Ц.ЖАДАМБА: Бид Ардчилсан намыг дэмждэг залууст "Үнэмлэх ав" гэж тулгаагүй

2018-08-31 15:26:59

Ардчилсан намын Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга Ц.Жадамбыг “Ярилцах танхим”-даа урилаа.



-Өөрөөс тань юун тү­рүүнд “Ардчилсан намын залуус хаана байна вэ” гэж асуумаар байна. Ардчилсан намын залуу нарийн бичгийн дарга л энэ асуултад хамгийн оновчтой хариулт өгнө гэж бодоод тэр л дээ?

-Бүгд дор бүрнээ аж­лаа хийж байгаа. Улс төрийн хийрхлээс илүү ит­гэл үнэмшилдээ үнэнч байх зарчмаа хадгалахыг чухал­чилдаг залуусын хувьд чанга хашгирахаас илүүтэй ажлаа сайн хийхийг л чухалчилдаг гэдгийг юун түрүүнд хэлэх хэрэгтэй байх аа.

-Өөрийн тань хувьд ч энэ зарчмыг баримталдаг уу. Энэ асуулт танай намын бусад нарийн бичгийн дарга нарт ч бас хамаатай шүү?

-Тийм ээ. Манай намын нарийн бичгийн дарга нар нэг үеийнхэн. Бид 2008 оны наймдугаар сараас Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Дор бүрнээ өөрсдийн гэсэн хариуцсан хэлтэстэй. Р.Гантулга Намын байгуулалтын хэлтсийг, М.Жадамба Гадаад харил­цаа, хамтын ажиллагааны хэлтсийг, Б.Ургамалцэцэг эгч Хүний нөөцийн хэлтсийг хариуцдаг. Биднийг хэн бэ гэдгийг мэдэх нэг хэсэг байхад мэдэхгүй хэсэг бий.

-Ардчилсан намын нарийн бичгийн дарга гэдэг улс төрийн өндөр карьер. Энэ утгаараа мэдэхгүй байгаа хэсэгт нь мэдүүлэх сонирхол та нарт байдаг биз дээ?

-Мэдээж хэрэг “үгүй” гэж хэлбэл хэн ч үнэмшихгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид ажлаа хийхийн хажуугаар давхар суралцсан. Тийм болохоор юун түрүүнд ажилдаа суралцаж, ажлаа сайн хийх нь бидэнд чухал.

-Нам гүм ажлаа хийхийг чухалчилсан гэж хэлж байгаа бололтой. Гэтэл олон хүн Ардчилсан намын залуусыг эрч хүчтэй, үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг, улс төрийн идэвхтэй байгаасай гэж хүсдэг?

-Энэ талаар би өөрийгөө яах ёстой вэ гэдгийг боддог шүү.

-Бодлоо нуухгүй биз дээ?

-Залуу хүний хувьд эрсдэл хийх хангалттай боломж байдаг. Алдаа гаргах ч үе бий. Тэр бүх эрсдэл, алдаагаа залуу насаараа хааж, хамгаалахыг оролддог. Миний хувьд өөрийнхөө хийсэн алдаа, буруу алхмаа залуу насаараа халхалж үлдэх хэрэггүй гэж боддог. Түүнийхээ оронд үүрэг хүлээсэн  бол хариуцсан ажлаа сайн хийх хэрэгтэй. Энэ бол миний л бодол шүү.

-Энэ чинь л харин “Ардчилсан намын залуус эрх чөлөөгүй” гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлээд байгаа юм биш үү?

-Яах вэ дээ, нуугдмал, хаалттай, эрх чөлөөгүй, хэн нэгэнд дарагдсан гэж үзэх хүмүүс байдаг л байх. Гэхдээ чимээгүй хийх ёстой ажлаа хийсний төлөө залуу хүн бүрийг бусдад дарагдсан гэж ойлгоод байж бас болохгүй л дээ. Би өнөөдөр ярилцлага өгнө гэвэл хэн ч хориглохгүй. Гэтэл ажил хийж байгаа хүнд чинь бас ярих, ярихгүй сэдэв гэж байх ёстой биз дээ. Манай нарийн бичгийн дарга нарын хувьд “Ажлаа хийе” гэсэн байр суурьтай байгаа учраас хэвлэлээр чанга дуугараад байхыг чухалчилдаггүй.

