Монгол дахь дэлхийн удирдагчдын цугларалт нэр бүхий 17 хүний хөрөнгө завших шалтгаан болжээ

2018-06-07 10:07:55

Хоёр жилийн өмнө энэ үед Монгол Улсад Ази-Европын төр засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт АСЕМ-ийг зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж байлаа. Улсынхаа нэр төрийг өргөнө хэмээн дээр дооргүй хөөрцөглөсөн зуны тэр сараас хойш уг арга хэмжээг зохион байгуулахад хөрөнгө үргүй үрэгдсэн, тодорхой хүмүүс далимдуулан мөнгө, эд хөрөнгө завшсан тухай яриа гарсаар ирэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ АСЕМ-ийн зочдыг байрлуулах хотхон барих нэрийдлээр Их тэнгэрийн аманд газар олгосон асуудлыг шүүмжилж байсан бол саяхан УИХ-ын гишүүн Л.Болд гишүүн чуулганы индэр дээрээс “Дипломат-95 цогцолборын байрыг АСЕМ-ийн хурлын сэтгүүлч, төлөөлөгчдийг байрлуулах нэрээр далим гарган дарга нарт хувьчилсан нь луйврийн шинжтэй үйлдэл болсон” хэмээж байсан билээ.

Харин өнгөрсөн пүрэв гаригт Үндэсний аудитын газраас АСЕМ-ийн үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаа мэдээлсэн нь олон нарийн ширийн асуудлыг багтааж байгаа юм. Ерөнхийдөө АСЕМ угтсан төсөл арга хэмжээнүүдийг тендерийн хуулийг зөрчиж шууд гэрээлжээ. Мөн гэрээндээ тайлагнах асуудлыг оруулаагүйгээс өнөөдөр хаана, хэдэн төгрөг үрэгдсэн нь тодорхой бус байгаа аж. Нэг үгээр дараа нь шалгах боломжгүйгээр гэрээ хийсэн гэсэн үг. Ийнхүү хөрөнгийг хяналтгүй зарцуулж, хууль дүрэм зөрчсөн атлаа араасаа нэхэл дагалтай ч гэмээр явдлууд өрнөсөн байна. Тухайлбал, АСЕМ-ийн арга хэмжээний бэлэг дурсгалын зардалд 981.4 сая төгрөг төсөвлөснөө хэтрүүлсэн буюу нэг хүнд ногдсон бэлэг дурсгалын мөнгө 6.7 сая төгрөг болсон” тухай аудитаас мэдээлэв. Хачирхалтай нь арга хэмжээний үеэр бэлэглэж байсан 51 орны төрийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага гээд 53 хүний хөргийг зурсан зураач Т.Чингист төлбөрийг нь өгөөгүй өдийг хүрсэн байгаа юм. Энэ талаар Т.Чингис цахим хуудастаа “Би маш их хичээж, нэг ч өдөр амралгүй зурсан боловч ажлын хөлсөө авч чадаагүйн улмаас олон хүний итгэлийг алдлаа. Гэхдээ би хөргөө шаргуу зурж хэлсэндээ хүрэх болно" хэмээн бичиж байлаа. АСЕМ-ийг зохион байгуулах арга хэмжээний үйл ажиллагааг шалгасан аудитын баг АСЕМ-тай холбоотой 163.6 сая төгрөгт акт тогтоож, 151.8 тэрбум төгрөгт албан шаардлага өгч, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой 17 албан тушаалтныг хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн байна. Мөн 290.9 тэрбум төгрөгтэй холбоотой зарцуулалтыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ. Түүнчлэн Засгийн газар, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкинд 12 зөвлөмжийг хүргүүлсэн аж. Үүнээс 17 албан тушаалтан хэн, хэн байв гэдэг таамаг үлдэж байгаа юм. Хэрэв баримт нь бэлээхэн байгаа бол албан тушаалтнуудад хэргээс булзах гарцаа бодож ол гэж байгаа мэт хугацаа өгсөн байдлаар хандалгүй нэрсийг нь шууд зарлаж баймаар байна. Дээрх мэдээллийн дараагаас С.Зориг агсны захиалагч нь нууц гэгдэж байгаа шиг АСЕМ далимдуулан хөрөнгө завшсан этгээдүүд ч нууц боллоо гэсэн шүүмжлэл гарч эхэллээ. Ингээд олон зүйл нуршилгүйМонгол Улсын ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгийн танилцуулсан аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг хүргэж байна.

