Аз жаргалын дууч

2018-10-15 10:19:26

Аз жаргал гэж юусан билээ... Ийн бодох нь ээ, алдаа, онооны дэнсээр урсан өнгөрөх хүмүүний амьдралын мөч хором бүр хувь ерөөлийн учиг зангилааг тайлах ч эргээд бодох нь ээ уучлал, талархал, харуусал, гоморхол, инээд хөөр, үзэн ядалт, хайр хагацал... юу эсийг энэ хариултад багтааж болох. Гагцхүү амьдарсан шиг амьдрахыг хүсэх хүсэл хүн бүрийн цээжинд бадамлаж, сэтгэлд ургасан бүхэн мууг нь сайнаар дарж, сайныг нь муугаар сүлж эвлэлдэн нэгдэхийн учирсан гэлтэй. Алганы хээ шиг дурайх амьдралын тэр л үнэн түүх бүхнийг АЗ ЖАРГАЛ хэмээн нэрийдэж, эгшиг аялгуу бүрээрээ хайр, сансар огторгуй, амар амгаланг түгээн дэлгэрүүлж, сайн сайхны тухай изм-ийг оршин буй цаг хугацаандаа ч, ирээдүйн мөнх он цагийн тоололд ч бүтээн туурвисан эрхэмтэй уулзаж ярилцсан маань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Товуугийн Насанбуян байлаа.

Уулзаж ярилцсан эхний мөчөөс л сэтгэлийн баяр цэнгэлийг гогдон хөндөж, хайр хүндлэл дунд бялуурах нь халгүй өнгөрүүлсэн бидний хоёр цагийн уулзалтын үнэ цэнэ дотор хүнд маань үнэлэмгүй их. “Аз жаргал гэдэг чинь аав, ээжийгээ хайрлах хайр. Үр хүүхдээ хайрлах хайр.... Амьд буй бүхнийг хайрлах хайр юм. Би хайран дунд амьдарч, жаргаж явна аа. Би азтай, аз жаргалтай хүн” хэмээн хуучлах түүний уран бүтээлийн жагсаалтыг тоочин өгүүлбэл олон арван хуудас болох. Түүвэрлэж, хадгалсан архив, дурсамжийг нь уудлан дэлгэх нь ээ, өчүүхэн жижгээс эхлээд өнөр том агууламж бүхийг ч багтаасан байх агаад хүүхэд ахуй цагаас аливаад хянамгай, цэгцтэй, хичээнгүй зүтгэлтэй байсныг нь илтгэх тэрхүү дурсамжаас юун түрүүнд гогдож, асуусан дурдатгал бол өөрийнхөө тухай бичсэн зурвас тэмдэглэл нь байлаа. “Би ээжийнхээ хайр ивээл сүүн цагаан сэтгэл, намуун зөөлөн бүүвэйнд уяран эгшиг болж төрлөө.

Хүүхэд бүхний нэгэн адил нийслэл хотын III арван жилийн сургуулийг төгсөж, ажиллаж байгаад 1962 оны хоёрдугаар сард Улсын ардын дуу, бүжгийн ансамбльд шалгуулан тэнцэж, амьдрал дуун бүтээл минь ардын урлаг, ардын дуугаар эхэлсэн юм. Энэ үеэс эх орон, ард түмнээ бишрэн шүтэж, ардын дуу, уртын дуугаа уртаас урт дуулах нь Монгол түмний минь дуулал, Монгол үндэсний их урлагийн гайхамшиг гэдгийг ухааран ойлголоо. Би урлагаа бишрэн шүтэж, дуун урлагт бие сэтгэлээ зориулахад мөнхөд тэмүүллээ... Намайг дуугаар минь алдаршуулсан эгшиг аялгуу, эх орон, эгэл түмэн минь миний эрч хүч, зоригийг оргилуулан бадраадаг билээ. Дуу бол ард түмний зүрх сэтгэл, амьдрал жаргалын дуулал билээ” хэмээн өгүүлэх түүний бичгийн хэвийг шагшин бишрэхгүй байхын аргагүйн дээр “Орь залуу нас”, “Нисгэгчийн дуу” зэрэг олон зуун бүтээлийнх нь нот бичлэгийг хараад магтан бахархахгүй байхын эрх үгүй.

