ОЮУТОЛГОЙН АСУУДЛААР УИХ-ЫН ГИШҮҮД ЮУ ХЭЛЭВ

2018-05-28 20:05:36

Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотой гэрээнүүдийг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн сэжиг­лэж Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг саатуулаад сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. УИХ-ын хаврын чуулганы эхэнд УИХ-ын дарга М.Энх­болд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэг­жилтийг шалгах, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг бай­гуулсан. Уг ажлын хэс­гийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар томилогдож гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтаж байлаа. Харин өнгөрсөн долоо хоногт Д.Дамба-Очир өөрийн хүсэл­тээр ажлын хэсгийн ахлаг­чаас татгалзаж оронд нь Д.Тэрбишдагва томилогдов. Ýíý ¿åýð УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Дамба-Очирыг эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэн тухай яриа ч дагалаа. Ямартаа ч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва томилогдсонтой холбоо­­той­гоор ажлын хэс­гийн бүрэл­дэхүүнд ч өөрчлөлт оров. Тухайлбал, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ж.Батзандан нарын гишүүд нэмэгджээ. Эдгээр гишүүд өөрсдийн хүсэлтээр саналаа гаргасан байна. Мөн ажлын хэсэгт хяналт тавих зорилгоор МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Ногоон намын дарга Б.Бум-Ялагч, Н.Болдбаяр нарын 10 хүнийг оруулсан тухай мэдээлэл гарч байна. Нэр дурдагдсан эдгээр хүмүүс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар өнгөрсөн хугацаанд байнга байр сууриа илэрхийлж ирсэн билээ. Мөн өнгөрсөн пүрэв гаригт УИХ-д нэгэн шинэ лобби бүлэг байгуулагдсанаа зарласан юм. Бусад лобби бүлгүүдийг бодвол 15 гишүүнийг хамруулсанаараа яалт ч үгүй жин дарна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ж.Батзан­дан, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, С.Эрдэнэ, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ц.Даваасүрэн, Д.Тогтохсүрэн нар багтжээ. Нэг үгээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ рүү урьд өмнө нь байгаа­гүй өргөн фронтоор харж эхэллээ. Ингээд УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээ­тэй холбогдуулан ямар байр суурь илэр­хийлснийг хүргэж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: 
-Засгийн газрын зүгээс Оюутол­гой төслийн тогтвортой, ашигтай байдлыг хангаж ажиллана. “Рио тинто” компанитай ойлголцож, хамтарч ажиллаж байгаа. УИХ-аас шийдсэн учраас энэхүү гэрээг эргэж харахгүй. 
2018.03.22

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: 

-Оюутолгой бол Монголын төсөл. Монгол Улс үр шимийг нь тодорхой хэмжээнд хүртэх ёстой. Маргаантай асуудлууд их гарч байна. Салбарын сайдын хувьд бид үүнийг тойрох биш, шийдэлд хүрч, урагш явах ёстой гэж бодож байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, ажиллаж байна. Зарим тохиолдолд ойлголцохгүй зүйл гарч байгаа нь үнэн. Гэхдээ Засгийн газар боломжийн хэмжээнд шахаж ажиллаж байна. Бид зардлын хэрэгжилтэд хяналт тавих, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх гэх мэт үндсэн зарчмын шаардлагыг тавьж байгаа. Оюутолгой  маш том төсөл учраас жижиг зовлон их бий. Харамсалтай нь жижиг зовлонгоор улс төр хийх хүн олон байна. 
 2018.05.11

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:
-Нэр нь холбогдоод байгаа гаднын компаниудыг хүртэл боломжтой бол шалгаж, мэдээлэл авах хэрэгтэй. Эс бөгөөс үүний цаана өс хонзон авах гэсэн, улс төрийн өрсөлдөгчөө намнах гэсэн зүйл байгаа юм биш үү гэж өөрийн эрхгүй хардахад хүргэж байна. 
2018.05.09

УИХ-ын дарга М.Энхболд:

-Авлига авсан эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улс төрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй ээ. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино. Түүнчлэн дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм.
2018.04.05

