Ц.Баатархүү: Нийслэлийн Засаг даргын ажлын биелэлт 88 хувьтай гэдэг нь худлаа

2017-11-03 12:00:09

НИТХ дахь АН-ын бүлгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг хангалтгүй буюу 40 хувьтай хэмээн дүгнэсэн байна.


Энэ талаар өнөөдөр тус бүлгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийв. НЗД-ын өргөн мэдүүлснээр тус үндсэн чиглэлийн 26 зорилтын гүйцэтгэл 88 хувьтай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн байна. Гэвч энэ дүгнэлт нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байгаагаас гадна огт хэрэгжүүлээгүй, дөнгөж эхэлж буй бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь хэрэгжсэн хэмээн дүгнэсэн нь иргэдийг тоон мэдээллээр хуурсан үйлдэл боллоо хэмээн Ц.Баатархүү мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол улсад ядуурлын хэмжээ 29 хувьд хүрсэн байна. Гэтэл нийслэлийн өрх бүрт эдийн засгийн өсөлтийг тэгш хүргэж, иргэдийг ажилтай, орлоготой болгоно гэсэн зорилтоо 89 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэнтэй НИТХ дахь АН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Нөгөөтэйгүүр өмнөх жилүүдэд амжилттай хэрэгжиж байсан төслүүдийг удаашруулсан байна. Тухайлбал, энэ онд 10 ахмадыг “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамруулсан. Хэрэв энэ хурдаараа явбал, ээлжээ хүлээж байгаа 4200 ахмадууд 420 жилийн дараа байрныхаа түлхүүрийг гардан авахаар байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах 20 тэрбум төгрөгийг төсвөөс хассанаар 3200 орчим өрх орон сууцанд орох боломжгүй болсон зэрэг асуудал их бий” гэлээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 47 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Багахангай дүүргийн эмнэлгийн барилгын ажил өнгөрсөн сард дөнгөж эхэлсэн байтал гүйцэтгэлийг 100 хувь хэмээн тайланд тусгасан иргэдийг хуурсан алхам хэмээн үзэж буйгаа дурьдсан юм.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)