Улаанбаатар хот “Шинэлэг шийдлийн уурхай”-тай боллоо

2018-06-07 09:42:32

Гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, мэдлэгт суурилсан үйдвэрлэлийг дэмжих зорилготой инновацийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Хуучнаар залуучуудын төв буюу бидний хэлж заншсанаар усан бассейн гэж нэрлэгддэг энэ төвд  түрээсийн голдуу байгууллагууд үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол өнөөдөр шинэ залуу бизнес эрхлэгчдийг ажиллах боломж шийдлээр хангаж, санаагаа уралдуулах, зорилго мөрөөдлөө хэрэгжүүлэхэд нь тусалж дэмжих зорилготой оффисууд, амралтын хэсэг, хурал, сургалтын өрөө бүхий таатай орчинтой тун тохилог төв болгон өөрчилжээ.

Монголын эдийн засгийн 10 төгрөг тутмын 8 нь уул уурхайн салбараас хамааралтай байгаа энэ үед  өөр салбарын шинэлэг бүтээгдэхүүн  үйлдвэрлэх шинэ компаниудыг бий болгох,  гадаадын зах зээлд гарч болох монголын инновацилаг ирээдүйн брэндүүдийг үйлдвэрлэн гаргах цоо шинэ суурь бааз ийнхүү Монголд анх удаа бий болж байгаа юм.

Тус төвийг Хотын дарга С.Батболд санаачилжээ. “Монгол хүний оюун ухаанд суурилсан монгол хүний оюун ухааныг дайчилсан ийм инновацийг   хөгжүүлэх нь миний хүсэл мөрөөдөл байсан” гэж нээлтийн үгээ эхэлсэн тэрээр

“сүүлийн 20-иод жил энэ төв контор болоод хувирсан байсан. Нэлээд хүчин чармайлт гаргаж байж залуучууддаа  өгч байна. Гэхдээ залуучууд маань энд зугаацаж хөгжилдөх гэж биш  оюун ухаанаа хөгжүүлэх, бизнесээ бий болгож ажиллах гэж ирдэг болох юм.Би өдөр бүр ямар нэг арга хэмжээ, нээлтэд оролцдог ч өнөөдөр энэ төвийн нээлтэд  үнэхээр их сэтгэл хөдөлж баярлаж байна. Би монгол залуусынхаа оюун ухаанд итгэдэг.  Залуучууд маань гүүгл, google, facebook-тэй адилхан хурдтай  том компани байгуулаад дэлхийд монгол хүний оюун ухааныг худалдаж амьдрах тийм сайхан шинэ үе ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ,  нэмүү өртөг шингэсэн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг дэмжих зорилгоор С.Батболд дарга Нийслэлийн үйлдвэр инновацийн газрыг 2016 онд бүтэцдээ шинээр байгуулсан аж. Байгуулагдаад удаагүй ч тус газрынхан зоригтой, хурдтай ажиллаж энэхүү төвийг ашиглалтад оруулжээ.  1500 мкв талбайд орчин үеийн, дэлхийн жишигт нийцсэн  тохижилт хийсэн энэ төвд эко орчин хийгээд  ажиллах амрах орчныг  бүрэн бүрдүүлсэн байна.

“Монголын залуучууд орд газраар бус оюунаараа, өөрсдийн хөдөлмөрөөр хөгжин дэвжих боломж бий болжбайна” хэмээн хотын даргын санал санаачилгад ирсэн зочид талархлаа илэрхийлцгээлээ.

Ийнхүү Монголд анх удаа Инновацийн төвтэй болж, шинэ бизнес шинэ хамтын ажиллагааг дэмжих том зорилгын эхлэл өнөөдөр тавигдлаа. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)