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: 
-Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар баталсан гэрээ. Анх 4.4 тэрбум ам.доллараар ил далд уурхай барихаар байсан. Гэвч ашиглалтын явцад зардал нь өссөн. Одоо яагаад зардал нь өссөнийг л шалгах ёстой. Ийм л асуудал гарсан юм. 
2018.04.21

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: 

-Оюутолгойг бид үр дүнтэй ажиллуулж, үр шимийг нь Монголын ард түмэн хүртэх ёстой. Би дэд сайдаар ажиллаж байхдаа байгалийн баялгийг ард түмэндээ тэгш шударгаар хүртээх хууль эрх зүйн орчныг бий болгоё гээд хуулийн төсөл боловсруулж 2008 оны хавар УИХ-д өргөн барьж байсан. Тэр хуулиар иргэдэд байгалийн баялгаас олсон орлогыг бэлэн мөнгө байдлаар тараахгүй байя, байгалийн баялгийг ашиглаж байгаа үедээ олсон орлогоосоо байгалийн баялаг дууссан үед нь илүү их орлого олдог байх хууль эрх зүйн орчинтой болгоё гэсэн юм. Харамсалтай нь 2008 оны сонгуулийн дараа уг хуулийн төслийг өөрчлөөд иргэн бүрт 20 мянган төгрөг тараахаас эхлээд бэлэн мөнгө болгосон. 
2018.04.05

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ  
-Татвартай холбоотой болон  Оюутолгой, Дубайн гэрээ гэх мэтийн асуудлууд дээр ажилласан ажлын хэсгүүд дүгнэлт хийсэн. Ер нь улс орны эрх ашгийг хөндсөн гэрээ болсон гэж дүгнэлт гарч байгаа. Энэ хүрээндээ асуудлыг шийдэх нь зүйтэй.
2018.04.05

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Оюутолгойн гэрээ, хэлэлцээрт санаатай, санаандгүй алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь, үе үеийн Засгийн газар, УИХ-аас өгсөн чиглэлийг барьж ажиллаагүй шалтгаанууд бий. Энэ нь ямар шалтгаантайг гэрээ, хэлэлцээрийг шалгах ажлын хэсэг гаргаж ирнэ байх. Мөн Засгийн газар алдаа, оноогоо цэгнэн ширээний ард суух ёстой. Зөв дүгнэлт гаргахын төлөө манай ажлын хэсэг ажиллах болно. Ажлын хэсгийнхэн зургадугаар сарын 23-нд амжиж дүгнэлтээ гаргах эсэх нь эргэлзээтэй байна.                                                                     
2018.05.12

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: 
-Оюутолгойн гэрээ хийгдсэнээр Монгол Улсын эдийн засаг гурав дахин томорсон байдаг. Ний нуугүй хэлэхэд ийм хэмжээний том төсөл, гэрээ хэлцлийг байгуулах хүн дахин Монголын төрд ойрын үед гарах болов уу хэмээн хувь хүн талаасаа бодож сууна. Гэрээ хийсэн хүмүүс үнэхээр хууль зөрчөөд Монгол Улсад үлэмж хэмжээний хохирол учруулахаар зүйл хийсэн бол яалтай билээ. Хуулийнхан маань энэ хүмүүс хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг шударга шүүгээд гаргаж ирэх байх гэж найдаж байна.
 2018.04.12

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 
-Манайхан нэг зүйлд хандахаараа хэтэрхий туйлширдаг. Оюутолгойн гэрээг анхнаас нь шүүмжилж байсан цөөн хүний нэг нь би. Тухайн үед Оюутолгойн гэрээг ТЭЗҮ-гүй баталчихсан. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, эргэн төлөх хэмжээ тодорхойгүй байсан. Үүнээс болж өнөөдрийн бүх будлианы эх үүсвэр тавигдсан. Оюутолгойн гэрээ үнэхээр ашигтай, үр дүнтэй гэрээ мөн үү. Үүнд авах гээхийн ухаанаар хандах ёстой. Манайхан хэт туйлшраад зогсооно, хөөнө гэж байна. Миний хувьд төрөөс тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Олборлолт, борлуулалт, татвар дээр тавих хяналтаа сайжруулмаар байна. Бас гэрээнийхээ үр дүнг авч үзмээр байна. Ийм эрх бидэнд бий шүү дээ. 
2018.05.07

