ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА Ш.АЛТАНТУЯА АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ АНХААРАХЫГ ХҮСЛЭЭ

2018-05-28 19:56:56

Ерөнхийлөгч Х.Баттулга Малайз Улсын парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, дахин улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээжээ.

Уг захидалд дахин Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, “Та өмнө нь Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар 22 жил ажиллах хугацаандаа улс орноо эрчимтэй хөгжүүлэх үйл хэргийг манлайлан хошуучилж, Малайз Улсын нэр хүнд, байр суурийг бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар ихээхэн бэхжүүлсэн билээ. Эрхэмсэг ноён та 1997 онд Малайз Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг дурсан санахад таатай байна. Монгол, Малайзын уламжлалт найрсаг харилцааг сэргээн идэвхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх үйлсэд эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд эрхэмсэг ноён Ерөнхий сайд та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна. Эрхэмсэг ноён Ерөнхий сайд танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэжээ. 
 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)