Н.Түвшинбаяр: Монгол хүн болж төрнө гэдэг Их хувь заяа

2017-10-16 09:32:46

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Найдангийн Түвшинбаярыг “Хоймор” буландаа урилаа.

-Танд өдрийн мэнд хүргэе. Сая тантай уулзахаар наашаа ирж явах замдаа fm-ээр Ардын уран зохиолч П.Бадарч гуайн “Есөн эрдэнийн орон” найраглалыг уншиж байхыг сонсоод ярилцлагынхаа эхний асуултыг өөрчилье гэж шийдлээ л дээ. Уг нь сүүлийн дэлхийн аваргын тэмцээний тухай асуух гэж байсан юм. Гэхдээ ярилцлагын явцад мэдээж асуух боломж олдоно гэж найдаж байна?

-Асуу, асуу. Хариулаад л байя. Нэг, хоёр, гурав… бичиж эхэлсэн байх. Тийм үү.

-Эхэлсээн. Ер нь монгол хүн бүрийн хувьд П.Бадарч гуайн энэ найраглалыг сонсоод сэтгэл огшиж, эх орныхоо тухай гоё сайхан төсөөлөлд хөтлөгддөг болов уу гэж санагддаг. Яг үүнтэйгээ адил монголчууд таныг төдийгүй бүх тамирчдыг медаль авч, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, төрийн далбааг мандуулахтай зэрэгцэн “Сэтгэл рүү огшоод л ирлээ, нулимс цийлэгнэлээ. Уйлаад үзлээ” гэлцэх нь бий. Харин таны хувьд тэр агшинд ямар бодол төрдөг вэ. Олон олон амжилтын дараа бодолд тань бас өөрчлөлт орсон байж мэдэх юм. Хүн дандаа нэг зүйлийг бодоод зогсохгүй шүү дээ?

-Миний бодол өөрчлөгдөж байна уу гэж үү.

-Тийм ээ?

-Өөрчлөгдөхөөр барах уу. Ер нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний зорилго, бодол санаа өөрчлөгддөг байх. Энэ нь зөвхөн нас нэмсэнтэй холбоотой ойлголт биш шиг байгаа юм. Яагаад гэхээр залуу тамирчин байхад надад лав амжилт гаргах л чухал байсан. Юун олон зүйл бодох. Ялахыг гол болгосон үед үнэндээ нэг их зүйлийг бодож амждаггүй санагдаж байна. “Би ялчихлаа. Би чадлаа” гэж бол өөртөө баярлана. Өнөөдрийн Түвшинбаяр гэж хүний хувьд бол харин өөр шүү.

-Юу нь өөр гэж?

-Нас нэмэгдэж уулзаж учирсан хүний тоо олширох тусам хүний бодол санаа өөрчлөгдөн баяжиж байх юм аа. Сүүлийн үед аливаа зүйлийг их алсаас нь харж, асуудлыг уг углуургаас нь учир начирыг нь олохыг хичээдэг болсон уу гэж өөрийгөө бодоод байгаа. 2008 оны олимпын аваргаас хойш би чинь олон ч удаа ялж ялагдлаа. Тэр хэрээр хүний бодол цэгцэрдэг юм байна. Нэгэн үе “Би ялчихлаа” гэж боддог байсан удахгүй “Бид яллаа” гэж бодох жишээний. Эндээсээ “Монгол яллаа” гэж өөрчлөгдөнө. Ер нь цаг хугацаа хүний багш юм даа, тийм ээ. Хүний алдааг засдаг байдлаас нь харахад. Гол нь зөв явж чадвал шүү дээ. Дээр нь, надад гэнэтийн их том хариуцлагатай үүргийг 2008 оны олимпын алтан медаль авчирсан. Яагаад гэхээр анхнаасаа олон түмэнд танигдаж, спортын амжилт маань бусад тамирчдын нэгэн адил багаасаа их рүү буюу улс, Азийн аваргаас дэлхий рүү, дэлхийгээс олимп руу гэж бичигдээгүй. Хэрэв тэгж явсан бол харьцангуй дэс дараатай, уялдаа холбоотой, хүн бас өөрөө өөрийгөө удирдах, төлөвшүүлэх, хүмүүжүүлэх цаг хугацаа олдоно оо доо. Миний хувьд тийм биш. Шууд л олимпийн аваргын алтан медалиа авлаа, төрийн дуулал эгшиглэлээ, Монголдоо ирлээ… тэгээд л огт өөр харилцаан дунд орчихсон. Монголчуудынхаа тэр их хайр хүндлэл, талархлыг дааж гарах ёстой, алдаа гаргаж болохгүй, зөв амьдрах ёстой юм байна гэдэг бодол, ойр тойрны хүмүүс, аав ээжийн минь захиас, зэмлэл намайг ч  их түшсэн. Хүн хичнээн том ажилт гаргасан ч хүмүүсийн дунд л амьдарна. Тийм болохоор хөөрлөө хурдан дарж, бодит зүйлтэй нүүр тулах ёстой юм байна гэдгийг ойлгосон.  Ер нь их ч юм боддог болсон доо, сүүлийн үед. Дэлхийн улс орнууд тэгж сайхан хөгжөөд байхад Монгол Улс маань яагаад ийм байна вэ гэж бодох л юм. Энэ чиглэлийн номыг чөлөө заваараа уншихыг хичээдэг. Гэхдээ бэлтгэл, сургуулилт гээд бас бүрэн дүүрэн цаг заваа зориулж чадахгүй л байна.

