Татварын шинэчлэлдээ нэгдэж чадаагүй МАН ТАВАНТОЛГОЙГ хөдөлгөж дөнгөх үү

2018-06-18 15:18:42

УИХ-ын 2018 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн чуулган олон түмэнд төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад эрх баригч нам болох МАН-ын эвдрэл эцэстээ тулж, мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлж дөнгөхгүй болсныг албан ёсоор зарлав. Учир нь, энэ өдөр олон сарын турш хэлэлцэж, УИХ-ын 2016 оны сонгуулиар хэрэгжих боломжтой болсон тус намын мөрийн хөтөлбөрийн дагуу боловсруулагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл унасан юм. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн албан бус 32-ын бүлэг Засгийн газрын буюу Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын боловсруулсан дээрх хуулийн төслийг унагаахын төлөө кнод дарав. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн тэргүүтэй Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайдууд бүгд үгээ нэгтгэн шүүмжилж, эгээтэй л У.Хүрэлсүхийн  Засгийн газрыг намтайгаа юутай ийтэй нь унагачихсангүй. Энэ байдлаасаа үзвэл ирэх оноос 1072 хувьцааны ногдол ашгийг олгож, Тавантолгойн хувьцааг олон улсад гаргах тухай Засгийн газрын санаачилга ч бүтэх эсэх нь эргэлзээтэй аж. Учир нь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчлэл МАН-ын хувьд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс оноо авах, цаашлаад татварын дарамтыг хөнгөлөх хамгийн том бодлогын шинэчлэл байсан юм.

Тиймээс ч Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлөөс өнөөдөр “Өнгөрсөн арван жилийн хугацаанд манай улсын ДНБ 5.4, мөнгөний нийлүүлэлт 6.5, татварын орлого 4.1, ААНОТ-ын орлого 4.3, ХХОАТ-ын орлого 9.2 дахин нэмэгдэж, мөн энэ хугацаанд инфляци дунджаар 10 хувь байж, бараа үйлчилгээний үнэ 286.24 хувиар өссөн статистик байна. Мөн ААНОАТ-ыг голлон төлдөг 398 байгууллага байдаг бөгөөд 2007 оноос мөрдөгдөж байгаа тус хуулийн гурван тэрбумын татварын шатлал нь АНН-ийг татварын дээд шатлалд орохоос зайлсхийн олон жижиг компани байгуулах, ажлын байрыг бууруулах, өрсөлдөх чадваргүй болоход нөлөөлсөөр байна. Энэ нь татварын орчныг эдийн засгийн нөхцөл байдал, компанийн өсөлттэй уялдуулан дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, үр ашигтай, хөрөнгийн төвлөрөлтэй, өрсөлдөх чадвар бүхий АНН бий болгон зорилгоор татварын шатлалын босгыг 6.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг эрс шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай чухал хуулийн төсөл юм. Иймд эдийн засаг сэргэх нааштай өөрчлөлтүүд бий болж байгаа өнөөгийн нөхцөлд 2007 оноос хойш мөрдөгдөж буй тус хуулийг шинэчлэх шаардлагатай болсонд онцгой анхаарал хандуулж, УИХ-ын дарга, эрхэм гишүүд Та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийнхээ дагуу, өөрсдийн үүргийг ухамсарлан тус хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэн, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийж, бусад хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэн, батлахыг шаардаж байна” гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Гол нь, УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг унагахад гар бие, үг хэлээрээ нэгдсэн оролцсонд гайхмаар. Тиймээс дээр хэлсэнчлэн энэ янзаараа Тавантолгойгоос ногдол ашиг авах иргэдийн хүсэл ч талаар болж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах уу, үгүй юу гэдэг нь ч ирэх өдрүүдэд эргэлзээ үүсгэх бололтой.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)