-Ардчилсан намын Улс төрийн бодлогын хэлтсийн даргын хувьд та намын дотоод асуудлын төвд нь байдаг хүн мөн үү?

-Анх намайг энэ ажлыг авахад Ардчилсан намын улс төрийн бодлогыг Жадамба тодорхойлох юм уу гэж харж байсан. Гэтэл яг ажил үүргийн хуваарилалтын хувьд энэ намын улс төрийн бодлогыг манай хэлтэс биш, Үндэсний зөвлөлдөх хороо тодорхойлдог. Манай хэлтэс баталсан бодлогыг нь хэрэгжүүлдэг. Миний ажлыг энэ талаас харвал илүү оновчтой. Мэдээж хариуцсан чиглэлдээ гүйцэтгэлийг сайн хийхийг хүсдэг. Үүгээрээ бол би төвд нь байгаа нь үнэн.

-Ярих, ярихгүй сэдэв гэж бий гэснээс Ардчилсан нам дахь албан тушаалынхаа зангаргаар намба заах шаардлага гардаг уу?

-Тэгэх шаардлагагүй гэж хэлж болохгүй юм байна шүү.

-Өөрийг тань Ардчилсан намын залуус дундаасаа нам дотроо хамгийн өндөр албан тушаалтай нь гэвэл хүлээн зөвшөөрнө биз дээ?

-Болно оо. Яалт ч байхгүй хамгийн өндөр албан тушаал. Мэдээж зөвхөн би биш. Манай Р.Гантулга, М.Жадамбаа нар ч бас адилхан. Үеийнхэн дундаа шүү дээ. Бидний өмнө энэ албан тушаалыг хашиж байсан хүмүүстэй бидний насыг харьцуулаад үзээрэй. Бас л ахадсан алба. Гэхдээ нэгэнт хариуцсан учраас ажлаа сайн хийх хэрэгтэй гээд л бид хэд зүтгээд байгаа.

-Та нар Ардчилсан намын одоогийн даргын үндсэн багийнхан уу?

-Н.Алтанхуяг даргыг намын даргаар сонгосноос хойш ажилласан болохоор тэгж хэлж болно.

-Н.Алтанхуяг даргатай анх хэзээ танилцсан бэ?

-Анх намын шугамаар биш олон улсын сайн дурын байгууллагын чиглэлээр ротарактын клуб байгуулах гэж танилцаж байсан. Түүнээс хойш олон жил өнгөрсөн байна.

-Нарийн бичгийн дарга болохоосоо өмнө Хан-Уул дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшсэнийг тань санаж байна?

-Тийм ээ.

-Хан-Уул дүүрэгт танай намаас нэр дэвшсэн залуусын олонх нь иргэдийн хуралд гарсан. Харин өөрөө ялагдсан шүү дээ. Ялагдлын шалтгааныг олсон уу?

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг олон шалтгаан байгаа. Миний хувьд хувь хүн талаасаа жаахан хариуцлагагүй хандчихаж дээ гэж боддог. Иргэдэд хүрэх талд нэлээд ажиллах ёстой байж гэж боддог. Мөн санал тооллогод анхаарал хандуулах гээд л.

-Залуусыг шууд улс төрийн сонголт хийсэн даруйдаа сонгуульд өрсөлдөөд эхлэхээр миний хувьд жаахан гайхдаг. Эд юунд итгэж, найддаг юм болоо гээд л?

-Тухайн үед бид сэтгэл зориг нэгдэж, Хан-Уул дүүргийг хөгжүүлье гэж ярилцаж байсан. Манайхан бүгдээрээ улс төрд шинэ хүмүүс байсан. Миний хувьд лав их  дайчин байсан санагдаж байна. Юунаас ч айхгүй. Би л бүтээнэ. Би л хийнэ гэж  бодож байсан. Дараа нь гэхэд л “Би юу хийчих вэ” гэдэг бодол төрж байгаагүй шүү.

