Н.Борхүүхэн: Ханийнхаа үлдээсэн захидлуудыг уншихаар толгой өргөмөөр санагдах юм

2017-10-17 11:59:19

Гэргий минь… гуйя!

Сайхан захиа бичээч!

Онгод сэргээдэг цорын

ганц бүсгүй минь

Орчлон надад

хайрласан хань минь

Ондоо хэнийг ч бус

ганцхан чамайг шүтэгч

Нөхөр чинь бичиж байна… Хүүгээ, охиноо, чамайгаа бүгдийг нь үнсье, үнсье. Зүүдэндээ та нартайгаа учиръя. Энэ дэлхий дээр бардам, зоригтой, юунд ч сөхрөл-гүй, өөрийн бодсо-ноороо явах сайхан аж. Чамайгаа удаан гэгч нь үнсэхсэн. Наддаа юутай их баяр цэнгэл өгдөг байж вэ?..

ОХУ-ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж байх үедээ Монгол Ул-сын Төрийн соёрхолт, яруу найрагч, УИХ-ын гишүүн Очирбатын Даш-балбар агсан гэргий Н.Бор-хүүхэндээ зориулан ийн захидал бичиж байжээ. “Чи минь даарчихав. Чамдаа хайртай. Хүүхдүүдийг минь үнсээрэй…” зэрэг түүний гэргийдээ зориулсан олон олон мөрийг унших нь ээ түүний сэтгэлийг уяраасан, яруу найргийн онго-дыг нь хөглө-сөн гэргийтэй нь   зорьж, уулз-санаар өрнөсөн ярилцлагаа уншигч танд хүргэе. Тэрбээр ханийнхаа 60 насны ойг то-хиолдуулан үр хүүхдүүд нь олон сайхан номыг нь эмхэтгэн хэвлүүлж буйд ихэд талархалтай суугаагаа ярилцлагаас урьтаж, илэрхийлнэ билээ.

-Бор эгчээ таны ханийн “Миний захидлууд” номыг уншаад өнөө цагийн бидэнд захидлын нандин харилцаа яалт ч үгүй дутагдаад байгаа юм байна гэх сэтгэгдэл төрсөн. Таны хувьд бас л чамгүй бодол болж байж, тэр захидлуудыг шүүсэн байж таараа даа?

-Уг нь чемодан дүүрэн захиа байсан юм. Сүхбаатараас Улаанбаатар руу шилжиж ирэхдээ ачааны нэмэр гээд ханьтайгаа хамт сууж байгаад ихэнхийг нь шатаачихсан. Том охиноо “Аавын захидлуудаар ном гаргая. Та сонгож байгаарай” гэж хэлэхэд захидлуудаа эхнээс нь уншаад бас харамсаж л байлаа. Хүн нэг нэгнийхээ өөдөөс хараад үг хэлэх, алс холоос чин сэтгэлийн үгээ нэгтгээд захидал бичих хоёр өөр байдаг юм байна гэж бодогдсон. Би чинь тав, зургаан жил ханиа Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурахаар явах хугацаанд нь гэрээ сахиж хүлээсэн хүн шүү дээ. Анх Москва руу сургуульд явахад нь манай хоёр том гарчихсан хэцүүхэн л үүрэгтэй үлдсэн. Дараа нь  бага охин маань төрсөн. Амьдрал юм хойно хүн санахын зовлонг гэтлээд л гарах нь ойлгомжтой. Тэр үед хөөрхий хадам аав, ээж хоёр минь хамгийн их дэм, тус болдог байлаа. Гурван хүүхдүүдийг минь өсгөлцөж, намайг чинь өөрийн охин шиг л бөөцийлж бас л хамт өсгөж байлаа шүү дээ. 18-тай хадмын босгоор алхсан гэж бодохоор бас л жаахан байсан байгаа биз.

-Одоо  бол нялх бэрдээ орно л доо?

-Харин тийм. Юу юугүй л тав, зургаан сар гэрт хүргэж өгч, тэмдэглэлийн дэвтэрт бичсэн шүлгээ уншуулсаар байгаад л эхнэрээ болгочихсон хүн шүү дээ миний хань чинь намайг.

-Та анх бичиж өгсөн шүлгийг нь санадаг уу?

-Санахаар барах уу.

Орон гэрийн чинь гадаа

Орой болтлол зогсоно

Орох гарахыг чинь харуулдаж

Одод ширтэн зогсоно

Царайлаг чи минь энүүхэнд ч

гэсэн

Цайран харагдах одноос хол

Хаяад явчих зүрхгүй

Орхиод явчих зориггүй

Гэрийн чинь гадаа эргэлдэж

Гэрэлтэй тооныг чинь ширтэнэ гээд биччихсэн байсан. Ер нь би бүх шүлгийг нь биш ч гэлээ ихэнхийг нь цээжээр ун-шиж чадна. Тэр бүртээ энгэртээ тэврээд “Миний нөхрийн бичсэн шүлэг” гээд догдолдог байлаа. За-луу ч байж, бас их гэгэлгэн ч байж дээ.

-Харин анх танилцсан сэтгэгдэл тань?

-Манай нөхөр чинь ОМСК-ийн ТМС төгсөөд ирсэн нэг их гоё дөрвөлжин хээтэй өмд, цамцтай, Пушкин шиг үсэндээ хими хийлгэ-чихсэн тухайн үеийнхээ Сүхбаатар аймгийн төвд бол содон л залуу байсан. Одоо би залуу гэж яриад байна. Гэхдээ тэр үедээ 17-той хүүхэд л байсан байх. Яг анхны уулзалт бол Онгон сумын бага сургуульд манай доод ангид сурч байсан юм билээ. Дараа нь, харин би Анагаахын дунд сургуульд сурч төгсөөд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байх үедээ танилцсан юм. Манай хүн ТМС төгсөж ирээд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байсан. Анх нэг үеийнхний уулзалт дээр хальт нэг нэгнээ хараад л өнгөрсөн. Дараа нь, манай найз охины гэрээр эргэлдээд байгаа сураг дуулдсан. Аав, ээж нь “Манай охинтой Очирбатын хүүхэд найзлах гээд байх шиг байна” гэж хүртэл ярьж байсан гэдэг. Харин манай хүний санаа бол найз охиноор минь дамжуулж надтай танилцах сонирхолтой байсан шиг байгаа юм. Дараа нь, харин тохиолдлоор би Анагаахын дээдэд сурахын тулд оройн ангид сурах болсноор тааралдсан. Хамт нэг ангид орсон гэсэн үг л дээ. Тэр үед ч эхэндээ “Би Орост сурсан” гэдгээрээ түрий бариад байгаа юм шиг юм болгонд үсэрч орсон, орос, монголоор хольж шүлэг уншсан жаахан онгироо хүүхэд шиг санагдаж байсан. Удалгүй ширээний минь ахтай суудлаа сольж, миний дэргэд суух болсноор ерөнхийдөө нэг учир зүйгээ олж эхэлсэн болов уу даа.