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 
-УИХ дахь АН-ын бүлгээс Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, төслийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг нягталж үзэх, дүгнэлт гаргах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан ажиллуулахаар болсон. 
2018.04.23

УИХ-ын гишүүн Л.Болд:
-Оюутолгой бүтэн зуун жил Монголын ард түмнийг авч явах том төсөл. УИХ, Засгийн газраас энэ төслийн талаар гаргаж байгаа шийдвэрүүд нь олон улсын төвшинд Монгол Улсын хариуцлагыг харуулах болно. Монгол Улс гэрээгээ сайжруулж, барьцаа ахиулж байх хэрэгтэй. Сонгууль бүрээр энэ асуудлыг шаардаж, хийж чадахгүй бол хариуцлага тооцоод явах нь зөв. Гэхдээ энэ гэрээг зогсоо гэж байгаа юм биш шүү. Нөгөө талд нь эргэлзээтэй зүйл байвал үүнийг шалгаж байх ёстой. Үүнд таамаг, хардалт улстөржсөн байдлаар хандаж болохгүй. 
2018.05.15

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 
-Үе үеийн УИХ, Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах талаар санал санаачилгатай ярьж ирсэн. Хамтрагчтайгаа зөв ойлголцоод гэрээг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж боддог. Ингэхийн тулд хөрөнгө оруулагчтайгаа ойлголцох, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, эдийн засгийн боломж, нөхцөлөө зөв тооцоолж асуудлаа тавих нь чухал. Зөвхөн УИХ гэлтгүй, Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах хүрээнд гэрээ хэлцэл хийгээд явж байгаа. Засгийн газрын хийж буй хэлцэл бодитой үр дүнд хүрээсэй гэж бодож байна. 
2018.05.12

УИХ-ын гишүүн Ж.Батзандан 
-Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, засч сайжруулахдаа, гэрээнээс үүдэлтэй маргааныг бид гэрээний болон олон улсын бизнесийн эрх зүй, хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээр маш тодорхой хэлсэн. Бизнесийн маргааныг улс төрийн аргаар шийдвэрлэж болохгүй гэсэн. Аливаа бизнесийн маргааныг бизнесийн зарчмаар шийдвэрлэх ёстой. УИХ, Засгийн газар бодлогоо зөв барьж ажиллах ёстой гэдгийг хэлэхийг хүсч байна.
2018.04.25

УИХ-ын гишүүн М.Билэгт
-Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөхүйц хийх ёстой байсан. Яагаад гэвэл газрын доорх баялаг бол манай ард түмний баялаг. Тиймээс Монголын тал ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх биш хувиа эзэмшээд ашгаа хүртэх ёстой байсан. Бид өөрсдийнхөө баялгийг худалдах гэж байж өөрсдөө өр тавьж зээлсэн нь гэрээ байгуулсан хүмүүсийн хариуцлагагүй байдалтай холбоотой.  
2018.04.12

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: 
-Бид Оюутолгойн гэрээнд болгоомжтой хандах ёстой. Өнөөдрийг хүртэл монголчууд Оюутолгойн гэрээ шиг ийм том олон улсын хэмжээний гэрээ байгуулаагүй байна. Оюутолгой болохгүй байна гэсэн популизмаар асуудалд хандаж болохгүй. Анх гэрээ байгуулагдаж байхад парламентад байсан гишүүд одоо ч сууж л байна. Нэг хэсэг нь 34 хувь нь болж байна гэж байхад нөгөө талд нь рояалтигаа нэмэхэд болно гэж ярьж байсан хүмүүс нь ч байна. Оюутолгойг бид улс төрийн өс хонзон авах байдлаар биш эдийн засгийн үр өгөөж талаас нь харах хэрэгтэй. Одоо бол олон улсын гэрээ эрх зүйн байдлын шаардлагыг хангасан байгаа. Харин эдийн засаг талаасаа хоёр тал бие биедээ харилцан буулт хийж байж цаашаа явна. Ингэхгүйгээр Оюутолгойг бүр зогсооё гэх юм бол Монгол Улс энэ их өр төлбөрийг яаж барах юм. Үүний цаана ямар аймшигтай эрсдэл байгааг хэн ч тааварлашгүй нөхцөл байдал үүснэ. 
2018.05.01