-Хүн болгон зуун хувь бусдад таалагдана гэж байхгүй. Гэхдээ маш итгэлтэйгээр хэлэхэд та бол олонхид нь бараг 99 хувьд нь  таалагддаг, хүндлэгддэг хүн. Энэ бол мэдээж спортын амжилтын тань гавьяа. Бас их хувь заяа гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ таныг хүндэлдэг хүмүүс эргээд түрхэн зууртаа  “УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, хайран аварга” гэж халагласныг та сонссон байх. Таны төлөө саналаа өгсөн хүмүүсийг эс тооцвол шүү дээ. Мэдээж та энэ шийдвэрээ “Эх орноо бодоод” гэж тухайн үед тайлбарлаж байсан. Цаашид тэгвэл эх орноо бодоод ямар алхам хийх вэ?

-Миний УИХ-д нэрээ дэвшүүлсэн талаар хүмүүс янз бүрээр ярилцдаг. Би гурван үндэслэлээр л шийдвэрээ тайлбарламаар байгаа юм. Нэгд, хүн болгон өөр өөрийн дүгнэлттэй байх нь энэ ардчиллын давуу тал. Хоёрт, УИХ-ыг эрдэмтдийн хүрээлэн биш нийгмийн төлөөллийн байгууллага гэж би ойлгодог. Гуравт, анх би спортоор хичээллэхдээ хувийн амжилтынхаа төлөө явж эхэлсэн. Зорилгоо биелүүлээд эхлэхээр багийн амжилтийн төлөө явдаг болсон. Ер нь спортод 30 нас гараад ирэхээр ахмаддаа тооцогддог.  Удахгүй би зодог тайлна. 34 насандаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэнэ гэдэг миний хувьд сүүлийн маань боломж байсан.Тиймээс ч надад амьдралынхаа дараагийн шатанд юу хийх вэ гэсэн асуудал тавигдсан. Тийм болохоор зодог тайлснаасаа хойш юу хийх вэ гэдэг асуултыг Ерөнхийлөгч маань надад нэлээн олон удаа тавьж байсан. Магадгүй энэ асуулт ч тодорхой хэмжээнд УИХ-д нэр дэвшихэд нөлөөлсөн байх. Би залуу насныхаа зорилгыг биелүүлсэн. Одоо Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. Сүрхий сайхандаа зүтгэж байгаа юм биш, энэ Монгол Улсад чи бидний үр хүүхдүүд амьдарна. Ийм л юм даа. Хүүхдүүдээ сайхан нийгэмд хөгжсөн Монгол Улсад амьдруулмаар байна шүү дээ. Үнэхээр өөрийн тань хэлснээр би бол монголчуудынхаа хайр ивээл дунд амьдарч яваа хүн.Тэр хэрээр монголчуудынхаа төлөө зүтгэх ёстой гэж боддог. Зүгээр өөрийнхөө жаргалыг хөөгөөд үлдэж болохгүй. Тэр үүднээсээ УИХ-ын гишүүн болчихвол олон түмний амьдралд тустай, улс эх орондоо хэрэгтэй шийдвэр гаргахад өөрийнхөө хүчийг зориулж болох юм байна гэж бодсон. Гол нь ард түмнийхээ тусыг хариулах боломж гэж харсан юм. Гэтэл хүмүүс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагаж, сохроор нэр дэвшсэн гэж ярьдаг. Мэдээж Ерөнхийлөгч бол миний ойрын зөвлөгч, дотны хүн гэдгийг би хаана ч хэлнэ. Тэр утгаар үгийг нь сонсох үе олон. Ер нь байнга л сонсдог. Хойшид ч тийм байна.

-Гэхдээ баянхонгорчууд таныг улс төрөөс харамласан байх гэсэн сэтгэгдэл танд төрдөггүй юу. Олимпийн аваргаар тань үлдээхийн тулд шүү дээ?

-Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хөдөлмөр зүтгэлээр хүртсэн олимпийн аварга цол амжилтыг минь хэн ч надаас булааж авч чадахгүй шүү дээ. Мөн биз?

-Тийм ээ, тийм. Мөнх настай хүндлэл гэдэг талаас нь хэлчихлээ. Гол нь их гэгээн?

-Яахав, УИХ-д хулгайчид, муу хүмүүс ордог гэсэн ард түмний маань шүүмжлэл нэлээн хүчээ авсантай холбоотой байж магадгүй. Би ч гэсэн адилхан бодолтой байдаг. Яагаад УИХ-аар ард түмний төлөө, тэдний сайн сайхны төлөө шийдвэр гаргах боломж байдаг юм бол яагаад өрсөлдөж болохгүй гэж бодоод өрсөлдсөн. Ер нь яагаад олимпийн аварга хүн ард түмнийхээ төлөө төрд зүтгэж болохгүй гэж.

-Тэгвэл УИХ-д дахин нэр дэвших зорилго байгаа байх нь ээ?

-Тэгж хэлж болно.