-Их л санаатай суудлаа сольжээ дээ?

-Тэр ах маань “Эр хүн эр хүндээ хайртай” гэж хэлээд л босоод явсан. Дахиж хажууд ирж суугаагүй. Нэг хэсэгтээ чихний хэнгэрэг хагалах нь уу гэмээр чанга дуутай, сахилгагүй тэр хүүгээс төвөгшөөдөг  байснаа, сүүлдээ гэр рүүгээ хүргүүлдэг болж эхэлсэн.

-Сэтгэл наашилж эхэлсэн байх нь?

-Ёстой тийм л байхдаа. Гэхдээ гэрээ нэг ч удаа зааж өгөөгүй. Дандаа өөр айлын хаалган дээр хүргүүлээд, тэндээсээ хашаа дамжиж гэртээ ордог байсан. Бас их төөрүүлж байгаа юм шүү дээ.

-Тэр санааг тань тэгээд хэзээ илчилсэн бэ?

-Өө, нэг их удаагүй ээ. Хоёр, гурван сар л тэгж явсан байх. Нэг өдөр эмээтэйгээ гэртээ унтаж байтал ангийн хоёр хүүхэд “За, чи чинь яахаараа гэрээ буруу хэлдэг хүн бэ” гэж загнах маягтай орж ирээд “Май. Хурдан хариуг нь өгөөрэй” гээд нэг тэмдэглэлийн дэвтэр, захиа хоёр өгчихөөд га-раад явсан. Тэмдэглэлийн дэв-тэрт сая уншдаг шүлгийг бичсэн байсан. Захидал нь бол бөөн гоё үг. Ёстой нар, сар гэрэлтэж, навч цэцэг дэлгэрнэ гэсэн л юм байсан. Найз залуу битгий хэл амьдралын наад цаадыг мэдэхгүй жаахан охины бол сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй тийм л гоё уран үгтэй захиа байсан. Тэр өдрөөс хойш нэг хэцүү юм эхэлсэн нь өдөр болгон захидлынхаа хариуг нэхэх нь байлаа шүү дээ.

-Та хэр удаж байж хариуг нь өгсөн юм бэ?

-Тэр үедээ бол удсан л байх.

-Юу гэж хэлж байв?

-“Сайхан шүлэг байна шүү” гэж бичээд л өгсөн. Яг таг зөвшөөрсөн гэж хэлээгүй ч өөрт нь болчих юм шиг итгэл төрсөн шиг байгаа юм. Тэр өдрөөс хойш өдөр болгон шинэ шүлэгтэй, гоё сайхан үгтэй тэмдэглэлийн дэвтрээ өгдөг байсан. Би ч яваандаа нөгөө тэмдэглэлийн дэвтрийг нь хүлээдэг, гэрийнхнээ унтсан хойно нь хөшигний зай завсраар нууж уншдаг болчихсон. Тэр бүрт “Ямар гоё юм бэ” гээд бодогдоод салахгүй. Хоёр сар хэртэй тэгж явж байгаад арванхоёрдугаар сарын 31-нд эмнэлгийн цонхны цаанаас дуудахаар нь очтол нэг их гоё торон ороолт, өөрийнхөө зургаар чимсэн тэмдэглэлийн дэвтэр хоёрыг албан ёсоор бэлэг-лэсэн юм. Түүнийг нь одоо төрсөн нутагт нь байгуулсан гэр музейд  тавьсан байгаа. Өөрөө хойно сурсан болохоор нандин, чамин юм олохдоо бас сайн. Тэр үед чинь торон ороолт гээч зүйл чинь хөдөө аймагт бол бас л ховорхон тансаг бэлэг байлаа шүү дээ.

-Гол нь таны сэтгэл ч бас их наашилчихсан байсан байх?

-Магадгүй ээ, магадгүй. Шинэ бичсэн шүлэгтэй дэвтрээ өгөхийг нь хүлээдэг болчихсон байсан гэж бодохоор бас юм хэлээд байгаа биз. Өөрөө мэдрэмжтэй хүн боло-хоор ойлгосон байх. Харин гэрлэх, бараалахын тухайд их инээдтэй. Бид хоёрыг танилцсанаас хойш он дамжаад ердөө тав, зургаан сарын дараа л цагаан сар болсон юмдаг. Тэгэхэд шууд л шинийн гурванд аавыгаа дагуулаад манайд ороод ирсэн. Миний тэр үед ичснийг юу гэх вэ. Цай аягалж өгч, бууз жигнэчихээд ээжийгээ цаг хараарай гэж хэлээд гадаа түлээний амбаарт хоёр цаг гаруй гарахыг нь хүлээж суусан байх. Уг нь тухайн үедээ “Хайртай, дуртай” гэж шүлэг бичиж өгч, гэрт хүргэхээс өөрөөр сууна ба-рина гэж би ч, манай хүн ч нэг их шийдвэртэй үг унагадаггүй л байсан үе шүү дээ. Харин манай хүн дотроо бол бодчихсон, шийд-чихсэн  юм билээ. Тэгээд л аав нь орж ирээд “Хадаг сүй хэзээ тавих вэ” гээд ээж, эмээ хоёртой ярьж, тохироод гарчихсан байсан. Бас сонин хүн байгаа биз.

-Та тэр өдөр л хадам ааваа анх харсан юмуу?

-Тийм ээ. Харин хадам ээж бол миний тухай сураг гарахаар нь “Ямар охин байна. Харъя” гэж эмнэлэг дээр ирээд, заалгаж байгаад “Эгч нь хөдөөнөөс ирсэн хүн байна. Эгчдээ туслаач” гэж асууж над дээр ирээд, намайгаа хөөрхөн нааш нь, цааш нь гүйлгэчихсэн байгаа юм шүү. Янз нь намайг харж, сонжсон нь тэр юм гэнэ лээ. Би яаж тэрийг нь мэдэх вэ. Тус болчих санаатай л гүйсэн болж таарсан. Инээдтэй байгаа биз. Харин маргааш нь манай хүн намайг “Ахынд хүн байхгүй. Хоёулаа орж хүйтэн цай ууя” гэж хэлж оруулсан чинь ээж маань бага хүүхэдтэйгээ байж таарсан юм.

