МАН-ынхан Ерөнхийлөгчийн “хортой” алимыг идчихжээ

2017-11-03 09:00:35

-Ичмээр биш гэж үү. Санаатай өгсөн “хортой” алимыг нь идэж, улс төрийн хувьд таашаал эдлэхэд нь УИХ дахь МАН-ын гишүүд АН-аас угшилтай Ерөнхийлөгчид тусалж байна гэж бодохоор... -

 

“Эрт урьдын цагт Цасан гоо гүнж амьдран суудаг байжээ”… Үлгэр бол ингэж эхлэнэ. Ер нь эхэлдэг л дээ. Харин “Цасан гоо ба долоон одой” үлгэрийн тухайд бус Монголын улс төрийн өнөөгийн зөрчил, тэмцлийн тухай өгүүлэх нь ээ үлгэр ээдэрч, үг хурцдах нь хачин жигтэй. Өчигдөр болж өнгөрсөн УИХ-ын чуулганы тухайд ч адилхан. Сар гаруй үргэлжилсэн МАН дахь дотоод зөрчил, Засгийн газраа огцруулж, шинэ гүйцэтгэх засаглалаа байгуулсан тухайд ч тэр. Учир нь, МАН бүхэлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын “хортой” алимыг идчихэж. Харамсалтай нь, тэрхүү алимны хорыг бодит амьдрал дээр ханхүүгийн үнсэлт үгүй хийхгүй. Тэгэхээр найдвар байхгүй гэсэн үг. Хор хүний бүх биеэр шингэдэг бол улс төрд идээ бээр болон буглаж, үе дамжсан өс хонзон, өвөр дамжсан наймаалцлыг л лавшруулна. Хэн ч тойргоос гарахгүй, сэрэхгүй, сэхээрэхгүй. Яг ийм жишиг өдгөө МАН-д гал авалцаж байна. Мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр. Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүний хувиар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тусалсан бол одоо шинэ гүйцэтгэх засаглалаас “шүд сугалах” ажиллагааг өөрийн биеэр удирдаж сууна. Хэдийгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганаар ажил албандаа үлдсэн ч Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын улс төрийг богино настай хэмээн итгэх хэрэггүй юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь Ардчилсан намын хагарал хэрхэн эрчимчиж, үр дүнд нь гүйцэтгэх засаглалынхаа хувь заяагаа тоглоод өнгөрснийг нь бодвол шүү дээ.

Тэгвэл яагаад МАН ийн Ерөнхийлөгчийн бэлэглэсэн “хортой” алимыг идэх болов. Энэ асуултад олон нийт төдийгүй улстөрчид дор бүрнээ өөрсдийн хариултыг тодорхой болгосон нь мэдээж. Гагцхүү түүний бэлэг Монголын төрийн бохир муу муухайг илааршуулах, цаашлаад улс орноо бодсон өнөөдрийн эрчим хүч бүхий шийдвэр зорилго байв уу гэвэл үгүй. Тэрбээр улс төрд анхандаа Эх орон намаас орсон. Улмаар нам нь бүтэлгүйтэж, намын дарга Б.Эрдэнэбатын бизнес бүтэлгүйтэхтэй зэрэгцэн Ардчилсан намд элссэн. Үүнийгээ “Монголын Ардчилсан холбооны үйл хэргийг анхнаас нь дэмжиж, санхүүжүүлсэн” гэдэг ганцхан үгээр зөвтгөсөн. Ардчилсан намынхан ч дээрх тайлбарт нь итгэсэн. Харамсалтай нь, 2012-2016 оны хооронд тэрбээр жинхэнэ утгаараа АН-ын толгойны өвчин болсон юм.  Харин энэ удаад тэрбээр МАН-ын толгойны өвчин, цаашлаад төрийн эмгэг болохдоо хүрчихээд байна. Гол нь тэрхүү зорилгод нь МАН-ынхан бүлэг бүлгээрээ, нэг нэгээрээ дагаар орж, өөр хоорондын зөрчил тэмцэл дээрээ Ерөнхийлөгчийн хорслоор гал нэмэх нь хачирхалтай биш гэж үү.

