Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалттай ярилцлаа.
-Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын удирдлагууд албан тушаал наймаалцаж, 60 тэрбум төгрөг төвлөрүүлэх гэсэн оролдлого ил болж, хэсэг шуугиад намжсан. Саяхнаас гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг ийм хэрэг хийхээр завдсаныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гэх боллоо. Нийтийн сонсгол явуулах саналыг нь ч цөөнгүй гишүүн дэмжсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ 60 тэрбум төгрөгийн гэхээсээ илүү хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой. Элдэв гэмт хэрэгтэй тэмцэх прокурорын байгууллага, ялангуяа АТГ нь хууль бус үйлдэлтэй тэмцэж чадахгүй байна. Тэгэхээр УИХ шүүхийн үүрэг гүйцэтгэх боллоо. Гишүүд 60 тэрбумын хэрэг гарснаас хойш өдий хүртэл чимээгүй байснаа Засгийн газрын гишүүн огцруулахтай ч холбоотой гэдэг юм уу, ямар нэгэн нөхцөл байдал үүсэхээр нэгнийгээ буруутгахын тулд нийгэмд үүсээд буй энэ сөрөг үзэгдлийг улс төрийн зорилгоор ашиглах үзэгдэл гаарлаа. Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг энэ хэргийн талаар хариуцлага хүлээх ёстой гэж шаардахаар АТГ-ынхан “Ийм зүйл болоогүй” гэсэн тайлбар өгсөн байсан. Үнэхээр тийм зүйл болоогүй бол “60 тэрбумын хэрэг” гэдгийг гаргаж тавьсан хүмүүст “УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтныг хүнд, ноцтой гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн” гэх үндэслэлээр хариуцлагад татах ёстой биз дээ. Гэтэл тэгэхгүй байна. Энэ тохиолдолд нэг нь үнэн, нөгөө нь худал байж таарна. Тэгэхээр хэн нэг нь заавал хариуцлага хүлээх ёстой.
-Уг нь сонгуулийн дараа нэлээд олон хүн ажлаасаа хууль бусаар халагдлаа гэдэг гомдол гаргасан. Тэгэхээр ийм асуудал байгаа ч юм шиг?
-МАН болон АН гээд эрх баригчид солигдох бүрт төрийн албаны дээд болон доод шатанд ажлын байранд ямар хөдөлгөөн орсныг шалгаж, судалгаа гаргах нь зүйтэй. Түүнээс биш та, бид үүнийг тогтоож чадахгүй шүү дээ. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагууд ийм асуудлуудыг шалгах ёстой.
-Цагдаагийн байгууллагынхан төрийн 3000 гаруй албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, ажилд орсон байдлыг шалгасан гэдэг. Тэгээд ямар ч хууль бус үйлдэл байгаагүй гэж зарласан байдаг.
-Дарга нь доод албан тушаалтнуудаа “Нэг цагийн дотор халж, солино” гээд түүнийгээ гүйцэлдүүлж байна. Өөрөөр хэлбэл, улстөрчид хууль, хяналтын байгууллагын хараат бус үйл ажиллагаанд нөлөөж байна гэсэн үг. Улмаар өөрсдийнхөө гэм, нүглийг хаацайлуулж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах процесс явж байна. Ийм жишээ олон бий. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл АТГ-ын даргатай уулзахдаа “Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Одоо ажлаа хий” гэж үйл ажиллагаанд нь нөлөөлж байх жишээтэй. Тиймээс “60 тэрбум”-ын гэх хэрэг гарсан уу, үгүй юү гэхээсээ илүүтэй бид хууль, хяналтын байгууллага, шүүхийнхэн ажлаа хийж чадаж байгаа, эсэхийг ярих ёстой юм. Ард, нийтийн нээлттэй сонсгол ч юм уу зохион байгуулах ёстой. Би судлаач хүний хувьд ийм л байр суурьтай байдаг.
Энэ асуудлыг шийдэхгүй бол улс хөгжихгүй. Та, бидний ах дүү, хамаатан, найз нөхдийн дунд нам дагаж гүйгээд, мөнгө өгч ажилд орсон зэрэг ам дамжсан яриа олон бий. Мөнгө өгөөд цол, шагнал авчихдаг л гэнэ, тийм биз дээ. Ард түмний дунд байгаа ийм яриаг нотолж чадахгүй байгаа хуулийн байгууллага байж болох уу. Хэрэв тэр бүгд худлаа бол бас л зогсоож чадахгүй хуулийн байгууллага байна гэдэг нийгэмд хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэж үзэж болохоор байна.