-Санамсаргүй тохиолдол биш байх нь?

-Биш, биш. Гарч ирээд “Намайг чи хуурлаа” гээд тэрүүхэндээ л хөөрхөн уурлаад авсан. Тэгж л ээжийн нүдээр шинжүүлж, аавын хадаг өгөх товыг наашлуулсан шиг байна лээ. Бас л хөөрхөн зальтай байгаа биз. Ингэж л бид хоёр айл орон болж, 25 жил жаргал зовлонгоо хуваалцаж, гурван сайхан хүүхдийн аав, ээж болж байлаа шүү дээ. Сайхан ч айл болсон, сайн хүмүүсээр ч ёстой нэг хүрээлүүлсэн дээ. Саяхан Сүхбаатараас манай найз хүүхэн ирчихээд “Сүхбаатар аймагтаа танайх л хамгийн анх хөргөгчтэй болж байсан даа” гээд ярьж байна лээ. Манай нөхөр оросуудтай ойр, найзалж нөхөрлөдөг болохоор нутаг буцах болсон найзаасаа 2-3 жил тавьсан хөргөгчийг нь авч байсан юм. Би тэрийг мартчихаж. Нөгөө хөргөгчөө нөхөртэйгөө хамт арчилж, цэвэрлэж байснаа бодсон чинь инээд хүрсэн гэж юу гэх вэ. Зөвхөн зөөлөн марлиар арчих ёстой. Содатай ус бүлээсгэж, хэт халуун, хэт хүйтэн биш усаар цэвэрлэхгүй бол болохгүй. Ширүүн алчуураар арчвал хууларна. Хөлдсөн мөсийг нь хутгаар авч болохгүй… гээд л бараг илж угаах нь халгүй юм болдог байсан юм. Гэхдээ арай ч Сүхбаатарт манайх анх хөргөгчтэй болоогүй байх шүү. Хүмүүс шоолбол яана. Дарга нарынд бол байсан л байх.  Ер нь одоо анзаарч байхад хүн амьдралынхаа сайн сайхан үеийг их мартдаг юм байна. Харин хүнд хэцүүгээ бол бодоод суух нь олон юм. Ийм үед найз нөхөдтэйгээ уулзаж, жаахан ч атугай ярьж суувал сэтгэл хөнгөрөөд, хөгжил-тэй, сайхан үе эргэж санаад амьдралд баярлах, талархах шалтгаанаа эргүүлэн олж авдаг юмуу гэж бодсондоо эгч нь энэ хөргөгчний тухай ярьчихлаа шүү. Ярилцлагадаа оруулах эсэхийг чи өөрөө л мэднэ биз.

-Оруулна аа. Энэ чинь яах аргагүй тухайн цаг үеийн л дурсамж шүү дээ. Манайх ч гэсэн их хожуу том цагаан шар хөргөгчтэй болж байсан. Одоо бодоход сэнснийх нь дуу хэтэрхий чанга байсан шиг санагддаг юм. Нээрээ л таны хэлснээр дурсамжинд ер нь том, жижиг, ач холбогдолтой, ач холбогдолгүй гэсэн ойлголт байдаггүй юм шиг санагдаж байна шүү?

-Харин наадхи чинь л байхгүй юу. Гол нь эргэж харахад үнэн байх нь чухал юм болов уу даа. Хань минь надад зориулж олон ч шүлэг бичсэн. Өөрөө аяыг нь хийсэн олон ч дуу бий. Хэрэв хүмүүс хуулбарлаад, ганц нэг мөрийг нь шүлгэн дундаа санаатай, санаагүй оруулчихсан байвал би шууд л мэднэ. Ер нь андахгүй шүү. 25 жил шүлэг бүрийнх нь анхны уншигч байж, цээжиндээ тэврээд догдолж  явсан үеэ бодоход аяндаа нү-дэнд харагддаг юм. Хүүхдүүдээ унтахаар ширээнийхээ ард сууна, үүрийн зургаан цагт дуусгаад бүр сурчихсан. Би тэрийг нь дагаад унтахгүй, кофе чанаж өгөөд л хажууд нь сууна. Шүлгээ дуусгаад уншуулна. Сайхан байжээ. Тэглээ гээд нэг ч өдөр ажлаасаа хоцорч байсангүй. Цагтаа гараад л явна. Яг ийм хэмнэлээр ханийгаа байхад 25 жил шүлэг бүрийнх нь анхны уншигч байсан үеэ дурсахад сэтгэл нээрээ л бас сайхан хөнгөрч байна шүү.

Сүүлд гэхэд “Зуун жил, зуун жил чамаас хагацалгүй

Зөөлөн бороонд зогсмоор байна аа” (дуулж үзүүллээ) гэж дуугаа надад зориулж, өөрөө ая хийгээд Сүхбаатарын Дарьганга суманд байдаг Жаргалсайхан гэж найзындаа кассетанд бичүүлж орхисон байдаг юм. Их сонин. Бурхан болохынхоо өмнө хүү бэр хоёртойгоо, намайг дагуулаад бараг сар гаруй Сүхбаатар аймгаа тойрч, явсан. Яагаад ч юм “Заавал бэрээ дагуулж явна” гэж байгаад хамт явсан. Хүн их сонин тэр үед яаж бурхан болчихно гэж бодох вэ дээ. 80, 90 хүртлээ л хамт амьдарна гэж бодоод тэр кассетийг нь авч хот руу ирэх ухаанаа олсонгүй л дээ.

-УИХ-ын чуулганы танхимд хийж байсан мэдэгдэл, жагсаал цуглааны үеийн уриаг нь харахаар хатуу ширүүн талдаа хүн байсан юм болов уу гэж бодогддог. Бид нарын үе бас харьцангуй танай хүний тухай дурсамжаас хол юм л даа. Харин найз нөхөд болон та бүхний ярианаас эсрэгээрээ их зөөлөн хүн байсан гэж төсөөлөгдөх юм билээ?