-Өөрийн тань хувьд бусдаасаа нэвтрүүлэг хөтөлж байсан гэдгээрээ харьцангуй олны танил болчихсон байсан. Тийм хүнд ялалт илүү ойрхон баймаар юм?

-Харин энэ тал дээр алдчихсан байж магадгүй шүү. Би ерөнхийдөө танигдчихсан байгаа. Жаахан идэвхжүүлэлт хийхэд л болно гэж бодоод байсан. Гэтэл бодит байдал дээр тийм биш юм шиг байна лээ.

-Н.Алтанхуяг дарга “Ма­най нам хүлэмжний залуус бэлтгэдэггүй” гэж ярьсан байсан. Төв намд ажиллаж байгаа өөрийн тань хувьд энэ хэсэг хүлэмж биш үү?

-Хүлэмж гэхээр байнга бордуулж, услуулах хэрэгтэй болно байх. Ардчилсан намд тийм зүйл байдаггүй. Үүнийг нь хүмүүс залуусаа дэмждэггүй гэж ойлгодог юм шиг байна лээ. Ардчилсан намын залуусын хувьд энд ажиллахын тулд маш их хөдөлмөрлөдөг. Өөрөө өөрийнхөө түвшинд тодорхой улс төр хийдэг. Өөрийнхөө төлөө өөрөө ажиллаж байж гарч ирдэг. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болсон залуусын хувьд ч тэр адилхан. Уг нь бодит байдлыг үнэнээр нь олж харахыг хүсвэл тэнд маш олон залуу байдаг юм.

-Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ сая УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл дотоод сонгууль явуулахгүй байх шийдвэр гаргасан. Тэднийг одоо байгаа эрх мэдлээ  хадгалж үлдэхийг хүссэнийх нь төлөө буруутгах аргагүй. Хэн ч байсан өөрийнхөө төлөө л гараа өргөнө. Гэхдээ хаалганы цаана байгаа хүмүүсийн хувьд энэ бол маш их бүдүүлэг шийдвэр санагдаж байгаа?

-Дуртай болгон нь ҮЗХ-ны гишүүн болох боломжгүй. Хүссэн залуу нь “Би Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болно” гэж хэлээд болчихно гэж байхгүй. Тэр утгаараа ҮЗХ хүчтэй байдаг. Тэнд бас ч гэж тодорхой түвшинд шийдвэр гаргах чадвартай, өөрийн гэсэн бүтээсэн бүтээмжтэй хүмүүс ордог. Тийм болохоор асуудлыг шууд нэг өнцгөөс нь харах хэрэггүй байх.

-ҮЗХ-ны гишүүний дараагийн хүрэх карьер нь УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүний суудал хүсэгчид бүгд л өөрийнхөө өмнө хаалга нээхийг хүсэх нь тодорхой. Гэтэл тэр хаалгыг нь одоогийн ҮЗХ-ны гишүүд хаачихлаа шүү дээ?

-ҮЗХ-ны гишүүдийн цаана нэг л том эрх ашиг бий. Тэр нь Ардчилсан намын улс төрийн бодлогыг тодорхойлох. Тэд Ардчилсан намын дотоод хуулийг баталдаг. УИХ-д өрсөлдөх эрх нь ч нээгддэг. Одоогийн ҮЗХ-ны гишүүдээс УИХ-ын ирэх 2012 оны сонгуульд нэр дэвших 76 нэр дэвшигчийг тодруулах нь үнэн. Үүнд нь хүмүүс тэмүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ ингэснээр бусдад нь боломж хаагдсан гэсэн үг биш шүү дээ.

-Өөрөө нарийн бичгийн дарга гэдэг утгаараа автоматаар ҮЗХ-нд ордог уу?

-Үгүй ээ, би Хөвсгөл аймгаас ҮЗХ-ны гишүүн болсон.

-Хэнтий аймгийн хүн яагаад Хөвсгөлөөс сонгогддог билээ?

-Заавал Хэнтий аймгийн хүн Хэнтийд нэр дэвших ёстой гэсэн ойлголт байхгүй л дээ. Миний хувьд Хөвсгөлд өрсөлдөх боломж олдсон. Тэр боломжийг л ашигласан.

