МОНГОЛ ЦЭРГИЙН СТРАТЕГИЧ БУЮУ ХУРАНДАА Н.ХАССУУРИЙН ГЭГЭЭН МӨР

2018-03-02 16:12:24

Урин дулаан зуныг санагалзах сэтгэлийн элч гэрэлд Туул голын жавар тачигнасан өглөөний мэн­дийг эрэхээр нэгэн айлыг зорьсон минь хөрөг нийт­лэлийн маань гол баатрынх байлаа. “Хурандаа Хас­суурийнх” гэсэн бяцхан эмээлт сэтгэл чангалж, цэргийн дэг жаяг, хатуу ширүүн тушаалын буулга дор хэрхэн ярилцах ухааны олохгүй тэрүүхэндээ л мэгдэж сандарсаар хаалгыг нь тогшив. Өдгөө 80 шүргэсэн өвгөн буурал гэдэг ганцхан төсөөлөл маань тэрхэн зуурт хаалга нээгдэхтэй зэрэгцэн уусан арилж, эртний танил настныдаа ирж буй мэт халуун дулаан түгэх нь тэр ээ. Баярлаж, талархсандаа эгээтэй л харц ахиж, “Хассуурь хурандаа байна уу” гэж асуусангүй. Азаар хамт очсон хамаатных дүү нь “За, сэтгүүлчтэй хамт ирлээ шүү, ахаа” гэсэн нь зорьж уулзахаар ирсэн Хассуурь гуайг мөн болохыг батлав. Ингэж л хурандаагийн хаалгаар гэнэ сэрэггүй, сэтгэлийн айдас арилж давсан тэр өдөр саяхных байлаа.  Гэхдээ уулзаж ярилцсан цаг хугацаа саяхных мэт боловч, он жилийн түүхийг нэхэн хүүрнэж, “Тулганд асаасан галын элчинд дулаацаж, тооноор салхи давтахад гэрт бүчиж дүүрсэн хөх цэнхэр утаанд нүд хорсож, хоолой загатнасан хэцүүхэн цаг үед хүүхэд байлаа шүү дээ, би чинь” хэмээх яриа нь яг л эрт холын цаг руу ухарч очсон мэт сэтгэгдэл үлдээн, бид танил “нөхөд” болж хувирав. Ингэж л армийн хурандаа Н.Хассуурь гуайн хөгжилтэй, нэгд нэгэнгүй бүр “А”, “Б”-гүй яриаг чагнаж суусаар аль хэдийнэ хоёр цаг өнгөрчээ. Энэ зуурт Хассуурь гуайн хань П.Бямбасүрэн эгч “Өвгөөн хоёр хүүхдэд хуушуур хайрч өгнө гэсэн яасан бэ” хэмээн хэрчиж бэлдсэн махаа харуулж, ойр зуур эргэлдэн, өвгөнийхөө яриаг чагнан сууна. Өвгөн хурандаа ч “Өө, за одоохон” хэмээн уриалгахан зөвшөөрч, яриандаа халж нөгөө л хүүрнэн өгүүлсэн хэвээрээ. 

Энэ хооронд ач нь бололтой хоёр дэггүй хүү “Өвөө, талхан дээр варень тавиад өг” хэмээн эрхэлж гуйх. Байр байдлаас нь харвал Хассуурь гуайтай цэргийн цол гуншинг нь хүндэтгэж ярилцахын зэрэгцээ амьдралын мөн чанар, хань ижлээ хайрлаж, хүндлэх ёсон, үр ачаа өр зөөлөн сэтгэлээр энэрэх энэрэл хайр, тэр дундаа гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг насан туршдаа авч үлдэхийн ухаан гээд илүү ихийг асууж тодруулмаар тийм л гүн гүнзгий сэтгэгдэл төрж байлаа. Хүний амьдралын эрээн, бараан, зовлон жаргал дунд тулж түших хань ижлийн нөмөр нөөлөг, эрдэм ухаан, халамж хайр шиг олз омог хаа байх вэ гэж бодогддог сэтгэлд тэдний зохицол ийн улам бүр хөг нэмж, “Амьдрал ийм сайхан” хэмээн дуу алдмаар сэтгэгдэл дүүрэн гэрээс нь гарахдаа гэр бүлийнх нь нандин сайхан харилцаанаас суралцмаар, түр саатаж суумаар ч санагдлаа. Ингэж эхэлж, ингэж дууссан бидний уулзалтын тэмдэглэлийг уншигч танд өөрийнх нь ярьсанчлан ёстой л “А, Б”-гүй хүргэе. Сайн хүний тухай сайхан түүх, сайхан амьдралыг цогцлоосон сайн жишээ гэдэг хэзээд хүнд сургаал, зөвлөмж өгдөг хойно яг үнэндээ үлдээх нэгээхэн ч хариуот олдсонгүй ээ.