-Хүний дээд нь л байсан. Хэзээ ч хүнийг ялгана гэж байх-гүй, үр хүүхэддээ ширүүлсэн удаа байхгүй. Ямар сайндаа л манай-хаар хүний хөл тасарч байсан удаа ер нь байхгүй. Хотод шилжиж ирсэн цагаас хойш гэр дүүрэн зулаатай хүмүүс л байдаг байсан. Жил бүр бараг 10 оюутан манайд амьдарна. Би ажлаас ирлээ, нөгөөдүүлийнхээ хоол цайг хийнэ. Сургууль соёлыг асууна. Гэртээ ирэхгүй бол хаалга харуулдаад суудаг байсан. Орж ирсэн хойно нь л санаа амраад унтана. Манай гэрийнхэн өөрсдөө наймуулаа, нөхрийнхөн 11-үүлээ гэхээр яаж ч цөөхүүлээ байх вэ дээ. Угаасаа л олон дунд өссөн болохоор хүнээс төвөгшөөх сэтгэл хэн хэнд маань нэг ч удаа төрж байсангүй. Манай нэг хамаатны эгч ирээд бид хоёрыг “Арай ч дээ, танайд 46 хос гутал байна. Балбар, Бор хоёроо энэ олон таних танихгүй хүмүүсээ явуул” гэж загнаж ч байсан. Хөрш айлын  бүсгүй “Танайх ямар дотуур байр биш дээ. Одоо боль” гэж хэлж ч байсан. Хүн харахад тэгэхээр амаргүй байсан шиг байгаа юм. Гэхдээ тэглээ гээд муудаагүй л гэж боддог. Нэг эгч маань хүртэл хөдөөнөөс ирчихээд надад “Чи амралтын өдрөө 12 удаа хоол хийж, 18 удаа цай чаналаа. Арай дэндүү юм” гээд загнаж байсан удаатай шүү.

-Таныг “Амура” гэж яруу найрагтаа мөнхөлсөн байдаг?

-“Чи миний хайр дурлалын охин тэнгэр шүү дээ” гэж хэлээд л Амура гэж нэрлэж эхэлсэн. Зураг бүрийнхээ ард ч Амура гэж бичсэн байдаг. Шүлэг, яруу найрагтаа ч олонтаа бичсэн.

-Харин та?

-Дашаа, Саша гэж дууддаг байсан шүү. Орост сурсан болохоор нь л тэгж нэрлэсэн байх.

-Их олон хүн яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн гэж үзэхээс илүүтэй бурхны шашинд ойр, хувилгаан шинжийн хүн байсан гэж ярьдаг. Та тэр талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ярьж болох, болохгүй эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ миний дүү зөөллөж бичээрэй. Ээж маань том охиноо төрүүлээд нэлээн удаж байж төрүүлсэн хүү нь миний хань. Нэг шөнө усан дунд бадамласан зул зүүдэлж чимээ ирсэн гэж ярьдаг юм. Тухайн үеийн нутгийн мэргэн түргэн хүнд үзүүлэхэд “Нас богино, хувилгаан шинжийн хүү төрөх нь” гэж хэлсэн гэж аав, ээж минь хэлж байсан удаатай. Анх 17-18 насандаа хань ижил болох бүсгүйгээ сонгоно, тэр үед нь зөрүүлж, буруулж төөрүүлэв гэснээр намайг их хурдан бэр буулгасан бололтой юм билээ. Тэгэхээр яах аргагүй хувь тавилан байгаа биз. Хар залуугаасаа ханилсан хань минь шүү дээ. Хажууд минь бууралтвал ямар сайхан байх билээ. Хүн чинь бас цагаа тулахаар арга чарга хайж явдаг юм билээ. Арга ядахдаа номынх нь борлуулалтаас орж ирсэн мөнгийг бүгдийг нь өргөл барьцанд зориулж байх вэ дээ. Зарим хүмүүс “Буян үйлдэхийн хэрээр хүний нас нэмэгддэг” гэж ярьдаг тэр итгэл намайг уйгагүй явахад хүргэсэн байх. Даанч болдоггүй юм ёстой болдоггүй л юм билээ. Дурсамж гээд тэр бүхнийг өнөөдөр яриад байлтай биш, сэтгэлийн зовлонг нөхөж болдоггүй гэдэг л үнэн юм даа (хоолой нь зангирав).

-Та улс төрийнх нь үйл хэргийг хэр дэмждэг байсан бэ?

-Дэмждэг байсан, дэмжиж байгаагүй гэж хэлэхэд хэцүү. Хүн нь өөрөө үнэн зөвийн төлөө явна гэдэгт итгэдэг болохоор нэг ч удаа “Буруу юм хийгээд байна” гэж бодож байгаагүй. “281” холбооны жагсаал, цуглаан боллоо гэхэд гүйгээд л очино. Алсаас харж зогсоно. Тэрийг маань мэдчихээд “Битгий оч. Би зүгээр” гэж хэлдэг л байсан. Гэрийн утас байнга дуугарна, заримдаа  дарамталж, заналхийлнэ. Их хэцүү үе. Хань ижил нь болохоор надаас илүү зовсон хүн байхгүй байх гэж хаяа боддог л юм. /хоолой нь зангирав/

-Хүмүүс тэгж их сүрдүүлдэг байсан хэрэг үү?

-Өө, доромжилно, айлгана. Муу муухай бүх л үгийг хэлнэ. Шөнөжин утас дуугарна. Одооных шиг гар утас байх биш нөхөртэй маань ярих хүмүүс их болохоор утсаа салгаж болохгүй. Нэг өдөр бага охин маань утсаа авсан чинь “Танай аавын толгойг аваад хадан дээр наачихлаа. Чи ирээд үз” гэж хэлсэн байдаг. Охин маань тэр үед чарлаад л нэг их чанга хашгираад, харилцуураа шидээд уйлчихсан. Хэцүү байгаа биз. Энэ бол зөвхөн нэг удаагийн л яриа. Гэхдээ бас дэмжиж, сайшааж сэтгэлийн дэм өгдөг хүн доромжилж дайрдаг хүмүүсээс олон байсан юм шүү.

-Давж гарна гэдэг бас их том тэвчээр юм даа?

-Хүн бүрийн амьдралд тэвчиж гарсан олон л бэрхшээл байдаг байх. Одоо ч тэгээд бурхан болоод 18 жил болж байна. Хань минь байсан бол энэ жил 60 нас хүрэх байсан. Хүүхдүүд мaань дурсгалыг нь хүндэтгээд олон сайхан номыг нь эмхэтгэн хэвлүүлж байна. Тэр бүхнийг нь хараад ханилж явсан хань, гурван сайхан хүүхдийнх нь хувьд яг үнэндээ уйлахаасаа илүүтэй баярлах, талархах нь их юм. Өмнө нь ч нэг дурсамж сэдрэхэд л уйлдаг байлаа. Одоо хаа очиж нулимс холдсон байна л даа. Амьдрал юм болохоор хүн чинь бодит үнэнтэй эвлэрдэг, тэр хэрээр бас их тэмцдэг, зүт-гэдэг юм байна. Саяхнаас харин сэтгэлээ нээгээд ганц удаа ярьчихмаар санагдсан үед маань чи холбогдлоо л доо. Тэрнээс биш эгч нь ханиасаа хойш 18 жилийн хугацаанд ганц ч үг хэвлэлээр ган хийж үзээгүй юм шүү.

