Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан “Дэлхийгээ сэрүүн байлгах үйл хэргээ үргэлжлүүлье” уриалгыг дэвшүүлж байна

2018-09-14 19:20:17

Жил бүрийн 9 дүгээр сарын 16-нд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан БОАЖЯ-наас хэвлэлийн бага хурал хийлээ.

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ жил Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас озоны давхаргаа үргэлжлүүлэн хамгаалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг багасгах үйл хэргээ түргэсгэж, Дэлхийгээ сэрүүн байлгах үйл хэргээ үргэлжлүүлье (Keep cool and carry on) хэмээх уриалга дэвшүүлсэн байна.

Озоны давхарга, уур амьсгалыг хамгаалах нь зөвхөн дан ганц Засгийн газруудын үүрэг хариуцлага биш. Хүн бүр өөрсдийн хөргөгч, агааржуулагч зэрэг бусад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээндээ хариуцлагатай хандсанаар хувь нэмрээ оруулж болно. Эдгээр төхөөрөмжийг зохистой ашиглаж, зөв засвар үйлчилгээ хийлгэж, зохистой хаяж устгавал хэрэглэх эрчим хүч болон гарах ялгарлыг нь багасгаж чадах ба мөн та хэтэвчин дэх мөнгөө хэмнэх боломжтойг хэвлэлийн бага хурлын үеэр мөн уриалсан юм.

Монгол улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Үүнд:

  • 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүр мөсөн тэглэсэн.
  • 2011 оноос дараагийн шатны зорилт болох гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
  • Цаашид Кигалийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг бууруулахаар төлөвлөж байна.

Монгол улс Монреалийн протоколыг хэрэгжүүлснээр Тогтвортой хөгжлийн 3, 9, 12, 13, 17 дугаар зорилгуудыг хэрэгжүүлэх үйлсэд мөн үнэтэй хувь нэмэр оруулж байна. 2017­2018 онд хийж гүйцэтгэсэн зарим ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж буй гол ажлууд:

  • Монгол улсад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээний техникийн ажилтнуудад аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, тусгай мэдлэг олгож, озон задалдаг болон түүнийг орлуулах бодисыг агаарт алдалгүйгээр зөв зохистой засвар үйлчилгээ хийх чадавхийг эзэмшүүлэх гэрчилгээжүүлэлтийн системийг нэвтрүүлэхээр ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвтэй хамтран ажиллаж байна.
  • Хөргөлт, агааржуулалтын салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэхийн тулд 2017 онд хөргөлт, халаалт, агааржуулалтын угсралт, засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, ажилтны ур чадварыг үнэлэх, тэдгээрийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх ач холбогдолтой “MNS EN 13313:2017 Хөргөлтийн систем болон дулааны насос – Ажилтны ур чадвар” стандартыг боловсруулж батлуулаад байна. Энэ ажлын үргэлжлэл болгож бусад шаардлагатай нэмэлт стандартуудыг нутагшуулахаар стандартчиллын ажлын төлөвлөгөөнд “ISO 5149:2014 Хөргөх систем ба дулааны насос-Аюулгүй байдал ба байгаль орчны шаардлага, 1-4 дүгээр хэсэг”, “ISO 817:2014 Хөргөх бодис-Тодорхойлолт ба аюулгүй байдлын ангилал” стандартуудыг тус тус орчуулан боловсруулж, батлуулахаар оруулав.
  • 2017 онд озон задалдаг бодисын импорт, экспортод хяналт тавих гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад ээлжит сургалтыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.
  • 2018 онд R­32, R­290 хөргөх бодистой агааржуулагч төхөөрөмж болон дулааны насос (split a/c and heat pump)-ын суурилуулалт, засвар үйлчилгээний зөв дадал сургах сургагч багшийг чадавхжуулах сургалтыг НҮБ­ын Байгаль орчны хөтөлбөр, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо, Технологийн дээд сургууль зэрэг бусад хамтрагч байгууллагуудтай хамтран зохион байгуулав.
  • 2018 онд “Эрчим хүчний хэрэглээний ангилал зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журам”-д хөргөгч, хөлдөөгч зэргийг Эрчим хүчний шошго заавал авах бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулав.

Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжтэй холбоотой бусад тогтоол, шийдвэрүүд:

  • Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжид сүүлийн үеийн озон-уур амьсгалд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник технологи нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам” Монгол улсын Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлагдав.
  • Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлуудын хүрээнд Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтад хөргөх бодис агуулсан агааржуулах төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гараад байна.
  • Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.14 дэх “Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалт”-д хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжид агуулагдах хөргөх бодисын жагсаалтыг оруулахаар саналаа өгөв.
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)