-Хөвсгөл аймгийн Ардчилсан нам дотооддоо асуудалтай байгаа гэж сонссон?

-Манай нам хэвтээ тогтолцоотой учраас орон нутгийнхаа асуудлыг тэндээ л шийдэх ёстой. Намын төв аппаратаас тэдний асуудлыг шийдэхгүй. Хөвсгөл аймгийн намын асуудал нэг их хүндэрчихсэн юм байхгүй. Хувь хүний байр суурийг бид том асуудал болгох хэрэггүй гэж үзсэн.

-Танай намынхан өөрийг тань Н.Алтанхуяг даргатай хамт ажиллаж байгаа гэдэг үүднээс тань “Алтангадас” фракцийн залуу төлөөлөгч гэж тодорхойлно байх. Хүлээн зөвшөөрөх үү?

-Наад тодорхойлолтод чинь цаг хугацаа хариулт өгнө. Өнөөдрийг хүртэл бид Ардчилсан намын олон мянган гишүүнийг төлөөлж, итгэл дааж ажиллаж байгаагийн хувьд намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг. Аавын хүүхдүүдийг алагчилдаггүй. Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа залуус, нарийн бичгийн дарга нар бүгд намынхаа эрх ашигт нийцүүлж ажилладаг. Хүмүүс гаднаас нь тодорхой фракцид хувааж хардаг байж магадгүй. Яг дотроо бол тийм юм байхгүй. Манай ҮЗХ-ны гишүүд бүх талаараа биднийг дэмжиж ажилладаг. Одоо хэрэгжүүлж байгаа “Монгол хүн-2020” хөтөлбөрийг гэхэд л бүх аймгийн ҮЗХ-ны гишүүд дэмжээд ажиллаж байна. Бид тэр дэмжлэгийг мэдэрдэг.

-Монгол Улсын 21  аймагт тусгайлан танилцуулж байгаа “Монгол хүн-2020” хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байгаа. Намын өмнөх удирдлагууд бүгд л сонгуулийн өмнө тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байсан. “Монгол хүн-2020” хөтөлбөр тэр бүхнээс юугаараа онцлогтой гэхээр тухайн нэг аймгийн, тухайн нэг сумын асуудлыг газар дээр нь гаргаж ирж чадаж байгаагаараа онцлогтой. Өнгөрсөн долоо хоногт Дундговь аймагт ажиллахад л Өлзийт сумын асуудлыг бодитоор нь гаргаж ирэх жишээтэй.

-Сум тус бүрийн асуудлыг гаргаж, шийдэх арга замыг тодорхойлох нь үнэхээр тустай гэж үү?

-Нэг сумын хүндрэлийг гаргаж ирэхдээ бид тэр бүхнийг Монголын асуудал болгож тавихгүй байгаа. Энэ бол тэндхийн л асуудал. Үүнийг ингэж шийднэ гэдгийг хэлээд, цаашаа ингэж хөгжүүлэх хэрэгтэй гээд арга замыг нь хайж байна. Арван хүний толгой өвдлөө гэхэд бүгдэд нь адилхан аспирин өгч болохгүй биз дээ. Үүний оронд тэр арван хүний толгой яагаад өвдөөд байгааг дор бүр нь шинжилж, тохирсон эмчилгээг нь хийж, эмийг нь өгөх ёстой. “Монгол хүн-2020” хөтөлбөрийн гол онцлог энэ. Хөтөлбөрийг бүтэн жил тухайн орон нутагт хэрэгжүүлнэ. Бүтэн жил хэлэлцээд тэд асуудлаа эцэслэж багцлах ёстой. Түүн дээр нь суурилж Ардчилсан нам бодлогоо тодорхойлно.

-Товчхондоо, Ардчилсан нам амьдралд ойрхон бодлого дэвшүүлнэ гэж тодорхойлох уу?

-Тийм ээ. Гэхдээ ойрхон гэж хэлэхээр хүч нь сулрах юм байна. Тийм болохоор амьдралд нийцсэн гэж хэлэх хэрэгтэй болов уу.

