-ын дарга асан З.Энхболдын хамт бүрдүүлж дөнгөсөн. 1970 оныг төлөөлөх Х.Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар улс төрийн тулаанд ганцаараа бүдэрч, босч, унаж, сөхөрч, гишгүүлснээс бус багийн тоглолтыг ач холбогдолтойд тооцоогүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр төрийн үйлчилгээнд жижиг тэрэг явуулж, данхар машин халах тухай улс төрд анх орсон пиартаа найдаж, дэлхийн шинэчлэлийг монголжуулах тухай ярьсан. Гэхдээ мөн л ганцаараа ярьсан. УИХ-ын гишүүн М.Батчимэг Үндсэн хууль, аюулгүй байдлын бодлогын тухай ярихдаа мөн л ганцаарчилсан улс төр хийсэн. Эрдэм мэдлэгт тулгуурласан түүний хувь тоглолт улс төрд баггүй, итгэлгүй болгочихсон. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, Ерөнхий­лөг­чийн Тамгын газрын дэд дарга Г.Байгальмаа, Сангийн сайд асан Б.Болор, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа... АН-ыг эрх барьж байх үед эрх мэдэлд хүрсэн ч эргэлт хийж чадаагүй тэд өнөөдөр чанга дуугарч чадах уу. Тэд өнгөрсөн дөрвөн жилээс эрч хүч, улстөрчийн бие даасан байдал, ах нарынхаа өөдөөс үр дүнтэйгээр улс төр хийж чадах арга ухаанд суралцаж дөнгөсөн үү. Энэ бол яах аргагүй АН-ынхны 1970 оныхны цоожлогдсон тодорхой шалтгаан. 2012-2016 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд тэд ингэж л ялагдсан. Ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшлээ гэхэд иргэд тэднийг үзэл санааны хувьд, хувь улстөрчийнх нь үнэлэмжийн хувьд бүрэн дүүрэн дэмжинэ гэдэг өөрөө эргэлзээтэй. УИХ-ын анхны сонгуульдаа ороход нь итгэж байсан олны итгэл, хүндлэл, хүлээлт өнөөдөр Х.Тэмүүжинг тойрч эргэлдэхгүй, тойрон бүжихгүй. Хууль зүйн салбарт шинэчлэл хийх замаар шударга ёсыг тогтоох тухай яриа нь улиглал мэт сонсогдохоос огцом өөрчлөлт хийх хүн гэдэг лидерийн хүлээлтэд тэр тэнцэнэ гэж хэлэхэд хэцүү. Лу.Гантөмөрийг боловсролын салбарт хувьсгал хийнэ гэж итгэж байсан тэр хүлээлт өнөөдөр улиг болсон улстөрчдийн нэгэн адил хаалганы гадна үлдчихлээ. Тэд улс төрийн хувьд ингэж өтөлснөө өнөөдөр хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэсэн ч энэ бол бодит үнэн. Үүгээрээ тэд дундаж наслалт нэмэгдэж, насны бүтцийн хувьд хөдөлмөрийн насныхан хүн амыг эзлэх үеийг ЦОНХ ҮЕ гэж нэрлэдэгтэй адилхан улс төрийн, тэр дундаа АН-ын хувьд ЦОНХ ҮЕийнхэн болчихлоо.

Товчхондоо улс төрийн циклийн онолоор тайлбар­лагддаг 10 жилийн улс төрийн идэвхтэй нэр хүнд бүхий цаг хугацааг тэд аль хэдийнэ өнгөрүүлж дууссан байна. Улс төрийн зах зээлийн хуулиар моодонд ордог улстөрчийн нэр хүндийн оргилд хурдан хүрсэн шигээ хурдан буучихлаа. Гэхдээ мэдээж тэд нэр дэвшинэ. Магадгүй ялна. Гэхдээ нийгмийг урьдын адил дагуулж чадахгүй. Харин энэ янзаараа дагуулах хүслээ дагуулаад АН-ын 1980-аад оныхонд дагаар орохыг үгүйсгэх аргагүй. Учир нь, тэд бүтцээр ажиллахад сурал­цахыг эрмэлзэж буйгаараа 1970-аад оныхноос давуу талтай юм. Нэг мод гал болдог­гүй. Нэг хүн айл болдоггүй ээ гэж...

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

SS      ip : 66.181.168.8 2018-10-19 14:26:15
hend hamaatai? minii nohoind ch hamaagui





(0/800)