УИХ дахь МАН-ын эмэгтэйчүүдэд хүчирхийлэлтэй тэмцэх эв нэгдэл хайрла

2017-10-17 10:38:26

УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэйчүүд өнөөдөр дангаараа хууль  тогтоох засаглалын 12 суудлыг эзэгнэж буй гэж үзвэл энэ бол хамгийн хүчтэй албан бус бүлэглэл байж таараа. Хэрэв тэд хүсвэл өнөөдөр МАН эрх баригч байгаа тохиолдолд нийгмийн олон, олон асуудлыг шийдэж чадна. Тэр дундаа, эхийн сэтгэлээр, охины сэтгэлээр, эмээгийн сэтгэлээр хандвал шүү дээ. Харамсалтай нь, өнгөрсөн жил орчмын хугацаанд тэд эрх нь зөрчигдсөн хүүхдүүд, хүчирхийлэлд өртөн гэр бүлүүд, хоногийн хоолоо залгуулах нь битгий хэл гудамжинд хоног төөрүүлж яваа олон олон үрсийн төлөө юу ч хийсэнгүй. Бүр УИХ-ын танхимд зэргэлдээ суугаа бандааш хочтой болсон УИХ-ын гишүүн Д.Гантулгаас ч ёс зүйн хариуцлага нэхэж чадсангүй.

За больё, хүчирхийлэд өртсөн олон арван хүүхдүүдийн төлөө ч хуруугаа хөдөлгөхийг хүссэнгүй. Харин таван настай охиныг хүчирхийлэлд өртсөн эсэх тухай дуулиан нийгэмд хурцдахтай зэрэгцэн тэд ганц нэгээрээ “Би хүчирхийллийн эсрэг тэмцэнэ” хэмээн мэдэгдэв. Гэхдээ олон хоногийн дараа. Гэхдээ албан ёсоор бус.

Уг нь УИХ-ын гишүүн хүн албан ёсоор, хууль тогтоох засаглалд хуулийн төсөл боловсруулж, үгээ хэлж, албан журмаар асуудлыг бодлого болгон тавих ёстой. Тэгж байж ирээдүйн хүчирхийлэгчид Монголын төрөөс, нийгмийн ёс суртахуунаас эмээнэ. Балчир хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй, хүчирхийллээс хол амьдарч чадна. Ийм байхад эв нэгдэлтэйгээр, атгасан гар шиг хүчирхийллийн төлөө зүтгэж чадахгүй байгаагийнхаа төлөө УИХ дахь МАН-ын бүлгийн 12 гишүүн Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой болов уу.

Харамсалтай нь, тэд өнгөрсөн сар орчмын хугацаанд Засгийн газрыг огцруулах, шинэ Засгийн газарт багтах гэсэн ганцхан асуудалд анхаарал хандуулсан. Тэр хэрээр өөр хоорондоо зөрчилдөж, дотор хуралдаандаа хатуу үг шидэлцэн бараг л нударга зөруулэх нь халгүй тэмцэлдсэн. Гол нь энэ зөрчил нь өнөөдөр хүчирхийллийн эсрэг багаараа, нийтээрээ, албан бус бүлгээрээ дуугарах боломж, эрхийг тэдэнд олгосон байх талтай. Тиймээс нийгмийн давалгаа дагаж ганц нэгээрээ худал хуурмаг пиар хийхээ зогсоож нийтээрээ тэмцэхийг хүсье. УИХ-ын танхимд хүчирхийллийн эсрэг бодлого захиалж, бодлого тодорхойлж чадахгүй байж сошиалаар хүчирхийллийн эсрэг тэмцсэн болж харагдахаа зогсоо. Ядаж л сүү эвлэсэн бүсгүй хүн гэдгээ санаж, бяцхан үрсийн энэлэл зовлонгийн төлөө сэтгэлээ зовооход буян ирнэ гэдгийг бодолцоосой билээ дээ. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)