Ц.Нямдорж: Д.Эрдэнэбилэгийн компанийн данс руу Монголбанкнаас шилжсэн 100 тэрбум төгрөг 3 хоногийн дараа Ц.Пүрэвтүвшингийн дансанд орсон

2018-10-04 23:32:02

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Зам тээврийн хөгжлийн яаманд болсон хүн амьны хэрэгтэй холбоотой ноцтой баримтыг гишүүд хэлж байна. Хэрэг ямар шатанд байгаа вэ?

-Энэ хэргийг одоогоор прокурор хянаж, цадгаа шалгаж байгаа. Шалгалт дуусах шатруугаа явж байгаа. Хохирогчийн ар гэрийнхэн надтай уулзаж, өргөдөл өгсөн. Би өгсөн өргөдөлтэй нь холбоотойгоор цагдаагийнханд “Ийм өргөдөл ирж байна, дурдагдсан асуудал бүрийг хуулийн хүрээнд прокурортой шалга. Анхаарал татсан асуудал байна” гэж хэлсэн. Мөн “Прокурортой ярьж, хэргийг гүйцэд шалгах чадвартай сайн баг гаргаж үзэхгүй бол маргаантай олон асуудал байна” гэдгийг хэлсэн байгаа. Түүний дараа доод шатанд шалгагдаж байсан хэргийн харьяалал өөрчлөгдөж, одоо мөрдөн байцаах төвшинд ажлын хэсэг байгуулаад шалгаж байна. Гишүүдийн ярьж байгаа асуудал дунд судалж, шалгах зүйл байгаа. Би бичлэг алга болсон, болоогүй гэж мэдэхгүй юм аа ярих нь дэмий. Нөгөө талаас ийм сул үг шалгалтыг төөрүүлчихдэг талтай.

-Зүйл анги нь яагаад өөрчлөгдсөн юм бол?

-Ер нь эрүүгийн хэрэг дээр бүх шийдвэрийг гаргадаг ганцхан байгууллага байдаг. Нарийн яривал энэ нь цагдаа ч биш. Прокурор байдаг юм. Прокурор хэрэг нээх, хаах, шүүх рүү явуулах, хэрэгсэхгүй болгох, шаардлагатай бол ажлын хэсгийг солих, даалгавар өгөх, дутуу юм байвал гүйцээж шалгах гээд бүх эрх мэдэл прокурорт байгаа. Цаашдаа иймэрхүү асуудлыг прокуророос асууж байх хэрэгтэй. Гэхдээ энд нэг зовлонтой юм нь мөрдөн байцаалтын нууц гэж байдаг. Нууцыг нь алдчихвал шалгаж байгаа хэрэг төөрөөд явчихдаг аюултай. 

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах Засгийн газрын тогтоолыг Улсын дээд шүүх хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс Засгийн газрын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байгаа?

-УИХ-ын шийдвэр хэвээрээ байгаа. УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг Үндсэн хуулийн шийдвэр хэвээрээ байгаа. Хоёр дээд байгууллагын шийдвэр хүчинтэй байна. Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх будлиулсан бол Засгийн газар дахин энэ асуудлыг авч үзэх эрх нь нээлттэй. Яагаад вэ гэхээр УИХ, Цэцийн шийдвэр хоёулаа хүчинтэй. Сая шүүх дээр гол дургүй хүргэсэн зүйл нь ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч дээр анхан шатны асуудлыг шийдүүлсэн, сүүлчийн шийдвэрийг ч гаргуулсан явдал юм. Би олон удаа ярьж байна. н.Одмаа Төрийн өмчийн хороонд ажиллаж байгаад шүүгч болсон. Төрийн өмчийн хороонд байхад нь Дарханы төмөрлөг, Хөтөл гэх мэт газрууд Эрдэнэтийн 49 хувийнхний талд очсон. н.Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга байсан. Шүүхэд орж хоёрхон жил болчихоод Дээд шүүхэд очиж, Дээд шүүхийг толгойлдог болсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид асуудлыг шийдвэрлэж байгаа нь буруу. Хуулиар хориотой гэдгийг би хэлж байгаа. Сая болсон Улсын Дээд шүүхийн хурлыг н.Батсуурь даргалсан юм билээ. Ер нь шийдвэр нь урьдчилж гарчихаад байгаа шүү дээ.

-Цаашдаа яана гэсэн үг вэ?

-Одоо хууль зүйн баримт бичгийн хүчин чадлын хувьд төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр хүчинтэй байгаа. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хүчинтэй байгаа. 2005 онд Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэсэн тогтоол гарсан. Энэ бүхнийг зөрчсөн шийдвэр гарсан.