Анчин хүү 
“Хүний амьдрал гэдэг дан ганц сайн сайхан бодлоос ургаж, цэцэглэдэггүй гэж би хувьдаа боддог. Ерөөсөө л хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр хүнийг өөд нь татдаг гэсэн миний зарчим бий. Би чинь хар бага наснаасаа ан гөрөө хийж, аав ээждээ туслахаас эхлээд насаараа л ажиллаж, хөдөлмөрлөж яваа хүн. Одоо ч бас зүгээр суухгүй. Энэ үгээ хүүхдүүддээ ч хэлнэ. Гэхдээ миний гурван хүүхэд чихнээс хонх уяж, амьдралыг маань хүнд хэцүү болгосон нэг ч удаа байхгүй. Намайг бага байхад манайх Архангай, Хөвсгөлийн дунд орших Гурван Яргайт гэж газар нутагладаг байлаа. Одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг байгаа юм. Аав маань нутагтаа гайгүй нэр хүндтэй мужаан, төмрийн дархан хүн байсан. Ан авд ч бас их сайн. Аав нь нутагтаа нэртэй заргач хүн байсан ч хоёр настайд нь бурхан болсон болохоор багаасаа амьдралын хатуу, хөтүү зовлон үзсэнийх байх их хөдөлмөрч, уйгагүй зүтгэлтэй хүн байлаа. Тухайн үед манай нутагт ганцхан нэгэн ламынх л зуух, яндантай байдаг байсан юм. Тэгэхэд манай аав Хатгал руу хүнд ажил хийж өгч ирээд гэртээ нөгөө ламын зуух, яндангийн хийцийг харж байгаад зуух, яндан хийж байсан түүхтэй. Харин миний хувьд дээрээ гурван эгчтэй болохоор том хүүгийн ёсоор ан, гөрөөнд нь аавдаа их хань болно. Ямар сайндаа л, таван дүүгээ сургуульд хүргэх, ан ав хийж хоол ундыг нь бэлтгэх үүрэгтэйгээр дөрөвдүгээр ангиасаа сургуулиас гарч байх вэ дээ. Гэрээсээ гараад 60 гаруй км газар дүү нараа хөтлөөд алхдаг байснаа одоо бодохоор хаяа бас гайхдаг л юм. Тэр хацар, ам юу ч болж байсан юм бүү мэд. Яадаг ч байсан дүү нараа хөлдөөчихгүй л хүн болгосон хүн дээ, би” хэмээн ярих түүний яриа цаашаагаа улам бүр хүч орж, 16-17 насандаа нэг дор хоёр ч гахай агнасан тухай сонирхолтой нэгэн сэдэв рүүгээ орлоо. Хэдийгээр өнөөдөр та бид энэ тухай сонсоод итгэхэд бэрх мэт боловч тэртээ 1940-өөд оны үед дэлхийн хоёрдугаар дайн дэгдчихсэн, Монгол Улсын хөгжил ямар төвшинд байсан билээ гэж бодохоор уул усаа дагасан монголчуудын амьдрал ерөнхийдөө л хангайгаас буян гуйж, аз нь таарвал баавгай, хандгай агнаж, амьдралын эрхээр тарвага, зурамтайгаа хөөцөлдөж явсан тэр л нэгэн өдөр тутмын амьдралынх нь тэмцэл, тэмдэглэл байсан нь мэдээж. Учир нь, та бидний амьдрал өөр өөрийн цаг хугацаандаа бичигдэж, өнөөдрийн хөгжил дэвшил маргаашдаа үгүйсгэгдэж, маргаашийн үнэн ирээдүйд гайхагдах тийм л жам хийгээд жишигтэй нь үнэн юм. Тиймээс ч Хассуур хурандаагийн гахай агнасан түүхийг хуваалцая. 
Анхалж л 12 настайгаасаа ан, ав хөөцөлдөж эхэлсэн нь дээр хэлсэнчлэн нөгөө л амьдралын шаардлага. Аав, ээжийнх нь нас ахиж, арвын арван хүүхдээ хооллож ундлах, хувцаслах нь бэрх болохтой зэрэгцэн тэрбээр тусад орж эхэлсэн нь энэ. Тэр үед нэдлийн зохион байгуулалт ч олигтой сайн болоогүй байсан тул бусдын тус дэмжлэг гээд байх зүйл байгаагүй гэнэ. Ердөө л “том хүү” гэсэн хүндлэл нь хариуцлага, ачаа даах үүргээр солигдож эхэндээ хэрэм агнаж сургасан байгаа юм. Хэрэмнийхээ арьсыг хот руу жин тээдэг хүмүүст борлуулна. Ангийн туршлага нь нэмэгдэхийн хэрээр хаа нэгтээ үнэг агнаж, тэрүүхэндээ хөөрхөн орлого олчихно. Яваа яваандаа Жаргалантын бэлчээрт нутаглахаас эхэлж гахайтай хөөцөлдөж эхэлж. Гэхдээ хүссэн санасан ан санааны зоргоор олдохгүй. Энэ үедээ буюу өвлийн эхэн сард, ид жавар тачигнаж эхлэхтэй зэрэгцэн Жаргалантын бэлчээрээс Мойлт руу ордог замаар нэлээн олон гахай газар хадарч явсан мөр олж харж л дээ. Өөрийнх нь ярианаас бодвол амьхандаа анчин болчихсон хүний ёсоор урам орж, мөр мөшгиж явсаар, барааг нь харахтай зэрэгцэн буу тавьж, хоёрын хоёр бодон агнасан гэж байгаа. Тэр тухайгаа “Шархадсан бодон ч бас эвгүй шүү. Шүдээ тачигнуулаад цаанаа л их сүр бараатай” хэмээн хуучлах агаад харин энэ тухайгаа аавдаа яаран сандран гүйж очиж хэлэхэд нэг хэсэгтээ л үгэнд нь итгээгүй гэдэг. Гэхдээ аав маань намайг “Малгайгаа өлгөж, тэмдэг тавьж үлдээсэн” гэхэд “Яадаг ч байсан очиж үзий” гээд дагаж явж байсныг би одоо их сайн санадаг. Замдаа “Миний хүү чинь ухаантай, ухаангүй л явж дээ” гэж ярьсаар ангийн олзон дээр нь ирээд “Миний хүү хоёр том сувай мэгж агнасан байна шүү. Сайн байна” хэмээн урам өгчээ.  