ЭСГИЙ БОЙТОГНООС ЭХЭЛСЭН ЭКСПОРТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ТЭЛЭХ НЬ ЭЭ

2018-03-02 17:48:57

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч­дийн тоо 53 мянгад хүрч, тэдний ДНБ-нд эзлэх хувь хэмжээ 20 гаруйд хүрч буй энэ үед Гадаад харилцааны яам гадаад бодлогынхоо нэг гол тулгуур зорилтоор тэднийг онцолж, “Хүн төвтэй гадаад худалдааг цаашид өргөжин хөгжүүлэхэд анхаарна” хэмээн зарласан нь өнгөрсөн долоо хоногийн содон сонин үйл явдал байлаа.

Тэр дундаа Улаанбаатар хотын төв цэгт бус Их Наран улсын Эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны сайд Сэко Хирошигэ болоод тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Акио Мимурагийн уулзалтын танхимд ийн зарласан нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нээлттэй зах зээлд уриалсан уриалга байсны зэрэгцээ тэдэнд япон стандартад дасан суралцах чанга хатуу хариуцлага үүрүүлсэн хэрэг байв. Энэ бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон Улсад хийсэн айлч­лалын ерөнхий нэг бодлого цаашлаад хамтын ажиллагааг иргэн төвтэй үнэт зүйлээр нэгтгэх уян зөөлөн боловч том зорилго, өндөр амбицтай зорилт болж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хоёр орны гадаад худалдааны алдагдал үргэлжилж, Япон Улсаас Монгол Улсад хийж буй бизнесийн хөрөнгө оруулалт арванхоёрдугаарт эрэмбэлэгдэж буй энэ үед үндэстэн дамнасан корпораци хоорондын харилцааг хүн төвтэй жижиг, дунд үйлдвэрлэлээр баяжуулах зорилго тээн очсон нууц нь ийн задарсан хэрэг. Ингэхдээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголоо магтах, Японд тал засахын аль аль нь болох гуйж гуядсан дипломат арга барилыг ашиглахаас илүүтэй боди­тоор ярилцая, нөх­цөл байдлаа хүлээн зөвшөөрөх цаг болсон гэдэгт хөндлөнгөөс нь харахад хэтэрхий хатуу чанад, толгой өргөсөн гэмээр хатуугаас зөөлөн рүү, тодорхойгоос нэгж рүү гэсэн байр суурь баримталж байсныг нь юун түрүүнд онцлоё. Д.Цогтбаатар: Монголыг хөрөнгө оруулалтын диваажин гэж би хэлэхгүй. Гэхдээ ашиг олох боломжтой орон

