Хакухо М.Даваажаргал: Токиогийн олимпийн ёслолын ажиллагааг нээхийн төлөө хичээн барилдана

2018-03-02 16:37:05

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон улсад хийсэн айлчлалын үеэр  Монголын Соёлын элчүүдийн уулзалт болж, энэ үеэр сүмо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргалаас дараах асуултад хариулт авлаа.

-Сая монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болж өнгөрлөө. Энэ үеэр таны оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг телевизүүд давтан үзүүлж, танаар бахархах монголчуудын бахархал ч улам бүр батжсан нь тодорхой. Таны хувьд цагаан сараа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв. Алс хол уулзаж буйн хувьд сонирхон асууя?

-Баярлалаа. Эх орноосоо алс хол суугаа хүн бүрийн хувьд Монголын Элчин сайдын яамны байр гэдэг бол бид бүхний хувьд эх орон маань байдаг. Энэ утгаар жил бүрийн цагаан сараар төрийн сүлднээсээ адис авч, монгол ахан дүүстэйгээ золголтоо хийдэг. Гурван жилийн өмнө хамгийн сүүлд цагаан сараа Монголдоо тэмдэглэж, Хөдөлмөрийн баатар болж өргөн дэлгэр тэмдэглэсэн.

-Ойрмогхон Монгол руугаа явах уу?

-Таван сарынхаа башёг дуусгаад явах бодол бий.

-Та сая Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Монгол Улсын Соёлын элч нартай уулзах үеэр “Би сүмо бөхийн аварга болоод 12 жил болж байна. Энэ амжилт маань Монгол Улсыг Япон Улсад сурталчлах нэг том сурталчилгаа гэж бодож явдаг” хэмээн хэлж байсан. Мөн “Токиогийн олимп хүртэл зодог тайлахгүй, амжилттай сайн барилдахын төлөө хичээж байна” гэдгээ ч онцолсон. Энэ тухай таны бодлыг лавшруулан сонсъё?

-Монгол Улс 1964 оны олимпийн наадамд анх удаа оролцож, 1968 онд анх удаа олимпийн наадмаас Монгол Улс мөнгөн медаль авсныг миний аав эх орондоо авчирч байсан. Аав маань мөн 1964 оны Токиогийн олимпод ирж байсан. Тийм учраас 2020 оны олимп бол яах аргагүй миний мөрөөдөл, зорилго гэж болно. Иймд зодог тайлахгүйгээр үлдсэн хоёр жил гаруйн хугацаанд барилдсан тохиолдолд Токиогийн олимпийн ёслолын ажиллагааг  нээх боломж олдох болов уу гэж харж байгаа. Хэдийгээр Японы үндэсний соёл уламжлал, үнэт зүйл болсон сүмогоор ёслол хийх боловч тэрхүү ёслолыг хийж байгаа сүмоч нь монгол хүн гэдэг утгаараа дэлхийн 200 гаруй оронд эх орноо Монголын Соёлын элчийн хувьд сурталчилж чадах юм болов уу гэж найдаж байна.

-Токиогийн олимп ойрхон байна. Таны нас ч залуу байна. “Найдаж байна” гэдэг үгийн ард айдас байна уу?

-Ер нь бол Токиогийн олимп болоход би 35 нас хүрнэ. Гол нь сүүлийн 10-20 жилийн хугацаанд 35 нас хүртлээ барилдсан ёкозуна аварга цолтой сүмоч байдаггүй. Дээр үед буюу жилд хоёр башё болдог байсан үед аваргууд 36-37 хүртлээ барилдсан түүх бол олон бий. Жилдээ зургаан башё, дээр нь тойргийн барилдаан, Сүмогийн холбооноос зохион байгуулдаг заавал оролцох ёстой үйл ажиллагаа, дээр нь Монголын Соёлын Элчийн хувьд ч идэвхтэй оролцох ёстой ажил их учраас миний хувьд харьцангуй өндөр ачаалалтай байдаг. Энэ утгаараа зөвхөн миний хувьд гэлтгүй тамирчин хүний хувьд нэг жил, нэг сар гэдэг асар урт хугацаа байдаг. Иймд илүү их хичээх шаардлагатай байгаа юм.

-Нэгэнт тантай уулзсаных өөрийн тань зүгээс Монголын хэвлэлд байр сууриа илэрхийлээгүй байгаа нэг асуултыг асууя?

-За.

-Энэ нь Сүмо бөхийн 70 дахь аварга Харумофүжи Д.Бямбадоржийн зодог тайлахтай холбоотой үйл явдлын тухай юм л даа?

-Манай хоёр монгол сүмочийн дунд болсон асуудал болохоор би энэ талаар санаа бодлоо хэлэх цаг нь болоогүй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл Сүмогийн холбоо шийдвэрээ дэлгэж гаргаагүй байна шүү дээ.

-Та Соёлын элчийн хувиар Монголдоо цагаан будаа тариалах боломжийг судалж, туршиж байна гэж сая хэлсэн. Тариалалт, туршилтаа эхлүүлсэн гэж өмнө нь сонсож байсан?

-Найман жилийн өмнөөс Монголынхоо тал нутагт Японы амттай цагаан будааг хэрхэн тариалж, ард түмэндээ хүргэх вэ гэдэг зорилго тавьж судалгааг эхлүүлсэн байгаа. Ингэхдээ Хоккайдо мужийг сонгож, эхний тариалалтыг хийсэн. Яагаад энэ мужийг сонгосон гэхээр цаг уур, газар зүй, хөрсний бүтцийн хувьд Монголтой төстэй. Мөн Өвөрхангай, Архангай аймагт давхар хүлэмжинд цагаан будаа тариалж эхэлсэн маань маш сайн ургасанд баяртай байна. Цаашид зөвхөн хүлэмжинд бус ил талбайд тариалах төлөвлөгөөтэй байгаа. Хоккайдо мужид 20-30 жилийн өмнө цагаан будаа тариалахад амт чанар сайнгүй байсан бол одоо чанар нь улам сайжраад, Япондоо эхний хоёр, гуравт бичигдэж байна. Тэгэхээр зөвхөн Монголд ч гэсэн цагаан будаа тариалахад ихээхэн цаг хугацаа орох болов уу. Гэсэн ч тасралтгүй туршилт хийж, эх орондоо магадгүй 50-100 жилийн дараа ч гэсэн цагаан будаа тариалах тэр боломжийг нээхийн төлөө ажиллана. Үүнээс гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүүхэд багачуудын сайн сайхны төлөө гээд олон чиглэлээр ажиллах зорилго бий.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)