Тендергүй, тайлангүй төслүүд

Аудитаар нотлогдох баримтын хүрээнд 395.7 тэрбум төгрөгийг АСЕМ-ийг зохион байгуулахад зарцуулсан байна. Үүний 90.9 тэрбум нь улс, нийслэлийн төсвөөс, 46 тэрбум нь төрийн өмчит ААН, түүний өөрийн хөрөнгө болон хандив тусламжаас, 258.7 тэрбум нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлжээ. Гэвч ганцхан Гадаад харилцааны яам л 23.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг тайгнасан аж. Бусад эх үүсвэрийн гүйцэтгэлийн тайлан өдийг хүртэл гараагүй байгаа юм. Энэ нь АСЕМ-ийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу тендерийн хуулийг зөрчиж, АСЕМ-ийн үйл ажиллагаатай холбоотой хамаарал бүхий гүйцэтгэгчийг шууд гэрээгээр сонгох шийдвэр гаргасантай холбоотой аж

Мөн хурлыг зохион байгуулах болон бэлтгэл ажлын урсгал зардалд 19.3 тэрбум, найман салбар дагалдах уулзалтуудыг зохион байгуулахад 100 иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллахад 1.3 тэрбум, дээд түвшний уулзалтыг 2.6 тэрбум төгрөгийг дээрх зөрчлүүдтэй холбогдуулан зарцуулжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн чиглэл өгөх шийдвэрийн дагуу Сүхбаатарын талбай дээрх “Тэнгэрийн өрх” уран баримлыг “Энх тайвны хонх” хөшөөгөөр солиход 668.7 сая төгрөгийн зардал гарсан ч үүнийг батлах анхан шатны акт баримт байхгүй. Өнөөдөр хөшөөний эзэн, хариуцах хүн тодорхойгүй байгааг Аудитын газраас мэдээллээ. Түүнчлэн гадаад болон дотоодын сургалтуудыг зохион байгуулахад 722.4 сая төгрөг зарцуулсан ч тайлан байхгүй. Анхан шатны баримт нь бүрэн нотлогдоогүй аж. Энэ мэтээр эрчим хүчний салбарт АСЕМ-тай холбоотойгоор 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын арга хэмжээг шууд гэрээгээр гүйцэтгэсэн, ИНЕГ улсын төсвөөс 7.5 тэрбум, өөрийн хөрөнгөөр 19.6 тэрбум төгрөг зарцуулахдаа Тендерийн тухай хууль буюу Төрийн болон орон нутгийн хөрөнгөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж гэрээнүүдийг байгуулсан зэргээр үргэлжилнэ.

АСЕМ-тай холбоогүй ажлуудыг санхүүжүүлсэн нь

АСЕМ-ийн хүрээнд хийсэн авто замын төсөл арга хэмжээний 2.9 тэрбум төгрөгийн 25 төслийг АСЕМ-аас хойш хийж гүйцэтгэсэн байна. Ерөнхийдөө эдгээр нь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбоогүй байсан гэсэн үг. Мөн үйл ажиллагаанд холбоогүй зам, замын засвар, арчлалттай холбоотой 5.7 тэрбум төгрөгийн зардал гарсан байна. Үүнд, Аудитын газраас 152 төслийг нэрлэж байгаа юм. Тухайлбал, “Саруул зам” компанийн гүйцэтгэсэн нэг тэрбум төгрөгийн өртөгтэй 60 дугаар сургууль буюу Яармагийн гэр хорооллын дундуурх замыг АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд гэж хийжээ. Ингэхдээ 1.2 км замыг төсөвт өртгийг 433 сая төгрөөр нэмэгдүүлж, 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй болгосон байна. Үүнийг ХУД-ийн Засаг даргад эрх шилүүлэн, 2016 оны аравдугаар сарын 30-нд буюу АСЕМ-ын үйл ажиллагаа дууссаны дараа хийхээр гэрээ байгуулжээ. Нийслэлийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх арга хэмжээний хүрээнд авто зам, хот тохижилт, засвар үйлчилгээ, бүтээн байгуулалттай холбоотой 33.6 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ мөн шууд гэрээгээр буюу гэхдээ эрх шилжүүлэн хийсэн зөрчил илэрсэн аж. АСЕМ-ийн бэлтгэл ажилтай холбоотой нийт төсөл арга хэмжээний 74 хувийг нь нийслэлийн өмчид аудитын хугацааг хүртэл буюу өнөөг хүртэл бүртгээгүй байгаа юм.