Энэ тухайгаа тэрбээр “Анхны маань том ан юм болохоор миний баярласан ч гэж юу гэхэв. Хоёр нүднийх нь бараг л голд оносон гэхээр овоо хөөрхөн мэргэн буудсан шиг байгаа юм. Тэр даруй “Надмидын хүүхэд хоёр мэгж унагаж гэнэ” гэдэг мэдээ нутаг оронд түгж, хавь ойрын айл хотолд бүгдэд нь л ангийн олзоо хуваалцаж нэлээн шаггүй том ярианы эзэн болсондоо” хэмээн хуучилна билээ. Ингэж анхны том олзноосоо урам орсон түүний хувьд гахайн нь ан үүгээр дуусаагүй мэдээж. Олз омог нь улам бүр арвин болж, ар гэрийнхээ өмнө “том ахынхаа” үүргийг гүйцэтгэхдээ ч гаргууд сайн болж иржээ. Энэ үед нь гэр бүлээрээ нүүдэл хийж, тухайн үеийн Архангай аймгийн Мөрөн суманд ирснээр анчин хүү адуучин болж, нэгдлийнхээ хамгийн ааштай, омголон адууг номхотгох үүрэг хүлээх болжээ. Нэгдлийн төлөвлөгөөг биелүүлэх үүргийн хүрээнд ан авдаа ч мэдээж давхар явна. Энэхүү ан сайн хийдэг чадвараасаа болж бүр 23 нас хүртлээ цэрэгт явалгүй “арын хаалгадсан” гэж байгаа. Гэхдээ өөрийн хүсэлтээр бол биш шүү. Тухайн үеийн Архангай аймгийн Мөрөн сумын нэгдлийн дарга байсан Р.Минжүүр (хөдөлмөрийн баатар)гуай ээжийнх нь ойрын хамаатан тул төлөвлөгөөний биелэлтээ бодоод сугалж авч үлдээд байсан нь энэ. Харин Р.Минжүүр даргыг Тариат сумын нэгдлийн дарга болохтой зэрэгцэн шууд цэрэгт явах шийд-вэр гаргаж, эндээс л хурандаа Хассуурийн цэргийн амьдралын түүх эхэлжээ. 

Хурд 
Энд нэг зүйлийг зориуд тод-руулж хэлэхэд хүний хувь заяа, зурсан зураг гэж бий хэмээн настан буурлууд олонтаа ярьдаг даа. Яг үүн шиг нэгэн гэнэтийн аз тохиолдсон нь тухайн үед цэрэгт татах насыг 23-аар хязгаарладаг байсантай холбоотой. Гэтэл Р.Минжүүр даргыг нутаг сэлгэж, Хассуурь хурандааг цэрэгт явах шийдвэр гаргахтай зэрэгцэн цэргийн насыг 25 болгож нэмсэн нь яах аргагүй азтай тохиолдол болжээ. Учир нь, нэгдлийн адуу маллаж, ангийн арьсны төлөвлөгөө биелүүлэх үүрэгт уягдсаар 23 нас хүрч, цэргийн наснаас хасагдах болсон байсныг нь бодоод үзээрэй. Гэхдээ анхандаа түүний бодолд цэргийн дарга болох, өөрийн жолоочтой байх тухай нэг ч зорилго, бүр үг өгүүлбэр ч байгаагүй гэнэ билээ. Зөвхөн л жолооч болчихоод нутагтаа ирэх тухай бодсоор л Улаанбаатарт ирсэн нь энэ. Тухайн үед эхний ээлжинд бага даргын сургуульд сургачихаад дараа нь жолоочоор сургадаг байж л дээ. Харин тэрбээр амихандаа жолооч болохоо л хамгийн том боломж гэж итгэчихсэн ийнхүү  карантинид гарахаар алхаж яваад урд жил нь цэрэгт ирсэн нутгийн найз Г.Баасанжавтайгаа таарчээ. Ан авд хамт явж, тарвага зурам хөөцөлдөж явсан найз нь Цэргийн ерөнхий эрдмийн сургуулийн Бага даргын сургуульд сурч байгаагаа дуулгаж, өөрийн сургуульд орохыг зөвлөж гэнэ. Үүгээр ч зогсохгүй өөрийг нь нутгийн ах болох өөрийн дарга Гүнчин-Иш гээд Архангай аймгийн Хашаат сумын хүн дээр Мөрөн сумаасаа ирсэн арав гаруй залуусын хамт дагуулж очоод шалгуулж. Шалгалтын тухайд тэр-бээр “Тухайн үед бичгийн хэв, тоо, ганц нэг өгүүлбэр л уншуулж байсан байх. Би сургуулиасаа гарсан ч ном их уншдаг байсан болохоор уншихад бол тороогүй. Тэр бичгийн хэв ч мэдэхгүй ээ. Хэцүүхэн байсан байх. Гэхдээ яадаг ч байсан би өөр нэг нөхөртэй, хоёулаа тэнцэж, бага даргын сургуульд орсон юмдаг” гэж ярина билээ. Ингэж багын найзаа цэрэг армид оруулж, тэрүүхэн тэнд-ээ нутаг, усны холбоо хэлхээгээ ашигласан бага даргын сургуулийн сонсогч Г.Баасанжав нь хожим генерал цол хүртэж, Хассуурь ху-рандаатай олон жил нөхөрлөсөн түүхтэй.
