УИХ-ЫГ ХУРДТАЙ, МАН-ЫГ ХАРИУЦЛАГАТАЙ, ТӨРИЙГ ТӨВШИН БОЛГОВ

2017-10-25 19:20:51

Шинэ засгийн ивээс 

Ерөнхий сайд У.Хүрэл­сүхийн байгуулах Засгийн газрыг “чимхэх”, чирэгдүүлэх эрх УИХ-ын дарга М.Энхболдод бий гэсэн сэжиг таамаг улстөрчдийн дунд өнгөрсөн өдрүүдэд чамгүй нуршсан нь саяхны үйл явдал. Энэ нь хувь хүнийх нь мөн чанараар бус харин улстөрчдийн өшөө авалт, улстөржсөн шийдлээр илэрдэг дадал зуршилтай холбоотой таамаг байсан байж мэднэ. Өнгөрсөн 30 жилийн турш Засгийн газраа огцруулсан, шинэ Засгийн газраа байгуулсан туршлага үүнийг нотолно. Харин энэ удаад улстөрчид буруу бодсон бололтой юм. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт давж гарах саад бартаа гэх зүйл байсангүй.

 

УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс ч “чимхэх”, чирэгдүүлэх үйлдэл гаргасангүй. Угтаа өөрийнх нь удирдан байгуулсан Засгийн газрыг унагасны, огцруулсны төлөө тэрбээр улс төрийн өс хонзон эрэлхийлж, гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх Ерөнхий сайдын эрхийг хувааж, чаргууцалдсангүй. Гэхдээ улаан, ногоон гэрлээр кнопны хурдаар Засгийн газрыг байгуулчихсангүй. Хоёр өдрийн турш хэлэлцэж, хорь илүү УИХ-ын гишүүний асуултаар сайдад нэр дэвшигч нэг бүрийг таньж мэдэх боломжийг олон нийтэд олгов. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх энэ удаагийн чуулганы нээлттэйгийн дээдээр нээлттэй, хариуцлагатайгийн дээдээр хариуцлагатай болж өнгөрсөн нь энэ. Үүнийг хоёр өдрийн турш чуулганы хуралдааныг сахиж, үзэж, санаа бодлоо уралдуулсан олон нийтийн сошиалийн идэвх гэрчилнэ. Тэр дундаа сайдын албанд томилогдсон УИХ-ын шинэ гишүүдийг ч ард түмэнд нь хэн нь хэн болохыг гайгүй сайн таниулаад өгөв. Харин өөр хүн УИХ-ыг удирдаж байсан бол гээд та бодоод үзээрэй. Та бид ердөө л жил гаруйхны өмнө “Үг хэл, боль. Хурдан хэл. Таалагдаж байна. Таалагдахгүй байна” гэдэг УИХ-ын даргатай байж үзсэн шүү дээ. Тэр үеийг бодохоор тухайн үеийн УИХ-ын гишүүдийн өмнөөс ч хаяадаа халгамаар. Тиймээс ч УИХ-ын гишүүд “УИХ-ын дарга аа, та битгий дээрэлхээд байгаарай. Би үгээ хэлнэ” гэж зөрүүдэлдэг байсан байх. Ингэснээрээ тэрбээр шинэ засгийн ивээс болж, нээлттэй чуулганы хөтөч байж чадлаа, олон түмний хувьд. 

