“Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аян

2018-10-10 17:51:24

Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачлагаар “Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аяныг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 сарын 10-ны өдрийн хүртэл хоёр сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд төлбөрийн системийн талаар Монголбанкнаас баримтлаж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, финтекийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, цахим эринд цахим төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх дэвшилтэд шийдэл зэргийг нийтэд үнэн зөв мэдээлэх, таниулан сурталчлах, соёон гэгээрүүлэхэд чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөж байна.  

Түүнчлэн, банк санхүүгийн байгууллагын цахим төлбөр тооцооны талаар иргэд, харилцагчид сурталчлах,  төлбөрийн системийн оролцогчийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх  замаар санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Аянаар цахим төлбөр тооцооны хөгжлийг дэмжих, нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх, түүний давуу тал, эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой сэдвээр сургалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулж, сурталчилгааг хийнэ.

Цахим төлбөр тооцооны хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, Финтек-ийн хөгжлийг дэмжих, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, төлбөрийн системийн нэгдмэл байдлыг хангах гэсэн 4 чиглэлээр ажлыг зохион явулна.  Иймд, төлбөрийн системийн оролцогч байгууллагуудыг банк санхүүгийн салбарын хүрээнд нэгдсэн байдлаар хамтран ажиллахыг санал болгож байна.

Монголбанк нь үндэсний төлбөрийн системийн зохицуулагч байгууллагын хувьд АХБ-ны зээлийн санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд төлбөрийн ₮ картыг EMV/NFC чип технолгоид шилжүүлэх, автомат клирингийн системийг нэвтрүүлэх, санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын  үсгийн системийг Монгол Улсад нэвтрүүлэх  зэрэг ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр энэ аяны нээлтийн хүрээнд цахим гарын үсгийн системийг Монголбанкны дотоод системүүд, төлбөр тооцооны бүх систем, банк болон банк бус байгууллагын Монголбанк руу хандаж буй зээлийн мэдээллийн сан, төвбанкны үнэт цаас болон валютын арилжааг гүйцэтгэх банк хоорондын цахим арилжааны гэх мэт ситемүүдэд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Цаашид энэхүү дэд бүтцийг ашиглан, банк, санхүүгийн байгууллагууд нэмэлт өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүйгээр дотоод системдээ шууд ашиглах боломжтой болно.

Санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийг талаар товч танилцуулгыг хийж,  энэхүү тоон гарын үсгийг Монголбанкны системд хэрхэн ашиглах талаар толилууллаа.

Монголбанкнаас санаачлан явуулж буй энэхүү аян нь мэдээллийн технологийн эрин зуунд түүний хөгжил дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог цахимаар хялбар, хурдан шуурхай, тасралтгүй гүйцэтгэх боломж улам бүр нэмэгдэж байгааг олон нийтэд таниулан сурталчилж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Дэлхий нийтээр бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, цахим төлбөр рүү эрчтэй шилжиж буй энэ цахим эринд Монголчууд бид ч хөл нийлүүлж, санхүүгийн зах зээлд нэвтрээд байгаа мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж, цаг хугацааг хэмнэж, орон зайг товчилж хурдтай хөгжих шаардлага нэгэнт бий болжээ.

Аливаа улс орны эдийн засаг, санхүүгийн системийн хөгжил, түүний тогтвортой байдлын нэг чухал хэмжүүр нь тухайн улсын үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагаа байдаг. Төлбөрийн системийн талаар АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Аллен Грийнспэний 2007 онд маш энгийнээр хэлсэн үгэнд хэрвээ төлбөрийн систем рүү халдлага хийвэл тухайн улсын эдийн засгийг сүйрүүлэх болно. Банкууд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй болсноор бизнес эрхлэгчид бартер болон амлалтын бичигт найдахаас өөр гарцгүй болж, улс орон даяар эдийн засгийн үйл ажиллагаа хад чулуу мэт хөдөлгөөнгүй зогсоход хүрнэ гэжээ.

Өнөөдрийн байдлаар төлбөрийн систем нь мэдээллийн технологид суурилсан санхүүгийн сүлжээ болон хувьсан өөрчлөгджээ. Иргэд, хэрэглэгчийн мөнгөн хөрөнгө төлбөрийн системээр дамжин өөр хоорондоо солилцоонд орж, эдийн засагт эргэлдэж байдаг тул төлбөрийн систем нь эдийн засаг дахь хурдны зам болсон байна. Иймд энэхүү хурдны замыг байнга шинэчлэн тордож, арчилж хөгжүүлэн түүний  найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаснаар улс орныхоо эдийн засгийн хөгжлийг бодитоор дэмжих боломжийг бүрдүүлж байдаг. 

Аяны хүрээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгч ба үйлчлэгч байгууллагын харилцан итгэлцлийг сайжруулах зорилгоор нийтийг хамарсан өдөрлөг, хэлэлцүүлэгийг орон даяар зохион байгуулна.

Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Монгол улсын санхүүгийн салбарын нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хэрэгжүүлэх” төслийг хүлээж авах үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Төслийг Тридум э-Секьюрити ХХК амжилттай гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгч байна.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Монгол улсын санхүүгийн салбарын Тоон гарын үсгийн системийн хамгийн анхны токенийг Монгол банкны дэд ерөнхийлөгч Б. Лхагвасүрэнд гардуулан өглөө.

Төслийн хүрээнд банк, санхүүгийн салбарт ашиглагдах тоон гарын үсгийн нэгдсэн дэд бүтцийг байгуулсан ба банк хоорондын төлбөр тооцооны системүүд болох Их дүнтэй гүйлгээний бодит цагийн RTGS систем, бага дүнтэй гүйлгээний болон бусад төлбөр тооцооны системүүд ашиглагдаж эхэлж байгаа юм. Мөн арилжааны банкуудаас Монголбанк руу хандаж буй зээлийн мэдээллийн сан, валют, үнэт цаасны арилжааны, тайлангийн гэх мэт хандалтууд, Монголбанкны дотоод системүүдийн нууцлал, аюулгүй байдлыг хангахаар ашиглагдаж эхлээд байна.

Арилжааны банкууд цаашдаа энэ дэд бүтцийг ашиглан ямар нэг нэмэлт хөрөнгө оруулалт гаргахгүйгээр харилцагчиддаа цахим үйлчилгээгээ илүү ойртуулах боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Төслийн гүйцэтгэгч Тридум э-Секьюрити компани нь Монгол улсын мэдээллийн технологи, цахим аюулгүй байдлын салбарт 10 гаруй жил ажиллаж буй туршлагатай бөгөөд Монгол улсад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл бүхий компани юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)