Улмаар Цэргийн ерөнхий сургуулийг бага даргаар төгсч, сургуульдаа бага даргаар үлдсэн цагаасаа хойш буюу 25 наснаасаа тэрбээр жинхэнэ утгаараа цэргийн хүн болж, ажиллах, суралцах гэдэг хоёр боломжийг ёстой л гэрлийн хурдаар ээлж дараагаар нь ашиглаж чадаж байжээ гэсэн сэтгэгдэл төрүүллээ. Бага дарга болонгуутаа шууд Цэргийн ерөнхий сургуулийг эргээд офицер бэлтгэж эхэлсэн даруйд нь  офицерийн ангид орж, сургуулиа 1965 онд онц дүнтэй, дэслэгч цолтой төгссөн байгаа юм. Үүнийхээ дараа  хоёр жил ажиллах хугацаандаа аль хэдийнэ өөрөө өөртөө буюу дотор хүндээ ЗХУ-руу сургуульд явахаар шийдээд бэлдээд эхэлсэн гэдэг.  Тухайн үедээ яг шууд явах хүсэлтээ гаргая гэхээр аравдугаар ангиа төгсөөгүй учраас яаж ч хичээгээд нэмэргүй гэдгийг ойлгож. Ингээд л хоёр жилийн хугацаанд Багшийн дээд сургуульд сурч байсан Чанцал хэмээх дүү охиныхоо найз, онц сурлагатан Далайхүүгээр хоёр жилийн турш математик, хими, физикийн хичээ-лийг бие даан заалгаж овоо дөртэй болсон гэдгээ мэдрэхтэйгээ зэрэгцэн арван жилийн сургуульд долдугаар ангиасаа орох шалгалт өгч. Харин шалгалтын комисс шалгалтынх нь материалыг хараад “Чи есдүгээр ангид ороход болохоор байна” гэж хэлснээр, хоёр жилийн дотор аравдугаар ангиа төгсч, 1970 онд өөрийн хүссэнчлэн тухайн үеийн ЗХУ-д цэргийн эрдмээр сурах хүсэлтээ илэрхийлж, шалгалт өгөөд тэнцжээ. Мөн тэрбээр хоёр ч удаа ЗХУ руу сургуульд явахад эрх олгох шалгалтыг нь авсан Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Сэрээнэнгийн Галсан гуайд маш их баярлаж явдгаа илэрхийлж “Галсан багш хатуудаа хатуу. Гэхдээ аливаа зүйлийн наад, цаад учир начрыг сайн ойлгодог учраас Цэргийн академид явсан олон ч залууст боломж олгосон хүн шүү” хэмээсэн юм. Энэ бол яах аргагүй амжилт бүрийнхээ ард ач гавьяа санах сэтгэлээ үл мартаж, хэзээ хойно ч үр хүүхэддээ сайшаан ярих сэтгэл зүрхтэй нэгэн болохыг нь илэрхийлэх магтаал байсан гэдэгт итгэж хөрөг нийтлэлдээ тодотгон оруулах нь зөв хэмээн санагдаж байлаа. Ингэж ЗХУ-ын Москва хот дахь М.В.Фрунзын нэрэмжит ерөнхий цэргийн академид хэлний бэлтгэлтэйгээ дөрвөн жил сурал-цаад ирсэн түүнд тухайн үедээ ер нь л бүх юмыг мэддэг болчихсон сэтгэгдэл төрсөн гэнэ дээ. Ерөөсөө л цэргийн эрдэмд төгсөрчихсөн юм шиг бодол байнга толгойд нь эргэлдээд “ёстой хамгийн мундаг сургуульд нь боломжийн сайн сур-чихлаа даа” гэж бодохоор өөрийнх нь одооны хэлж байгаагаар бол юм болгон л жижигхэн харагдаад байсан гэдэг. Сонирхолтой л хэрэг. Гол нь хойшоо сургуульд очсон эхний үедээ Монголоос очсон оюутнуудаас хамгийн тааруухан нь байсан бол курс дээшлэхийн хэрээр сурлагын амжилтаа ахиулж, төгсөхдөө нэлээн дээгүүр бичигдсэн нь тэр л цаг үедээ аатай, гаатай сэтгэгдэл төрүүлсэн байж болох ч эргээд харахад хэн хүний дайраад гардаг залуу насны гэм зэмийн нэг байсан бололтой тэгс хийгээд дарагдаад, дараад “номхорчээ”. Харин яагаад дөрөвдүгээр ангиасаа сургуулиас завсардсан хэрнээ хэзээ хойно орсон сургуулиудаа заримыг нь онц төгсөж, заримыг нь гайгүй сайн оноотой төгсөөд байсан учрыг нь асуувал тэрбээр “Хүн өөрийгөө голохын хэрээр бүх зүйлдээ анхаарч, ултай суурьтай ханддаг болоод ирдэг. Тэр хэрээр өөрийнхөө юуг хийж болох, юуг хийж болохгүйг ойлгоно. Би ер нь бол нэг “За ингэх ёстой шүү” гээд бодчих юм бол ард нь гарч байж санаа амардаг хүн. Энэ чанар маань овоо дориун суралцахад нөлөөлсөн байх. Харин хор шарын тухайд бол надаа ёстой оволцож, омгорхоод байх хор шар байдаггүй. Зүгээр л хийх ёстой зүйлээ л сайн хийхийг хичээхээс бус харин ч сэтгэлийн хөдөлгөөн харьцангуй багатай хүн шүү дээ” гэдэг хариулт өгч байв. 

