Ц.Баатархүү: Нийслэлд засаглалын хямрал нүүрлэчихээд байна

2017-10-30 20:47:41

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн ИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр эдгээр асуудлыг хэлэлцэх хугацааг ирэх баасан гариг хүртэл хойшлуулав. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл хангах, ирэх оны төсөв хэлэлцэх чухал үе ирж байхад асуудлаа шийдэхгүй хугацаа хойшлуулж байгаад нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийнхэн шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Нийслэлийн ИТХ өнгөрсөн тавдугаар сараас хойш огт хуралдсангүй. Өвлийн бэлтгэл хангах, ирэх оны төсөв хэлэлцэх зэрэг олон ажил хүлээж байна. Гэтэл МАН-ын бүлгийнхэн олон удаа завсарлага авч, нийслэлийн ИТХ ажлаа хийж чадахаа больчихлоо. Нийслэлд эрх баригч нам засаглаж үнэхээр чадахгүй байна. Ядаж өмнөх дөрвөн жил хийсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ахмадын орон сууцыг олон төвт хот болгох ажлуудыг үргэлжлүүлж чадахгүй юм гэхэд засаглалын асуудлаа шийдмээр юм” гэсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Төсөв хэлэлцэх хуулийн хугацаатай шүү дээ. Хэзээ төсвөө хэлэлцэж эхлэх вэ?

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар аравдугаар сарын 5-ны дотор 2018 онд нийслэл хот юу хийх, ямар орлого, зарлагатай байхыг нийслэлийн Засаг дарга өргөн барьдаг. Үүнийг хэлэлцсэний дараа төсвөө хэлэлцэж, 2018 онд юу хийх вэ гэдэг нь тодорхой болдог. Одоогоор төсвийн үндсэн чиглэлээ ч хэлэлцэж чадаагүй байна. Төсвөө яаралтай хэлэлцэх хэрэгтэй. АН-ын бүлгийн зүгээс төсвөө хэлэлцэхийг удаа дараа шаардсан ч МАН хуралдуулсангүй. Үүнийг дагаад хотын хөгжил хойшилж байгаа юм. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал огт хуралдаж чадахгүй байна. Тэргүүлэгчид МАН-ын гишүүдээс 100 хувь бүрддэг. Гэтэл ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүй байна шүү дээ. Цаашид ийм байдлаар ИТХ ажиллах юм уу, нийслэл Улаанбаатар хот ийм удирдлагатай байх уу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Нийслэлийн МАН эрх мэдлийн төлөөх зөрчилдөөнөө засч чадахгүй учраас ИТХ-ыг гацаагаад байна.

 -МАН-ын дотоод зөрчил төрийн ажлыг гацааж байна гэсэн үг үү?

-Хотын засаглал гацаж, дампуурчихаад байгааг бид харж байна. 2016 оны сонгуулиар одоогийн эрх баригчид улаанбаатарчуудыг аз жаргалтай болгоно гэж амласан. Өнөөдөр нийслэлчүүд аз жаргалтай байж чадаж байна уу. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн үзэж буйгаар нийслэлчүүдийн хувьд хамгийн аз жаргалгүй нэг жил боллоо. Өнгөрсөн нэг жилд гэр хорооллын хөгжил дэвшлийг, нийтийн тээврийн шинэчлэлийг орхигдуулсан он байлаа. Энэ хугацаанд нийслэлчүүдийн ажил, амьдрал дээшилсэнгүй, улам дордож байна.

-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хүчин төгөлдөр бус болсон гэсэн. Энэ хурлаар гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр бус гэсэн үг үү. Энэ асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэргүүлэгчдийн хуралдаан хүчин төгөлдөр бус болсон нь МАН-ын бүлгийн дотоод асуудал. Тэргүүлэгчдийг МАН-аас 100 хувь бүрдүүлдэг. Нэг намынхан байж, ирцээ бүрдүүлэхгүй байна. Улмаар шүүхийн маргаан үүсчихээд байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд засаглалын бүрэн хямрал нүүрлэчихээд байна.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)