С.Баяр өөрчлөгдөөгүй ч МАН өөрчлөгдсөн үү

2018-05-30 12:20:13

Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад өдгөө 50 орчим хоногийг үдлээ. Эрүүл мэндийн байдал нь хүндэрсэн гэдэг үндэслэлээр тэрбээр өдгөө Улсын хоёрдугаарт төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ч эрх чөлөө нь цоожтой хаалганы цаана, үүдэнд нь хуяг, харуул байгаа нь ил тод болсон үйл явдал. Гэсэн ч түүний эрүүл мэнд хийгээд ашиг сонирхлоос ангид нэг хөндөгдөх ёстой сэдэв бол С.Баярыг хэн хамгаалах вэ гэдэг нээлттэй асуултын хариулт.

Түүний тэргүүлсэн Засгийн газар 2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан нь үнэн. Гэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтын дагуу байгуулах эрхийг нь УИХ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нээж өгсөн. Өөрөөр хэлбэл, ташуур нь С.Баярынх ч, цулбуур нь Монголын төр байсан гэсэн үг. Ардчилсан нийгэмд шилжснээс хойшхи цаг хугацаанд Монгол Улсад хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа Оюутолгойг тойрсон маргаан мэтгэлцээн таван жил гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст МАН, АН-ын буюу С.Баярын өөрийнх нь байгуулсан стандарт бус хамтарсан Засгийн газар уг гэрээнд хүчээ гаргасан уу гэвэл гаргасан. Магадгүй стандарт бус Засгийн газрын түүхэнд үлдсэн хамгийн том шийдвэр нь уг гэрээ ч биз.

Гол нь энэ дунд ойлгох ёстой нэг зүйл бол С.Баяр ч, Сангийн сайд асан С.Баярцогт ч дангаараа уг гэрээг байгуулаагүй. Тухайн үеийн УИХ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн. Тэдний зөвшөөрөл, хэм хэмжээ, хэмжүүрийн дагуу Оюутолгойн гэрээ байгуулагдсан. Энэ утгаараа хэрэв хуул, шүүх шийдвэрээ гаргалаа гэхэд зөвхөн гэрээ байгуулах үйл ажиллагааг удирдсан С.Баярыг бус харин тухайн үед гарын үсэг зурах эрхийг нь олгосон УИХ-ын гишүүд ч хариуцлага хүлээх нөхцөл үүсэх талтай. Энэ утгаар С.Баяр ганцаараа биш байж таарах нь. Нэг ёсондоо МАН бүхэлдээ уг гэрээний өмнө хариуцлага хүлээх эрхтэй ч, үүрэгтэй ч гэсэн үг. Иймд цаашид МАН С.Баярыг өмгөөлөх өө, өшиглөх үү гэдэг сэдэв зүй ёсоор яригдаж таараа.

Түүнчлэн өдгөө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт болон агуулганд шалгалт хийгээд эхэлчихсэн байгаа. Энэ долоо хоногийн мэдээллээс харахад тэрбээр “Шалгалтын явж 30-40 хувьтай байгаа. Олон нийтийн дуу хоолойг оруулж ирэх зорилгоор иргэний хөдөлгөөний төлөөллөөс оруулсан” гэдэг байр суурь илэрхийлж буй. Эндээс харахад МАН Ерөнхий сайд асан С.Баярын асуудал дээр хөндий хүйтэн бодлого барьж байхыг үгүйсгэх аргагүй  юм.

Гэсэн ч С.Баяр бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын хамгийн том гэрээг хөдөлгөсөн, алдаатай, оноотой ч гэсэн урагшлуулсан цорын ганц Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга. Энэ гавьяаг нь өнөөдөр хэн ч үгүйсгэсэн түүхэн үнэнийг ор мөргүй устгаж чадахгүй юм. Тиймээс ч тэрбээр 2009 онд “Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж байгаа Оюутолгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг, хувь заяа бидэнд ногдсонд бид өнөөдөр зүй ёсоор бахархаж байна. Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа” хэмээн хэлж байсан. Мөн тэрбээр 2018 онд буюу өөрийг нь шалгах, хянах тухай хуулийн хүрээнийхний мэдээлэл задарч, олон нийтэд энэ чиглэлийн хүлээлт үүсэхтэй зэрэгцэн дахин гуравдугаар сарын 20-нд “XX зүүнд “Эрдэнэт”, XXI Оюутолгой хоёр л хөдөлсөн юм биш үү. Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Дашрамд хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм” хэмээн хэлж байжээ. Ийн түүний байр суурь өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд нэг ч өөрчлөгдөөгүй бөгөөд гагцхүү МАН харин өөрчлөгдсөн байх талтай ажээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)