Хөнгөлөлттэй зээл, хөдлөөгүй автобус

АСЕМ-ийн хүрэнд зарцуулсан мөнгөний нэлээд томоохон хэсгийг зочид буудлуудын зээлсэн 233.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл эзэлж байгаа. Энэхүү зээлийг 2016 оны 334 дүгээр тогтоолоор зургаан жилийн хугацаатай дөрвөн хувийн хүүтэй үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах зөвшөөрлийг Хөгжлийн банкинд өгсөн байна. Үүний дагуу ХХБ, “Голомт”, “УБ хотын банк”, “ХААН” банк, “Төрийн банк” үнэт цаасыг худалдаж авчээ. Ингэхдээ дэд зээлдэгч болох 17 компанид дөрвөн хувийн хүүтэй мөнгийг 13-14 хувийн хүүтэй гэрээ хийж олгосон байна. Энэ мөнгөнөөс Засгийн газрын 2015 оны 331 дүгээр тогтоолоор “АСЕМ белла” цогцолбор хотхон хамгийн өндөр буюу 125 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. “Худалдаа хөгжлийн банк”-наас “Скай ресорт” компанид энэ зээлийг олгожээ.

Зээлийн хүрээнд мөн анхаарал татаж буй зүйл бол зочдод үйлчилсэн автобуснуудын тухай асуудал юм. Сангийн яам БНСУ-ын Экспорт, импорт банктай 2016 оны гуравдугаар сарын 21-нд 30 жилийн хугацаатай, жилийн 0.25 хувийн хүүтэй 5.5 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулж, “Хьюндай моторс” компаниас 43 автобус худалдаж авсан байна. Үүнийг Авто тээврийн үндэсний төвд актаар нэгбүрчлэн хүлээлгэж өгчээ. Энэхүү үйлчилгээнд явсан автобуснуудын тохижилт, ажилчдын хувцас, хариуцлагын даатгал, цалин, эмчийн үзлэг зэрэгтэй холбогдуулан 195 сая төгрөгийн нэмэлт зардал гарсан аж. АСЕМ-ын уулзалтын үеэр дээрх автобуснууд 16 өдөр үйлчилсэн байна. Нийтдээ 4734 зорчигч тээвэрлэсэн гэж тооцоо гарчээ. Үүнийг суудлын тоотой харьцуулахад 15.3 хувийг нь л ашигласан үзүүлэлт юм. 2017 оны долдугаар сарын 4-нд автобустай холбоотойгоор 198 дугаар тогтоол гарсан. 43 суудлын автобусыг жилийн 2.25 хувийн хүүтэй 12 жилийн хугацаагаар зээлдүүлэх гэрээ болгож зөвшөөрөөд Зам тээврийн хөгжлийн яаманд 2017 арванхоёрдугаар сарын 15-нд “Чингис хаан” банк болон “Ди Би Эм лизинг” компанитай дамжуулан зээлдүүлэх гэрээг хийсэн байна. Гэвч 2018 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар дээрх автобуснаас 10 автобусыг төсвийн байгууллага өөрсдөө худалдаж авсан байдалтай байна. Ийнхүү АСЕМ-ын үйлчилгээнд БНСУ-ын Эксим банкнаас зээлээр авсан 43 автобусыг ашиглах хэрэгцээ шаардлага, судалгаагүйгээр аваад хоёр жил борлуулж чадахгүй байснаас үүдэн улсын төсвөөс 2016-2017 онд зээлийн хүүд 20.6 мянган ам.доллар буюу 50.5 сая төгрөг төлөхөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 14300 ам.долларын зээлийг төлсөн буюу 6273 долларыг төлж чадаагүй үлдэгдэлтэй явж байна. Мөн эдгээр автобусуудын ашиглалт, хамгаалалттай холбоотой зардлуудад гарсан байгаа аж.