Тас хар огторгуй нойрсон тайваржаад

Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар

Орь залуу нас саран шиг туяа цацаад

Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ... Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраа агсны ийн шүлгийг нь тэрлэсэн “Орь залуу нас” дуу бол түүний уран бүтээл. 1970-аад оны дунд үед уг дууны хөгжмийг зохиочихоод үг олохгүй бэдэрч явахдаа Жамцын Бадраа гуйад нэг удаа сонсгожээ. Ж.Бадраа гуай тэр даруйд “Наад аянд чинь би үг хийнэ ээ” гэж хэлээд нэгэн өдөр үгээ барьж ирсэн нь алдарт дуучин М.Янжиндуламын дуулснаар өдгөө та бидний сэтгэл хоногшсон үлдсэн мөнөөх гайхамшигт үг, ая аялгуу хоёр. Хүүхэд байхад даа, нийгэмд ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэж, эрх чөлөө, шударга ёсны дуун бүхий л салбарт түгэн дэлгэрэхтэй зэрэгцэн орчин цагийн эстрадын урлагийг үндэслэгчдийн аялгуу хөгжим зурагт, радиогоор хангинаж, М.Янжиндулам хэмээх ер бусын дуу хэмнэл тэр үедээ л содон сонин, яг л эрт цагийн пянзны эргэлдэх эгшиг мэт санагддаг байлаа. Хэдийгээр энэ бүтээл 1970-аад оны үед олны хүртээл болж, тэр үеийн залуус, ард түмний хайртай дуу болон түгсэн нь үнэнч 1990-ээд оны хүүхэд ахуй насанд бол яах аргагүй шинэхэн хөгжмийн ая дан шиг л сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Учир нь, энэ бол ая эгшиг гэдэг бүтээгдсэн он цагтаа үнэ хүндтэй эгшиглээд зогсохгүй он удаан жилийн турш анхлан сонссон хүн бүрийн чихэнд, зүрхэнд, тархинд шинэ соргогоор мэдрэгдэж, урлагийн нандин сайхан бүхнийг сорчлон хүртэх, сонсохыг хүсдэг хүн бүрээр дамжан үүрд мөнх оршин байхын утга учрыг төрүүлэх нь бий. Ийм л сэтгэлээр онцгой содон хэмээн гайхшран сонсож байсан тэр дууныхаа аялгууг туурвигчтай өнөөдөр ярилцаад сууна гэдэг бас л гайхам сайхан. Харин дууны үгний тухайд Т.Насанбуян гуай тэрүүхэн тэндээ ихэд гайхан эргэлзэж, “Орчлон хорвоод хязгааргүй их уул ус, ургамал цэцэг гээд байгалийн гоо үзэсгэлэн байхад яагаад ТАС ХАР ОГТОРГУЙ” гэж бичээд байгаа юм бол. Тас хар огторгуй гэж байх уу, энэ чинь” хэмээн бодсон ч М.Янжиндуламын дуулалт, Т.Насанбуянгийн ая, өөрийнх нь хэлснээр дууны яруу найргийн хаан Ж.Бадраа гээд энэ гурван хүний ёстой л эв дангийн зохилдлогоо нь яв цав таараад зогсохгүй “Монголын яруу найраг, тэр дундаа үгийн урлаг ийм агуу гайхамшигтай байх ёстой юм” гэдэг шинэ ухаарлыг түүнд хайрлажээ. Одоо бол тэрбээр, нээрээ л “ТАС ХАР ОГТОРГУЙ” гээд нүдээ аниад дуулахаар, ай даа” хэмээн өөрийн хийсвэрлэл, түмэн олны хүлээн зөвшөөрсөн тэр л төсөөлөл дунд ая дуугаа эгшиглүүлсэн хамгийн азтай уран бүтээлч гэдгээрээ өөрөө өөрийнхөө аз жаргалыг тунхаглаж, шаглан урлаж суугаа эрхэм уран бүтээлч. Харин М.Янжиндуламыг сонгож дуулуулсны тухайд

