НИТХ дахь МАН-ын гишүүдийн зөрчлийн түгжээг тайлаач, С.Амарсайхан дарга аа

2017-10-16 21:32:24

Саяхан л шинэ даргатай болж, С.Амарсайхан төлөөлөгчийг даргаараа сонгосон НИТХ-ын ажил өнөөдрийг хүртэл гацсан хэвээрээ байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны зургадугаар сараас хойш хуралдаагүйгээс нийслэл Улаанбаатар хотын ажил, урагшлахгүй болсон гэж болно. Ингэхдээ зөвхөн хурлын даргаа сонгож сандал суудлын асуудлаа шийдэхийн тулд л зөвхөн 2017 оны есдүгээр сарын 14-ний өдөр хуралдсан байдаг. Үүнээс хойш аравдугаар сарын 12-нд хурал зарласан боловч хоёр ч удаа цагаа хойшлуулсны эцэст тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа гэж мэдэгдсэн. Үүнээс болж Тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдэх маш олон асуудал зогсоод байгаа юм.

Уг нь НИТХ бол нийслэл хотыг бодлогоор ханган ажилладаг байгууллага.Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга жил болгоны аравдугаар сарын 5-ны дотор өргөн барьдаг Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-аар батлуулах ёстой. Ингэхдээ НИТХ-ын нэгдсэн хуралдааныг Тэргүүлэгчдийн хурлаар зарладаг. Гэтэл өдий болтол МАН-ынхан намынхаа дотоод асуудлаа шийдэж чадахгүй, ирц нь хүрэхгүй, хурлаа хийж чадахгүй гацсан байдалтай байгаа аж. Иймд дан ганц МАН-ын төлөөлөгчдөөс бүрддэг Тэргүүлэгчдийн хурал яаралтай дотоод зөрчлөө хойш тавьж, нийслэл Улаанбаатар хотын ажлаа саадгүй явуулах боломж олгохгүй бол өвлийн улирал хаяанд ирэхтэй зэрэгцэн хотын бэрхшээл хумигдах бус нэмэгдэнэ гэдгийг бодолцож, ажилдаа шамдах ёстой баймаар. Тэр дундаа, НИТХ-ын дарга С.Амарсайхан танаас НИТХ дахь МАН-ын гишүүдийн зөрчлийн түгжээг яаравчлан тайлахыг хүсье. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)