Армийн бодлого тодорхойлогч 
ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг монголчууд ч, оросууд ч Генералын академи гэдгээр нь сайн мэднэ. Уг академийг төгссөн бүх төгсөгч генерал цолтой болдог бичигдээгүй дүрэм бий. Гэсэн ч Хассуурь хурандааг генералын цол тойрчихсон. Уг нь тэрбээр 42 настайдаа уг академид суралцах хүсэлт гаргаж, шалгалт өгөөд тэнцэж хоёр жил суралцсан. Хэдийгээр төгсөж ирэхэд нь дүрэм журам ёсоор хурандаа цол өгсөн ч хожим генерал цолонд тодорхойлсон тухай яриа хоёр ч удаа гараад таг болжээ. Тэр ч бүү хэл хоёр дахь удаагийн тодорхойлолтын үеэр “Танд хоёр малгай хийсэн. Нэгэнт авах юмыг одоо авчих” гээд генералын малгай өгчихсөн гэдэг юм билээ. Өнөөдрийг хүртэл тэрбээр уг малгайг бэлгэдэл хэмээн хадгалж яваа ч бодит байдал дээр “Генерал болсонгүй” гэж гомдоллох зүйл алга гэдгээ ярилцлагын үеэр хэдэнтээ давтсан юм. Учир шалтгааныг нь тодруулбал “Энэ бол миний өөрийн болдоггүй амтай холбоотой байсан асуудал. Би чинь армийнхантайгаа их сайхан харилцаатай. Харилцан тушаал өгч, аваад яг л ном журмаараа явна. Харин нам руу очоод, намынхантай уулзахаараа хэл ам буруу тийшээ явчихдаг байсан хүн. Наана нь иргэд ч, цэргийнхэн ч бүгдээрээ ажиллаад л байна, зүтгээд л байна. Гэтэл яг ажил дүгнэх болчихоор төр засгийнхан нь өмнө нь гараад зогсчихдог. Болсон болоогүй намын үүрийн хурлаараа дарамтлана. Тэгэхээр нь хурал дээр босоод хэлчихдэг байсан юм. Ажил хийхгүй байж бусдын ажлыг өмчлөхөө болих хэрэгтэй гэх мэтээр би чинь хэлэх үгээ ёстой хэлсэн шиг хэлчихдэг байлаа шүү дээ” гэв. Харин сүүлд түүний төрсөн дүү болох Гадаад худалдаа, хангамжийн яамны орлогч сайд, сайдаар олон жил ажилласан Н.Бавуу генерал цолны тухай сэм асууж сураглахад “Намаас зөвшөөрөөгүй ээ” гэдэг хариулт хэлж байсан нь түүний үг байндаа зөв тусч байсныг нотлох биз ээ. Гэсэн ч цэрэг, армид хурандаа Н.Хассуурь хэн байсан юм бэ гэдгийг тодруулахаар дэслэгч генерал Ш.Арвайтай уулзаж, ярилцахад тэрбээр “Би хурандаа Н.Хассуурьтай 1982-1984 оны хооронд ЗХУ-ын Жанжин штабын академид хамтдаа суралцаж байлаа. Төгсөж ирээд би 1984-1989 оны хооронд Батлан хамгаалах яамны Зэвсэг техник хариуцсан орлогч сайдаар ажилласан. Энэ үед манай Хассуурь, манай яамны Жанжин штабын Оперативын газрын даргаар томилогдсон. Би Хассуурийгаа Монгол Улсын цэргийн салбарын их стратегичийн нэг гэж бодож, хүндэлдэг. Жанжин штабын Оперативын газрын дарга гэдэг бол цэргийн штабын тархи нь болж байлаа. Штабыг зүрх гэж үзвэл тархи нь Оперативийн газар байсан юм. Яагаад гэхээр Монгол Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлын бодлогын асуудлыг мэргэжлийн төвшинд боловсруулж, төлөвлөж, хэрэгжилтийг нь хянаж, удирддаг судлаачдаас бүрдсэн баг тэнд байсан. Энэ багийг удирдах үүргээ маш сайн биелүүлсэн. Тэр үедээ би агуу, их сайн стратегич гэж боддог байсан. Одоо ч хэвээрээ. Биднийг Жанжин штабын академи төгсөөд ирэхэд дэлхий өөр болчихсон байлаа. Дэлхийн батлан хамгаалах салбарын бодлого үндсээрээ шинэчлэгдэж байсан тэр үед Хассуурь маань Оперативийн газрын даргын хувиар Монголын батлан хамгаалах салбарын цэргийн уламжлалт бодлогыг дэлхийн цэрэг армийн бодлогын шинэчлэлтэй хэрхэн уяж, зөв зүйтэй чиглэлээр нь нэгтгэн хослуулах вэ гэдэг тэр бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлсэн хүн юм шүү дээ. Үндсэндээ Монголын цэрэг армийн бодлогыг дэлхийн төвшинтэй эн зэрэгцэн хөгжихөд чухал эгзэгтэй цаг үед онцгой хувь нэмэр оруулсан хурандаа юм. Бүхэл бүтэн улс орныхоо аюулгүй байдал, цэрэг армийн бодлогыг алсын цаг хугацааг нь харж онол, практикийн хувьд тодорхойлно гэхээр яаж ч бодсон өндөр маштабын хүн болж таарч байгаа биз” хэмээнэ билээ. 

