Б.Хурцыг нийтийн сонсголд дуудах зориг УИХ-д бий юу

2017-12-05 13:46:12

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Өмнөд Солонгост Монгол Улсаас суух Элчин сайдаар томилох тухай асуудал өнгөрсөн арав гаруй хоногийн хугацаанд саатлаа. Уг нь, Элчин сайдыг томилох тухай асуудлыг УИХ хэлэлцэж, олонхийн саналаар Ерөнхийлөгчийн нэр оруулж ирсэн хүнийг дэмжвэл шууд төрийн томилолт гардаж авдаг учиртай. Гэсэн ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурц бол аймар хүн. Манай ээж хүртэл айж байна. Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу томилгооны сонсгол хийх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнээр эл асуудал сунжирсан. Гол нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан ганцаараа эмээсэн байж болно. Гэтэл УИХ-ын 76 гишүүн бүхэлдээ энэ асуудлыг хаалганы гадна үлдээж, тодорхой байр суурь илэрхийлэхээс татгалзаж, нуувчинд нуугдах нь юуны учир вэ. Арай тэд Б.Хурцаас илүүтэй өөрсдөөсөө айгаад, эмээгээд байгаа юм биш биз.

Ийн бичихийн учир нь, нийтийн сонсгол явуулах тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн саналыг УИХ-ын 30 гаруй гишүүн дэмжсэн гэдэг мэдээлэл яригдсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл тэдний нэр, зүс тодорсонгүй. Тэр ч бүү хэл, “УИХ Элчин сайдыг томилдоггүй учраас Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд Б.Хурцыг сонсголд дуудах боломжгүй” гэсэн тайлбарыг хуульчдаар хийлгээд эхэлчихэж. Харин УИХ-ын туршлагатай хуульчид нь мөн л хаалганы цаана “Энэ бол зүгээр л төөрөгдөл. УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Элчин сайдыг томилж, хэрэв олонхийн дэмжлэг авч чадаагүй бол Ерөнхийлөгч өөр хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байдаг байхад нийтийн сонсголд Б.Хурц хамааралгүй гэж хэлэх үндэслэлгүй” хэмээн ярьж сууна.

Бүхэл бүтэн парламентын засаглалтай, Үндсэн хуулиараа хууль тогтоох засаглалаа дээдэлсэн улс орны парламентчид ийм хүчгүй, сул дорой байж болох уу. Хэрэв энэ хэвээр цааш үргэлжилбэл УИХ-ын хүч чадалд хэн итгэх болж байна вэ. Хэдийгээр энэ нь биеийн хүчээр барилдаж, ухааны хүчээр ялахын нэр биш ч гол нь УИХ-ын гишүүд зөвхөн Б.Хурцын тухай бус өөрсдийн тухай ч үнэнийг мэдэхээс айж буйтай холбоотой байж мэдэх юм.

Учир нь, тэрбээр өнгөрсөн удаад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр нэр бүхий улстөрчидтэй холбоотой мэдээллийг олон нийтэд цацсан. Дээр нь, хил дамнасан хууль бус ажиллагааны тухай ч мэдээлсэн. Ийм байхад яагаад Б.Хурцыг үгийг УИХ хуулийн нэрээр хууль зөрчин олон түмнээс нуух ёстой гэж. Тэр дундаа ганц хоёр баримтын ард олон зуун баримт бий хэмээн ард нийт итгэж байна. Мөн хүлээж байна. Тиймээс УИХ-ыг нэн даруй хууль тогтоох засаглалын дүн нуруу барьж, Б.Хурцыг нийтийн сонсголд оруулахыг шаардъя. Тэр үеэрээ мөн Б.Хурцаас ч гэсэн асуултаа асуу. Ил тодоор хариултаа ав. “Эрдэнэт”-тэй ямар холбоотой юм. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд асан С.Зоригийн хэрэг юуны учир дарагдсан болохыг бүгдийг нь асуу. Магадгүй хэрэгтэй бол гэр бүлийнхээ гишүүдийн хөрөнгө орлогыг “Цензургүй яриа”-нд нээлттэй мэдээлсэн шигээ илүү тод, тодорхой тайлбарлахыг шаард. Энэ бол олон нийтийн хүлээж буй сэдэв.

УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой өөрийнхөө дэлгэсэн мэдээллийг ч эргэлзээ байхгүй болтол нь нэг мөсөн тайлбарлах боломж олго. Өөр бусад УИХ-ын гишүүд, улстөрчид, хууль шүүхийнхний тухайд ч адилхан. Энэ бол ардчилсан, тэр дундаа хууль тогтоох засаглалтай орны улстөрчдөөс гарах ёстой эр зориг, мөн эх оронч шийдвэр юм.

Харин ингэж чадахгүй, дахин цаг хожих замаар асуудлыг намжааж дарвал энэ удаагийн УИХ-ын гишүүдээс иргэний эр зориг нэхэцгээе. Учир нь, энэ бол ганц Б.Хурцын бус хууль тогтоох засаглалынхны үнэн төрхийг олж мэдэх ойрын үйл явдал гол гогцоо болчихлоо. Товчхондоо монголчууд бүгдээрээ Б.Хурцын ч, УИХ-ын гишүүдийн ч үнэнийг мэдэх эрхээ эдлэхээр хүлээж байгаа гэдгийг дуулгая.

Тэр дундаа та бид одоогийн УИХ-ын гишүүдийн дур хүслээс үүдэлтэй гэм хороос эхлээд төсвийн захиран зарцуулалт дээр найр тавьдаг, найзалж нөхөрлөдөг, бусдыг зодож танхайрсан гээд олон тооны гэмт үйлдлийн тухай өнгөрсөн жил орчмын хугацаанд хангалттай олон уншсан, дуулсан. Харамсалтай нь, хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Тэд яг л бидний дээр бүжиг эргэх мэт өөрсдийн алдаагаараа худалч хүнд бараг л гоёж, юу ч болоогүй мэт шударга ёс ярьж байна. Монголыг хөгжүүлнэ, шударга ёсыг тогтооно, хариуцлага тооцно гэсэн үг бүрийнх нь ард бид нар зөвхөн сүүлийн нэг жил ч бус бүхэл бүтэн парламентын засаглалын түүхэнд хууртсаар ирлээ. Иймд нэг удаа ч болов үнэнийг мэдэцгээе.

Ингэхдээ сэтгүүлчид бид камертай нь камераа барьж, үзэгтэй нь дэвтэр үзгээ нийлүүлээд бүгдээрээ очъё. Шударга ёсны сүүлчийн ч болов эрэл хэмээн итгэж дор бүрнээ нээлттэй мэдээлцгээе. Эс бөгөөс шударга ёс ч, монгол төрийн зарчим ч нурж уначих гээд байна, цаана чинь.

Араандаа зуусан бол зууснаа хэлээд Б.Хурцыг нийтийн сонсголдоо оруул. Үг хэлэх боломжийг нь олгох замаар муу муухайг нь дэлгэх гэж байгаа бол дэлгэсэн шиг дэлгэ. Гол нь нийтийн сонсголыг яаравчил. Эс бөгөөс одоогийн УИХ-д итгэж саналаа өгөх сонгогч 2020 онд олдохгүй ч байх юм билүү хэн мэдлээ. Ядаж л, УИХ-ын гишүүн Ж.Батзандан та үнэнийг мэдэх эрхийнхээ төлөө тэмц. Тэгж гэмээнэ нийтийн сонсгол явуулах өдөр хоног наашилна гэж найдъя. Арай, шинэ жилийн оргилуун дарс, ганган гацуурын өнгө өнгийн чимэглэл дунд Б.Хурцын асуудлыг “унтуулах”-гүй байгаа даа, энэ УИХ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)