-УИХ-ын ирэх 2012 оны сонгуульд Ардчилсан намын гол барьж орох хөзөр нь Монгол Улсын сум бүрт тусгайлан хөгжлийн чиглэл тодорхойлж өгөх явдал гэж ойлгож болох нь ээ?

-Бидэнд үүнээс өөр гарц байхгүй. Яагаад гэхээр хангайн бүсийн сумыг говийн сумтай адилхан загвараар хөгжүүлнэ гэж зүтгээд байвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Ардчилсан нам энэ зарчмыг баримтална.

-Энэ хөтөлбөрөөр дамжуулаад та бүхэн нам руугаа залуусыг татах тусгай бодлого хэрэгжүүлэх сонирхол байна уу. Юун төлөө нарийн бичгийн дарга нар нь залуу хүмүүс билээ?

-Бид гишүүнчлэлийн хойноос хөөцөлддөггүй. Олны танил хүнийг манайд элсч, манайхыг сурталчлаач гэж гуйдаггүй. Бид залууст ямар нэгэн зүйл амлаж, дэмжиж туслах амлалт өгч элсүүлэх хэрэггүй гэж үздэг. Тэгээд ч манай намыг зүрх сэтгэлээрээ дэмждэг мянга, мянган залуус гишүүнчлэлтэй болохыг чухалчилдаггүй. Тэд ажлаа хийгээд, сэтгэл зүрхээрээ дэмжээд явахыг л илүүд үздэг. Тийм болохоор бид тэдэнд Ардчилсан нам гэсэн үнэмлэх ав гэж тулгадаггүй. Энэ чинь тэдний хувь хүний л сонголт шүү дээ.

-Гэхдээ улс төрийн нам нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө биз дээ. Сая Японд болсон гамшгаар гэхэд л Ардын намын залуучуудын холбоо олон нийтийг уриалж, хандив цуглуулсан. Иймэрхүү зүйлд залуусын идэвх оролцоог дайчлах нь муу зүйл биш шүү дээ?

-Тийм ээ, бид Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоог “Гэрэлт зул” арга хэмжээ зохион байгуулсанд нь талархсан. Талархах ч ёстой. Бидний хувьд өөрсдийнхөө түвшинд энэ ажлыг зохион байгуулсан. Хандив цуглуулж өгсөн. Тэр бүхнийг дөвийлгөж, нийгэмд таниулахыг чухалчлаагүй. Хийсэн бүхнээ хэвлэлээр зарласны төлөө сайн ажиллаж байна гэж дүгнэвэл хэт өрөөсгөл дүгнэлт болно л доо.
 
-Ардын намын залуус ямар ч тохиолдолд лидерийнхээ үгийг дагаж, тэднийхээ баримталсан зарчмыг хамгаалахыг чухалчилдаг. Лидерүүд нь ч байр сууриа илэрхийлэхийг шаарддаг бололтой юм билээ. Харин танайх огт эсрэгээрээ. Ядаж л “Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах ёстой” гэх эсэргүүцэл дэгдэж байхад танай залуус Н.Алтанхуяг даргыгаа хүртэл өмөөрч дуугараагүй. Уг нь тодорхой нэг байр суурь илэрхийлэх хэрэгтэй байсан биш үү?

-Харин наадах чинь л манай хоёр намын залуусын гол ялгаа нь шүү дээ. Манай намын удирдлага өнгөрсөн хугацаанд бидэнд хэзээ ч “Биднийг хамгаалаад үгээ хэл” гэж тулгаж байгаагүй. Зүгээр санаачилгаараа дуугарах эрх бол бидэнд бий. Гол нь бидний хувьд Ардчилсан намын 100 мянга гаруй гишүүнд бүгдэд нь хүрч ажиллах ёстой учраас нэг талынх нь байр суурийг хамгаалж, “Чиний байр суурь буруу” гэж хэлэх нь ёс зүйн хувьд таарахгүй байхгүй юу. Манай төв аппарат орон нутгийн намын байгууллагынхан шийдвэрт ч нөлөө үзүүлдэггүй. Тэд дотроо асуудлаа шийддэг. Ардчилсан тогтолцооны гол онцлог нь энэ. Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргыг тэр аймгийн гишүүд л сонгоно. Эндээс тэр хүнийг сонго гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Ардын намынх бол өөр л дөө.