Тавилга, эд хогшил үнэгүйдсэн нь

АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулж БНХАУ, БНСУ-ын Койко олон улсын байгууллагаас 20.4 тэрбум төгрөгийн барааны тусламж ирсэн байна. Энэ бол аудитын нотлох баримтын хүрээнд байгаа дүн аж. 2016 тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 27-ны өдрүүдэд БНХАУ-аас зочид буудлын иж бүрэн тавилга, цагаан хэрэглэл, албан тасалгааны тавилга, хурлын орчуулгын төхөөрөмжүүд иржээ. Үүнийг Гадаад харилцааны яамны АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас хүлээж авчээ. Хүлээж авахдаа албан ёсны комисс томилоогүй, акт үйлдээгүй хүлээж авсан зөрчил байгаа гэнэ. Тусламжийн хөрөнгийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад ГХЯ өөрсдөө үнэлж 2016 оны найм, есдүгээр сард аман болон бичгэн цохолтоор 475 иж бүрдэл тавилгыг зочид буудал, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд 1.1 тэрбум төгрөгөөр, 670 ширхэг тавилга эд хогшлийг 102 сая төгрөгөөр байгууллага болон хувь хүмүүст худалдсан аж. Мөн зочид буудлын 103 тавилгыг 238 сая төгрөгөөр, албаны зориулалттай 4784 ширхэг тавилга, тоног төхөөрөмжийг нийт 34 төслийн болон төрийн өмчийн үйлчилгээний компаниудад 596.9 сая төгрөгөөр үнэлж үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн байна.

Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2016 оны нэгдүгээр сарын 5, 6-ны өдрийн захидлыг үндэслээд Монгол Улсад АСЕМ-ын тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ бол гаалийн мэдүүлгийн өртгөөрөө 5.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх дуу болон орчуулгын зориулалттай тоног, төхөөрөмжүүд юм. Эдгээр буцалтгүй тусламжаар ирсэн тоног төхөөрөмжийг Гадаад харилцааны яамны комисс үүнийг хүлээж авч үнэлэхгүйгээр “Нью Тревокс” гэдэг компанид ямар ч үнэ төлбөргүйгээр өгөөд өнөөдрийг хүртэл түрээслүүлж байсан нь аудитын явцад илэрчээ. Гадаад харилцааны сайдын 2016 оны хоёрдугаар сарын 29-ны А17 дугаар тушаалд БНСУ-ын Койка байгууллагын буцалтгүй тусламжийг хүлээж авах 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байгаа юм. Гэсэн хэдий ч ажлын хэсэг энэ ажлыг хийгээгүй, зохион байгуулаагүй, энэ хөрөнгүүдийг хүлээж авч бүртгээгүй аж.

Үндэсний аудитын газрын нэгдсэн дүгнэлтэд “Ази-Европын дээд хэмжээний уулзалт АСЕМ-ыг Монгол Улсад зохион байгуулахдаа түүний үр дүн ач холбогдлыг тодорхойлоогүй, гарсан үр өгөөжийг тооцож тайлагнаагүй, санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг холбогдох эрхийн актад орхигдуулсан зөрчил гарсан. АСЕМ-ын үйл ажиллагааг зохион байгуулахад хамааралтай гэж үзсэн бүх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг хууль зөрчиж буюу шууд гэрээгээр сонгосон. АСЕМ-ын үйл ажиллагаан төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийн зарцуулалтыг бүх эх үүсвэрээр нь нэгтгэж гаргаж батлаагүй, ГХЯ АСЕМ-ын бэлтгэл ажлын алба нь АСЕМ-ын үйл ажиллагаанд төсвийн болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн хөрөнгө, түүний зарцуулалтын тайланг гаргаж Засгийн газар, УИХ-д танилцуулахгүйгээр ажлаа дуусгасан” хэмээжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)