-34 байгууллага хариуцагчаар татагдсанаас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар унасан юм билээ. Давж заалдах уу?

-Засгийн газрыг төлөөлж хуралдаанд орсон хүмүүс Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид асуудал тавих боломжтой. Гэхдээ энэ нь өөрөө ойлгомжтой асуудал юм. Дэндүү ойлгомжтой байсан учир би хэлж байсан. “Шүүх ийм нөлөөнд автаж, ашиг сонирхлын зөрчлөөр асуудлыг шийдэж байна. Замаас нь будлиулах гэж байна” гэж хэлж байсан. Өнгөрсөн хавар УИХ-д хууль хүртэл оруулах гэж үзсэн шүү дээ. Ийм юм болох гээд байсан учир хуулийн гарцаар шийдье гэж санал оруулсан. АН-ынхан, 49 хувийг шийдсэн хүмүүс завсарлага авч хуулийн хэлэлцүүлгийг зогсоосон. Ингэж л УИХ-ын төвшиндөө ч, шүүхийн төвшиндөө ч хуйвалдаж байгаа юм. Энэ хуйвалдаан хэзээ нэгэн цагт дуусна. Гэтэл эцсийн шийдвэр гарлаа гэж суртал, ухуулга явуулж байна. Харин УИХ, Цэцийн шийдвэрийг огт ярихгүй байгаа юм. Улсаас гарсан мөнгө гэдэг нь үнэн. 100 тэрбум төгрөг Монголбанкнаас гарсан. Монголбанкны хөрөнгө бол Монголбанкны хөрөнгө байдаг. Ерөнхийлөгч нь 49 хувийн төлөөлөл болдог Н.Золжаргал байсан. 100 тэрбум төгрөг н.Эрдэнэбилэгийн компани руу орж бас садангийнх нь шахуу хүний компани руу шилжиж, гурван өдрийн дараа Пүрэвтүвшингийн хувийн дансанд орсон юм. Ингэж эхний таван сая ам.долларыг төлсөн шүү дээ. Ийм юмыг шалгуулах гэхээр шалгаж өгөхгүй байгаад асуудал байна. Цагдаа нар хэр чинээгээрээ ажиллаж байгаа. Замд нь хайч тавиад төвөгтэй байна.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан асуудалтай холбоотойгоор хүмүүсийг шалгаж байна. Гадна талдаа үйл явц нь ямар байгаа юм бол?

-Лондоны шүүхээс албан ёсоор Засгийн газарт хандаагүй. Одоо Стандарт банк, “Эрдэнэт үйлдвэр” хоёрын хоорондох процесс дуусах шатандаа орчихсон, уулзах асуудал байгаа. Эцсийн дүндээ Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгөөрөө хариуцах хариуцлагын асуудал юм.

-Гэвч Ш.Батхүүд энэ өрийг төлөх санхүүгийн чадамж байхгүй гэж байгаа?

-Би үүнийг яриад л байгаа. “Хөрөнгөө хаашаа оруулсан бэ. Гэнэт яагаад банк, шатахуун түгээх станцыг нь хураагаад авчихсан юм бэ” гэж асууж байгаа. Хуулийн байгууллага шалгах гэж оролдож байна. 2013 оны Ш.Батхүүгийн хөрөнгийг хураасан процесс Лондоны арбитрын шүүх дээр маргаан гарсан үетэй давхцдаг. Үүнийг хуулийнхан нарийвчлах шаардлагатай. Миний хувьд “Яагаад хөрөнгийг нь хурааж, хорьсон, хөрөнгө нь алга болсон бэ. Өөрөө хариуцах хөрөнгөтэй байсан хүн. Ямар учраас тэр хүний хөрөнгийг хурааж хорьсны дараа Арбитрын шүүхэд маргаан үүссэн бэ” гэсэн хардлага байгаа.

-Өр барагдуулах асуудалд Засгийн газар ямар оролцоотой байдаг юм бол?

-Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банк хоорондын харилцааны асуудал. Засгийн газарт шийдвэр гаргасан Арбитрын шүүхээс албан ёсоор асуудал тавиагүй байхад оролцох боломжгүй. Гэхдээ улсын хөрөнгийн асуудал яригдаж байхад Засгийн газар тоохгүй байж болохгүй. Хүүгийн төлбөрийн асуудал хүндэрч байна гэдэг асуудал яригдахад Засгийн газарт өнгөрсөн тавдугаар сард танилцуулсан. Ер нь АТГ, прокурорын байгууллага нь Ш.Батхүү гэдэг хүний асуудлыг нэг тийш нь болгож, алга болсон өмч хөрөнгө нь ямар замаар хаашаа орсныг тогтоосон цагт Ш.Батхүүгийн хөрөнгөөр төлбөр төлүүлэх гарц эцсийн дүнд бий.

