Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтот хувь нэмрийн төлөвлөгөөг хэлэлцэж байна

2018-09-14 19:47:15

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл санаачилгатай хамтран Түншлэлийн төлөвлөгөөг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-334 тоот тушаалаар батлуулсан.

Энэ хүрээнд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх механизмыг танилцуулж, үндэсний болон олон улсын талуудтай зөвшилцөх уулзалтыг зохион байгуулж байна. Энэ үеэр дараах үндсэн сэдвээр танилцуулга хийж, санал солилцож байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засаглалыг сайжруулах ажлын хүрээнд бодлого, зохицуулалтын шинэ механизмыг бий болгох,

Уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох,

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн ил тод байдал, хяналтыг сайжруулах,

Төрийн болон төрийн бус ҮЗХН-ийг хэрэгжүүлэг талуудын чадавхийг сайжруулах замаар үндэсний бодлого, хөтөлбөрт тусгах ажлыг эрчимжүүлэх,

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас онлайн платформыг байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ингэснээр талууд арга хэмжээгээ уялдуулах, мэдээлэл, туршлага солилцох, хэрэгжилтийг хянах зэрэг давуу талтай гэж үзэж байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэхүү арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ: Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмэр (ҮЗХН) баримт бичгээ боловсруулан Засгийн газраар батлуулж, Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид 2015 онд хүргүүлсэнээс  хойш уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, түүнд дасан зохицох арга хэмжээ авах талаар тодорхой ахиц дэвшил гарч,  энэ чиглэлээр гадаад түншүүдийнхээ дэмжлэгтэйгээр тодорхой зарим бодит төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.  Энэ бүхний  үр дүнд, Монгол Улс Үндэсний зорилтот хувь нэмэр баримт бичигт дэвшүүлсэн хүлэмжийн хийн нийт ялгарлаа14%-иар бууруулах зорилтоо одоогийн байдлаар 10 гаруй хувьд хүргэж, одоогийн байдлаар амлалтаа  71 хувиар  хэрэгжүүлээд байгааг дуулгахад таатай байна.

Цаашид бид үндэсний зорилтоо улам ахиулж, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) баримт бичэгээ 2020 оны үед шинэчлэн боловсруулж,    батлуулахаар  зорин ажиллаж байна. Энэ Үндэсний тодорхойлсон хувь нэмэр шинэ баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэхэд үндэсний болоод олон улсын түнш байгууллагууд  та бүхний идэвхитэй оролцоо, харилцан уялдаатай хүчин чармайлт, техникийн болоод санхүүгийн дэмжлэг туслалцаа нэн чухал үүрэгтэйг дурьдсан юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)