Сүүмийн сүүмийн алс тэртээд

Сүргээ хариулж яваа

Баян далайн ус шигээ

Бялхам сэтгэлт аав минь... хэмээх Т.Самбуугийн үг, Я.Сугарын  ая “Аавдаа” дууг дуулахтай нь зэрэгцэн түүнийг голж, гоочлох нь олон нийт төдийгүй мэргэжлийн уран бүтээлчдийн зүгээс их байж л дээ. Бүр “Хаашаа юм, солгой хоолойгоор одоо дуу дуулдаг болоо юу. Ийм муухай дуу радиогоор явууллаа. Энэ дууг хоригло” гэх мэтээр элдэв шүүмж өрнүүлдэг байж. Гэтэл Т.Насанбуян гуайг хоёр жилийн дараа хөдөө орон нутагт ажлаар явах үед нь захын малчин тариаланчин залуус төдийгүй настан буурлууд хүртэл солгой, зөв хоолой хамаагүй мөнөөх дууг аялж, бүр айлын найрнаа хөлчүүрэхсэн согтуу хөлчүү хүмүүс ч хазгай муруй хэллэгээр дуулж байна гэнэ. Ингэхдээ М.Янжиндуламын гэдэг яг л тэр аялга, аялгууг шингээхийн зэрэгцээ түмэн олон шүүмжилсэн шигээ урлагт хатуу ханддаггүй гэдгийг тэрбээр олж мэдэж. Ирсэн даруйдаа “Орь залуу нас” дуугаа зөвхөн М.Янжиндуламаар дуулуулах зорилго тавьсан нь биеллээ олж, ахархан амьдралын гашуун үнэнд дарлуулж явсан тэр л дуучныг та бидний дунд мөнх амьдрах өнө мөнхийн хүндлэлийн эзэн болгосон түүхтэй.

Үүнийхээ дараа тэрбээр Жамцын Бадраа гуайтай хамтран “Улаанбаатарын агаар” хэмээх дуу хийснийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бадар-Ууган, эстрадын нэрт дуучин Д.Дуламсүрэн хоёр дуулж, олноо хүргэсэн.

Уудамхан гудамжаар алхалж явахдаа

Улиангарын навчсаар салхин наадаад

Улаанбаатарын миньтунгалаг агаар

Уушги, цээжийг тэнийлгэн сэвших

Ай хө, зэ хө, ай хө, зэ хө

Улаанбаатар минь агаартай... хэмээн урсгал ус шиг намуухан урсах энэ аялгууг тэрбээр Москвад хөгжмийн зохиолчдын уулзалтад оролцох үеэрээ “Улаанбаатар маань яагаад “Подмосковные Вечера” гэдэг шиг сайхан дуутай байж болдоггүй юм. Ер нь нэг хотын тухай дуунд ая хийе” гэж бодоод бичсэн түүхтэй. Үүнийг нь ч нэгэн цагт гэртээ амьдруулж, албан ёсоор багш шавын барилдлага тогтоосон Ж.Бадраа багш нь хүлээн авч, ая найраг хоёрыг урдын нэгэн адил ийн яв цав нийлүүлсэн нь энэ.

Ийн уран бүтээлийнх нь арвин түүхээс түүвэрлэн буй тэмдэглэлдээ багахан шиг завсар оруулж, хувь хүнийх нь түүх рүү эргэн хурган орох нь ээ тэрбээр 1960-аад оны үед Чихэр боовны үйлдвэрт ажилчин хийдэг байжээ. Гэсэн ч хүний хувь тавилан гэдэг мухраар сөгдөн дагах зураг төөрөг гэхээс илүүтэй хичээл зүтгэл, өөрийгөө таньж мэдсэн зөв оношлуур дээр тулгуурладаг гэдгийг батлах нэгэн зарлал олж харсан нь тухайн үеийн Ардын дуу бүжгийн чуулгын ансамбльд жүжигчин шалгаруулж авах тухай байжээ. Мөнөөх зарлалыг уншсан даруйдаа, 100 гаруй хүний хамт шалгаруулалтанд орсноос н.Цэрэндолгор гэдэг эмэгтэйн хамт хоёулаахнаа л тэнцэж. Энэ тухайгаа дурсахдаа харин тэрбээр “Залуу байхдаа би их хөнгөн, дэврүүн хүн байсан байх шүү. Эхлээд бүжигт шалгуулаад уг нь Монголын бүжгийн урлагийн хаан, аугаа их Ц.Сэвжид гуайн шалгаруулалт тэнцсэн юм. Гэтэл Цэрэндолгор маань, чи бүжигт орж яах юм бэ. Хоёулаа хамт дуунд шалгуулая. Дуу нь илүү гоё шүү дээ гэхээр нь дахиад 120 гаруй хүнтэй хамт шалгуулаад тэнцсэн. Бас их дэвэргэн байсан байгаа биз. Бурхан минь, намайг чинь зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва гуай, Монголын нийтийн дууны их мастер, найрал дууны багш Д.Мяасүрэн хоёр шалгаж авч байлаа” хэмээн эг маг хийнэ инээх. Нээрээ л, тэрбээр  насан бага залуу ахуйдаа яг л жигүүртэй мэт дүүлэн нисдэг, уран бүтээлээрээ сансар огторгуйд хөөрөн дүүлэгч байсан нь лавтай.