-Ш.Батхүүг хуурамчаар гарын үсэг зурсан гэж байгаа. Түүнийгээ өөрөө ч хэлсэн?

-Мөрдөн байцаалтын дүн гарсны дараа шийдэгдэнэ. Ямартай ч 28, 42 хуудастай хоёр өөр гэрээ байдаг. 28 хуудастай нь албан ёсных гэдэг. Үүнд баталгаа байхгүй байсан. Гэтэл Ш.Батхүү хуурамч баримт бичиг үйлдэхдээ гарын үсэг дуурайлган зураад сүүлчийн хуудас эхний хуудас хоёрыг нийлүүлж, 42 болгож үүндээ “Эрдэнэт үйлдвэр” хариуцна гэсэн бичиг оруулсан. Үүнээс болж “Эрдэнэт үйлдвэр” хариуцлагад уналаа гэсэн яриа байна. Ш.Батхүү ч үүнийгээ хэлсэн. Б.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт орохдоо ч үүнийгээ хэлсэн шүү дээ.

-С.Зориг агсны амь насаа алдсан өдөр сая өнгөрлөө. Захиалагчийг зарлах талаар нийгэмд хүлээлт байгаа. Хэзээ ил болох вэ?

-Үнэхээр захиалагч байгаа бол зарла гэдгийг би ажлаа авсан өдрөө цагдаагийнханд хэлсэн. Одоо хүртэл ажлыг нь хийлгэхгүй байна.

-Хэн хийлгэхгүй байгаа юм бол?

-Хянадаг газар нь. Тэр үед бодож байсан миний бодол улам лавширч байгаа. Сая Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат шийтгүүлсэн гурван хүн алуурчин биш гэж Булган мэдүүлэг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна лээ. Би анх Булганыг яагаад шүүхэд оруулаагүйг мэддэггүй байсан. Эцэст нь Булган хуулийнханд ашиггүй мэдээлэл өгсөн учир холдуулахын тулд шүүх хуралд оруулаагүй юм байна. Шүүх хуралд оролцуулахгүйгээр тэр хүний хэлсэн зургаар гурван хүнд ял онооно гэж юу байх вэ. Энэ бол байж болохгүй асуудал юм. Шалгуулах шаардлага, өргөдөл ирж байгаа. Прокуророос шалгая гэсэн чиглэл гарч, холбогдох байгууллагууд хөдөлж эхэлж байгаа гэсэн мэдээлэл надад байна. Ер нь Захиалагчийг хэн болохыг Амгаланбаатар хэлж байсан юм билээ. Мөрдөн байцаалтын шатанд ч, шүүх хурлын шатанд ч ярьсан. Хэн, хэний нэрийг хэлснийг хуулийнхан цөм мэдэж байгаа. Гэхдээ би үүнийг хэрэг үйлдсэн гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш. Захиалагч гэж хүний нэр хэлсээр байтал түүнийг нь шалгалгүй шүүх хурлаар тасалсанд байгаа юм.

-Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нарын ялын дэглэмийг бууруулсан юм уу?

-Дэглэм нь буураагүй. 20-25 жилийн ялтай хүмүүсийн ялыг одоо мөрдөж байгаа хуулиар хаалттай хорих ангид эдлүүлэх ёстой. Хуучнаар чанга гэсэн үг. Гэтэл ял шийтгүүлснээс хойш бараг бүтэн жил хууль зөрчиж хуучнаар гянданд ял эдлүүлсэн. Гяндан гэдэг нь цаазын ял авсан эсвэл бүх насаараа хорих ял авсан хүнийг ял эдлүүлдэг газар юм. Нэлээн удаан хугацаанд хууль зөрчигдөж байна гэдэг асуудлыг прокурорт танилцуулж, зөвшөөрсний дагуу одоогийн мөрдөж байгаа хуулийн дагуу байх ёстой газартаа шилжсэн.

-Одоо ял эдэлж байгаа хэрэгтнүүдийг жинхэнэ хэрэгтнүүд биш гэсэн утга бүхий дүгнэлтийг Олон улсын парламентын холбооноос гаргасан. Энэ дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хурлаар авч хэлэлцэх шаардлагагүй юу?

