Төр, засгийн тэргүүнүүд төрт ёсоо хүндэтгэсэнгүй юү

2018-01-15 13:56:48

Өнгөрсөн бямба гариг буюу нэгдүгээр сарын 13-нд ардчилсан Үндсэн  хуулиа баталсны 26 жилийн ой тохиолоо. Энэ өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, орой нь Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдааныг үзэж сонирхдог уламжлалтай. Анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны хойтон жил буюу 1993 оноос хойш Үндсэн хуулийн ойн өдрийг ийм л хөтөлбөрийн дагуу төрийн ёслол хүндэтгэлийн дэг жаягаар тэмдэглэж ирсэн билээ. 

Харин өнгөрсөн хагас сайнд тохиосон Үндсэн хуулийн ойн өдрөөр төрийн ёслол хүндэтгэлийн энэ уламжлал алдагдав.

Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, их жанжны хөшөөнд цэцэг өргөхөд төрийн гурван өндөрлөгөөс УИХ-ын дарга М.Энхболд л ганцаараа ирсэн байв. Үндсэн хуулийг батлалцсан УБХ-ын гишүүн, АИХ-ын депутат асан ахмадууд болон УИХ, Засгийн газрын гишүүд түүнд бараа болсон харагдсан. Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд ч төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн хоёр ирээгүй нь Үндсэн хууль батлалцсан ахмадууд хийгээд олон нийтэд ч сэтгэл гонсгор үлдэх шалтгаан болов.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн ойн өмнөх өдөр буюу баасан гаригт самбо бөхийн холбооны 50 жилийн ой, самбо бөхийн УАШТ-ий нээлтэд оролцсон нь хэвлэл мэдээллээр цацагдсан. Гэтэл нь маргааш нь болсон Үндсэн хуулийн ойн аливаа арга  хэмжээнд оролцсонгүй. Төрийн тэргүүний зарлигаар шагнагдсан Үндсэн хууль батлалцсан ахмадуудын шагналыг хүртэл УИХ-ын дарга гардуулан өгч харагдсан.   

Засгийн газрын тэргүүний хувьд ч бямба гаригт амарсан бололтой. Үндсэн хуулийн ойд оролцсонгүй. Харин тэрээр даваа гаригт БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр морджээ.  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)