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 
-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг УИХ-аас Ажлын хэсэг гаран шалгаж байна. Гэрээг шалгаад дүгнэлт гаргах учиртай. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг хоёуланг нь авч үзээд дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Тэр үед бид өөр өөрсдийн дүгнэлтээ хийх боломж олдох байх. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 28 жилийн хугацаанд байгуулсан хамгийн том гэрээ бол Оюутолгой. Энэ гэрээнд алдаа, оноо аль аль нь л багтсан. Оноог нь бид өнөөдөр төсвийн орлого дээрээ хүртээд явж байгаа шүү дээ. Оюутолгойн гэрээг хүчингүй болгох уу гэдэг яриа гараад эхэлж. Би хувьдаа Оюутолгойн гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурь барьдаг. Энэ гэрээг хүчингүй болговол Монгол Улс асар их хэмжээний өрөнд орно. Гэрээний хариуцлагыг бид хүлээнэ. 
2018.04.25

УИХ-ын гишүүн Л.Энхболд: 
-Хэтэрхий их улстөржилт, талцал, намчирхсан байдал нь эдийн засагт асар их саад болж байна. Хэрэв хэн нэгэн нам, улстөрч ямар ч хувийн эсвэл намын эрх ашиг ярихгүйгээр, улс орон ард түмнийхээ төлөө гэсэн бодолтой байвал том төслүүд амжилттай хэрэгжинэ. 
2018.05.17

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:   
-Алдаатай, оноотой ч бай Оюутолгойг хөдөлгөсөн хүн бол С.Баяр дарга. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгойгоос Монголын эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөллийг хүн бүр мэднэ. Ер нь Монголын төр зүтгэсэндээ халтай гэдгийн үлгэр болж байх шиг байна. 
2018.04.26

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 
-Бид нэлээд хүнд нөхцөлд байхдаа энэ төслийг хөдөлгөж эхэлсэн. Тэгэхээр алдаа гаргаж, нөгөө талд хэт ашигтай нөхцөлөөр тохирч, гэрээ байгуулсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс одоо энэ боломжийг ашиглаж, засч авах ёстой. Энэ бол олон улсын гэрээ биш. Засгийн газар хоорондын ч гэрээ биш. Харин Монгол Улсын Засгийн газар тодорхой нэг компанид хөрөнгө эзэмших зарчмаар гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмших замаар 34 хувийг нь эзэмшсэн гэсэн үг.     
2018.05.10

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 
-Оюутолгойн гэрээг цуцлах болон гүний уурхайн төслийг зогсоохгүй. Нэгэнт Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалтаа тухайн хүмүүс нь буцаагаад үүрээд авч гарахгүй. Тэр утгаараа Монгол Улсад оруулж ирсэн тоног төхөөрөмж, ноу-хау бий. Тиймээс Оюутолгойн гэрээг сайжруулах арга хэмжээг авах бодолтой байгаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ, хувь эзэмшигчийн гэрээг, Дубайн гэрээг шалгана. 
2018.04.20

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 
-2015 он хүртэлх Оюутолгойтой холбоотой бүх ажилд би гар бие оролцсон. Гэрээг байгуулах, ТУЗ байгуулах болон шийдвэр гаргах төвшинд ч оролцож байлаа. Түүнээс хойшхи нөхцөл байдлыг нарийвчлан мэдэхгүй байна. Харамсалтай нь, Оюутолгой сүүлийн жилүүдэд улстөржилтийн сэдэв болоод хувирчихсан. Энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш арав орчим жил болчихлоо. Тэгэхээр төслийн хэрэгжилтийг эргэж харах цаг нь болсон. Монгол Улсын хувьд Оюутолгой төслөөс хүртэх үр өгөөжийн 60-70 хувь нь татвараар дамжиж орж ирэх учиртай. Тиймээс бид хуулийн хүрээнд татвараа бүрэн авах нь бодлогын цөм хэсэг байх ёстой. 
2018.05.17


Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
-Татварын хувьд тэд ноцтой зөрчил гаргасан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэн орлогын 20 хувийн татвар төлөх ёстой. Жилдээ 100 сая ам.доллар буюу төсөл хэрэгжих хугацаанд гурван тэрбум ам.доллар төлөх ёстой байсан. Энэ мөнгөө “Оюутолгой” компани төлөхгүй байгаа юм. Тиймээс бид үүнийг шахаж, шаардаж авах ёстой. 
2018.04.14