Жигүүртэн хүрээгүй уулсын

Оргил тэргүүн дээгүүр

Жилдээ хүрэмгүй газарт

Өдөртөө нисээд ирэхээр

Мөнгөн цагаан хүлэг минь

Дүүлж явна хө

Мөнгөн цагаан хөлгөөн бариад

Дуулж явна би... яруу найрагч Л.Дагвадоржийн үг “Нисгэгчийн дуу” хэмээх дуу нь үүний илрэл. Өдгөө 50 дахь жилдээ эгшиглэж буй уг бүтээлд нь зориулан Монголын иргэний нисэхийн салбарынхан 2005 онд хүндэтгэл илэрхийлж, Буянт-Ухаагийн гэрэлт дэнж дээр хөшөө босгосон нь ч үүний баталгаа. Тэр дундаа зөвхөн нисгэгч, нисэхийн салбарынхан гэлтгүй Монголын ард түмэн бүгдээрээ бүгдээрээ “Нисгэгчийн дуу“-г дуулж, түүний бүтээлээр дамжин тэнгэрт нисч, сансар огторгуйд ялж, нисэхийн сайхныг, дуулахын сайхныг, хайрлахын сайхныг мэдэрсээр яваа. Тиймээс ч тэрбээр “Би ёстой нэг ам бардам нэг үг хэлчихмээр байх юм, ах нь” гэж байгаад хэсэг зуур завсарлага аван байж “Би чинь дуугаараа бол сансарт нисчихсэн хүн шүү дээ. Орчлонд тэмүүлж, орчлонд мөрөөдөж, орчлонд хүсч чадах юм бол сансар огторгуй хүртэл хүний гарт, хурууны үзүүрт, сэтгэлийн угт, мөрөөдлийн учигт байдаг юм билээ шүү. Та өөрөө ч гэсэн энэ тухай бодоод нэг үзээрэй. Та бид хоёрын бодол зөрөхгүй дээ” гэсэн нь ярилцлагаа буулган суух энэ мөчид улам тод сонсогдох. Арга ч үгүй биз зөвхөн “Нисгэгчийн дуу” гэлтгүй Д.Дамдины үг “Мичид шүргэх Алтай” дууг нь сонсоод үзээрэй. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Дашнямын хүнгэнэх атлаа шивнэх мэт тэр л зөөлхөн аялгуугаар эгшиглэсэн

Мичид шүргэх Алтай

Миний уулсын тэргүүн... мөрүүдийг нь санаарай. “Нисгэгчийн дуу”-гаар эхэлсэн тэдний уран бүтээлийн холбоос өнөө ч та бидний сонсгол, сэтгэлийг мялаасан хэвээр. Гэхдээ зөвхөн энэ хоёр дуу ч биш. “Сансарын уудамд монгол хүн цойлон гарлаа”, “Сансрын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа”, “Нисгэгчийн гэргийн дуу”, “Монгол нисгэгчид” гээд тэнгэр, огторгуйг эзэгнэсэн дууны уран бүтээл түүнд тоймгүй олон. Тэр дундаа, яруу найрагч Л.Дагвадоржтой хамтран “Миний нутаг сайхан аа” хэмээх дууг бүтээснээ Г.Цэрэндолгороор дуулуулж, анхны одоогийнхоор бол хит дуугаараа олонд хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй. Сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг

Ужран ужран, цэлмэн цэлийн цэнхэртээд

Уран найраг ухаан тэлэн жигүүрлэмээр

Мянган түмний өлгий цэлгэр нутгаа

Мэлмий тунгалаг, өлмий бат цэнгэнэ... хэмээн эгшиглүүлсээр шинэ цаг үед нэхэн сануулж сэргээн дуулсаар яваа. Энэ бол яах аргагүй уран бүтээлчийн ид шид. Бүхий л цаг үед, бүхий л он жилүүдэд амьдарсаар байхын баталгаа. “Орь залуу нас”, “Нисгэгчийн дуу”, “Төгсөх оюутны танго”, “Миний жаргалан”,  “Улаанбаатарын агаар-ыг бодсон ч тэр адилхан. Зуу, зуун жилийн дараа ч Монголын газар нутагт, монгол хүний тархинд, зүрхэнд, сэтгэлд Т.Насанбуян багшийн аз жаргалын аялгуу эгшиглэсээр байх нь гарцаагүй.