Үүнийг илэрхийлэх баталгаа буюу түүний үг бол “Монгол Улс бол Зүүн Өмнөд Азид Хятадын дараа орохуйц эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа орон. Өнгөрсөн жил манай улсын гадаад худалдааны тэнцэл нэмэх гарсан. Гэхдээ сүүлийн 3-4 жил хасах гарч байсан. Гадаадын хөрөнгө оруулалт унасан. Үнэнийг хэлэхэд их амжилтын дараа бид нар унаж үзлээ. Юу хийвэл, ямар алдаа гаргавал унадгийг бид нар мэдэж авлаа. Цаашид энэ алдаагаа бид нар давтахгүйг хичээнэ. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдад ашиг олох боломж нээгдэнэ гэж ойлгож байгаа. Би Монголыг хөрөнгө оруулалтын диваажин гэж хэлэхгүй. Гэхдээ Монгол бол ашиг олох боломжтой орон. Иймд та бүхнийг хөрөнгө оруулалт хийгээч гэж урьж байна. Та бүхэнд ноу хау, мөнгө, туршлага, мэдлэг, технологи байна. Манайд харин ашиг хийх боломж байна. Яагаад өнөөдөр хоёр орны гадаад худалдаа алдагдалтай, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Япон Улс арванхоёрдугаарт эрэмбэлэгдэж байна вэ. Үүнийг хаа хаанаа бодоё. Хамтран ажиллая. Иймд хатуу ширүүн, хад чулуу шиг улс төрийн орчинд өсч бойжсон, дэвжиж дээшилсэн Монголын бизнес эрхлэгчдийг дэмжихийг, тэдэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. Монголын төр та бүхнийг цаашид дэмжиж ажиллая. Эргээд монголчууд бид нар та бүхнээс суралцая. Бизнес эрхлэгчид ээ, хамгийн түрүүнд хариуцлагаас нь суралц. Хүмүүжилтэй, хэлсэн үгэндээ байдаг чанараас нь, хүн агуу байх тусмаа даруу болох эрдмээс нь суралц. Япончууд та нар шинэ аж үйлдвэржсэн орнууд болох Малайз, Тайланд гээд олон оронд тусалсан. Одоо бидэнд туслаач, Монголд туслаач. Зөвхөн үйлдвэрлэлийн салбарт ч бус боловсон хүчин бэлтгэх, дэлхийд гайхагдах уран бүтээлч бэлтгэхэд хөрөнгө оруулаарай. Өнөөдөр Монголын дуурийн дуучид, балетчид, жүдогийн тамирчид дэлхийд манлайлж, дэлхийд гайхагдаж байна. Энэ бол манай улсын нэг нөөц боломж. Монголын соёл урлагийн сургуулиудыг бүс нутгийн сургууль болоход нь хөрөнгө оруулалт хийж, дэлхийн уран бүтээлчдийг монголчуудын жишгээр төрж гарахад нь дэмжээрэй. Монгол Улс хэзээд Япон Улстай ойрхон байна гэдгийг би хувьдаа амлаж байна” гэсэн хоёр талын хөрөнгө оруулагчдын уулзалтыг нээсэн уриалга байлаа.

Эсгий бойтогноос эхэлсэн экспорт мэдээллийн технологи, хиймэл оюун ухаанаар өргөжив

Ийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын товч тодорхой, тэр дундаа алдаагаа нуугаагүй, оноогоо дараагүй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой үг бүрийн ард сурвалжлагын эхэнд тодотгосончлон жижиг, дунд үйлдвэрлэлийг бодитоор нь дэмжих тов тодорхой зорилго агуулагдаж байсны илрэл нь Монгол, Японы бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт байлаа. Энэ уулзалтад Японы талаас 200 орчим бизнес эрхлэгчид илгээсэн урилгад эзэн болж ирсэн бол манайхаас Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважаваар удирдуулсан тус танхимын гишүүн 30 гаруй аж ахуйн нэгж дор бүрнээ хамтран ажиллах саналаа дэлгэв. Гол нь, энд онцолж хэлэх зүйл нь монголчууд та бид экспорт гэхээр эсгий бойтог, ноосон оймс гээд аар шаархан бүтээл барьж хил давдаг байсан бол энэ удаад Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид технологи ярьдаг, бүтээдэг, санаачилдаг болсон нь илэрхий байлаа. Жишээ нь,  “Монгол базальт” компани шүршдэг чулуун хөвөн экспортлох саналаа ажил хэрэг болгож, “Эко ноос” компани боловсруулсан ноосон бүтээгдэхүүнээ танилцуулсан бол “Асралт” групп эрдэслэг ус нийлүүлэх саналаа дэлгэв. Үүгээр ч зогсохгүй дэлхийн 145 оронд үйл ажиллагаа явуулдаг, Японы шилдэг группуудын нэг болох “Дэнцү” групп манайд салбараа нээж, Монголын шилдэг 400 инженерүүдийн хиймэл оюун ухааны экспортлох бэлтгэлийг бүрэн дүүрэн хангаж буйгаа дуулгалаа. Ингээд Монголын бизнес эрхлэгчид зөвхөн нэг удаагийн уулзалтаар буюу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын айлчлалын үр дүнд ямар бодит үр дүнд хүрснийг тодорхой танилцуулья.

1.            Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн шилдэг жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл болсон “Амар хүнс” ХХК 50 жилийн түүхтэй Япон улсын хүнсний салбарт тэргүүлэгч “Nihon Chikusan Shinkou LLC” группт зочлон туршлага судалж, цаашид хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээний хүрээнд “Амар хүнс” ХХК-ийн өмнө олон улсын стандартын дагуу мах махан бүтээгдэхүүн боловсруулж, цаашлаад олон улсын зах зээлд гаргах боломж нээлттэй болов.