-Уг нь дэлхийн аваргын дараа таныг дасгалжуулагч болно гэдэг яриа спортын хүрээнд гарсан байсан. Энэ ч бас улс орныхоо нэрийг мандуулах үүрэг хүлээдэг том ажил шүү. Дэвжээний гадна чичрээд, чинэрээд, хашгираад зогсож байгаа дасгалжуулагчдыг харахад яалт ч үгүй бахархах сэтгэгдэл төрдөг?

-Хэцүү ажил. Олон зуун хүүхдийн ирээдүйг шийднэ гэдэг яах аргагүй асар том хариуцлага. Дээр нь улс орны нэр нүүр байна. 2013 онд бэртэлттэй байх хугацаандаа хэсэг дасгалжуулагч хийж үзсэн. Амар биш санагдсан. Ер нь их айдаг. Наанадаж хүний хүүхдийн хувь заяа, цаандаж улс орны нэр хүндийг хариуцаж ажилладаг хүмүүс.Үүнээс би сайн тамирчин болгон сайн дасгалжуулагч болдоггүйг ойлгосон. Сайн тамирчин байж байгаад дасгалжуулагчийн алба руу шилжсэн мундаг дасгалжуулагчид бий. Миний хувьд дасгалжуулагч хийж чадах ч сайн дасгалжуулагч болох хэмжээндээ хүрээгүй байна. Хэсэг хугацаанд хөндлөнгөөс нь харж суралцаж, өөрийгөө хөгжүүлж байж дасгалжуулагчаар ажиллавал зүгээр юм болов уу гэж боддог. Тэгээд ч одоо манай Жүдо бөхийн холбооны дасгалжуулагчдын баг маш чадварлаг дасгалжуулагчдаар бүрдчихсэн байгаа. Энэ хүмүүс ажлаа хийж чадаж байхад би  орон тоо бөглөж, орж ирэх хэрэггүй болов уу. Харин хийж чадахгүй байсан бол өөр хэрэг л дээ.

-Гэхдээ та ямар ч шийдвэр гаргасан жүдогоосоо бол холдохгүй нь тодорхой биз дээ?

-Зааландаа бол бэлтгэл сургуулилтаа хийнэ. Хэрэв миний хэрэг гараад надтай хамт бэлтгэл сургуулилт хийх нь хүүхдүүдэд, дүү нарт маань сайхан санагддаг бол хамт хичээл, сургуулилтаа хийгээд, тэмцээн уралдаанд дагаж явдгаараа явна. Амихандаа намайг ороод ирэхээр бас жаахан өег байдаг юм болов уу гэж боддог юм. Урам юм даа. Тийм ээ.

-Шинэ залуу тамирчид төдийгүй таны араас амжилтыг тань буухиалж яваа жүдочид бүгд л ярилцлагандаа “Түвшинбаяр ах шигээ сайн бөх болно. Хамт бэлтгэл хийхэд түшигтэй, хэнтэй ч нэг зангаараа харилцдаг. Хүн голдоггүй. Урам өгдөг” гэх зэргээр их магтах юм билээ. Тэгэхээр яалт ч үгүй та энд хэрэгтэй байж таарах нь?

-Би бас тэр ярилцлагуудыг нь уншаад, зурагтаар сонсоод өөртөө итгэчихээд л яваад байгаа шүү дээ. Үнэнгээсээ л хэлдэг байлгүй дээ, тийм ээ?. /инээв/

-Үнэн сэтгэлийн үг гэдэгт та өөрөө ч итгэлтэй байгаа шүү дээ?

-Итгэнэ ээ, итгэнэ. Дүү нарынхаа амжилтанд ч бас их итгэнэ. Залуу үе өнөөдөр олон арваараа гарч ирж байна. Монголын жүдо бөх ердөө л арав хүрэхгүй жилийн дотор дэлхийд тэргүүлдэг, манлайлдаг болчихлоо. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ах маань Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. Хүнд сэтгэл байвал юуг ч амжилтанд хүргэж, өөрөө амжилтанд хүрч болдог гэдгийг батлан харуулж байна. Үнэхээр хүн сэтгэл зүрхээ зориулна гэж юуг хэлдэг вэ гэдгийг Ерөнхийлөгч маань Монголын жүдо бөхийн холбооны сэргэн мандалтаар харуулж чадсан даа.

-Ерөнхийлөгч болсныхоо дараахан Унгар Улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зочилж, та бүгдийг дэргэдээс тань дэмжсэн. Энд анзаарч байхад холбооны ерөнхийлөгчийн хувиар очих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар зочлох хоёрт ялгаа хэр харагдсан бэ?

-Монгол төрийн тэргүүн маань бид нарыг дэмжиж байна гээд бодоод үз л дээ. Шал өөр байгаа биз дээ. Хэдийгээр бидний хоорондын харилцаа урдны хэвээр ч гэсэн эрхэм төрийн хүндлэл гэдэг зүйл, Ерөнхийлөгчийн зангараг гээд ярихаар яалт ч үгүй манай баг хамгийн хүчтэй харагдаж байгаа юм л даа. Тэр хэрээр цаад угтан авч байгаа орны зохион байгуулагчдын харилцаа, Элчин сайдын яамны ажилтнуудын ажлын хурд гээд нүдэн дээр тэс өөр болно шүү дээ.