-Таныг О.Дашбалбар гуайг бурхан болсноос хойш нэг ч удаа гэрийнхээ тавилгыг бүр ганц сандлаа ч шинэчлээгүй гэж дуулсан?

-Өө, хүүхдүүд шинэ буйдантай бол, гал тогоогоо шинэчил гэж хэлж л байдаг юм. Ёстой хэлэ-хээрээ нэг болсон. Миний хувьд нэг ч удаа тэр тухай бодож бай-гаагүй. 60 хүрсэн хүн хэр удаан наслана гэж бодох вэ. Энэ амьдралдаа ханийнхаа үлдээсэн ном, уран бүтээлээ туурвисан ширээ, сууж тухалдаг байсан буйдан гээд яг тэр 18 жилийн өмнө үлдээгээд явсан гал голомтыг тэр хэвээр нь сахиад, бурхан шүтээнд нь зул, цайны дээжээ өргөөд явна л гэж боддог. Надад өөр юу ч хэрэггүй. Анхнаасаа би том яруу найрагч болно, УИХ-ын гишүүн болно гэж итгэж суугаагүй. Ёстой л хиргүй цагаан хүүхэд байхдаа амьдралаа холбосон. Урд хойдхи амьдрал ч бидэнд байсангүй. Яруу найрагч Дашбалбарын гэргий гэж дуудуулах хүртлээ бид хоёр байхгүйгээс байх хүртлээ зүтгэсэн. Хаяа  нулимс бөмбөрчих гээд байдаг юм. Ханиа л санасных шүү дээ. Өөрөөр тавилга, эд хэрэгслээ солих тухай нэг ч удаа бодож байсангүй, цаашид ч энэ хэвээр нь үлдээнэ. Монголын зохиолчдын холбооноос анх өгөхөд Балбар маань байрныхаа обойг хүртэл шөнө дөлөөр өөрөө наагаад зогсож байсан юм. Мөн олон ч сайхан Ренбүчи хүртэл манайд ирж, ном хурж, ивээлээ шингээсэн. Гэртээ ороод ирэхээр л хань минь хамт байгаа юм шиг санагддаг. Саяхан тэр тухайгаа нэг найзыг нь ирэхээр “Энэ муу буйдангийнхаа түшлэгийг босгоод унтахаар ханиа түшээд унтаж байгаа юм шиг санагддаг болохоор гаргаж хаяж чаддаггүй ээ” гээд ярьсан чинь хөөрхий минь бас нулимс унагаж л байна лээ. Хүний сэтгэл юм даа, тийм ээ. Хань минь надаас нэг өдөр саллаа гээд гарч явж байсангүй. Намайг муу, муухай үгээр хэлж  байсан удаа байхгүй. Бүр яруу найрагч Ж.Саруулбуянд захидал бичихдээ хүртэл “Би охин, хүү хоёроо их санах юм. Бор минь захиа их ирүүлж байна. Та нар түүнийг намайг орхих вий гэж бүү санаа зов. Тэнгэр хөмөрч, газар үгүй болж, галав юүлдэггүй л юм бол би түүнээсээ хагацахгүй. Өөр бүсгүйн хувьд гэвэл зүгээр шүлэгчийн сэтгэл “дурлал” шүү дээ” гэж бичсэн байдаг юм билээ. Энэ чинь үг биз. Сэтгэл биз.

-Таны ханийн “Зөрж өнгөрсөн бүсгүй бүрт би дурлана…” гэсэн мөртэй шүлэг байдаг шүү дээ. Ер нь бол яруу найрагчийн гэргий гэдэг байна гэдэг зөвхөн сэтгэл зүй төдийгүй амьдралын хэв маяг, уламжлалт ойлголт талаасаа нэлээн бэрх даваа мэт санагддаг. Таны хань гэхэд олон сайхан бүсгүйд шүлэг, яруу найргаа зориулсныг бид мэднэ. Үүнийгээ ч нууж хаасан нь үгүй. Тэр бүхэнд таны сэтгэл өмрөх, гомдох үе гарч байв уу. Эхнэр хүний талаас харахад амар биш л санагддаг юм?

-Яруу найрагчийн сэтгэл хөдлөл, сайн сайханд тэмүүлэх тэмүүллийг нь зогсооно, хааж бооно гэхэд хэцүү. Яруу найрагчид шүлэг зохиолоозөндөө л бүсгүйчүүдэд зориулдаг шүү дээ.  Сайхан бүсгүй харчихна гээд нөхрийнхөө нүдийг боогоод явдаггүйтэй адил, бүсгүй хүнд шүлэг зохиолоо зориуллаа гээд уурлаад байвал, амар жимэр амьдрал хаанаас байх билээ дээ.  25 жил ханилж, эцсийн бүлэгт толгойг нь түшсэн хань нь шүү дээ, би. Тийм биз дээ. Надаас гадна олон л бүсгүйд шүлэг яруу найргаа зориулсныг нь би мэднэ. Тэр бүрт нь хүндэтгэлтэй л хандаж ирсэн. 

-Энэ мэдээж хэн хүний дааж гарах, давж гарах жирийн нэг өршөөл, уучлал бол биш байх аа, эгч ээ. Тийм үү?

-Үнэн. Гэхдээ энэ бол миний нялх жаахан охин байхдаа сонго-сон амьдрал. Бид хоёр хэзээ ч сална, сарнина гэж ярьж, муу-далцаж байгаагүй. Мэдээж амьд-рал юм хойно үг сөргөлдөх үе байсан л байх. Гэхдээ нэг их хатуу чанга ярилцснаа санадаггүй юм. Намайг хүмүүс хэтэрхий зөөлөн байна гэж хэлдэг л байсан. Гэхдээ тэдний хэн нь ч миний амьдралаар амьдарч үзээгүй л байхгүй юу. Үнэнийг хэлэхэд эгч нь яг одоо бол захидлын түүврүүдийг нь эмхэтгэсэн “Миний захидлууд” номонд орсон надад хаягласан, найз нартаа миний тухай бичсэн тэр захидлуудын хүчээр л амь-дарч байна. Тэр захидлуудаар бүр өвчилчихөөд сууж байна шүү дээ.