Дайчилгааг дайчлагч 
Яг ингээд анчин хүүгийн тухай, жолоочоос офицер болсон түүх, генерал цолны хүлээлт, дэслэгч генерал Ш.Арвайгийн Н.Хассуурь хурандаад өгсөн тодорхойлолт гээд хувь хүнийх нь тухайд тодорхойлолт өгөхүйц хангалттай олон мэдээлэл оруулсан мэт санагдах ч эргээд уншихад дутуудсан мэт олон сэдвийг үлдчих вий гэсэндээ дахиад л сэдэв хөөв өө. Гол нь цэргийн алба гэдэг өөрөө нарийн дэг жаягнаас гадна ангийн захиргаа, зэрэг дэв гээд олон нарийн хэм хэмжүүр байдаг учраас тэр бүхнийг нь тусад нь салгаж, мэдээллэхийг зорив. Тэрбээр ул суурьтай сурахыг хүсдэг байсан шигээ бас л ул суурьтай ажиллахыг чухалчилдаг байсан гэдгээ онцолсон. Курсын орлогч, жагсаалын дарга, Мот буудлагын хорооны Тагнуулын тусгай ротод салааны дарга дэслэгч, Тагнуулын тусгай ротын захирагч, ахмад дэслэгч,  Зэвсэгт хүчний оперативын хэлтэст оператор, Цэргийн дайчлах газарт орлогчоор ажилласан. Энэ талаараа “Хүмүүс Дайчлах газар гэхээр ойлгохгүй байж магадгүй. Би чинь тухайн онд улсын хэмжээнд хэдэн хүүхэд төрж, хэдэн эрэгтэй хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаагаас эхлээд орон нутгийн залуусын өвчтэй, өвчингүй, халдвартай халдваргүйг хүртэл нарийвчилж тоолж, хүнд хэцүүг нь эмчид аваачиж өгч, зааж зөвлөж, бараг эмч шиг ажилладаг байлаа. Монгол Улсын бүх аймгаар явсан. Залуучуудыг бол ёстой л нас хүйсээр нь тэмдэглэнэ. Тэр үед бэлгийн замын өвчний халдвар бас л их байсан. Бид нар чинь өөрсдөө эмч рүү оруулна. Их хэцүү. Дээр нь, цэргийн сургуулилт хийлгэж, цэрэгт ирэхэд ямар нэгэн хүндрэлгүй байх хэмжээнд бэлтгэнэ. Энэ бас их том давуу тал. Тэрүүхэн тэндээ нэлээн ачаалал нэмнэ. Ерөнхийдөө бол цэргийн дайчилгааг бүрэн дүүрэн байлгах, Монгол Улсын армийн аюулгүй байдлыг хамгаалахад ажил үүргийн хуваарь маань чиглэж байлаа” хэмээв. Түүний удирдлагад ажиллаж байсан Г.Бүүвдэй хурандаа “Манай Хассуурь хурандаа чинь их дайчин ажилсаг, шуурхай, асуудлыг яг таг хийж гүйцэтгэдэг дарга байлаа шүү дээ” хэмээн бас л сайшаал, магтаалын үг хэлсэн нь чихнийхээ хажуугаар өнгөрөөх аргагүй бахархалтай сайхан олон олон үгний нэг байсан гэдгийг тодотгоё.

Нууц хадгалагч 
Хассуурь хурандаа цэрэг армид өнгөрүүлсэн цаг хугацааныхаа тухайд “Сайхан мэргэжил, сайхан сургууль, хамт олны буянаар Батлан хамгаалах яамны Ерөнхий хэлтэс гэж одоогийнхоор бол Тамгын газрын даргаар гурван жил ажилласан. Тэгэхэд Ж.Ёндон сайд Ерөнхий хэлтсийг Оперативын газарт даалгасан нь дээр гэж шийдээд намайг Оперативын газрын орлогч дарга болгож, би тэндээсээ чөлөөндөө гарсан. Ёстой цэргийн гал тогооноос эхлээд стратеги төлөвлөлт гээд бүх асуудлыг хариуцдаг байсан. Гэхдээ миний хувьд ерөнхийдөө 1992 онд өргөдлөө өгсөн нь цаг үеэ мэдрээд, биеийн танагтай, хүчтэй тэнхээтэй байгаа дээрээ жаахан чөлөөтэй ажиллаж үзье гэдэг бодолтой холбоотой байсан” гэнэ билээ. Энэ шийдвэрийг нь Ш.Жадамбаа генерал тухайн үед нэлээн эсэргүүцэж, удтал хүлээлгэсэн ч хурандаа Хассуурийн шийдвэр нэгэнт гарсан байсан тул удаан хүлээлгэлгүй хүсэлтийг нь шийдвэрлэсэн гэдэг. Гэхдээ яг энэ сэдвийн тухайд тэрбээр цэрэг армид ажиллаж байсан хүн юу юугүй өмнө нь хийж байсан ажлаа яриад, болсон болоогүй худлаа мэдээлэл цацаад сууж болохгүй гэдэг зарчмыг хэзээ ч мартаж болохгүй гэдэг үүднээс үүрэг хариуцлагатай нь холбоотой мэдээ мэдээллийг тодруулахыг хичээх бүрт болгоомжтой хандаж, “Цэргийн нууц бол цэргийн л нууц шүү дээ” хэмээн хариултгүй буцааж байв. Учир нь, цэрэг бол аль ч улс орны аюулгүй байдлын дархлаа байдаг. Энэ утгаар чөлөөнд гарсан хурандаа байна уу, ид тушаалаар ажиллаж яваа хурандаа байна уу гэдгээс үл хамааран ам нь үдээтэй байх нь зөв ч юм болов уу гэсэн бодол төрж байлаа. 