Ингэж уран бүтээлээрээ халгиж, цалгиж, Монголын найрал дууны хөгжилд хувь нэмрээ оруулж, хүүхдийн уран бүтээлд чин сэтгэлээ зориулсан түүний эрхэм хүндтэй багш нарыг жагсаан бичих нь ээ Ардын дуу бүжгийн чуулганы ансамбль руу анх хөл тавихад нь тосч авсан багш нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа эн тэргүүнд бичигдэнэ. Жүжиглэх урлагийн А-г заасан багшаасаа харин “урваж” холдоход нь хүч нэмсэн мөнөөх эрхэм багш нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав. Г.Хайдав гуай Москвад сургууль төгсч ирсэн даруйдаа Дуурийн академик театрын дэргэд дуулаачийн сургууль байгуулж, мөн л хот хөдөөд шалгаруулалт зарлаж. Үүнд нь Т.Насанбуян гуай нөгөө л залуу насны дэвэргэн, сониуч зангаар шалгалт өгч тэнцэхэд Цоцо багш нь ихэд дурамжхан “Чи яах вэ, тэнцэж орж чадлаа гэхэд сайн багш таарвал сайхан дуучин болно. Харин муу багш таарвал хэрээ шиг л дуучин болно доо” хэмээсэн гэдэг. Энэ үед түүнтэй хамт нэг ангид суралцсан оюутнуудаас нь  Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Ардын жүжигчин Д.Баадайжав, Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөө багш, Их жанжин Сүхбаатарын дүрд тоглодог, гавьяат жүжигчин Ц.Дашнамжил зэрэг агуу дуучид төгсөн гарсан нь нэр төрийн хэрэг, их буян заяа хэмээн тэрбээр онцлон дурдсан. Харин түүний хувьд дуучин, дууны багш мэргэжлээр Г.Хайдав багшийн удирдсан ангийг төгссөөд эргээд Үндэсний дуу бүжгийн чуулгадаа хормейстр буюу найрал дууны удирдаачаар ажиллахаар томилолт авсан байгаа юм. Энэ үеэс л түүнийг  урлагт дурлах, хайрлах, урлагт чин сэтгэлээр зүтгэх хичээл зүтгэлд хөглөвч нь дэргэдээс нь тулж, сэтгэлээс нь гогдсоор орж саяхан л тухайн үеийн хэллэгээр бол ажилчин ангийн төлөөлөл явсан залуу их удалгүй Ардын дуу бүжгийн чуулгын томчууд, луухгарууд болох Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад, гавьяат жүжигчин Б.Лхамжав, гавьяат жүжигчин Ц.Сэрээтэр,  дунд үеэс гавьяат жүжигчин Х.Сүглэгмаа, Д.Банзрагч... гээд олон арван алдартнуудад дуулах урлагийн хичээл зааж, спортоор бол дасгалжуулдаг болсон нь өөрийнх нь хэлснээр дахин дахин давтахад яах аргагүй их хувь заяа.