-Мэдээж Монголын жүдо бөхийн холбооны төлөө Ерөнхийлөгч Х.Баттулга хангалттай сайн, сэтгэл гаргаж ажилласан нь үнэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч болтлоо сонгогчдын олонхид нь хүндлэгдэж, энэ албан тушаал дээр ирэхэд нь та нарын амжилтын буухай, тойрон хүрээлэл, та нарт хайртай Монголын ард түмний итгэл гээд хувь хүнд нь ашиг өгсөн биет бус үнэт зүйл их бий гэж харагддаг. Үүнийг “Харилцан ашигтай бизнес” гэвэл та зөвшөөрөх үү?

-Бид ингэж сэтгэж, ярьдгаа өөрчилмөөр байгаа юм даа. Айл гэрийн аав гэж харвал үр хүүхэд нь сайн явахын хэрээр аав, ээжийнх нь нэр гардаг биз дээ. Түүнтэй адил аль алиндаа хэрэгтэй, тустай байх нь мэдээж. Гэхдээ Ерөнхийлөгч маань биднээс ашиг харсан удаа нэг ч байхгүй. Угаасаа тийм боломж ч байхгүй. Өөрөө спортод хайртай, Монголын нэрийг дэлхийд, тусгаар тогносон идэрхэг улс гэдгээр нь гаргах хүсэлтэй хүний хувиар биднийг, манай холбоог дэмжсэн. Энэ дэмжлэгт нь итгэж саналаа өгсөн сонгогч байгаа л байх. Үүнийг харилцан ашигтай бизнес гэж хэлэх хаашаа ч юм. Өмнө нь бид нар чинь гадагшаа тэмцээнд явна. Бас их хэцүүхэн байлаа ш дээ. Өмсөх олигтой хувцас байхгүй. Хаа холын, хамгийн хэцүүхэн буудалд бууна. Монгол гээд ярихаар мэдэхгүй. Чингис гэж хэлбэл гадарлана. Одоо бол өөр. Бид нар өөрсдийгөө бараг танилцуулах шаардлагагүй болж ирж байна. Монгол гэхээр бүгд мэддэг боллоо. Түвшинбаяр явж байна гэж хараад таньдаг болчихлоо. Бусад тамирчдыг ч адилхан. Энэ чинь хэний гавьяа вэ гэхээр Ерөнхийлөгчийн маань л гавьяа шүү. Хүмүүс хувцас гээд ярихаар жижиг асуудал гэж бодож магадгүй. Гэтэл яг дэлхийн дэвжээн дээр очихоор яалт ч үгүй том асуудлын нэг болж хувирдаг. Тэгэхэд сая яаж байна. Зөвхөн бэлтгэл сургуулилтаа хийгээд, ямар ч толгой өвтгөх асуудалгүй тамирчид дэлхийн аваргад ороод зургаан медаль аваад ирж байна. Баг тамирчид зөвхөн тэмцээндээ төвлөрч чадаж байна.  Дээр нь, миний хувьд очсон улс орныхоо улс төр, эдийн засгийн байдлыг сонирхож судалдаг болчлоо. Сүүлд очсон Унгар улсын эдийн засгийн гол тулгуур нь машин үйлдвэрлэл байх жишээний.

-Та Европын харьцангуй сул эдийн засагтай орон гэдгийг нь дуулсан байх. Европын холбооны тэргүүлэх гүрнүүдийн хувьд бас л толгойны өвчин болчих гээд байгаа орон шүү дээ. Ямар бодол төрсөн бэ?

-Сонссон, сонссон. Өмнө нь эдийн засаг нь хөдөө аж ахуй дээр суурилдаг байсан юм билээ. Харамсалтай нь, манайх шиг хувьчлахдаа дотоодын бус гадны том том хөрөнгө оруулагчдад өгснөөс болоод тэд нь дампууруулаад хаячихсан, Олон улсын валютын сангийн тулгалтаар ард иргэдийнх нь амьдрал төдий л сайнгүй байсан бол үндэсний бие даасан бодолтой улстөрчид нь өөрсдийнхөө онцлогт тохирсон шийдвэр бодлого гаргаснаар эдийн засаг нь сэргэж байна гэж байсан. Үүнийг манайхан бас бодох л хэрэгтэй байх.

-Сонирхолтой нь та яриагаа яаж ийгээд л улс төр, эдийн засаг руу шилжүүлэх гээд байдаг болчихсон байна шүү?

-Тэгэхгүй яах бэ. Би чинь УИХ-д нэрээ дэвшүүлж олон түмнийхээ бодол санааг сонссон, бусад орны нийгмийн амьдралыг нүдээр харж байгаа хүн шүү дээ. Анх очиход л “Монгол маань яагаад ингэж хөгжиж болдоггүй юм бэ” гэсэн өсвөр насны гайхашралаар боддог байсан бол одоо бол нас явж, учир шалтгааныг  нь боддог болж байна шүү дээ.

-Тэгээд хэн гэж улстөрчийн бодол танд зөв юм шиг санагдаж байна. Би бараг тодорхой асуулт асуучихав уу даа?

-Ерөнхийлөгчийнхөө, үйлдвэр-лэгч үндэстэн болох бодлогыг  дэмждэг. Харьцуулж бодохоор их зөв санагддаг. Яахав зарим хүмүүсийн хувьд учир шалтгааныг нь мэдэхгүй ард иргэдийн тархийг угаах амархан байдаг байж магадгүй. Харин мэдэж байгаа хүний бодол санааг өөрчилнө гэж байхгүй. Дээр нь зарим нэг хүмүүсийн  тухайд, тухайн  цаг мөчид төрсөн сэтгэгдэл аажимдаа арчигдах, өөрчлөгдөх нь их юм. Хэтэрхий хувийн эрх ашгаа бодсон, материаллаг сэтгэлгээнд их автсан хүмүүс нь цаг хожихгүй танигдаад эхэлдэг. Ерөнхийлөгч маань харин өөр шүү. Нэг л зангаараа.

