Б.Хурцын томилгоон дээр У.Хүрэлсүхийн танхимын зарчим алдагдлаа

2017-12-19 10:08:10

У.Хүрэлсүх Засгийн газрыг, дараа нь МАН-ын даргын тамгыг авахын тулд намаа хоёр хуваасан. Харин энэ бүхэндээ хүрснийхээ дараа “33:32 гэсэн яриа энэ мөчөөс эцэс болсон” гэж хэлсэн билээ. Нэг ёсондоо тэр эв нэгдлийг хангахаа амласан. Харин түүний амласан эв нэгдэл 33:32-оор хуваагдсан УИХ дахь 65-аас нь халиад Засгийн газрын гишүүдээрээ томилсон өөрийнх нь кабенит дотор ч үргэлжилж эхэллээ. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Ардын Засгийн газарт танхимын зарчим алдагдсан байна.

Засгийн газарт танхимын зарчим алдагдсаны баталгаа нь БНСУ-д суух Элчин сайд Б.Хурцын томилгоогоор  илэрч байна. Учир нь, аливаа улсад Монгол Улсыг төлөөлж суух Элчин сайдын томилгоо УИХ-аас илүүтэй Ерөнхийлөгч, Засгийн газраас хамаардаг. Анхны шүүлтүүр Гадаад харилцааны яаман дээр эхэлж, нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулдаг. Ерөнхийлөгч дэмжвэл тухайн нэр дэвшигчийг өөрийн албан бланк дээрээ Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлдэг билээ. Яг энэ зарчмын дагуу Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгч Х.Баттулга нар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох санал гаргаж, У.Хүрэлсүхийн Засгийн газар түүнийг нь танхимаараа хэлэлцэн дэмжиж УИХ-д оруулж ирсэн билээ. УИХ өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын энэхүү саналыг зөвшилцсөн бол томилох эсэх нь одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн асуудал болж үлдсэн. Гэтэл хуулийн процедур нь ч, болсон үйл явдал нь ч ийм байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ийм томилгоо хийсэн нь эмгэнэл” гэж УИХ-ыг буруутгалаа. Хэрэв үнэхээр Б.Хурцыг Элчин сайдаар томилох гэж байгаа нь эмгэнэл юм бол энэ эмгэнэлийн эхлэл цэг нь Ц.Нямдоржийн өөрөө сууж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар. УИХ бол хамтын шийдвэр гаргадаг 76 суудалтай харьцангуй том бүтэц. Харин Засгийн газар бол түүний хажууд хавьгүй цөөн суудалтай, нэг гишүүний байр суурийн эзлэх хувь ч өндөр. Ийм байхад Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжсэн УИХ-ыг буруутгахын оронд томилуулах саналыг УИХ-д оруулахаасаа өмнө Засгийн газар дээрээ ярих нь шударга биш үү. Овоо босгоогүй бол шаазгай суудаггүйтэй адилхан Б.Хурцыг томилуулах саналыг У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ-д оруулж ирээгүй бол ийм эмгэнэл эхлэх ч үгүй байсан биз ээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)