Сайхан сэтгэлд хил хязгаар үгүй

2018-03-02 16:22:48

Монгол, Японы найрамдалт харилцаа тэртээ 1972 оноос эхлэлтэй. Энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр албан ёсны найрамдалт харилцаа тогтоож, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Япон Улс Монгол Улсын найдвартай түнш, туслан дэмжигч байж ирсэн түүхтэй. Он жил ийн хоёр орны найрамдалт харилцааны гүүрийг ирээдүйн урт удаан хугацаанд бат бөх тавихтай зэрэгцэн хүн хоорондын дотносол, сайхан сэтгэлийн тус дэм үргэлжлэн дэлгэрч буйд талархаад ханамгүй. Саяхан даа, ардчилсан хувьсгалд шилжсэн тэр эмзэг хэцүү он жилүүдэд Японы тусламж дэмжлэг хоёр орны эдийн засгийн харилцааг тэлэхийн зэрэгцээ монголчуудад орчин цагийн хэрэглээг таниулж, хуурай сүү, цагаан будаа, дизель станц зэргээр туслан дэмжиж байлаа. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон Улсад хийсэн айлчлалын үеэр болсон Монголын Соёлын элч нарын уулзалт ч сайхан сэтгэлд хил хязгаар үгүйн дээр өр нэхээгүй япон хүний болон Японд эх орныхоо нэрийг дуурсгаж буй олон арван залуусын эх орноо гэх дэврүүн тусч сэтгэлийг магтан сайшаах дүүрэн итгэлийг өгч байлаа.

Сүүлийн 20 орчим жилийн турш манай улсад сайн дураараа ажиллаж, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, соёлын салбарт олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Ээжүүдийн төгөл”-д сакура үрслүүлж буй Монголын Соёлын элч, хатагтай Сато гуай бол яах аргагүй үүний жишээ. Түүний сэтгэл, зүтгэлийн хүчээр өнөөдөр япончууд “Морин хуурын чуулга”-тай нэгд нэгэнгүй танилцаж, гайхамшигтай хөгжмийнх нь аялгуунд дурлан, сэтгэлийн таашаал өгөх өв соёл хэмээн хүндэтгэх болжээ. Энэ үеэр тэрбээр “Тэртээ хүйтэн дайны үед япон цэрэг Монголын сувилагч бүсгүйд хоолны саваа бэлэглэж байсныг нь саяхан олж, эзэнд нь авчирч өгсөн. Энэ бол дайн тулааны үед ч хүний сэтгэл гэдэг ямар сайхан элгэмсэг, нандин байдгийн илэрхийлэл юм шүү” хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт бахархангуй өгүүлнэ билээ. Японы алдарт зураач Шингэцү Шикандай ирэх дөрөвдүгээр сард Харумофүжи Д.Бямбадоржийн уран зургийн үзэсгэлэнг гаргахад бэлэн болсныг дуулгаад монгол зураачдын бүтээлийг эх орондоо сурталчлан таниулах чиглэлээр олон ажил хийснээ танилцуулсан нь бас л урлагт хил хязгаар, тэр дундаа уран бүтээлчдийн дунд үндэс угсааны ялгарлаас илүүтэй урлагт хайртай сэтгэл тэднийг нэгтгэдгийн илэрхийлэл яах аргагүй мөн биз ээ.

 Токушима мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн Каваүчи Широгийн тухайд Баянхонгор аймагт шинээр гурван цэцэрлэг барьж, ашиглалтанд хүлээлгэн өгөөд зогсохгүй Шаргалжуутын халуун рашааны эмчилгээг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхийг чухалчлан, ойрын зорилт тавин ажиллаж буйгаа дуулгасан гээд арлын орноос сэтгэл зүрхээрээ Монгол Улсыг дэмжиж, монголчуудын ажил, амьдралд онцгой хувь нэмэр оруулж буй тэдний цаашдын зорилт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын айлчлалын нэг том алсын хараа болж өгсөн юм. Мөн хоёр орны харилцаанд өөр өөрийн амжилтаар онцгой хувь нэмэр оруулж,  Япон дахь Монголын нэрийн хуудас болж яваа Японы сүмо бөхийн Их аварга Хакухо М.Даваажаргал, “Бумбардай” номын зохиогч, зураач “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-гийн тэргүүн Н.Эрдэнэбаяр нарын тухайд ч энэхүү уулзалтын үеэр өөрсдийн Соёлын Элчийн хувиар хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаар дараах танилцуулгыг хийв. Н.Эрдэнэбаяр зураачийн тухайд өдгөө 100 гаруй хүүхдийн зурагт ном буюу комикс бүтээж Японы зах зээлд борлуулсны танилцуулаад “Аливаа улс хооронд соёлын харилцаа гэдэг хамгийн чухал байдаг. Тэр дундаа орчин үеийн хүүхэд залуучуудад улс орноо таниулан сурталчлахын тулд юун түрүүнд контейнтээр дамжуулан улс орноо таниулан сурталчлах боломж өргөн дэлгэр бий болсон. Миний хувьд эх орныхоо үүх түүх, нүүдэлчин соёл, уламжлалыг комикс бүтээлээрээ дамжуулан сурталчлахыг чухалчилдаг” гэж байв. Их аварга Хакухо М.Даваажаргалын тухайд “Би сүмо бөхийн Их аварга болоод 12 жил болж байна. Энэ хугацаандаа “Хакухо” сангийнхаа шугамаар хоёр орны харилцаанд хувь нэмэр болохуйц олон ажлыг санаачлан хийсэн. Гэхдээ үүнд ганц би гэлтгүй Японы сүмо бөхөд барилдаж буй олон монгол сүмочийн хувь нэмэр орсон гэдгийг онцлоё. Ойрын хугацаанд энх тайвны хөшөө босгох бодол бий. Үүнийгээ ажил хэрэг болгоно. Мөн Монголынхоо тал нутагт 50 магадгүй 100 жилийн дараа ч гэсэн цагаан будаа тарьж ургуулна гэдэгтээ итгэж, боломж бололцоог сайтар судалж эхлээд байна” хэмээгээд цаашид ч Монгол Улсын хөгжил, тэр дундаа монголчуудынхаа аж амьдралд дэм тус болох олон санаачилга гаргаж, түүнийгээ ажил хэрэгчээр биелүүлэхээ илэрхийлсэн юм.   Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын Соёлын элч нарт хандаж “Та бүхэндээ сэтгэл зүрхээрээ Монголын төлөө зүтгэж байгаад тань талархал илэрхийлье. Соёлын элч бол дипломат үйл ажиллагааны маш чухал бүрэлдэхүүн юм. Та нар бол дипломат албаны нэг жигүүр юм” хэмээн талархал илэрхийлнэ билээ. Ингэж богинохон хугацаанд Монголын төлөө, эх орныхоо төлөө гэсэн Монголын Соёлын элч нарын сэтгэлийн үг, ирээдүйн төлөвлөгөөг сонсохтой зэрэгцэн “Сайхан сэтгэлд хил хязгаар үгүй” хэмээн үг үнэн болох бодолд хөтлөгдсөн тийм нэгэн өдрийг үдэв ээ, бид.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)