-Танд материаллаг сэтгэлгээ байхгүй гэж үү?

-Байхгүй биш байгаа. Би чинь дөрвөн хүүхэдтэй хүн. Тэднийхээ ирээдүйг баталгаатай болгохын тулд ажиллах, зүтгэх нь тодорхой. Аятайхан шиг эцэг байхгүй бол бас болохгүй шүү дээ. Гэхдээ хэрэгцээгээ мэдэж зүтгэнэ л дээ. Өөрөөр улайраад, муйхраар бусдын амьдралд хор хохирол учруулахуйцаар материаллаг сэтгэлгээнд автах хүн би биш ээ.  Материаллаг зүйлс бүхнийг шийдэгч биш. Бэлэн амьдрал дээр хүүхдээ өсгөснөөс эрүүл нийгмийг хүүхдэдээ үлдээхээр зорих нь зөв гэж бодогдох боллоо.

-Бизнес эхлүүлсэн үү?

-Үгүй ээ. Хэрэв материаллаг сонирхол их байсан бол аль хэдийнэ эхлүүлэх байсан байх. Одоохондоо бол судалж л байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын тойрон хүрээллийн тухай хүмүүс янз бүрийн л бодолтой байдаг байх. Таны хувьд тамирчны хувиар үзүүлсэн дэмжлэг гэдгээс өөрөөр харсан тодорхойлолт тань ямар байдаг юм бэ?

-Хэт үнэнч байна гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Ил ч хэлнэ, далд ч үүнийгээ ярьдаг. Гэхдээ үнэнч байхаас өөр арга байхгүй тийм л хүн. Үйлдэл нь ч зөв, хэлж ярьж байгаа үг нь ч зөв хүн шүү дээ, Ерөнхийлөгч маань. Шүтэхгүй байхын аргагүй тийм л хүн.

-Шүтэх ээ?

-Тийм ээ, шүтнэ ч, хүндэлнэ ч.

-Таны мөнгөн медаль авсан олимпийн барилдаанд уйлаагүй, нулимс унагаагүй монгол хүн байдаггүй байх. Та тэр үеийг одоо боддог уу?

-2008 оноос 2012 он хүртэлх цаг хугацаанд их ч зүйлийг ойлгож, амжилтаа бататгах, олны хүндлэлийг баталгаажуулах ёстой гэдэг утгаар ямар ч юманд нэлээн ул суурьтай ханддаг болчихсон байсан үе. Нэлээн ул суурьтай хандсан. Дээр нь, азаар гэсэн үг жаахан хор шар хөдөлгөсөн байх талтай. Мэдээж тухайн үед хэцүү байсан уу гэвэл хэцүү байсан. Гэхдээ болоод өнгөрсөн зүйлийн талаар бодохоос илүүтэй  урагшаа харж алхах нь хүний амьдралд илүү их ололт авчирдаг байх. Тэр дундаа Монголын ард түмний маань “алтан медалийн дайтай мөнгөн медаль” гэж тоссон нь сэтгэлийн урам асар их хүч өгсөн.

-Харин дэлхийн аваргын хүрэл медаль таныг хэр их баярлуулав?

-Баярласан, баярласан. Хасах 100 килограммын жинд олимпоос хоёр медаль авчихсан болохоор дэлхийгээс медаль авах бодол их байсан. Нэлээн хүсч байж барилдсан. Хасах 100 килограммд хүн олон жил жин барихаар сүүлдээ хэцүү болдог юм байна лээ. Олон жил жин барьж, байнга 10 кг хасна гэхээр сүүлдээ ядарна л даа. Асар их тамирдана. Тэр хэрээр “Дэлхийн аваргаас медаль авч чадахгүй дуусгах нь дээ” гэсэн бодол төрдөг болчихсон байсан болохоор дотор хүндээ бол үнэхээр их баярласан. Гэхдээ өмнө нь “Би жин нэмээд барилдчихвал аз таараад хүрэл авчих юм биш биз дээ” гэсэн итгэл бол төрчихсөн байсан үе шүү, бас ч гэж. Тэр бодол маань намайг ивээсэн байх талтай. Дээр нь, Ерөнхийлөгчийн маань “Чи тэртээ тэргүй биеэ зовоож, хөлсөө гаргаж байж л сайхан амьдрах хүн” гэдэг үг ч их нөлөөлсөн байх.

-Та яаж ийгээд л улс төр, эдийн засаг гэдэгтэйгээ адилхан Ерөнхийлөгчийн тухай яриа руу орчих юм?

