СУШМА СВАРАЖ: ХОЁР УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА МОНГОЛ ОРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ХЭМЭЭН ИТГЭЖ БАЙНА

2018-05-14 12:28:58

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ оны дөрөвдүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр уулзаж, ярилцсанаа хүргэе.

-Эрхэмсэг хатагтай Гадаад хэргийн сайд Та Монгол Улсад тавтай морилж байна уу. Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь манай улсын “гуравдагч хөрш” бөгөөд стратегийн түнш улс. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад 42 жилийн дараа айлчилж байна. Та Монгол орны талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Би танай сайхан оронд айлчилж байгаадаа маш их баяртай байна. Монгол Улс нь Чингис хаан тэргүүтэй агуу баатруудынхаа эр зориг болон амар амгалан, ачлал элбэрлийн шашин болох бурханы шашины үнэт өвөөрөө алдартай. Энэтхэгчүүд бид “Ганжуур”, “Данжуур” судруудыг Монгол хэлнээ хөрвүүлсэн явдлыг манай хоёр иргэншил хооронд эрт үеэс хэлхээ холбоотой байсны нотолгоо төдийгүй үүнийг бэхжүүлэхэд барьсан өргөл гэж үздэг билээ.
Энэхүү айлчлалаас миний сэтгэлд хамгийн тод хоногшсон зүйл нь Монголын ард түмний халуун, дулаан сэтгэл байлаа. Би дотны найзтайгаа уулзсан мэт сайхан дурсамжтай нутаг буцаж байна. Энэтхэгчүүд бид Монгол анд нөхөддөө мөн ижил сэтгэлээр ханддаг билээ. 
Энэтхэг, Монгол хоёр улс нь стратегийн төдийгүй оюун санааны түншүүд юм. Бидний нөхөрлөл бол материаллаг зүйл бус оюун санаа болон сэтгэл зүрхний учрал билээ. Бид бурхан багшийн орчлон хорвоогийн амар амгалан, ах дүүгийн барилдлагын талаарх гүн ухаан, сургаалийг сүсэглэн дагадаг. Бид бүхэн найрамдал нөхөрлөл, энхтайвны талаарх энэхүү сургаалийг өнөөгийн тодорхойгүй, тогтворгүй дэлхий ертөнцөд үргэлжлүүлэн түгээх нь зүйтэй юм. 
-Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл аль салбарт түлхүү хөгжиж байна вэ. Ойрын жилүүдэд  хоёр талын хамтын ажиллагааг ямар чиглэл, салбарт голлон хөгжүүлэх вэ. Манай хоёр улсын харилцааны төлөв байдлыг Та хэрхэн харж байна вэ?
-Манай хоёр улс нь хоёр талын, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар хамтран ажилладаг. НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд бид мөн нягт хамтран ажиллаж байна. 
БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр бид манай хоёр улсын түншлэлийг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж шат ахиулсан. Улмаар бид улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, боловсрол зэрэг салбарт өргөн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж байгаагийн зэрэгцээ иргэд хоорондын солилцоо болон соёлын хамтын ажиллагааг бэхжүүлж байгаа нь туйлын чухал юм. 
Ерөнхий сайд Н.Модигийн энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд зориулж Энэтхэг Улс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсноо мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар уг зээлээр эх орондоо анхны газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр болсон. Бид Монголын талын сонголтыг хүндэтгэж байгаа бөгөөд хоёр тал нягт уялдаа холбоотой, зөвлөлдөн ажилласнаар төсөл амжилттай урагшилна гэж үзэж  байна. Энэ нь Энэтхэг, Монголын хамтын ажиллагааны түүхэнд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал урт хугацаанд хангагдах ач холбогдолтой гэж үзэж байна.  
Ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах нь бидний хамтын ажиллагааны үндсэн зарчим хэвээр байна. Бидний түншлэл хоёр улсын удирдлага төдийгүй манай хоёр ард түмний хүчтэй дэмжлэг, харилцан итгэлцлийн бат бэх сууринд тулгуурлаж, улам бүр бэхжих болно. 


-Хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Манай хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ихээхэн боломж бий бөгөөд бид бодит нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй хэвээр байна гэж үзэж байна. Үүний нэг шалтгаан нь хоёр орны хооронд биет болон цахим хэлбэрийн уялдаа холбоо дутмаг байдагт оршиж байна. 
Миний бие Монгол Улсын удирдлагатай санал солилцох үеэр энэ талаар нарийвчлан ярилцсан. Бид хоёр улсын бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог идэвхжүүлж, хоёр талд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн, бизнесийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцуулах замаар мэдээллийн зөрүүг нь багасгах нь чухал гэдэгт санал нэгдсэн. Түүнчлэн бид газар зүйн хувьд алслагдмал байдал буюу орон зайн асуудлаа шийдэхийн тулд цахим худалдаа зэрэг шинэлэг шийдлүүдийг эрэлхийлэх болно.
-Энэтхэг Улсын олон улсын тавцан дахь жин нөлөө, нэр хүнд улам өссөөр байна. Бидний оршин буй Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагаанд Энэтхэг Улс чухал хувь нэмэр оруулсаар байна. Та эл бүс нутгийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Энэтхэг Улс нь Ази, Номхон далай буюу эдүгээ бид илүү түлхүү нэрлэж буй Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг манай улсын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын гол талбар хэмээн үзэж байна. Энэтхэг Улс нь тус бүс нутагтай түүхэн болон соёл иргэншлийн хэлхээ холбоотой бөгөөд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд чухал оролцоотой орон юм.
Бүс нутаг болон дэлхий дахины хөгжлийн түүчээлэгчдийн нэг болохын хувьд Энэтхэг Улс нь Ерөнхий сайд Н.Модигийн “sabka saath sabka vikaas” (нийтийн хөгжлийн төлөө нийтээрээ хамтдаа) хэмээх бодлогын хүрээнд тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих, биет болон цахим харилцаа холбоог сайжруулах, бүс нутгийн яриа хэлэлцээг бэхжүүлэх замаар тус бүс нутгийн хөгжилд улам бүр хувь нэмрээ оруулсаар байна. Иймээс АСЕАН-ы орнууд болон бүс нутгийн бусад түнш орнуудтай  хөгжүүлж буй бидний хамтын ажиллагаа эрчимжиж байгаа. Улс орон бүр хамтын хүчээр хөгжин цэцэглэж, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудаа шийдвэрлэх нөхцөл бүрдсэн нээлттэй, хүртээмжтэй, ил тод, дүрэм журамд суурилсан хамтын ажиллагааны дэглэм нь бүс нутгийн урт хугацааны эрх ашигт чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. 
-Энэтхэг Улс саяхан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болсон. ШХАБ-д Энэтхэг Улс элссэнээр ямар давуу талууд танайд бий болсон бэ. Нэн ялангуяа эдийн засгийн талбарт бүс нутгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хэр их боломж гарч байна вэ. Аюулгүй байдал талаасаа хэрхэн нөлөөлж байгаа вэ. Цэргийн хамтын ажиллагааны шинжтэй байгууллага бус уу. ШХАБ-ын ирээдүйг Энэтхэг Улс хэрхэн төсөөлж байна вэ?
-Энэтхэг Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүн орноор элсэн орсондоо өндөр ач холбогдол өгч байгаа. Бид өнгөрсөн жил тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. Миний бие Бээжин хотноо дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болсон ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад анх удаа оролцлоо. Мөн өдөр манай Батлан хамгаалахын сайд ШХАБ-ын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцсон. Эдгээр уулзалтууд нь зургадугаар сард Чиндао хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын чуулга уулзалтыг угтсан  чухал яриа хэлэлцээ болсон. Бид уулзалтыг амжилттай зохион байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулах болно. 
ШХАБ-ын гишүүн орнууд нь үргэлж шинэчлэгдэж байдаг нийтлэг түүхийн өвтэй. Энэтхэг Улс нь ШХАБ-ыг Хятад, Орос болон Төв Азийн орнуудтай хөгжүүлж буй уламжлалт, найрсаг харилцаагаа хөгжүүлэх чухал талбар гэж үздэг. ШХАБ-д элссэнээр Энэтхэг Улс тус байгууллагын нийт гишүүн орнуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд уламжлалт түнш орнуудтайгаа хөгжүүлж буй хамтын ажиллагааны үр шимийг хүртэхийн зэрэгцээ, Энэтхэг Улс нь тус бүс нутагт геополитикийн болон эдийн засгийн чухал үүрэг гүйцэтгэдгийн хувьд тус байгууллагын нэр хүнд, нөлөөг өсгөнө гэдэгт итгэлтэй байна. ШХАБ нь бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, бүс нутагт тулгарч буй терроризм зэрэг нийтлэг сорилтуудтай тэмцэхийг зорьж байгаа бөгөөд Энэтхэг Улс эдгээр чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа. Цаашид ч ШХАБ-тай үр өгөөжтэй хамтран ажиллахыг бид эрмэлзэж байна.


"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)