Бод л доо, энэ зун болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийг. МАН-ынхан дотроосоо МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулахын тулд хангалттай эвлүүлэг хийж, эсрэг пиарт нь дэм болох бичлэгийг намынх нь гишүүд өөрсдөө Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн штабт сайн дураараа бэлэглэсэн байдаг. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн штабт ажилласан хүмүүс нь ил тодоор зарласан. Нэрийг нь хэлээгүй болохоос бус дэргэдийн нөхөд нь гэдгийг баталсан. Үүгээр ч зогсохгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн УИХ-ын дарга М.Энхболд болон түүний багийг буланд шахаж, улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан. Үүнд нь Ерөнхийлөгчийн пиарчид ч ханцуй шамлан оролцсон. Тэд “Монгол ялна” уриа гоё сайхан, хэрэгжих боломжтой болж харагдахад шинэ Засгийн газар хэрэгтэй” гэж үзсэн учраас тэр. Үүний цаана улс төрийн хамгийн хүчтэй бүлэглэлийг замаас нь гаргах, чаддаг бол Монголоос зайлуулах зорилго байсан. Магадгүй Монголын төрийг хувьчилж авч чадна хэмээн итгэсэн байх.

Гэсэн ч энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга алдсан. У.Хүрэлсүхийг өөрийнх нь дохиураар ажиллаж, багаа бүрдүүлэх МАН-ын дотоод хэлэлцээг намынхантайгаа бус өөртэй нь хийнэ гэж тооцсон. Гэтэл бодит нөхцөл байдалд сайдуудыг Ерөнхийлөгчтэй бус харин УИХ-ын дарга М.Энхболдтой, цаашлаад МАН-ын Удирдах зөвлөлтэй хэлэлцэх зайлшгүй шаардлага өндийж ирсэн. Үүнд түлхэц өгсөн хамгийн том үндэслэл бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ердөө л сар гаруйхны өмнө Монгол Улсын жирийн л нэг сул иргэн байсан юм. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг нь эс тооцвол шүү дээ.

Тэгэхээр энэ тохиолдолд яалт ч үгүй намтайгаа, намынхаа удирдлагуудтай тохиролцоо хийх ёстой болсон нь мэдээж. Харин энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдаагүй. Тохироо нь горьтгийн гадна талаар өнгөрсөн учраас тэр шүү дээ. Тиймээс л тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайдуудын нэр зарлагдахтай зэрэгцэн анхаарлын тэмдэг тавьж ирсэн. Тэр дагуудаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хориг тавьсан. Үүнийг нь дагаж, УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн олон нийтийн өмнө муу муухайгаа дэлгэж, нэг нэгнээ хулгайчаар нь дуудаж, эцэстээ хууль тогтоох засаглалт итгэх хэрэггүй, хүний муунууд цугларсан гэдэгт итгээгүй хүн бараг Монголд үлдсэнгүй. Энэ бол Ч.Хүрэлбаатарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн эсэхээс үл хамаараад Ерөнхийлөгчийн хүсэн хүлээж байсан үр дүн. Товч, тодорхой хэлбэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зөрчлөөс таашаал авч чадлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсанд нь хорссон УИХ дахь 32-ын албан бус бүлэглэлийн гишүүд энэ удаад Ерөнхийлөгчтэй ханцуйн дотроо наймаалцснаараа түүнийг ийн таашаал авахад нь туслав. Ичмээр биш гэж үү. Санаатай өгсөн “хортой” алимыг нь идэж, улстөрчийн хувьд таашаал эдлэхэд нь УИХ дахь МАН-ын гишүүд АН-аас угшилтай Ерөнхийлөгчид тусалж байна гэж бодохоор...

Эцэст нь, нэг зүйл сануулья. Бүр гуйя. Идээ будаанд нь “хордсон” гэдэгтэйгээ эвлэрээд буудалд нь битгий хоноглочихоорой гэж. АН-ынхан хөнжлийн алдаандаа хэрхэн тарчилж буйг нь дуулаа л байлгүй дээ, энэ чинь!

"Үндэсний шуудан" Г.Отгонжаргал

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)