-Тэгэхээс өөр аргагүй байна л даа. Үнэхээр яах аргагүй миний хамгийн ойрын хүн. Өөрөө спортын хүн болохоор ч тэрүү хөлс урсгаж байж хүн амжилтанд хүрдэг, хөдөлмөрлөх ёстой гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож, түүгээрээ бид нарт үлгэрлэж сургадаг хүн. Өнөөдөр Ерөнхийлөгч болсон ч долоо хоногт заавал дөрвөн удаа бид нартай бэлтгэл хийдэг. Нэг ч удаа таслахгүй. Би бас өөрөө зарим залхуу хүмүүсийг бодоход арай гайгүй юм болов уу гэж өөрийгөө боддог. Гэхдээ Ерөнхийлөгчийн хажууд бол маш залхуу санагддаг. Энэ бүхнээс ойлгож бодоход хүн ерөөсөө л хөдөлмөрч байхын тулд өглөө орноосоо босоод л хөдөлмөрлөдөг байх ёстой гэж боддог. Дээр нь хүн хөдөлмөрлөхийн хэрээр оюун ухаан бас их хөгждөг байх талтай юм л даа.

-Таны оюуны санаанд тэгвэл хэр өөрчлөлт гарч байна вэ?

-Мэдэхгүй ээ. Ямар лаг болжийна гэж онгиролтой биш дээ. Хүсэл зорилготой, мөрөөдөлтэй байж, түүн рүүгээ хүрэхийн тулд бусдаас хоёр, гурван алхмын өмнө алхаад байвал болох байлгүй гэж боддог.

-Гэр бүлийн хувьд ч та яах аргагүй тун хурдтай өнөр өтгөн гэр бүлийн өрхийн тэргүүн болсон доо?

-Тэр ч үнэн шүү. Хоёр хүү, хоёр охинтой өнөр гэр бүлийн аав, ээж болоод амьдрал сайхан л байна.

-Хүү тань жүдогоор хичээллэж байгаа байх аа?

-Тийм ээ. Ер нь хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлэхгүй бол хөдөлгөөний дутагдалтай болчих гээд хэцүү байна шүү дээ. Гэрт байхаар хүүхдүүдээсээ утсаа нуух гэж нэг том асуудал гарна. Гадагшаа гаргая гэхээр Улаанбаатар хотын маань нөхцөл байдал ямар билээ. Тэгэхээр яалт ч үгүй ирээдүйг нь бодоод, эрүүл саруул хүн болгохын тулд олон аав ээж хүүхдээ спорт руу хөтөлж байгаа байх. Би ч тэдний л нэг.

-Хүүгийн тань ялагдаад уйлж байгаа зураг интертнэтээр хөөрхөн шуугиан үүсгэсэн. Ер нь хэр тамирчин болох ирээдүй харагдаж байна?

-Ёстой хэлж мэдэхгүй. Хүмүүс намайг хүүгээ өөрөө дасгалжуулна гэж харж байгаа байх. Тэр ёстой худлаа юм билээ. Дэлхийн нэг номерийн зүрхний эмч аавдаа хагалгаа хийх гээд чадаагүй гэдгийг сонсож байсан. Тэрүүнтэй яг адилхан их хэцүү эд байна лээ. Харин ёстой сайн дасгалжуулагчид даатгах байх даа. Хувь тавилан нь л мэдэх биз дээ.

-Таны талаар сүүлийн үед үндэсний бөхөөрөө карьер хөөх болов уу гэсэн хүлээлт үүссэн байгаа. Дэлхийн дэвжээнд үзүүлж буй амжилтуудтай тань харьцуулаад заан цолондоо зогсохгүй байх гэдэг олны хүлээлтэд та ямар хариулт өгөх вэ?

-Хүний зорилго зогсолтгүй урагшлах ёстой гэдгийн л нэг илрэл болов уу. Үндэсний бөхөөр анх хичээллэж байсан болохоор эргээд барилдахад сайхан байдаг. Онгироод яривал үндэсний бөхөө сурталчилж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Дээр нь, өөрөө дуртай юм даа тэ. Би ямар бааранд ороод архи ууж байгаа биш. Наадмынхаа дэвжээнд гараад барилдахад дургүйцэх хүмүүсээсээ баярладаг нь арай олон байдаг байлгүй дээ. Саяхан заан цолны маань наадам төрсөн нутагт маань сайхан болж өнгөрсөн. Олимпийн аварга гэлтгүй үндэсний бөхөөрөө цол авч, нутгийнхнаа баярлуулах сайхан л байна лээ. Яадаг ч байсан жил жилийнхээ наадамд зодоглоод л явна гэж бодож байгаа.

-Гэхдээ үндэсний бөх дээр найраа гэж нэг хэцүү асуудал байдаг шүү дээ. Өнгөрсөн наадмаар гэхэд таныг унаган багын улсын начин Э.Энхбат гэж найзаараа…?

-Найзаараа яаасан гэж?

-Та хэлэх гэсэн үгийг минь мэдэж байгаа шүү дээ?

-Найзаараа тав давчихсаан, давчихсан. Энхбат бид хоёр олон жил найзалсан найзууд. Олимпоос аварга авсныхаа дараа найзыгаа жүдогоороо сайн хичээллэж амжилт гарга гэж зөвлөж байсан. Найз маань харин үндэсний бөхөөрөө хичээллэх сонголт хийсэн. Энэ жилийн наадмаар бол би Энхбатыгаа цол ахиулах санаатай гурван бөхөөс сонгож ам авсан. Тэгээд бас нэлээн ярилцаж, чамд илүү шанс байгаа гэж хэлээд тахимаа өгсөн. Энхбат маань их ухаантай хүн л дээ.