2.            Монголдоо инженерчлэл, технологийн үйлдвэрлэлээр 20 орчим жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Монгол Базальт” компани тус улсын тэргүүлэгч групп болох “Марубени” корпорацитай шүршдэг чулуун хөвөн нийлүүлэх албан ёсны худалдааны гэрээ байгуулах тохиролцоонд хүрлээ. Мөн уг корпорацитай судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр давхар гэрээ хийхээр эцэслэн ярилцав.

3.            “Асралт” групп эрдэслэг усны стандартыг нутагшуулж, хамгийн сүүлийн үеийн техник, технологиор байгалийн эрдэст, савалсан цэвэр усыг худалдаанд гаргах хамтарсан эко жижиг үйлдвэрийг Монголд барьж байгуулах асуудлаар эцэслэн тохиролцлоо.

4.            Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Eko wool” ХХК хонины ноосыг боловсруулж үйлдвэрлэдэг дулаан тусгаарлагч, хаан хөнжил зэрэг бүтээгдэхүүнээ Япон улсад гаргах гарал үүслийн гэрчилгээгээ мөн л уг айлчлалын үеэр гардаг авсан байгаа. Ингэхдээ эхний ээлжинд Япон руу 600 мянган метр бүтээгдэхүүн экспортлох худалдан авагчтайгаа харилцан тохиролцож чадлаа.

5.            “Seven and holdings” компанийн төлөвлөлтийн газрын ерөнхий менежер Макото Якуй “Хан тэнгэр трэвел” компаниар дамжуулан Монголоос дадлагажигч авах хүсэлтээ илэрхийлж, хамтран ажиллахаар тохиролцов.

Гарал үүслийн гэрчилгээний тоо 750-г давжээ 

Өнгөрсөн 2016 онд хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж, энэ хүрээнд бараа бүтээгдэхүүн тус бүрийн зах зээлд худалдаалах эрх нээгдсэн байгаа. Гэрээ ёсоор Японы тал манайд 9300, Монголын талаас Японд 5700 төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан импортын гаалийн татвараас шууд болон үе шаттайгаар чөлөөлж борлуулах боломжтой гэсэн үг. Одоогийн байдлаар буюу Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаас хойшхи жил гаруйн хугацаанд манай бизнес эрхлэгчид 750 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ авсан бол Японы талаас 700 орчим бүтээгдэхүүнд аваад байгаа. Зөвхөн 2018 он гарснаас хойш гэхэд манайхаас 47 нэр төрлийн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ гаргуулаад амжиж. Гэхдээ харилцан ойлголцол нэмэгдэж, хамтын ажиллагаа сайжрахын хэрээр шийдвэрлэх асуудал нэг бус нэлээдгүй олон гардаг нь энэ удаад ч давтагдсан гэж байгаа. Энэ талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга А.Мимуратай уулзах үеэр онцлон хэлж байлаа. Учир нь, Японд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад авах гарал үүслийн гэрчилгээ олгох хугацаа нь нэг сараар хэмжигдэж байгаа нь эргээд зардал чирэгдэл болон үл итгэх хүлээлтийг бий болгох талтай аж. Иймд энэ асуудлыг дээрх албаны төлөөлөгчид хурдасгах, богино хугацаанд шуурхай шийдвэрлэх асуудлыг эргэн харж зөвлөлдөж болно гэдгээ илэрхийлнэ билээ.

Дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын өөрчлөлт хийгээд дипломат философи