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 
-Би бүр 2011 оноос хойш Оюутолгойн гэрээг засч сайжруулах ёстой гэдгийг удаа дараа сануулж хэлж л байсан. Тэгээд зогсохгүй УИХ-ын 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилж байсан. Гэвч харамсалтай нь энэ заалт хэрэгжээгүй өдийг хүрсэн. Яагаад 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилсан гэхээр хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөнөөс хойш Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх байсан. 50-иас доошгүй гэдэг нь 50+1 байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хяналтын багцаа авах тухайд би ярьж байсан юм. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал нь байнга өсч ирлээ. Үүнээс болж Оюутолгойгоос Монголын ард түмэн ахиухан ашиг хүртэх асуудал хойшилсоор л байгаа. Үүнийг засахын тулд Засгийн газар ажиллах ёстой. Учир дутагдалтай гэрээгээ засч сайжруулах ёстой болохоос улсаа үүнээс болж нураачихаж болохгүй. 
2018.05.15

УИХ-ын гишүүн О.Батнасан:
-Оюутолгой бол Монголын ард түмэнд өгөөж өгөх том уурхай. Гэхдээ маргаантай болон ойлгомжгүй асуудал их байгаа. Тэр дундаа Хөрөнгө оруулалтын гэрээ нэлээд маргаан дагуулсан.  
2018.04.05

УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр:
-“Рио тинто” компани буюу Оюутолгой төслийн Монгол Улсын эдийн засагт эзэлж байгаа байр суурь, үзүүлж байгаа нөлөөллийг маш сайн тооцож үзэх хэрэгтэй. Хэрвээ гэрээнд алдаа гарсан бол хоёр тал ширээний эрд суугаад, залруулах ёстой. Миний хувьд алдаа гарсан бол залруулах түүхэн бололцоо бүрдлээ гэж үзэж байна. Нөгөө талаас Засгийн газар идэвхитэй ажиллаж гэрээгээ сайжруулах ёстой. 
2018.04.05

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Оюутолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал үнэхээр олны анхаарлын төвд орсон асуудлын нэг болчихоод байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал талаасаа хамгийн чухалд тооцогдох төслүүд гэж болно. Энэ төсөл хөтөлбөрүүдэд тухайн үедээ албан тушаал хашиж байсан улстөрчид албан тушаалаа урвуулсан болон хэтрүүлсэн, эрүүгийн шинж чанартай асуудлууд сонсогдож байгаа. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлын хүрээнд УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийг бүрдүүлэхдээ өмнө нь тооцоо судалгаа хийж байсан, олон улсын гэрээ эрх зүйн хувьд мэдлэгтэй, мэргэшсэн байхаас гадна УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийг дэмжиж ажиллах мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй. Ажлын хэсгийн явцын мэдээг цаг тухай бүрт нь ард түмэнд ил болж байх ёстой. 
2018.04.06

УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат:
-Энэ гэрээг эргэж хараад, Монгол Улсад ашигтай болгох ёстой. Оюутолгойн үйл ажиллагааг зогсоож, гацааж болохгүй. Харин гэрээгээ сайжруулах нь зүйтэй. Монгол Улсад эерэг сайн болгож үр өгөөжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хуулийн байгууллага авлига авсан, аваагүйг нь шалгаад авилга өгсөн авсан нь тогтоогдож, нотлогдох юм бол авлигын гэрээ болж хувирна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  
-“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, үйл ажиллагааны зардлын гүйлгээний тал хувийг зөвхөн нэг компаниар дамжуулан анхан шатны баримтгүйгээр гүйцэтгэсэн байна. “Оюутолгой” компанийн өөрийн баталгаажуулсан санхүүгийн тайлангаас үзэхэд эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө нь 2006 оноос хойш зургаан тэрбум гаруй ам.доллараар нэмэгдэж, блансын нийт хөрөнгийн дүн долоон тэрбум гаруй ам.доллар болсноос гурван тэрбум гаруй ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын зардлын 45 хувь нь уг компаниар дамжин, анхан шатны баримтгүй гүйцэтгэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.3 дахь заалтыг зөрчсөн байна. 
2018.04.06