-Эргээд залуусыг идэвх­жүүлэх тухай асуултын маань хариултыг дэлгэрүү­лэх үү?

-Би зүгээр энгийн жишээ хэлмээр байна. Хүн ресторанд орж, хоол идээд гарахдаа амттай хоол байвал тогоочийг нь л мундаг гэж магтдаг. Гэтэл тэр хүний цаана ногоо арилгагч, угаагч, туслах тогооч гээд олон хүн ажилласан байдаг. Өнөөдөр манай залуусын хувьд цаг нь болоогүй байна. Энэ намд ороод нэг удаа төмс цэвэрлэж, сонгино арилгаад хоол хийж үзэх хэрэгтэй байхгүй юу. Түүнээс бус зүгээр галт тогоонд шууд орж ирээд будаатай хуурга ингэж хийдэг гээд ахлах тогооч болох гээд зүтгэчихэж болохгүй шүү дээ. Манай нам бол үнэхээр залуусыг анхнаас нь хөдөлмөрлүүлдэг. Ногоо яаж арилгах вэ, төмсөө яаж хэрчих вэ гэдгийг эхнээс нь сурч байж өөрийн гэсэн орон зайтай болдог. Тэгэхээр идэвхжүүлэлтийг залуус өөрсдөө хүсвэл, өөрсдөө ажиллаж чадвал хийж чадна. Тэгээд ч “Цаг нь ирэхээр цасны дороос яргуй цухайдаг” гэдэг шиг Ардчилсан намын залуус удахгүй олноороо гарч ирнэ.

-Хөдөлмөрлөж байж л гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Манай намын залуусын суурь итгэл үнэмшил нь тэр болохоор итгэлтэй байна аа.

-Өөрийг чинь морь уяж байгаа гэж сонссон?

-Наадах чинь харин миний нуудаг зүйл байна шүү.

-Яагаад. Улс төрд сонирхолтой залуус сүүлийн үед морь руу бас их идэвхийлэн орж байгаа нь нууц биш шүү дээ?

-Би Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд өвөөтэйгөө хамт өссөн. Өвөө, эмээ дээрээ өссөн хүүхэд их яриа байдаг. Би бас тиймэрхүү юм шиг байна лээ. Хурдан морины хувьд өвөөгөөс минь өвлөсөн хобби. Манай суманд хурдны 13 угшлын хоёр нь байдаг. Би “Тайжийн хурд” гэдэг морин спорт уячдын холбооны тэргүүнээр ажилладаг. Манай морьд их сайн давхиж  байгаа. Ерөнхийдөө үүнийг их гоё хобби гэж хэлж болно. Гэхдээ энэ хоббигоо хүмүүсийн анхааралд өртүүлэх хэрэггүй болов уу гэж боддог.

-Яагаад?

-Хүн хоббигоо хүндэлдэг бас хамгаалдаг байх хэрэгтэй л дээ. Хэрэв “Улстөрч болж шалиагүй байж бас хурдны морьд дурлана гэнэ” гээд эхэлбэл бас хэцүү шүү дээ.

-Хоббигоо нууцлах сонирхолтой хүн мэргэжлээ бол нуухгүй биз дээ?

-Үгүй ээ, би чинь Монголынхоо бүтээгдэхүүн шүү дээ. “Их засаг” их сургуулийг төгссөн. Нэг ч удаа гадаадад сурч үзээгүй. “Монголд төгссөн юм чинь ямар олигтой байв гэж” харах хүн байдаг л юм шиг байна лээ. Харин би их давуу тал гэж боддог. Монголд төгссөн хүн яахаараа муу байдаг юм бэ. Харин ч сайн гэдгийг харуулахыг хүсдэг. Хэдийгээр манай улсын боловсролын тогтолцоо хангалттай сайн биш ч гэсэн Монголд төгссөн гэдгээр нь олон сайхан залуугийн итгэлийг хугалж болохгүй байхгүй юу.

-Нийгмийн тодорхой хүрээлэлд иймэрхүү хандлага байдгийг үгүйсгэх аргагүй юм?