-Бурхан минь, тэр үед залуу л байжээ дээ. Одоо бол би тэр хүмүүст дуулах урлагийн хичээл заагаад зогсож байсандаа айдаг юм. Яаж зүрхэлж үг хэлдэг байсан байгаа юм. бүү мэд хэмээх үг нь ч бас цаанаа нэгийг хэлэх. Тэр дундаа, 1000 дуучны хоор, 1000 хүүхдийн хоорыг, багадаа 50-60 уран бүтээлчийг удирдаж, найрал дууны ангийг удирдан, байгуулалцаж, дуулуулж, нэг сэтгэл нэг зорилго дор нэгтгэж явснаараа тэрбээр бахархдаг. Гэсэн ч бүтэн хоёр цагийн ярилцлагын турш түүний амнаас ганцхан л “Сэтгэл их эмзэглэх юм” гэсэн үг гарсан нь өнөөдөр Монголын урлагт Дуурь, бүжгийн эрдмийн театр, Хилийн цэргийн чуулгыг эс тооцвол найрал дуутай театр байхгүй болсон тухай байлаа. “Би, би гэсэн тодотголтой өнчин ганц дуучид урлагийг бүрэн дүүрэн илэрхийлэхэд хэцүү дээ” гэж хэлсэн нь ч яавч буруу үг биш байж таараа. Тэр дундаа, 33-хан настайдаа Увс аймагт очиж, аймгийнх нь театрыг Алтангадас одонт театр болгох хэмжээнд нь зүтгэсэн гэдгээс эхлээд хөдөө орон нутгийн хаана л театр байгуулагдана, тэнд найрал дууны багш, удирдагчаар ажиллах, концерт тоглолт найруулахаар үүрэг хүлээн замд гардаг байсан хүний хувьд, нэртэй хүндтэй уран бүтээлчийн хувьд ер нь бол яагаад ганц хатуу үг унагаж болохгүй гэж. Гэхдээ Т.Насанбуян гуайгаас хатуу, хэцүү үг олж сонсоно оо гэж үнэндээ байхгүй нь бас их сайхан. Найрал дууны тухайд л урлагийн суурь мөн чанарыг нь хамгаалж энэ үгийг хэлснээс бус хөдөө нутаг руу томилолт өвөртлөх бүртээ ихэд баярлаж “Би хөдөөгийн театр руу аз жаргалтайгаар явдаг байсан. Очоогүй, ажиллагаагүй аймаг, хөдөөгийн театр гэж байхгүй. Үргэлж л шинэ сайхан уран бүтээлчидтэй уулзаж, тэдний хүсэл тэмүүлэл дунд би аз жаргалыг олж хардаг байсан. Аз жаргалтайгаар ажиллаж, амьдарна гэдэг бол жинхэнэ утгаараа аз жаргалтай л хүний амьдрал шүү дээ. Ах нь аз жаргалтай хүн” хэмээх үгийг нь нотлох мэт Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай нэгэнтээ “Т.Насанбуянгийн хаанаас нь тийм нэг этгээд сайхан аялгуу гараад байдгийг мэдэхгүй. Би бүүр нэг гайхаад байдаг юм. Энэ хүний зохиосон олон сахан бүтээл хөдөөгийн театрын урын санд, чуулгын архивт бий. Тэр болгоныг нэг бүрчлэн яривал ихээхэн цаг хугацаа орно доо...” түүний оролцсон нэвтрүүлгийн үеэр онцлон хэлсэн байдаг удаатай. Энэ бол яах аргагүй Т.Насанбуян  хэмээх энэ эрхэм хүндтэй хөгжмийн зохиолчийн ид шид. Тиймээс ч эл магтаал, сайшаалын тухай тодруулахаар

-Н.Жанцанноров гуайн таны тухай хэлсэн үгийг олж уншсан. Та хоёр ойр дотно байсан уу гэж асуухад урдаас нөгөө л янзаараа

-Үгүй дээ, бид хоёр нэг их дотно биш. Тэр чинь их өндөр боловсролтой. Бурхан минь агуу хүн шүү дээ... гэх агаад

-Манай Хайдав багш байна. Ай даа, гайхамшигтай эрхэмсэг хүн. Би Монголын соёлыг Дашдоржийн Нацагдорж, Хайдав багш. Хөвсгөлийн цаатанг судалдаг байсан С.Бадамхатан гэж энэ гурван хүнээр л төсөөлж боддог. Өөрийнхөө дууг дуулсан дуучин болгонд биширч мөргөдөг. Тэднийг хүндлэхгүй байхын аргагүй. Тэр дуучид, яруу найрагчид байгаагүй бол миний аялгуу миний зүрхэнд л байх байсан. Өөр хаашаа ч гарахгүй. Хэн ч сонсохгүй. Энэ эрхэм хүмүүс миний аз жаргалыг түмэнд таниулж, түмний хүндлэлийг олоход минь тусалсан. Одоо харин намайг хүмүүс амьд байгаа гэхэд итгэх болов уу даа. Би ч гэрээсээ гарч чадахгүй юм... хэмээсэн нь магадгүй түүний цаанаа нуусан гуниг байж болох юм.

Гэхдээ дахиад л бичихэд тэрбээр өөрийнх нь өгүүлж буйчлан амьдарч буй амьдралыг нь бараачлан харахад гайхалтай азтай аав. Охин, хүү хоёр нь өргөж тойглохын дээдээд тойглож, энэрч хайрлахын дээдээр хайрлаж яваа. Өвдөж зүдэрсэн хоногуудад нь өргөж асрах, өглөө оройд нь тойглож бөөцийлөх, 50 жилийн хугацаанд нэг удаа гаргаагүй цомог, уран бүтээлчийн дурдатгал номыг нь гаргасан гээд хоёр хүүхдийнх нь ачлал ч яах аргагүй үр хүүхдийнх нь сэтгэлийн гэгээг илтгэнэ. “Сайн ээж, сайн багш, сайн хүмүүс, сайн үр хүүхдийн буянд сайхан амьдарч байна. Саяхан намайг Япон, Солонгосгүй л зугаалууллаа. Нутагт маань аваачина гээд Хөвсгөл рүү хоёр ч удаа авч явлаа. Хүү, охин хоёрынхоо нэрийг оруулж шүлэг хүртэл бичсэн. Ах нь, чамд үзүүлий... гэсээр авчирч,