-Ховорхон найз юм?

-Үнэн, үнэн. Өнөөдөр хэр баргийн хүнээс тийм сэтгэл гарахгүй. Гол нь Энхбатынхаа итгэлийг алдахгүй, долоо давсандаа баяртай байгаа. Долоогийн даваанд цолоо ахиулж чадахгүй унасан бол найз маань харин ч гомдох байсан байх. Тэрийг ард түмэн маань янз бүрээр л ярьж байх шиг байна лээ. Тэр болгонд очиж тайлбарлаж, хэрүүл хийгээд байлтай биш дээ.

-Таныг хүнтэй хэрэлдээд явж байна гэхэд итгэхэд бас хэцүү шүү. Энэ нь таны бидэнд тулгасан эерэг дүрийн нөлөө байх?

-Хэрүүл хийх нь ч юу юм. Гэхдээ хортой, шартай хүний хувиар хэлэх үгээ бас хэлчихдэг талтай шүү.  Манайхан бас үндэсний бөх дээр нэг зүйлийг ойлгомоор санагддаг. Найраа, наймаа гээд яриад байдаг. Уг нь тийм их сүртэй зүйл яг цаанаа бол байдаггүй байхгүй юу. Нутгийнхаа залуу бөхийг дэмжиж, нутгаасаа гайгүй бөх төрүүлчихье гэсэн нутагтаа хайртай хүмүүс нь ганц нэг яриа хэлээ хийдэг байх. Тэр нь замбараагаа алдсан юм бол байхгүй л дээ.

-Шинэ журам гаргасан байсан. Та дэмжиж байгаа юу?

-Дэмжинэ. Харин ч илүү хатуу дэгтэй байх ёстой гэж боддог. Спорт гэдэг чинь хатуу дэгтэй байхгүй бол алдчих гээд байдаг талтай. Цаг хугацаатайгаа хөл нийлж алхах хэрэгтэй л байхгүй юу.

-Жүдо бөхийн эмэгтэй тамирчид дэлхийд амжилтаараа тэргүүлж байна. Сонирхоод асуухад тэдэнд хандсан арай уян зөөлөн зөвлөгөө, сургуулилт, дүрэм гэж байх уу?

-Адилхан шаардлага тавина.

-Өрөвдөхгүй юу?

-Байхгүй ээ, байхгүй. Тэртээ тэргүй тэмцээн ямар зөөлөн болох биш. Зарчим тодорхой. Амжилт гаргахыг хүсч байгаа бол адилхан хөдөлмөрлө, бүр илүү хөдөлмөрлө гэж. Спортод ер нь ардчилал байж болохгүй. Зөвхөн эмэгтэй тамирчин гэлтгүй хүүхдийг багаас нь хатуу үг сонсгож, хатуу бэрхийг сургаж өсгөх ёстой гэж боддог. Тэгж байж эхнэрийнхээ ганц хатуу үгэнд гомдчихдог, нөхрийнхөө үгийг үг гэж бодохгүй салж сарнихдаа тулж, амьдралаараа тоглоод байдаггүй болно оо доо. Энэ тал дээр би нэлээн хатуу бодолтой байдаг. Багаас нь хатуу бэрхэд суралцуулж, хайр нь дотроо хал нь гаднаа байхгүй бол сүүлийн үеийн хүүхдүүд бас л буруу өсөөд байх шиг байна шүү.

-Та хүүхдүүддээ хэр хатуу үг хэлдэг вэ?

-Би ер нь ширүүлчих гээд байх шиг талтай. Эхнэр л хэлээд байдаг юм. Гэхдээ би зөв гэж боддог. Хэдийгээр би айлын бага хүүхэд ч гэсэн эрхлэхээсээ илүү хатуу бэрхийг сурсан нь их байх. Мэдээж аав, ээж маань намайг эрхлүүлдэг байсан л даа. Гэхдээ хатуу нь их байсан. Түүнээс бол муудсан юм алга. Харин ч сайн явна шүү дээ.

-Хэдийгээр та өнөөдөр олимп, дэлхийн хос медальтан болсон ч гэргий тань энэ хугацаанд үргэлж хажууд тань байж ирсэн. Гэхдээ зүгээр ч нэг түшиг тулгуур байгаад зогсохгүй ойр ойрхон дөрвөн хүүхэд төрүүлнэ гэдэг ямар ч эмэгтэй хүний хувьд амар даваа биш. Танд ер нь хэцүү бэрхийн тухай үг унагаж байв уу?

-Үгүй дээ. Ер нь ховорхон байх. Тамирчин хүн ямар гэртээ тогтох биш. Бэлтгэл, сургуулилт, тэмцээн гээд яваад өгнө. Тэр болгонд хэл амгүй, үнэхээр галаа сайн манаад, хүүхдүүдээ сайхан өсгөж яваа тийм л эмэгтэй. Магтаад байвал магтаад л байна байх. Үнэхээр мундаг. Хамгийн гол хариуцлагыг би биш эхнэр маань л хүлээж яваа байх шүү.

-Дахиж бүл нэмэх бодол бий юу?

-Нэмий ш дээ. Нэмнэ.

-Ажлын маань ах “Булган аймгийн Сайхан суманд төв халх хүний ген хадгалагдаж үлдсэн гэж ярьдаг юм билээ. Заавал асуугаарай” гэж хэлж байсан. Та энэ талаар дуулсан уу?