Яг үнэндээ Гадаад харилцааны сайдын айлчлал гэдэг дипломат арга барилд тушигдсан, харилцан ашигтай байх нөхцлийг хүлцэж тэвчих хэлбэрээр удирдах ерөнхий нэг загвартай хэмээн итгэж ирсэн маань Японд өнгөрүүлсэн тав хоногийн томилолтын үеэр бараг л ор мөргүй арилсан гэж болно. Учир нь, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы дээрх албаны хүмүүст хандан “Дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого 1990 оноос огцом өөрчлөгдөж, микро бөгөөд жижиг, дунд худалдааг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж эхэллээ. Тэр дундаа, энэ хандлага Японд ч ажиглагдаж, 2009 оны эдийн засгийн хямралаас хойш танай орны жижиг, дунд үйлдвэрлэлийн амбиц нэмэгдэж байгааг би харж байна. Иймд Монгол Улс үүнийг угтаж ажиллах хэрэгтэй байна” гэсэн нь манай улсын цаашид баримтлах гадаад бодлого хийгээд худалдааны шинэ философи байна гэдэг нь тодорхой болов. Гэхдээ мэдээж эдгээрийн цаана үндэстэн дамнасан корпорациудын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт хамтран ажиллах нээлттэй санал, 850 сая ам.долларын үлдэгдлийн шилжүүлгийг яаравчлах, Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн III ээлжийг хэрэгжүүлэх хүсэлтийг ч тавьсан юм. Гэсэн ч үндсэндээ олон хүний шүүмжилдэг шиг энэ удаагийн айлчлал хөрөнгө оруулалт гуйх бус харин харилцан ашигтай хувилбарыг сонгож, жирийн иргэдийн харилцаагаар дамжсан худалдааны шинэ жимийг өргөтгөн салбарлуулахад чиглэж байлаа.

Зүүн Хойд Азийн орнуудад Монголын үүрэг их гэдгийг нотлох асуултууд...

Японы хэвлэлээр өнгөрсөн өдрүүдэд “Монгол, Япон хоёр улс хамтарч Хойд Солонгост шахалт үзүүлнэ” гэсэн утгатай мэдээлэл гарч, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын албан ёсны айлчлалыг ёстой л моданд оруулсан гэмээр үйл явдал болсон нь нууц биш. Хэдийгээр Өмнөд Солонгост болж буй Пёнчаны өвлийн олимпод хоёр Солонгос хамтарч оролцоод зогсохгүй Хойд Солонгосын нэр бүхий удирдагчид тус улсад айлчилж ирсэн нь ил тод үйл явдал байсан ч Монгол Улсын Гадаад харилцааны сайдаас Хойд Солонгосын байр байдлыг асуух, тандах сонирхол Японы Гадаад хэргийн сайд Коно Таро болон бусад сайдуудад ч байсан байж таараа. Учир нь, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хойд Солонгост саяхан албан ёсны айлчлал хийгээд ирсэн юм. Иймд Японы сонирхол хийгээд Хойд Солонгосын байр байдлын талаар тодруулахад тэрбээр  “Солонгосын хойгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны тухай, ер нь бол Зүүн хойд Азийн аюулгүй байдал тогтвортой байдлын асуудлыг хоёр талд ярьж байгаа. Монгол Улсын хувьд НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийн асуудал дээр заавал дагаж биелүүлэх ёстой тогтоол учраас үүнийг манай улс биелүүлж ажиллана. Тогтоосон хоригийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх тал дээр бид нар ажиллана гэдгээ илэрхийлсэн” гэдэг товчхон тайлбар өгөв. Гэсэн ч Японы талын асуусан асуултыг ч, хэвлэл мэдээллээр нь гарсан мэдээ мэдээллээс үүдээд бодоход ч Монгол Улс Зүүн хойд Азийн орнуудын аюулгүй байдал, харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд чамлахааргүй том үүрэгтэй болох нь тодорхой ажээ.

Ийн дөрвөн өдөр үргэлжилсэн айлчлал бүхэлдээ гоё ганган үггүй, тал зассан элдэв маяггүй төлөв төвшин уур амьсгалд хөтлөгдөсөн бөгөөд гол зорилго нь жижиг чулуугаар том чулууг хөдөлгөнө гэдэгчлэн Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг Японд гаргах замаар эдийн засгийн тогтонги харилцааг идэвхжүүлэн сэргээхэд чиглэж байв. Түүнчлэн үүн дээр нэмж хэлэх өөр нэгэн сэтгүүлчийн өнцөг бол Монгол Улс яах аргагүй бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд тодорхой үүрэг хүлээх тэнхээтэй байгаад олзуурахсан  явдал байлаа.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН, СЭТГҮҮЛЧ Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)