Б.Ариунболд: Ардчилсан намын үед боомтоо дагасан суурьшлын бүс бий болгох зорилт тавин ажиллаж байсан

2018-10-05 16:07:11

Ардчилсан намын Уул уурхай хүнд үйлдвэрийн бодлогын зөвлөл /УУХҮБЗ/ Өмнөговь аймагт ажиллах үеэр, тус бодлогын зөвлөлийн дарга Б.Ариунболдтой ярилцлаа. 

АН-ын Уул уурхайн хүнд үйлдвэрийн бодлогын зөвлөл /УУХҮБЗ/ Өмнөговь аймагт ажиллаа. Тус бүс нутагт шийдвэрлэх шаардлагатай ямар ямар асуудлууд байв?

Манай бодлогын зөвлөл бүс нутгуудад ажиллаж, тус бүс нутагт  уул уурхайн салбартаа түшиглэн хөгжих, бүтээн байгуулалт хийх ямар боломж байгааг судлахаар ажиллаж байна. Энэ удаа бид Өмнийн говийн бүсийн уул уурхайн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Гашуунсухайт, Ганцмодны боомтууд дээр ажиллаа. Мөн урд хөршийн Халиут, Бугат зэрэг хотуудад ажиллаж туршлага судаллаа. Эндээс хамгийн тод харагдсан зүйл нь хилийн наана цаанах хөгжлийн асуудал байлаа. Хилийн цаана Ганцмодны боомтын хөгжил цэцэглэлт биднийг хол орхисон байна. Яг адилхан уул уурхайн салбарт түшиглэн хөгжиж буй 2 боомтын хөгжлийн зөрүү өдөр шөнө шиг байгаа нь хөгжлийн зөв бодлого явагдахгүй байгааг л харуулж байна. Хилийн цаана хууль эрх зүйн орчноо сайжруулах замаар хүндээ зориулсан хөгжлийн бодлого хэрэгжүүлж байна. Гэтэл манайд хуулийн зохицуулалт нэрийн дор хөгжих бүхий л боломжийг хааж байгаа нь хүний хөгжил, орон нутгийн хөгжлийг гацаанд оруулж байна. Хил давсан нэг жишээг дурдья л даа. Ганцмодны боомт сарын өмнө Баяннуур аймгийнхаа мэдэлд байсан бол одоо хотоос хараат болон өөрсдийгөө хөгжүүлэхээр ажиллаж байна.  

Ардчилсан нам засаглах үедээ Гашуунсухайтын боомт дээр хөгжлийн ямар бодлого баримталж ажиллаж байв?

Ардчилсан намын үед боомтоо дагасан суурьшлын бүс бий болгох зорилт тавин ажиллаж байсан. Гашуунсухайтын боомт дээр ажиллаж буй гааль, мэргэжлийн хяналтын албан хаагчдын тогтвор суурьшилтай, тав тухтай амьдрах боломжийг хангах зорилгоор 4 байр барьсан байдаг. Тэр нь одоо чөтгөртэй байшин гэж нэрлэгдэж байна. Учир нь хилийн тухай хуулиар, улсын хилийн шугамаас дотогш 15 км дотор хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барьж болохгүй гээд заачихсан. Гэтэл 15 кмийн цаана байгаа Ганцмодны ажилтан албан хаагчид бүх боломжоор хангагдсан таатай орчинд ажиллаж амьдарч байна. Ганцмодны боомтоор нүүрс тээвэрлэж байгаа манай жолооч нар ч гэсэн Ганцмодны боомтын цаана гарч усандаа орж, хоол идэж, унтаж амарч байна шүү дээ. Гэтэл Гашуунсухайтын боомт дээр ариун цэврийн шаардлага хангахгүй хэдэн гэрт хоолоо идэж, гэрээс гарангуутаа биеэ засаад л явж байна энэ хэдэн жолооч нар маань.

Бодит байдалтай танилцсан танай бодлогын зөвлөл цаашид хэрхэн ажиллах вэ?

Хамгийн түрүүнд хүнээ дээдэлсэн, хүн амьдрах таатай нөхцөл байдлыг хангасан суурьшлын бүс бий болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнийг дагаад ард иргэдэд бизнес хийх боломжийг олгох замаар бүтээн байгуулалт хийх асар том боломж байна. Олон жил ярьлаа одоо хийх цаг нь болсон. Ардчилсан нам бодлогын нам болсон бид үүнийг эхлүүлнэ. Одоогийн Засгийн газарт шаардлага хүргүүлж, цаашид бид энэ асуудлыг намын мөрийн хөтөлбөрт тусгаж ажиллана.  

