ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ТАМГАА ХҮЛЭЭЖ АВЛАА

2017-10-20 13:20:15

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Д.Цогтбаатар Гадаад харилцааны өмнөх сайд Ц.Мөнх-Оргилоос өнөөдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын албаны хүмүүс, яамны газрын захирлууд байлцаж, шинэ сайд Д.Цогтбаатарт ажлын амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийг 1988 онд, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1994 онд улс төр судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн Хуулийн сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр магистрийн зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн, англи, орос, кхмер, тай хэлтэй.

Д.Цогтбаатар нь 1994 онд ажил хөдөлмөрийн гараагаа Гадаад харилцааны яамнаас эхэлж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын Гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд зэрэг төрийн хариуцлагатай өндөр албан тушаалыг хашиж ирсэн мэргэжлийн дипломатч бөгөөд 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байна.


      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)