-Үнэхээр толгой өргөх шалтгаан тань байх?

-Яг үнэн. “Амьдрал минь

Амин зүрхний хайрт

Гэргий минь” гээд бичсэн захидал нь байхад ёстой толгой өргөмөөр санагдаж байна. Өнгөрсөн онд Далай ламыг ирэх үеэр лекцэнд нь суухад “Хүний муу талыг бүү хэл. Уур хилэн гэдэг чамд дайсан авчирна. Сөрөг муу энерги авчирна. Тэр бүхнийг хүлээж авснаар чи өөртөө муу, муухай зүйлийг авчирна” гэж хэлж байсан.

-“Аав аа, Бор маань та нарын сэтгэлд яг нийцэж байгаа биз дээ. Их сайхан бүсгүй шүү. Уучлаарай, оросууд дунд байсаар илэн далангүй ярьж сурчихаж. Ер нь тэгэхдээ би ааваасаа юм нуудаггүй, та ч намайг ойлгодог шүү дээ. Би Борд хичнээн хайртайг та мэдэх юм чинь… Ээжид бол би ийм юм ер ярьдаггүй, зовоод байдаг юм. Энд, тэнд тэнэж явахад Бороос минь илүү бүсгүй дайралдаагүй юм шүү. Сайхан хүүхнүүд орчлон дээр их л олон боловч сайн хүн, түүн шиг сайн хүн олдоход бэрх” гэсэн аавдаа бичсэн захидлыг нь уншаад таны өмнөөс хөөрч, баярлах шиг болсон шүү. Аавдаа хэр баргийн хүн ингэж илэн далангүй бичихгүйдээ гэж бодохоор хэт илэн далангүй ч хүн юм шиг?

-Миний хань чинь тийм л илэн далангүй хүн. Аав, ээж хоёр минь ч намайг “Алтан бэр, охин минь” гэж л хайрладаг, халамжилдаг байсан. Манай хүн чинь хойшоо сургуульд явчихсан. Би өөрөө нялх залуу. Эхлээд ч хойшоо сургуульд явахад нь хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Удалгүй бүл нэмж бага охин маань төрсөн болохоор аав, ээж хоёрын маань тус ёстой их дэм болсон. Гурван хүүхдийг минь их сайхан өсгөлцөж өгсөн ачтай, буянтай буурай нар байлаа шүү дээ.

-Та ханиасаа 43-хон настайдаа хагацсан хүн. Хүүхдүүд тань тухайн үед “Сайн хүн таарвал амьдралаа холбоорой” гэж хэлж байснаа бичсэн байдаг юм билээ. Ер нь тийм бодол төрж байв уу?

-Ёстой үгүй. Яахав бага залуудаа төрүүлсэн юм болохоор хүүхдүүд маань аавыгаа бурхан болоход юм ойлгохтойгоо, ид сурч боловсордог үе дээрээ өнчирсөн. Тэр хэрээр ээжийгээ ойлгож, сэтгэлийг минь дэвтээх гэсэндээ хаа нэгтээ тэгж хэлж л байсан. Миний хувьд энэ амьдралаа зураг төөрөг маань гэж боддог. Хөндлөнгийн хүмүүс биднийг нэг их хөрөнгөтэй, эд агуурстай үлдсэн гэж бодох нь байдаг л байх. Уг нь тийм зүйл байгаагүй юм. Хань маань бурхан болохынхоо өмнө “За, гэргий минь үр хүүхдээ яаж ийгээд эрдэм боловсролтой болгоорой. Та нартаа би хэдэн ном, судар л үлдээгээд явах нь байна. Эд баялаг үлдээж чадсангүй ээ” гэж захиж байсан. Би тэр захиасыг нь биелүүлэх гэж нэг үе бол ёстой зүтгэсэн шүү. Одоо ч хүүхдүүд томроод, бүгдээрээ ажил мэргэжилтэй болсон болохоор сайхан л байна. Гурван хүүхдээ гадаадад ч сургалаа, дотоодод ч сургалаа. Хүү Гангабаатар маань олон ч оронд боловсрол эзэмшсэн. Одоо МУИС-д багшилж байгаа. Анхандаа сургуулийг нь төгсгөчих юмсан гэж боддог байсан бол дараа нь орох оронтой болгохсон гэж бодох болсон. Магадгүй энэ бодол маань хүний шунал байх. Гэхдээ би шуналаа, шуналаа гээд эд хөрөнгө олох гэж явсангүй. Үр хүүхдээ сургачихья, аавынхаа удмыг залгах хүн боловсрол мэдлэгтэй болог л гэж зүтгэсэн. Том охин Мөнгөндалай маань “Өдрийн сонин”-д албаны дарга хийж байна. Бага охин Дэжидмаа маань удахгүй Японд сургуулиа төгсөнө. Амьдралд одоо гомдох юм алга аа. Сайхан л байна. Бурхан болохынхоо өмнөхөн нэг өдөр хань минь гэнэт намайг “Алив,  хурдхан уруулын будгаа аваад ир” гэж яаруулсан юм. Тэгээд өгтөл хувцасны цагаан шкафны хаалган дээр “Энэ дэлхий дээр чи минь байгаа цагт…” гэж бичсэн. “Чамдаа зориулсан энэ үгийг хожим дуу болгоноо” гэж билээ. Тэгэхдээ үр хүүхдүүддээ захиас үг шиг үг хэлээд л байсан байгаа биз.  Сүүлд өнөөх уруулын будгаар бичсэн тэр үгтэй шкафны хаалгаа гэр музейд нь тавьсан байгаа. Тэгж бичээд үлдээсэн болохоор би гурван хүүхдийнхээ төлөө зүтгэх ёстой л гэж бодож, ёстой омогшиж зүтгэсний хүч байх. Бас л амаргүй цаг үе байсан шүү. Эхэндээ доошоо харахад газар хатуу, дээшээ харвал тэнгэр хатуу гэдэг болдог юм билээ. Нөхрийн минь нэр хүнд байна. Нэг ч удаа хүнээс мөнгө гуйж үзээгүй. Ёстой л бор зүрхээрээ амьдралын төлөө зүтгэсэн. Нээрээ миний ханийн шүлгийг уншаад хүн амьдрах итгэл олсон байхад би яагаад мөнгө гуйгаад явах гэж. Тэр үед Ардын уран зохиолч Д.Цоодол гуай “Иш охин минь хүндхэн ачаатай үлдэж байна даа” гээд хэлээд нулимс унагаж байсан юм. Амьдрал ер нь хэцүү шүү дээ. Одоо бол харин гурван хүүхдийнхээ буянд жаргаж сууна даа, эгч нь.