Энэ их гэгээн үйлс, гэгээн амьдралдаа

Тэнгэрийн өнгөөр цэлмэн гийж

Тэнүүн ухаанаар соён гийж

Эгшиг дуугаар энгүүн гоо ярсхийж

Эвийн олноо цэцэлэн гийгүүлж яваарай... хэмээн үргэлжлүүлэн уншихаас нь бодвол хүмүүс үйлийн үрийн тухай ярьдагтай адилхан “Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин” гэдэг яах аргагүй үнэн үг ажээ. Энэ дунд хүргэн хүүгийн тухайд бас л орхиход хэцүү. Т.Насанбуян гуай тэдэндээ ямар их хайртайгаа, тэднийхээ тус дэмээр өтөл насандаа сайн сайхан амьдарч буйгаа өгүүлсэн тул хөрөг нийтлэлд орхигдуулах нь зохисгүй биз.

Тэр дундаа ачлалт сайн хүргэндээ зориулан

Эвийн олноо цэлмэн гийгүүлж яваарай

Амьдрал жавхлан бат оршиг гэж бичсэн байх агаад хүргэнийг нь Жавхлан бат гэдэг бөгөөд “Миний охин их азтай. Мундаг сайн хүргэн” гэх нь цаанаа л зөв хүний мөр, амьдрал бүхэн нь цагаан байдгийг улам бүр нотлох ажээ.

Тиймээс ч амьдралынхаа турш төдий л хэн нэгэнтэй ам муруйж, зөрчилдөж үзээгүй түүний тэрбээр

-Хүмүүс яагаад ч юм надтай уулзахдаа их баяртай байх шиг санагддаг. Би чинь бүхий л амьдралынхаа турш хэн нэгэнд хатуу хөтүү үг хэлж байсангүй. Аль болох муу муухай араншин гаргахаас цэрвэж, сэтгэлээрээ тэнүүн жаргалтай хандахыг хичээдэг байлаа. Яг үнэндээ хулгайч, луйварчин гэдэг нь илрээд шийтгэл хүлээж буй хүмүүс бол бодит үнэн. Тэднээс айх хэрэггүй. Муу муухай нь илчлэгдээд төрийн ял шийтгэлийг хүлээнэ гэдэг үнэн үнэнээрээ байгаагийн шинж чанар. Харин муу санаагаа нуудаг, муу сэтгэлээ халхалдаг хүмүүс хамгийн хортой. Тийм хүмүүсээс болгоомжилж явах хэрэгтэй. Азаар надтай хүний сайн нь уулзаж, би хүний сайнтай нь учирч явлаа. Миний хоёр хүүхдийн ээж, миний хань ямар сайхан эмэгтэй гэж санана. Бага залуугаасаа Польшт суралцаж, тэндээ ажилласан болохоор Монголд ирээд амьдарч дасахгүй буцсан. Сая би нэлээн олон жил хамт Польш улсад байсан. Би тэнд даанч дасахгүй эргээд ирсэн. Одоо ч гэсэн надтай байнга холбогдож, санаа тавина. Амьдрал их сайхандаа гээд “Ээ дээ, ээжүүд үү” хэмээн дараагийн магтаал, талархлаа хүүрнэн өгүүлсэн нь ээжийнх нь тухай.

Бага ахуй наснаасаа өмөг түшиг нь болж, 99 насыг зооглож бурханы хутгийг олсон ээждээ 100 жилийнх нь ойд зориулан тэрбээр “Ээжийн ариун биенээс

Эгшиг болж төрлөө

Элэг, зүрхэнд нь тэврүүлж

Аялгуу болж өслөө

Ээжийн минь бүүвэйн хайрын  дуулал

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй

Ээж минь, ээж минь тандаа

Зуун жил дуулах дуу зохиолоо

Хүү чинь, дуу зохиож дуулж байна... хэмээх “Ээждээ, 100 жил дуулах дуу зохиолоо” ая дуугаараа мялаалга өргөсөн нь шинэхэн уран бүтээл нь. Зөвхөн энэ ч бус зорьж очсон есдүгээр сарын нар тэгширч, зон олон налайсан намрын тэр өдөр Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт ая хийж байна аа” гээд нот, үзэг нийлүүлэн суугаа нь басхүү их жавхаатай.