Бавуу сайд баавгайтай барилдсан нь 
Хассуурь гуай ярилцлагынхаа үеэр тоолж, тэмдэглэж үзвэл дээд дөрвөн үеэ, тэднээс салбарлаж, өсч төрсөн хүүхдийн хүүхэд, хүүхдийнх нь хүүхэд гэх мэтээр доошоо дөрвөн үетэй нь өлхөн нэрлэж, ямар ажил хөдөлмөр эрхэлж, хаана хэрхэн амьдарч байгааг нь ёстой нүднийхээ булангаар дээшээ харсан шигээ сууж байгаад дээр хэлсэнчлэн ёстой л эг, маггүй тоочин өгүүлэх юм. Бүр хүргэн, бэрүүдийг нь хүртэл нэрлэж байна гэж юу гэх вэ. Тэр бүү хэл, өвчин хуучийг нь хүртэл нэгд нэгэнгүй ярьж байгаа нь бас л гайхмаар. Энэ дундаа тэрбээр 16 нас хүртлээ ээжийнхээ өвөрт унтсан хамгийн бага дүү болох хошууч Даваажанцангаа яриад нүдэндээ нулимс цийлэгнүүлэв. Өөртэй нь хамт олон ч жил цэрэг армид ажиллаж, анд ч, бизнест ч нэг нэгэндээ түшиг болж явсан болохоор арга ч үгүй байх. Түүнчлэн 15 гунжин үнээ нэгдлээс авч, арай хийн амьдралтайгаа залгаад байсан Дулмаа дүүгээ ээжтэйгээ хамт шилжих хуудас авахгүйгээр дур мэдээд Улаанбаатар хот руу нүүлгэснээ яриад тэрүүхэн тэндээ инээмсэглээд авсан. Дүү нь хожим Цэргийн оёдлын үйлдвэрт ажиллаж  байгаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болж, дүүгээ Улаанбаатарт оруулж ирсэн ахын сэтгэлд баярлах сэтгэгдэл төрсөн болохоор арга ч үгүй байх. Харин зулай гишгэж төрсөн Гадаад худалдаа, хангамж хариуцсан орлогч сайд, сайд Н.Бавуу гуайн тухайд баавгайтай барилдсан гэдэг нэгэн онцгой ярианы эзэн байхыг нь уншигч танд дуулгая. Энэ тухай 1991 оны “Оюун далай” сэтгүүлд сэтгүүлч С.Оюунчимэг бичсэн бөгөөд нийтлэлийн агуулгыг товчлон хүргэхэд “Аав, ахыгаа дагаад ангийн хорхойтой болсон Н.Бавуу сайд нэгэн өвлийн эхэн сарын дундаар амралтаа авч, Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн хариуцлагатай на-рийн бичгийн дарга Н.Буяндэлгэр, Гадаадын жуулчдыг үйлчлэх газрын орлогч дарга Л.Баяртогтох нарын хамт Галтайд байгуулсан ангийн отгийг зорьсон байгаа юм. Замдаа  БНПАУ-ын иргэн профессор н.Крупка, ажилтан н.Шаневски, тэднийг дагалдан яваа отгийн ахлагч Цэрэндорж, ажилтан Бүүвэй нарыг нэгтгэж явах замдаа зэрлэг гахайн мөр олж харжээ. Харин хайсан гахайгаа олохтой нь зэрэгцэн араас нь бүрзгэр бор зүсмийн их том баавгай гарч ирж, Н.Бавуу сайд руу дайрах үед гэнэт сандарсандаа гараараа ам руу нь цохиж, хазуулаад орхиж. Энэ бүх болсон явдлыг нь нарийвчлан “Бавуу сайд баавгайтай барилдсан нь” хэмээн тодорхой бичсэн нийтлэлийг дэлгэрэнгүйгээр нь олж уншихыг хүсвэл “Оюуны далай” сэтгүүлийн 1991 оны дугаа-рыг хараарай. 

Гэр бүлийн хүндэтгэл
Ярилцлагын цаг мөчид удтал дуугүй байсан Хассуурь хурандаагийн хань П.Бямбасүрэн эгчээс нөхрийнх нь талаар асуухад олон сайхан үг хэлснээс түүвэрлэн хүргэвэл “Би цэргийн нягтлан байсан. Ах маань бид хоёрыг танилцуулсан. Надад хоёулаа танилцая гэж хэлснээсээ хойш хоёр жилийн дараа албан ёсоор гуйж, амьдралаа холбосон. Одоо ханилж суугаад 50 дахь жилийнхээ ойтой золгож байна. Манайх гурван сайхан хүүхэдтэй. Үнэндээ миний ханийн боловсол мэдлэг, нөмөр нөөлөг л энэ амьдралыг түшиж явна уу даа гэж би боддог. Эрэгтэй хүн ухаантай байхын хэрээр айл гэртээ сайхан өмөг түшиг болж, үр хүүхэд нь зөв хүмүүждэг. Миний хань тийм л хүн. Үнэхээр эр хүнд байдаг бүх л сайхан чанар ханьд маань бий. Даруу төлөв гэж жигтэйхэн. Архи уухгүй, тамхи татахгүй. Би бол ханийнхаа хүчинд л өдий зэрэгтээ яваа гэж өөрийгөө боддог. Амьдралдаа үнэндээ надаа ганц удаа хатуу ширүүн үг хэлж байсангүй. Жигтэйхэн сайхан халамжтай. Хэзээ ч би цэргийн хүн гээд гэртээ тушаал өгч, үр хүүхдээ командалж, хатуу ширүүн ааш араншин гаргаж байгаагүй хүн дээ. Армид ч “хамгийн томоотой хурандаа Хассуурь” гэдгээрээ алдартай байсан хүн. Яаж ч хайсан үнэндээ миний нөхрийн талаар муу үг хэлэх хүн Монголын армиас олдохгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ бол миний хамгийн том бахархал юм” хэмээсэн юм. Түүнчлэн дэслэгч генерал Ш.Арвай ч мөн “Гэр бүлийнх нь талаар үг хэлмээр байна аа. Манай Хассуурын хань Бямбасүрэн маш сайн эмэгтэй. Цэргийн хүний хань ижил гэдэг хэн хэнээс илүү түшиг тулгуур байдаг. Манай Хассуурийн Хасцэцэг, Гантулга, Ганхуяг гэж гурван хүүхэд өнөөдөр Монголын бас л бахархалтай сайхан залуусын төлөөлөл. Үнэхээр гайхамшигтай гэр бүл. Хүн чинь амьдралдаа нэр төр, өв уламжлалаа өвлүүлж, удам угсаагаараа бахархаж явах бахархлыг үлдээх учиртай юм. Манайх Хассуурийнх ёстой л тийм гэр бүлдээ” гэсэн бол дэслэгч гене-рал Ц.Дашзэвэг “Хамт суралцаж, гэр бүлээрээ ойр дотно яваагийн хувьд Хассуурь хурандаагийн гэр бүлээр маш их бахархдаг. Хассуурь хурандаа маань ёстой л нэг ховордсон жинхэнэ төрийн хар хүн. Хэлсэн бол хэлсэндээ, амласан бол амлалтандаа, тушаасан бол тушаалдаа үнэнч явдаг эр хүн. Гэр бүлийнх нь харилцаанаас ч бид нар үлгэр жишээ авдаг даа” гэсээр үг харамлахгүй магтана билээ.