УИХ-ын гишүүн Ч.Улаан: 
-Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч санал гаргаж байгаа төрийн болон ТББ-тай хамтран ажиллахаар лобби бүлэг байгууллаа. Оюутолгойн асуудлаар өмнө нь олон ажлын хэсгүүд ажиллаж, дүгнэлт гаргадаг ч төрийн бодлого үйл ажиллагаа болж хэрэгжиж чадаагүй. Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс бид энэхүү ажлын хэсэгтэй хамтран ажиллах болно. Мөн Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллана.     
2018.05.17

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Үүний тулд тооцоо судалгаа, үндэслэлтэй байх ёстой. Арга зам нь байх ёстой. Энэ гэрээ хөрөнгө оруулагчдын, хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг нь заасан байгаа. Үүний дагуу хэлэлцээрийн ширээнд сууж, үр ашгийг нь дээшлүүлж, энэ асуудлаа шийдэх ёстой.   
2018.04.20

УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гарсан. Үүнийг зүйтэй гэж бодож байна. Ялангуяа, Дубайн гэрээний асуудал бол маш буруу. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд Монгол Улсад ямар үр өгөөжтэй, яаж хийгдэж байсныг монголчууд бүгд мэднэ. Харин Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад хэд хэдэн алдаа байсныг Засгийн газар дарагдуулж Дубайн гэрээг хийж байсанд шүүмжлэлтэй ханддаг.
2018.04.17

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тухайлбал, Англи, АНУ-ын компаниуд олон зуун жилийн гэрээний эрхзүйн чиглэлээр ажиллаад ирсэн. Энэ ч утгаараа эдгээр орнууд болон манай улсын хооронд гэрээний эрх зүйн маш том зөрүү байгаа гэдгийг хэлж байгаа юм. Бид Оюутолгойн гэрээн дээр энэ талаасаа алдсан байж магадгүй. Харин дараа дараагийн том төслүүдийг явуулахдаа алдаагаа давтахгүй байх хэрэгтэй. 
2018.04.17

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: 
-Оюутолгойн гэрээний асуудлаар Засгийн газар тавдугаар сарын сүүлч хүртэл ажлын хэсгүүдийг ажиллуулж, дүгнэлтээ гаргана. Үүний дараа бид Засгийн газар, ажлын хэсгийнхэнтэй хамтарч, гаргасан дүн тайланд нь анализ хийх юм. Дараа нь зургадугаар сарын 20-ны үеэр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-“Оюутолгой” компаниас Монгол Улс ашиг хүртэж чадахгүй байгаа. Гэтэл Оюутолгойн орд нь дэлхийд хэмжээгээрээ нэг, хоёрдугаарт ордог, Эрдэнэтийн ордоос тав дахин том орд. Ийм ордоос ашиг хүртэж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.
2018.04.05

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 
-Оюутолгойгоор улс төр хийдэг хэдэн хүн байна. Камерын өмнө л улс төр хийж, шүүмжилсэн хүмүүс байх юм. Бодит  байдал хэлж ярьсан шигээ ажил хийдэггүй. Үнэхээр Оюутолгойн гэрээний алдаа дутагдлыг засах тал дээр юу хийснийг нь би олж хараагүй. Ард иргэд одоо хэн нь хэн бэ гэдгийг олж мэдэж л байгаа байх. 
2017.11.02

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 
-Оюутолгойн гэрээ тоглоом биш. Олон талаас нь нухацтай хандах хэрэгтэй. Янз бүрийн мэдээлэлтэй байгаа улстөрчид цээжний пангаар юу ч хамаагүй ярьдаг энэ бүхэндээ дүгнэлт хийх цаг болсон. Цаасаар баримт болж баталгаажсан зүйлийг л ярих болохоос өглөө өрөөндөө кофе ууж байхад нь нэг хүн “Тэгсэн байна” гэж хэлэнгүүт үүнийг нь дагаж дарцаг шиг дэрвээд байж болохгүй. Төрийн түшээ гэдэг албан тушаалдаа хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг хэлье. 

Сэтгэгдэл : 0
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)