У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж, улс төрийн дуулиан шуугиан намжив уу гэсэн итгэл олны дунд дэлгэрсэн цаг мөч ойрхон. Харамсалтай нь, шинэ засгаа байгуулсантай зэрэгцэж эхлэх ёстой амар амгалан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дотоод зөрчлөөс улбаалан цаг мөч бүрээр холдож, саарал ордны уур амьсгал хэдийнэ эвдэгдэж эхлэв. Гэхдээ энэ бол өнөөдрийн улс төр гэхээс илүүтэй сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын төрд өрнөж буй ил, далд тэмцлийн нөлөөлөл юм. Тиймээс ч өчигдөр гэхэд УИХ дахь МАН-ын 65 гишүүн албан бус 33 болон 32-ын бүлэг гэсэн үл нийцэх гишүүнчлэлээрээ хоёр хуваагдаж, төрийн ордны хоёр буланд хуралдаж өнгөрөөв. Мэдээж соёлтойгоор хэлэхэд хуралдаж, бодитоор нь хэлбэл хуйвалдсан гэж болно.
Харин энэ дунд гал намжаах, асуудлыг цэгцлэх үүрэг УИХ-ын дарга М.Энхболдод ноогдож тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нартай уулзсан юм. Тэрбээр энэ үеэрээ Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, цаашлаад шүд сугалах мэт шинэ сайдуудтай ээлж, ээлжээр хариуцлага тооцох тухай асуудал байж болохгүй гэдгийг өгүүлж. Учир нь, өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаан дээр нэр бүхий хоёр сайд өөр өөрсдийн зорилго, сонирхлоо хамгаалж, маргаж мэтгэлцсэн дуулдсан. Дээр нь, УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан талцлыг таслах бус нэмэх уур амьсгалтай болсон гэдэг мэдээлэл ч хэвлэлд задарсан. Иймд М.Энхболд МАН-ын даргын хувиарч, УИХ-ын даргын хувиар ч үг хэлж, үл ойлголцолд татагдсан хоёр албан бус бүлэглэлийн удирдагчдыг дуудаж уулзсан нь энэ.
Гэхдээ түүний хувьд ийн асуудлыг эвлэрэл рүү бус зөрчил рүү хөтөлж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг эвэхээс илүүтэй эвдрэлцүүлэх бүрэн эрх түүнд бий гэж үзэж болно. Улстөрчийн хувиар нь бодож үзвэл шүү дээ. Тодорхой хэлбэл, саяхан л нэг нам, нэг итгэл үнэмшлийн төлөө хамтдаа явсан нөхөд нь түүнээс урван тэрсэлж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах нэрээр өөр рүү нь чулуу шидсэн. Харин М.Энхболд хувь улстөрчийнхөө хувьд нүүдэл хийхээс илүүтэй буурь зааж, суудлаа хүндэтгэхээр шийдэж. Өөрөөр хэлбэл, тэрбээр Засгийн газар дахь дотоод зөрчлийг дэвэргэх бус харин намжаах, цаашлаад гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хадгалж үлдэхийг хүссэн аж. Ингэснээрээ тэрбээр цаашид У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ивж ажиллах өөрийн шийдвэрээ дотор хүндээ гаргасан нь энэ байх.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан МАН-ын даргын албаа хүлээлгэн өгөхөө аль эрт зарласан түүний хувьд цаашид УИХ-ын даргаар үлдэх үү, үгүй юу гэдгийг намынх нь Их хурал шийдэж мэднэ. Хэдийгээр хувь хүн нь хууль тогтоох засаглалаа тэргүүлэх сонирхолтой байлаа гэхэд өөдөөс нь чулуу шидсэн намынх нь нөхдийн хувьд огцруулах зорилготой Их хуралдаа оролцохыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр ийм эрсдэлтэй цаг үед эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд дахин сануулахад МАН-ын дотоод улс төрийг хурцалж, У.Хүрэлсүхийн Засгийн газраар хөнгөхөн бус бүр хүндхэн тоглоод өнгөрөх боломж бий гэсэн үг. Харин тэрбээр улс төрийн увайгүй тоглолтод гар дүрэхгүй хэмээн үзсэндээ шинэ Засгийн газрыг хамгаалахаар шийдэв. Өөрөөр хэлбэл, хуйвалдааны эсрэг хуйвалдааны арга замаар тоглохгүй гэж үзсэнээрээ М.Энхболд “Хэзээ ч өс зангидаж, чулуу шиддэггүй улстөрч. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж чаддаг хүн” гэсэн намынхаа нөхдийн сайшаалыг оргүй биш гэдгийг батлаж буй нь энэ ажээ.
Сэтгэгдлүүд :