Харин Хассуурь гуай болохоор “Нас сүүдэр явчихлаа. Нас 80 шүргээд байна. Ханьтайгаа айл гэр болж, гал голомтоо асаасны 50 жилийн ой энэ оны сүүлээр тохионо. Тэр өдрөө нэг сайхан тэмдэглээд өнгөрүүлчих бодол байна. 50 жил гэдэг чинь бараг хүний нэг амьдралын нас биз дээ. Сайхан хүүхдүүдээ цуглуулаад хоолонд орно. Миний хань чинь намайг ид ажиллаж байх хугацаанд гэр бүлийнхээ бүхий л ачааг надаас хамаарахгүй үүрсэн хүн. Тийм болохоор би ханиа чөлөөнд гарсан цагаасаа хойш амраана даа гэж боддог байсан бодолдоо хүрэх гэж хичээдэг юм” гэж байна билээ. Яг энэ ярианаас эхлээд Хассуурь хурандаа болон Бямбасүрэн эгчээс гэр бүлийн үнэт зүйлийн талаар асуухад Бямбасүрэн эгч “Миний хань намайг чөлөөнд гарсан цагаасаа эхлээд одоо амар гэсэн дээ. Яг үнэндээ эгч нь одоо хоол хүнсний үнээ ч мэдэхээ больсон. Хассуурь хоол хүнсээ цуглуулна. Хоолоо хийнэ. Чөлөөнд гарахдаа хэлсэн “Залуудаа би чамаар бүх л юмаа хийлгэж халамжлуулсан. Одоо чи минь амар, одоо би халамжилна аа” гэсэн үгэндээ жинхэнэ утгаар хүрч байгаа хүн” хэмээн анх гэрт нь зочлоход төрсөн тэр сэтгэгдлийг улам бүр лавшруулсан хариулт хэлсэн юм. Хассуурь хурандаа ч “Манай хүн гэртээ шал угааж, хувцас угаах хоёр л ажил хийдэг. Бусдад нь би гар хүргэхгүй ээ. Бүгдийг нь хийнэ. Амласан бол амласан шүү дээ. Ер нь би хувьдаа гэр бүлийн амар тайван байдлыг маш их чухалчилдаг. Аливаа хүний гэр бүл амар тайван байсан цагт илүү сайхан аз жаргалтай амьдарч чаддаг. Ханиа амраана аа” хэмээн эхнэрийнхээ магтаал, талархал, сайшаалыг баталгаажуулсан юм. Эндээс зөвхөн залуу хосууд гэлтгүй нас ахихын хэрээр гэр бүлийн хүмүүс нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, амьдралынхаа үнэ цэнтэй дурсамжийг хамтдаа бүтээхэд хэзээ ч битгий цаг хугацаагаа харамлаарай гэж зөвлөе. Учир нь, энэ бол тэдний үгнээс үг болгон дайх сайн сайхан сургамж юм. Хурандаа Б.Өлзий, хурандаа Г.Бүүвдэй ч тэдний энэхүү эрхэм сайхан чанарыг олонтаа дурсаж, үргэлжид сайхан байдаг гэр бүлийнх нь нандин чанарыг цэрэг армийн арвин туршлагатай хамтад нь сайшаан магтаж байсныг товчлон хүргэе. 

Эцэст нь дайх Хурандаагийн үг 
Уулзалтын төгсгөлд Монголын цэрэг арми хийгээд Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын талаар түүний хэлсэн “Сүүлийн үед Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб гэж удирдах газар нь хоёр өөр нэр хаягтай болсонд би шүүмжлэлтэй ханддаг. Бидний үед чинь Батлан хамгаалах яам нь Зэвсэгт хүчний жанжин штабаа удирддаг. Сайдыгаа бос гэсэн газар нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь босч, суудаг байлаа. Далд ор гэвэл яг үнэндээ далд орно. Одоо бол адилхан эрхтэй хоёр яам болчихоод байна. Ийм байж болохгүй. Одоо л энэ эмх замбараагүй байдлаа эвлэрүүлж, засч чадахгүй бол цаашид цэргийн эмх цэгц алдагдаж мэднэ. Ингэж болохгүй гэж боддог” гэх түүний зөвлөгөөг төгсгөлд нь хүргэе. Мөн “Цэрэг хүн өлсөж сур. Цадаж сур, зэмлүүлж сур гэсэн үг байдаг. Үүнийг бодож, цэрэг нь цэрэг шиг, дарга нь дарга шиг байх хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг нь ч давхар дайя. Учир нь, насаараа Монголын армид зүтгэж, цэргээс нь хурандаа хүртэл дэвшиж, ОХУ-д хоёр ч их сургуулийг нь дүүргэж, генералуудын армид хөл тавихад цаг хугацаатай уралдаж явсан хурандаа Хассуурийн үг нь үнэн, зарчмаа харсан, холыг байлсан бодитой байх нь мэдээж юм. Түүний офицерийн сургуулиа онц дүнтэй, дэслэгч цолтой төгсөхөд бэлтгэлийн талбайд “Хассуурийн буудлагын амжилт” гэсэн самбар хадагдаж, олон жилийн турш буудлагынх нь цэц мэргэн эвдэгдээгүй гэдэг юм билээ. Тиймээс дахин хэлэхэд түүний үг байндаа тусч, Монголын батлан хамгаалах салбарт эмх цэгц, дэг журам, эх оронч сэтгэл үүр хадаатай байхыг ерөөе ээ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)