-Тэгвэл үүнийг яаж шийдвэрлэх ёстой юм бэ. Гарц, гаргалгаа байж л таарна биз дээ?
-Бидэнд шалгах эрх байхгүй. УИХ-ын гишүүнээсээ авахуулаад “60 тэрбумын хэрэг үнэн ш дээ” гээд байдаг. Гэтэл АТГ-ынхан “Ийм хэрэг үйлдэгдээгүй” гээд хоёр талаасаа үнэнийг тогтоож чадахгүй байгаа нь ерөөсөө хууль, хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадахгүйг харуулж байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд хүртэл “Монголын шүүх ялзарсан” гэж ярьж байна ш дээ. Бид үүнтэй 100 хувь санал нийлж байгаа. Монголын хууль зүйн салбар үнэхээр ялзарчихсан. Гол нь аливаа асуудлыг яаж үнэн, зөвөөр шийдвэрлэдэг болгох вэ л гэдэг байгаа юм. Өндөр үнийн дүнтэй концессын луйвар ч гэдэг юм уу, 260 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх зэрэг хэрэг олон бий. Одоо бол албан тушаал худалдахаасаа илүү танил талаараа, бүлэглэлийн зохион байгуулалтад орж, төсвөөс хулгай хийдэг болчихоод байна.
-Нээлттэй сонсгол хийх боломж бий биз дээ. Албан тушаалын наймааг илрүүлэх боломж ч гэж болно л доо?
-Их амархан. Байгууллагуудад очиж хяналт тавиад, хэчнээн албан тушаалтан хууль бусаар ажлаасаа халагдсан юм бэ гэдгийг судлах, эсвэл ажлаасаа халагдсан албан тушаалтнуудын үгийг сонсоход л болох юм. Тоо баримт, гэмт хэргийн шинжтэй үйлдэл ярьдаг хүн цөөнгүй. Засгийн газрынхан ч өмнөх сайдуудынхаа хийсэн хууль бус үйлдлийг олонд дэлгэдэг биз дээ. Тэр бүгд чинь шунахайн сэдэлтэйгээр төрийн албанд очдог бүлэглэл бий болсныг харуулж байгаа юм. Тийм бүлэглэл төсвийн хөрөнгийг идэхээс гадна төрийн албанд хүмүүс томилохдоо мөнгө авсан тухай л яригдаад байгаа шүү дээ. Үүнийг төрийн байгууллагынхан шалгаж чадахгүй байгаа бол УИХ дээр, эсвэл Ард нийтийн зөвлөлдөх санал асуулгын болон Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй иргэдийн дунд нээлттэй сонсгол зохион байгуулах юм бол хүмүүс яаж төрийн албанд очсон, хэдэн төгрөг хэнд өгсөн гээд баримт олон гарна. Тэр бүгдийг цуглуулж, шүүж хэлэлцэх бүрэн боломжтой. Хамгийн гол үүнийг хийх эрх бүхий байгууллага нь ажлаа хийхгүй байна. Шалтгаан нь улстөрчдийн гар, хөл болсон явдал.
Уг нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн хуулийн байгууллагыг яаж хараат бусаар ажилладаг болгох ёстой юм гэдэг талаар хууль санаачлах ёстой юм. “60 тэрбум” чинь гэмт хэрэг шүү дээ. Монголд мундаг хуульч, судлаач, эрдэмтэн олон бий. Тэр хүмүүсийг оролцуулж, нээлттэй сонсгол зохион байгуулж болно. Гэтэл тэгэхгүй юм. Хэрэв энэ хэрэгтэй тэмцэх чин хүсэлтэй байгаа бол боломж нь бий. Хууль тогтоож, санаачлагч шүү дээ, тэр хүн. Магадгүй Д.Гантулга гишүүнээсээ татгалзсанаас үүдэн нөхөн сонгуультай холбоотой улс төрийн зорилгоор ашиглаад байна уу гэж харж байгаа. Өмнө нь Ардчилсан намынхан ч ийм албан тушаалын наймааг ярьж л явсан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ гишүүн хуулийн байгууллагыг хараат бус болгох талаар л ажиллах ёстой юм. Түүнээс биш нам доторх хагаралдаа ашиглаж болохгүй. Намынхаа санхүүжилтийг яаж бүрдүүлснээ өөрөө мэдэж л байгаа. Үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байгаа юм бол намдаа хэдэн төгрөг хандивлаж байж сонгууль өрсөлдөх эрх авдаг юм гээд шударга ярих ёстой юм.
Ж.Энхсайхан
Сэтгэгдлүүд :