Харин илүү үглэх аядан санаа зовсондоо “Та ядарчих юм биш үү. Бие бодохгүй бол” гэсэн асуултад тэрбээр

-Би хүсэл мөрөөдөл өрнүүн дүүрэн хүн. Хүн өөрийгөө хөгширлөө, өндөр настай боллоо гэж үгүйсгэж бодож хэзээ ч болохгүй. Хүний тархи гэдэг амьд л байгаа бол ажиллаж л байдаг учиртай дууссашгүй цэнэгтэй батерей. Бие организм нас явахын хэрээр өтөлж, хөгширч болох ч оюун санаа бол өнө мөнхийн зүйл. Үүн шиг миний хувьд ая аялгуу гэдэг бол өнө мөнхийн цэнэгтэй батерей юм гэсэн үгээр өчүүхэн миний санаа зовинол, амарч алжаах тухай жижигхэн бодлыг минь тэрбээр үгүй хийх нь тэр ээ. Энэ тухайд нь “Аргагүй л чин үнэнч уран бүтээлчийн зан байх даа” хэмээн бодох зуурт тэрбээр “Би нээрээ ёстой нэг сайхан үг хэлмээр байна аа. Чи хар даа, миний энэ зургийг” гээд “Хөвсгөл Алтан дуулга” компаниас бэлэглэсэн өөрийнх нь хөрөг зураг бүхий “Хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Товуугийн Насанбуян Танаа зориулав

Онгодын мөнгөн хөлгөөрөө жигүүрээ дэлгээд

Од шиг гялалзан амьдарч буй нь юутай сайхан” гээд дотных нь анд Цэвэгсүрэнгийн Гүррагчаагийн түүнд зориулан бичсэн “Далай ээжийн дууч шувуун” хэмээх шүлгийг хамтад нь залсан өргөмжлөлийг зааж

-Ах нь Танд маргааш Монгол Улсын урлагийн гавьяат цол олгоно. Төрийн ордонд ирнэ үү гэсэн утасны цаадхи хүний яриаг сонсоод эхэндээ эг маг хийн сандарч, эгээтэй л тэнгэрт нисээгүй. Сая Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналыг 50 жилийн ойгоор аваад хэмжээгүй ихээр баярласан. Манай салбарын хамгийн том шагнал болохоор арга  ч үгүй биз. Мэргэжлийн маань үнэлэмж шүү дээ. Сүүлд энэ компаниас холбогдон миний бүтээлийг тоглолтонд оруулж, надад ийм сайхан өргөмжлөл өгөхөд шагналтай холбоотойгоор гуравдахь удаагаа ёстой хагартлаа их баярлалаа. Аав маань Хөвсгөл аймгийн Хатгал сумын уугуул. Ээж маань Бүрэнтогтохынх. Энэ хоёр эрхэм дээд хүмүүсийн минь өлгий нутаг намайг санаж, намайг алдаршуулж, намайг хүндэлнэ гэдэг ямар их аз жаргал вэ. Энэ тухай маань заавал Хөвсгөлийнхөнд маань дамжуулж, хэлж өгөөрэй. Хөвсгөл далайн эргээс залбиран залбиран түүж ирсэн нутгийнхаа чулууг атгаад энэ өргөмжлөл рүү хараад, нутаг эжий үр хүүхэд гуравтаа залбирах шиг жаргал өнөөдөр надад алга аа хэмээн баярлаж, догдолсоор үдсэн Товуугийн Насанбуян танд Төрийн шагналт, яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийн төгсгөлийн

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!  хэмээх дөрвөн мөртийг зориулая.

Аз жаргалын эрэлчин мэтээр өөрийгөө санаж сэтгэн, атгаад, авдарлаад, архивлаад авч болох биет өвөөр төсөөлүүлэн тэмтчиж буйгаараа та бид Товуугийн Насанбаяр хэмээх энэ эрхмийн дэргэд оргүй хоосон руу тэмүүлэгч тэнүүлчин мэт санагдах. Харин буй байгаа бүхэндээ талархан хүндэтгэл илэрхийлж, хаалгыг нь тогшихтой зэрэгцэн

-Та гэдэг хүндлэлээр харилцаж эхлээд, тэр л аясаараа “Та дахин манайд зочлоороо” хэмээн үдэх энэ эрхэм хүмүүний сэтгэл өөрөө сурах бичиг мэт... гэгээн бүхнийг бодож, гэгэлзэж баярласан сэтгэлээр бичиж эхлээд бичиж дуусгах бас сайхаан... Аз жаргалын дуучийн хөргийг аз жаргалтайгаар бичиж дуусгахаар хичээнгүйлэн зүтгэсэн он  цаг 2018 оны аравдугаар сарын  10-ны өдөр байв.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)