ХОЁР ДАХИН ИЛҮҮ ХУУЛЬ БАТАЛЖЭЭ 

Ингэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэлдэхтэй зэрэгцэн нэгэн судалгааны дүн гарсныг уншигч танд хүргэе. Энэ бол УИХ-ын хурдны тухай юм. Учир нь, 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентийн өнгөрсөн жил гурван сарын хугацааг 2012-2016 оны хууль тогтоох засаглалын эхний мөн үетэй харьцуулсан тоон мэдээлэл юм. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдын удирдаж буй парламент дээрх хугацаанд 489 хууль баталсан бол УИХ-ын дарга асан З.Энхболдын удирдаж байсан парламент энэ хугацаанд 229 хууль баталсан байх юм. Эндээс хэн ч харсан ойлгомжтой нь хоёр дахин их хууль баталсан аж. Мөн 489 хуулиа дотор нь задлахад бие даасан 49 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 389 хууль, олон улсын гэрээ соёрхон батлах тухай 12 хууль, хүчингүй болсонд тооцох тухай 41 хууль, 138 тогтоол байв. Харин 229 хуулийн тухайд 33 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах 166 хууль, олон улсын гэрээ соёрхон батлах тухай 8 хууль, хүчингүй болсонд тооцох тухай 22 хууль, 124 УИХ-ын тогтоол баталжээ. Ачааллыг хэр үүрч байна вэ, үүрсэн бэ гэдгийг харуулсан дээрх жишээнээс үргэлжлүүлэн мэдээллэхээр анхдугаар, ээлжит болон ээлжит бус чуулганы тус бүрээр баталсан хууль, тогтоолын тоог харьцуулан үзвэл мөн л хүнээр бол өндөр намын, хэмжигдэхүүнээр бол өргөн, нарийний хэмжүүр тод харагдах аж. 

Жишээ нь, 2016 оны ээлжит бус чуулганаар таван бие даасан хууль, 61 нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, 23 тогтоолыг хэлэлцэж баталсан бол 2012 оны ээлжит бус чуулганаар хоёр бие даасан хууль, 16 нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, 14 тогтоолыг баталсан байна. Тэгэхээр хэрэв УИХ-ын үндсэн үүргийг хууль батлах гэж үзвэл өнгөрсөн жил гурван сарын хугацаанд хууль тогтоох засаглал үүргээ хангалттай, бүр давуулан биелүүлсэн болж таарах нь. Тиймээс ч олон нийтийн “УИХ удаан байна” гэдэг шүүмжлэл энэ удаад алсарч холдохыг үгүйсгэх аргагүй юм. 

ЗӨРЧЛИЙГ НОМХОТГОВ

Мэдээж энд нэг зүйлийг сануулахад УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний үүрэг их байсан гэдгийг тодотгоё. Гэхдээ тэд атгасан гар шиг бас харин арсалдсан тэмцэлдсэн цаг хугацаа өнгөрсөн нэг жил гурван сартай хамт бичигдэнэ гэдгийг мартаж болохгүй. Гэсэн ч хууль батлах, Монгол Улсын нийгмийн харилцааг зохицуулах үндсэн үүргээ УИХ мартаагүйгээр барахгүй зөрчлөөсөө ангид авч явж чаджээ. Асуудлыг үргэлж шүүмжлэлт талаас нь бус хаяадаа ч болов эерэг өнцгөөс нь харахад дараагийн нэг өнцөг тод харагдана. Энэ нь эвлэрүүлэгч. УИХ дахь 65 бүлэг өнгөрсөн өдрүүдэд хоёр хуваагдаж, эрх ашгийн зөрчил үгэн илд сүлбэх дайны ширүүхэн уур амьсгал дунд өрнөсөн. Тиймээс ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдахаас нь өмнө огцруулсан хүн ч олон байсан байх. Харин энэ удаагийн Засгийн газрыг бүтэн үлдэж чадна гэдгийг тэрбээр УИХ-ын даргын индрээс зарлаж, амжилт хүссэн байгаа. Саяхан л өөр рүү нь шидсэн үгэн сум байгаа оносон мэт олширч, УИХ-ын даргын суудлаас нь огцруулагсдын тоо нэмэгдэж, нөхөрлөж явсан нөхдийнх нь үнэн хэрхэн тодорсныг тэрбээр энэ удаад тоож үзсэнгүй. Улстөрчдийн зөрчилд гал нэмэх гашуун хатуу үг ч унагасангүй. Хачирхалтай гэмээр түүний хазгай гишгэдэггүй энэ зан чанарыг хүчинд МАН-ын Засгийн газар энэ удаад бүтэн байгуулагдаж, УИХ дахь сөрөг хүчний орон зайн дээр тоглож буй Ардчилсан намынхны айдсыг нэмж чадлаа. “Манайхан шиг зодолдоод дуусна” гэсэн хүлээсийг нь хүлээсэн үр дүнгүй үлдээнэ гэдэг л энэ байх. Тиймээс УИХ-ыг хурдтай, МАН-ыг хариуцлагатай, төрийг төвшин болгосных нь төлөө түүнд талархал илэрхийлье. Сайшаал магтаалыг цаг тухайд нь хүргэ гэсэн ардын сайхан үг байна, цаана чинь. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)