Мөнхбат: Хилийн цаана хот боссон , хилийн наана хогийн жалга л байна.

Ардчилсан намын Уул уурхай хүнд үйлдвэрийн бодлогын зөвлөл Өмнөговь аймагт ажиллах үеэр, тус бодлогын зөвлөлийн гишүүн Мөнхбаттай ярилцлаа.

Гашуунсухайтын боомт дээр ажиллаа. Боомтын хөгжил гэх зүйл үгүй харагдаж байна л даа?

Үнэхээр эмгэнэлтэй дүр зураг харагдлаа. Эхний өдөр бид Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс зэрэг компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Бүтээн байгуулалтын ажил, уурхайн олборлолтын үйл ажиллагаатай танилцахад Монгол компаниуд олборлож, хийж бүтээж чадаж байгааг харсан. Оюутолгой дээр гэхэд ил уурхайн олборлолт дээр 500 Монгол залуу ажиллаж дөрөвхөн гадаад ажилтантай байсан. Мөн ил уурхайн эмх цэгцтэй олборлолтын үйл ажиллагааг харахад Монгол залуусаараа бахархаж байлаа. Энэ нь Монгол залуус хийж бүтээж чаддаг болсон байна, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж байгаа гэдгийг харуулж байна. Гэвч засаглалын дампуурал нүүрлэчихсэн харагдаж байна. Хил гарлаа. Хилийн цаана хот боссон , хилийн наана хогийн жалга л байна. Ийм л дүр зурагтай байна.

Гашуунсухайтын боомт дээр ажиллахдаа жолооч нарын амьдралтай танилцсан байх?

Энэ боомт дээр нүүрсний тээвэрт 18 мянга гаруй залуус явж байна гэсэн тоо авлаа. Гэтэл энэ залуучууд кабиндаа 7-10 хонож байна гэж байна. Зарим нь гэр бүл нь ирээд хоолыг нь хийгээд хувцсыг нь угаагаад явж байна. Монгол залуус үнэхээр ядарсан байна. Машиныхаа кабинд хувцсаа угаагаад сууж байгаа нүцгэн залуутай ч таарлаа. Хэдэн сараар ингээд л амьдардаг тухайгаа хэлж байсан. Энэ сайхан нийгэмд Монгол залуус ингэж амьдрах ёстой юмуу гэж л бодож байлаа. Монгол залуусын дийлэнхи нв Солонгос руу гараад явчихлаа, үлдсэн хэсэг нь амьдрахын эрхээр нүүрсний тоосонд хүндхэн амьдарч байна.

Хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг юу гэж харж байна вэ?

Нэн түрүүнд засаглалын хэлбэрээ орон нутагт өгөх хэрэгтэй юм байна. Зарим төрийн өмчит компанийн удирдлагуудтай уулзахад, төр бүх татаасыг нь аваад явчихдаг, орон нутагт эрхийг нь өгдөггүй тухай хэлж байлаа. Газар зохион байгуулалтыг нь 15 километрээр хязгаарлачихсан учраас суурьшлын бүс бий болгож, жолооч нарыг ая тухтай хоол хүнс, амрах байраар хангах боломжгүй ийм л нөхцөл байдал Гашуунсухайтын боомтын үнэн нүүр царай. Гэтэл жолооч залуус маань олсон мөнгөнийхөө талыг Ганцмодны боомтоор ороод л хоол идэх, амрах зэрэгт зарцуулж байна шүү дээ.

Тав тухгүйхэн амьдарч ажиллаж яваа залууст заналхийлж байгаа бас нэг асуудал нь авто замын осол байх шиг?

Урт хугацаандаа төмөр зам, богино дунд хугацаандаа  авто зам тавих зайлшгүй шаардлага харагдаж байна . Өчигдөр л гэхэд зам дээр маш том осол гарчихсан, машин нь базсан лааз шиг л болчихсон байж байна. Нэг хүний амь эрсэдлээ гэж сонслоо. Ийм л нөхцөлд олон залуус маань ажиллаж амьдарч байна. Эдийн засгийн хувьд тооцоод үзэхэд, хэрвээ төмөр зам байсан бол нүүрсний нэвтрүүлэх чадвар ямар хэмжээнд байх вэ гэх асуудал яригдана. Тиймээс бид боомт дээрх нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд аль аль талаасаа төмөр замыг нэн тэргүүнд тавихыг зорих хэрэгтэй.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)