-Би нэг хэсэг Хувийн их, дээд сургуулийн холбоонд ажиллаж байсан. Тэгэхэд нэг хүн гарч ирээд шууд “Би Монголын боловсролын тогтолцоог өөрчилнө” гэж мэдэгдэх жишээтэй. Тэр хүн тэгж хэлснээрээ олон зуун залуугийн итгэл, найдварыг хугалж байгаа гэдгээ ойлгодоггүй. Би тэрийг бас амьдрал дээрмэдэрч байсан. Энэ бас их том асуудал шүү.

-Төрийн албаныхан ч бас гадаадад төгссөн хүний удирдлага дор ажиллана гэдгээ хүлээн зөвшөөрөх хандлага бий болчихсон байж магадгүй юм. Ерөнхийдөө үүнийг боловсролын айдас гэж хэлж болно байх?

-Айдас байгаа нь үнэн. Гэхдээ айхгүй байх шалтгаан бас бий гэдгийг олж харах хэрэгтэй. Монголд хангалттай хэмжээнд хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх боломж бий. Өнөөдөр Америкийн Элчин сайдын яам англи хэлний нэг жилийн сургалтад суух виз дардаггүй. Тэд “Манай бүх ажилтан Монголд хэл сурсан” гэдэг. Үүнийг бид бодох ёстой. Цаашдаа би бас боловсролын салбарт тодорхой ажил хийнэ гэж бодоод байгаа. Мөн баялаг бүтээгчдийн төлөө улс төрийн нам тодорхой бодлого дэвшүүлж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг намд ажиллах хугацаандаа ойлгосон.

-Бидний үеийн олон залуу өнөөдөр УИХ-ын гишүүний эрх ямбыг зүүдлэх нь холгүй “сагах” болж. Мөнгө байна. Эрх мэдэл л хэрэгтэй байна гээд л. Тэр хүсэл нь надад хэт яарсан, аймшигтай том туйлшрал шиг санагддаг. Өөрийн тань хувьд?

-Олон хүн надтай уулзахаараа “Жадамба, хэзээ нэр дэвших гэж байна” гэж асуудаг болчихсон байна лээ. “УИХ-д нэр дэвших гээд л байна уу” гээд л. Уг нь тийм биш шүү дээ. Бид нар дахиад суралцах хэрэгтэй. Цаг нь болоогүй байна. Магадгүй цаг нь болохоор тэр зүйл рүү зүтгэж болно байх. Одоо бол би гадагшаа докторын зэрэг хамгаалах, суралцах, нийгэмд байр сууриа олохыг чухалчилна. Ядаж л өөрөөсөө “Яах гэж УИХ-ын гишүүн болох вэ” гэдэг асуултын хариултыг олох хэрэгтэй.

-Зарим нь бүр “Эхний удаад туршлага хуримтлуулах маягаар нэр дэвшээд үзэхэд зүгээр. Тоглоомын дүрмийг нь ойлгоод авчихбал болно” ч гэх нь бий. Танай намд тийм залуус ганцаар тогтохгүй орж ирнэ биз?

-Намын гал тогоонд ажиллаж байгаагийн хувьд үүнд сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй гэдгийг мэдэж байна. Энэ бол тоглоом биш. Туршлага хуримтлуулах талбар ч биш. Хүний төлөө ажиллана. Иргэн Болдын төлөө, үр хүүхдийнх нь төлөө, улс орныхоо ирээдүйн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах чадвартай эсэхээ бодитоор нь харах хэрэгтэй байх. Надтай гэхэд л “Надад мөнгө нь байна. Би нэр дэвшинэ. Танай намд хэдийг өгвөл нэр дэвшиж болох юм. Би мөнгийг нь өгье. Хэд хэрэгтэй юм” гэсэн олон залуу уулздаг. Тэд зүгээр надад онгирч байж болох л юм. Манай намын хувьд тийм хүнийг дэмжээд байх юм байхгүй. Харьцангуй шалгуур өндөртэй. Бусад намын хувьд яадгийг мэдэхгүй юм. Бидний хувьд арай ч тиймэрхүү залуусыг хөөргөөд байхгүй л дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

2011. 06 сар

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)