ГАДААД ӨРӨӨР ЭДИЙН ЗАСГАА ӨСГӨХ НЬ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭЖ БАЙНА

2018-06-14 18:22:59

 

Манай улсын гадаад өр 27.4 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь ДНБ-ий 70 гаруй хувьд хүрч буй.


Энэ талаар Тэргүүлэгч эдийн засагчдын холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд гадаад өрөөр санхүүжүүлэн байж эдийн засгийг өсгөх нь тогтворгүй байдал үүсгэж байгааг онцоллоо. Харин хувийн компаниудын хөрөнгө оруулалтаар эдийн засгаа тэжээх нь үр дүнтэй юм. Түүнээс гадна түүхий эдийн үнийн өсөлтөд хоосон найдаж төсвөө хэт тэлж байгааг учирлалаа. Холбооны эдийн засагчид энэ үеэр Монгол Улсын өрийн асуудлаар судалгаа хийж “Монгол Улсын өрийн саарал ном”-ыг гаргаснаа танилцуулав. Энэхүү номыг гавьяат эдийн засагч Б.Осоргарав, доктор Ч.Хашчулуун, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, Ж.Дэлгэрсайхан, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн доктор, профессор Л.Оюун болон А.Ганзориг, Т.Доржханд, Ч.Отгончулуу, Д.Байлыхүү, Б.Лакшми зэрэг эдийн засагчид хамтран гаргасан байна. Энэ үеэр эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Өрийн удирдлагын бодлого, стратеги, хэрэгжилт бол зайлшгүй анхаарах асуудал байна. Өрийн удирдлагыг бид зөвхөн өрийн зардлыг яаж багасгаж, яаж урт хугацаатай болгох вэ, санхүүжилтийг хэрхэн бууруулах вэ гэдгийг л хардаг. Гэтэл нөгөө талд төсвийн орлогыг яаж нэмэх, ирээдүйд өрийн дарамтыг багасгаж, эдийн засгийн бүтцийг яаж өөрчилж, хөрөнгө оруулалтад анхаарах вэ гэдэгт бага анхаардаг нь ажиглагдсан. Үнэхээр санаа зовоох асуудал болоод байна” гэлээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Л.Оюун “Өрийг өрөөр дарах нь сайн хувилбар биш. Хэдийгээр өндөр зээлээ бага хүүтэй зээлээр сольж байгаа ч энэ бол гарц биш. Засгийн газар ч үүнийг сайн мэдэж байгаа. Харамсалтай нь өөр арга хувилбар сонгохын төлөө мэрийхгүй байна” гэв. Мөн  “Манай  улс хөнгөлөлттэй зээлээс буцахаа болилоо. Уг нь ийм зээлийг улс орнуудаас бус олон улсын байгууллагуудаас авах хэрэгтэй. Зээл олгож байгаа улс орнууд зээлэндээ заавал бодлогоо шингээсэн байдаг. Зөвхөн өөрийнхөө улсын аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлэх, өөрийнхөө үйлдвэрлэсэн бараа материалыг нийлүүлэх гэх мэтээр тодорхой нөхцөлтэйгөөр зээл олгодог. Дээрээс нь нийлүүлж байгаа бараа материал нь зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэтэй байх тохиолдол ч бий. Тиймээс Засгийн газар бусад улс орны бодлого шингэсэн зээлээс аль болох татгалзах хэрэгтэй” гэдгийг нэмж хэллээ. Тэд Монгол Улс цаашид өрийн хэмжээгээ бууруулахын тулд богино, дунд, урт хугацаанд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагтайг зөвлөмж гаргажээ. Тухайлбал, төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  асуудлуудыг иж бүрнээр шинэчлэх, төсвийн зөвлөл байгуулах, өрийн удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шинэчлэх хэрэгтэйг хэлж байлаа. Мөн гадаадаас зээл авах, өрийн удирдлагын хүрээнд ханшийн хэлбэлзлээс хамгаалсан санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглах, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй аливаа концессийн  гэрээ хэлцлүүдийг хязгаарлахыг зөвлөлөө.  

"Үндэсний шуудан" сонин

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)