-Хууль зүйн байнгын хороо, УИХ ярих л ёстой.

-Тэгвэл гурван хүнийг хэлмэгдүүлээд байна гэж ойлгож болох уу?

-Хэрэг хийгээгүй Монгол хүнийг хэлмэгдүүлэхгүй байх. Хийсэн бол нийтийн өмнө шийтгээд Нямдорж буруу ярьж байна гэж нотлох баримттай хэлэлцэх ёстой. Ярихгүй байгаа ш дээ.

-Та нууцаас гаргалаа гэж байсан. Гэвч нууцаас гарсан эсэх нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна?

-Нууцаас гаргаж, прокурорын архивт шилжүүлсэн. Өмнө нь ТЕГ-ын архивт байсан. Засгийн газраас хоёр ч удаа хэлэлцэж, нууцаас гаргах шийдвэр гаргаж, прокурорын архивт шилжүүлсэн байгаа.

-Одоо бүгдийг нь ил болгох боломж байхгүй юу?

-Ерөнхий прокурор, прокурорын байгууллага гэж бий. Тэд энэ асуултад хариулах нь илүү зохистой. Надад мэдрэгдэж байгаа зүйл нь энэ асуудлаар ярьсан хүн болгоныг дарамтлах ажиллагааг өнөөдрийг хүртэл хийж байгаа.

-Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай учир шүүх, прокурорын байгууллага улс төржиж байна гэж ярьдаг. Харин Ерөнхийлөгч намрын чуулганы нээлт дээр засаглалаа өөрчлөх шаардлагатай гэж байсан?

-Ерөнхийлөгчийг ямар асуудлаар ярьсныг мэдээгүй байж дүгнэлт хийх боломжгүй. Ер нь нэг л үндсэн асуудал бий. Цаашдаа парламентын засаглалтай явах уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэсэн нэг л үндсэн асуудал байгаа. “Дарангуйлал бий болно, парламентын засаглалтай хэвээрээ байна” гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог асуудлыг дахиж авч үзэх шаардлагатай. “Парламентын засаглал Монголд таарахгүй байна Ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ” гэж үзэж байгаа бол үүнийгээ шийдэх хэрэгтэй.

-Хувь гишүүнийхээ хувьд та алыг нь сонгох вэ?

-Би завсарт нь орчихоод хаашаа ч хөдөлж чадахгүй халиуны зулзага шиг байгаад дөрөв таван жил болж байна. Бүр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үеэс. Нэгийг нь гайгүй гээд нөгөө өнцгөөс харахаар муу харагдаад байна. Уг нь хоёр их гүрний дунд байгаа цөөхөн хүнтэй, асар их нутагтай, байгалийн баялаг ихтэй орны хувьд дарангуйлалд орохгүй байх, эрсдэл талаасаа парламентын засаглал нь дээр. Гэтэл парламентын бүрэлдэхүүн бүтцээс шалтгаалж, асах их шүүмжлэлд өртөж, амаргүй байдалд орчихлоо. Ерөнхийлөгчийн засаглалд шилжихээр удирдлага талаасаа шуурхай. Гэхдээ овилгогүй этгээд гарч ирээд дуусгачих юм болов уу гэж айдас төрж байгаа юм. 1990 оны хөдөлгөөн нэг хүний засаглалын хэлбэрээс холдсон шийдэл байсан. 20 гаруй жилийн дараа аль нэг рүү нь орох гэхээр шийдвэрээ гаргаж чадахгүй байна. Би хувьдаа “Ард түмнээс алийг нь сонгох вэ” гэдгийг асуучих гэж байгаа. Парламентын засаглалтай байя гэвэл тэрэнд нь тохируулаад Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгоо болъё. Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэвэл түүнийг нь ард түмнээс сонсъё. Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэж ард түмэн шийдчихвэл хуулийг нь түүнд нь тохируулаад бичих нь хэдэн өдрийн техникийг чанартай ажил. Ингэж нэг талдаа гарах хэрэгтэй. Ерөнхийлөгч үүнийг хэлж байна гэж ойлгосон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ намрын чуулганаар шийдвэрлэх боломж байна уу?

-Д.Лүндээжанцан нарын гишүүний санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл Засгийн газар болон бусад газраас санал авч өргөн барих бэлтгэл нь хангагдсан байгаа. Хэзээ өргөн мэдүүлж, хэзээ хэлэлцүүлэх нь тэдний асуудал юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)