-Тантай ярилцахдаа зориулаад шүлэг, бүтээлийг нь уншиж, асуулт бэлтгэж суухдаа бурхан болохоосоо жилийн өмнө “Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг” гэж бичсэн нь яагаад ч юм сэтгэлд зөгнөл мэт санагдаж байлаа л даа. Та мэдээж

“Танд баяр хүргэе, таалал

төгсч байгаад чинь

Тамын хорвоогоос хагацаж,

амсхийх цаг чинь ирлээ.

Үхлийн ялгуусан

инээмсэглэлийг тосон угтагтун

Үнэндээ уруул нь цэв

хүйтэн ч таныг амраана.

Танд баяр хүргэе, нүгэл

буянаа шүүлгэж буйд чинь

Тачаал, шуналаас хагацаж,

хоосон чанарт алгуурхан

Тааваараа уусан шингэж,

огторгуйн биет болон

Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе” гэсэн мөрүүдийг нь санаж байгаа байх. Та дээр мөн “зөн билэгтэй хүн байсан” гэж хэлсэн болохоор бас л асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Төрсөн өдөртөө зориулж бичсэн “42 нас” гэж шүлэгт нь би илүү их эмзэглэдэг. 1999 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр төрсөн өдөртөө зориулж,

“Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүйн шидтэй ч

Аяа, миний л хувьд өнөөдөр дөчин хоёр настай

Асралт наран тэрбум, тэрбумаар жилийг элээсэн ч аяа миний л хувьд дөчин хоёр настай” гэж бичсэн болохоор тэр байх. Ер нь л “Би удахгүй шүү” гэж их хэлдэг байсан. Сонин шүү. Гэхдээ их олон шүлэг нь хүмүүст урам зориг өгдөг, амьдрах итгэл хайрладаг тухай сонсохоор сайхан байдаг. Эрдэнэтэд нэг залуу зээл авч их сургууль байгуулчихаад байтал төрөөс зарим хувийн сургуулийг хаах тушаал гаргаж, сургуулиа хаачихсан их хүнд үедээ сонины тасархайгаас “Тэнгэр шиг бай” шүлгийнх нь “Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч

Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...

Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч

Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг” мөрийг олж уншаад амьдрах итгэлээ эргэж олсон тухайгаа надад ярьж байсан. Одоо ханийн минь нэрэмжит шүлгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Тэр үеэрээ манай гэрийнхэнд талархал илэрхийлж, өнгөрсөн жил гэхэд хүүг маань хүртэл урьж аваачсан. Сайхан байгаа биз дээ. “Гал”-ын арван нөхөд гэж арван найз нь байна. Тэд өөрсдийгөө нэг галынхан гэдэг юм. Цөөнгүй нь бурхан болсон ч Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо ах маань гэхэд “Ахын дүү ном нь гарсан уу. 23 цаг болох гээд байдаг. Ах нь сэтгэл догдлоод хүлээгээд л сууна. Хэзээ дуусах гэж байна. Би ном нь хэвлэгдэж байгаа гэж дуулбал унтаж чадахгүй, нойр хүрэхгүй хүлээгээд суучихдаг юм” гээд ярьж байна лээ. Олон хүний ийм сайхан сэтгэл дунд бид нар ажиллаж, амьдарч ирлээ. Амьдрал ч бас баян шүү дээ.

“ҮНДЭСНИЙ ШУУДАН” Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Zochin      ip : 91.64.39.232 2017-10-28 05:50:01
Dejidmaa Indra nar hoorondoo evtei nairtai baimar yum. Hen ch tursun ezgiinhee urgeljlel ni baiya gej bodno biz dee. Saihan hunii yasiig ingej undulzuulj olon niitiin shuljeegeer hel am gargazgaaj baihiin orond hamtarch ajil uilsiig ni zaash urgeljluulvel boldoggui yum bhdaa?? Ezsiin ezest bolj ungursun tomchuudiin yavdald huuhduud buruugui baimaar! Uhaantai medleg bolovstroltoi ah egch ni duu nartaa helmeer yumaa!! Amiddaa biy biyee hairla geed Aav tani bichsen busuu? Tengerleg baigaach huuhduud ni

УРНАА      ip : 103.10.21.75 2017-10-27 10:51:58
АГУУ НАЙРАГЧЫН ХАЙРЫН ЭЗЭН БОЛСОН УХААЛАГ САЙХАН ЭГЧ ТАНДАА ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЖ ТА МИНЬ УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГАЖ ЯВААРАЙ ТА НАРТАА ХАЙРТАЙ ШҮҮ

МОНГОЛЖИН      ip : 103.10.21.75 2017-10-27 10:46:58
ДЭЖИДМАА МИНИЙ ДҮҮ АЛИВАА ЮМАНД УХААЛАГ ХАНДАЖ ААВЫНХАА ХАЙРЛАЖ ЯВСАН БҮСГҮЙЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖб БУРУУ БУСАРМАГ ҮЙЛДЭЛ ХИЙЖ ЯВДАГ ИНДРА ХАЛТАР2 ЫГ ОЛОН НИЙТЭД ХЭЛЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ БИД БҮХЭН ЧИНИЙ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ХЭЛЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА ДҮҮ МИНЬ ТА НАР ТАА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

Bayanjargal Namsrai      ip : 202.70.46.231 2017-10-26 22:55:54
uhaalag tebcheertei ene saihan emegtei tuunii 3n saihan uriig guitseh tugs yum erhem nairagchid bgaagui bh busad ni bol iluu sh de amidral suitgegch shulamsuud

Gylaan      ip : 103.26.194.129 2017-10-22 01:26:08
Bishermeer yum uneheer saihan yriltslaga bljee

B Uugantsetseg      ip : 202.9.40.199 2017-10-21 09:20:28
Nutgiin egchdee vr hvvhdvvbeb ni ervvl enh sain saihniig hvsej urt udaan naslaarai mundag hvn baisaan

Yw      ip : 103.26.193.244 2017-10-19 10:26:22
Dejidma yardag nohoi aytai buzar huuhen

zochin      ip : 203.91.112.214 2017-10-19 09:38:16
nomiig ni l unshaad uzcheech dee... surug yum bicheed baigaa humuusee... tegeed hend hairtai ehnertee yu gj heldeg bsaniig ni l unshaad uzchih... ter indra eder gej yu yriad bgn be... busdiin amidraliig suiruulj hunii az jargald bohir garaa dursen buzar emiin butach huuhdiig esolj avsan uhehed tolgoig ni tushsen zayanii hani. tuunii ur huuhduudtei yaj zuirlej boloh yum be...

Zochin      ip : 112.72.11.120 2017-10-19 09:34:46
Ter dejidma gd huuhen etsgihe yasig jinhende undulzulj bgama olon niitin suljeger bol zowku heruulin buzar bnln huts uli gd gudamjni aytai humujilgui huuhen

зз      ip : 202.9.43.4 2017-10-18 23:42:41
Сайхан хүн цаанаа л өөр юмаа сайхан гэр бүл бна. Харин энд тэндхийн бутач хүүхдүүд нь эцгээ бодоод үхсэн хойно нь энэ гэр бүлийг нь турхирч өрөвдөлтэй царайлж гүйхгүй мөрөөрөө яваасай

зочин      ip : 66.181.160.5 2017-10-18 18:10:43
Ёод хүмүүс богино настай л гэдэг гэхдээ л хүний оролцоотой явсан байх гэж боддогийн, Үнэнийг хэлэхээс айдаггүй худалтай эвлэрч чаддагүй уран цэцэн үгтэй том яруу найрагч байлаа. Сайхан хань үр хүүхдүүдэд нь аз жаргал хүсье. Хорвоогийн эрчүүд энэ хүн шиг эхнэрүүдээ хайрладаг байгаасаа, Үнэхээр үлгэр жишээ аав , хань байжээ.

123      ip : 138.197.132.200 2017-10-18 14:06:18
сайхан хүн байсан шүү. хүүхэд байсан ч гэсэн одоо хүртэл санаж явдаг юм. мцндөг сайхан эхнэртэй хүн байжээ

Дүгэржавын Батчимэг. Түвшинширээ      ip : 66.181.160.82 2017-10-18 13:06:25
Та 2ынхоо тухай сайхан дурсамжыг тань уншихдаа маш таатай байлаа. Мөнхийн хайр гэж ийм байдаг байх даа. Бор эгчдээ эрүүл энх урт удаан наслахыг хүсье .

Зочин      ip : 202.9.41.28 2017-10-18 12:53:08
Их ухаантай эмэгтэй байна.Бусад эмэгтэйчүүд шиг уйлан дуулаад илүү дутуу юм яриад мэдрэлтэйгүй л байхгүй юу?Эрүүл энхтийг хүсье.

sainaa      ip : 198.7.60.80 2017-10-18 11:51:57
pai ene zawaan sanaatai hvmvvs bolichij boldgvin bhda.hvnii saihan amidraliin dunduur shurgasan honotsiin hvvhed,hend hamaatain.ter sain etsegiin nereer sain l yawj baina.ternees,busdiin amidrald gai bolood hudal yum yariad ened iim muuhai yum bichsen,hvmvvs ter indra shulam n baihdaa sejgiin dotortoi hvmvvs baih yum

Наска      ip : 66.181.184.113 2017-10-18 11:43:12
Сайхан ярилцлага болжээ,Мундаг эгч бна,сайн ч хань байж,танд эрүүл энх,саруул сайхан бүхнийг хүсье

Zochin Ay      ip : 59.153.87.173 2017-10-18 11:38:29
Bishirch hundelj yvdag tsuun humuusiin neg. Unench shudraga Mundag Saihan Hun baijee. Olon hund Uram zorig ugch uhaaral hairlasan gej bodoj itgej baina. Nom n garval avnaa.

Zochin      ip : 178.197.228.98 2017-10-18 11:15:51
Olon nii tiin suljeegeer Ter Dejidmaa gej ohin ni hairan saihan yaruu nairagchiin neriig gutaaj bas neg ohin ni boloh Indrag eejtei ni eldveer helj , Ter humuusruu dairch davshilj baigaa ni haramsaltai. Hoorhii Ter Indra yad Aav dureeree. Amidrald tiim zuil tohioldoo l biz. Ter dejidmaa amaa jaahan tatmaar heruuliin tulam baina lee.

.ю      ip : 59.153.113.134 2017-10-18 11:05:20
Юу вээ нөхөртэй нь усны дусал шиг адил өөр эхнэрийх нь хүүхдүүд бдаг биз дээ надад л хайртай гээд эмороод худлаа яриад бхын

zochin      ip : 183.81.171.3 2017-10-18 10:03:31
Estoi uhaantai saikhan hun uymaa. Tand az jargal eruul enkhiig husen eruue. Tanii yriltslaga olon hund uhaarah uuchlah amidraliin utga uchriig medrehed erch huch uram ugsun baihaa. bayarlalaa.

Dejidmagaa humuujuul      ip : 66.181.182.253 2017-10-18 09:30:08
Dejidmaagaa humuujuuleechee! Bas gantsaaraa amidarch baisan shig bitgii ingej guivuulaach Oyunhand Haltariig bugd medne!

Zochin      ip : 27.123.214.103 2017-10-18 09:01:59
Minii bishirdeh nairagch bailaa vnenii tuluu yawdag saihan hvn gaij dee

95346768      ip : 59.153.87.223 2017-10-17 23:58:39
Sain hun

hoo      ip : 103.212.119.63 2017-10-17 22:20:49
Saihan setgeltei bn shudee zuuj bj 3 huuhdee gantsaaraa usguj dee muu hani bjee shulegch

Л.Туяа      ip : 103.26.193.122 2017-10-17 21:18:28
САЙХАН ХАНЬТАЙ АЗ ЖАРГАЛТАЙ БУСГУЙДЭЭ АЗ ЖАРГАЛ ХУСЬЕ ЗАМТ АЖИЛЛАЖ БПЙЛАА.НЭГ УУЛЗАХЫГ ИХ ХУСДЭГ.АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ЗАЙРЛА ШУЛГИЙГ ИХ УНШИХ.ХУНД ЯРЬХ ДУРТАЙ.УХААНТАЙ БУСГУЙД АМЖИЛТ

Зочин      ip : 223.218.73.115 2017-10-17 19:32:10
Гайхалтай! Сайн ханийн ачаар эр хүн амжилтыг олдог гэж энэ!





(0/800)