-Хатанбаатар Магсаржавын үед их олон шилэгдмэл эрчүүдийг Монгол нутгаас цуглуулж цэрэгт татаж, суурьшуулсан гэж бол сонсож байсан. Тэрийг хэлж байгаа юм болов уу. Ер нь бол Булган аймаг маань их сайхан байгалийн тогтоцтой, ихэнх том мөрнүүд урсдаг. Тэгэхээр байгалийн өгөгдөл нөлөө үзүүлдэг байхыг бас үгүйсгэх аргагүй юм л даа.

-Гэхдээ та Баянхонгор, Булган гэсэн хоёр аймгийн хүн шиг л харагдаад байгаа юм даа?

-Хөөе, уг нь би чинь Монголын Түвшинбаяр ш дээ /инээв/. Баянхонгор аймгийн тухайд хөөгөөд үзэхээр миний ээжийн ээжийн нутаг. Дээр нь, мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр байдгийн нөлөө байхыг үгүйсгэх аргагүй. Ер нь бол Баянхонгороос хүн үүссэн ч гэж яриа байдаг байх шүү, тийм ээ.

-Сонирхуулаад хэлэхэд наргиа гэмээр нэг үг гарсан байсан. Та мэдээж олж харсан л байх. “Баянхонгорчууд их стратегитай хүмүүс юм. Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-ын гишүүн болгосон бол Ерөнхийлөгч болж чадахгүй байх байсан. Н.Түвшинбаярыг УИХ-ын гишүүн болсон бол юун дэлхийн аваргын хүрэл медаль” гэж?

-Харсан. Цаг хугацаа нь болоогүй байсан юм байлгүй дээ. Аливаа зүйлд чинь хувь зохиол гэж байдаг. Ёстой хувь заяа юм даа, тийм ээ. Зохиолдлогоо ч юмуу. Гол нь ард түмний маань дэмжлэгийн үр дүн шүү дээ.

-Эдийн засгийн хямралтай зэрэгцээд тамирчдын урамшууллыг хасах тухай санал гарч байна. Энэ саналыг дэмжих нь, ч эсэргүүцэх нь ч байсан л байх. Таны хувьд ашиг сонирхлын зөрчилтэй асуулт болчихов уу даа?

-Би өөрөө авдаг юм чинь зөв л гэж хариулна ш дээ.

-Гол нь ач холбогдлынх нь тухайд оновчтой хариулт хэлэх болов уу гэж бодоод асуулаа?

-Яг үнэндээ хэрэв энэ цалин, урамшуулал байгаагүй бол би сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тасралтгүй барилдаж, удаа дараа амжилт үзүүлэхгүй байсан байж магадгүй. Намайг үнэхээр зөвхөн барилдаандаа анхаарахад их чухал нөлөө үзүүлдэг. Гэр бүлийн маань санхүүд маш их дэм болдог. Манайхан “Монголд ашиггүй” гэж ярьдаг. Гэтэл дэлхийн дэвжээнд Монголын төрийн дуулал эгшиглэж, төрийн далбааг өргөхөд тусгаар тогтносон улс гэдэг маань сурталчлагдаад явдаг. Тэр хэрээр хүмүүс Монголыг таньж, Монгол руу маань ирж, жуулчилж, бизнес хийдэг гэж боддог. Бид нар улсаа, соёлоо, ард түмнээ сурталчилдаг. Урлаг, соёл хоёр яагаад чухал вэ гээд бодохоор ерөөсөө л улс орноо сурталчлан таниулах, нэр хүндийг нь өргөхөд оршдог болов уу. Энэ утгаар нь хасах тухай яригдахад гайхаж л байсан. Бид нараас “Танай Монгол чинь аль монгол нь вэ. Ямар улс байдаг вэ” гээд байнга асуудаг байсан гэж би түрүүн хэлсэн. Одоо бол асуух нь ховор болсон. Үүнд тамирчдын нөлөө их бий гэж боддог.

-Тэгвэл таны Монголын тухай тайлбарласан хамгийн тод санагдаж байгаа хариулт юу вэ?

-Бразилийн тамирчин бид хоёрын дунд өрнөсөн яриа байх. “Танай Монгол хаана байдаг юм. Ямар хэлээр ярьдаг вэ. Хэр том нутагтай юм” гээд нэлээн л зүйл ярьсан. Тэр дунд би, манай ард түмэн өөрийнхөө монгол хэлээрээ ярьдаг гэж хэлснээ мартдаггүй юм. Бразиль тэгэхэд өөрийн хэлгүй, протугаль хэлээр ярьдаг байх жишээний. Энэ чинь эх орны маань бахархал байхгүй юу. Тийм биз.

-Ярилцсанд баярлалаа. Үнэмлэхүй жингийн дэлхийн аваргад барилдана гэсэн мэдээлэл гарсан байсан. Амжилт хүсье.

-За гялаалаа. Эцэст нь хэлэхэд олон олон  амжилтын талаар бид хөөрөлдлөө. Энэ амжилтуудын  ард маш олон хүмүүсийн хөдөлмөр, хөлс хүч байдаг. Тэр утгаараа миний, бидний ялалт бүр монголчууд бидний ялалт юм. Монгол хүн болж төрнө гэдэг их хувь заяа.

“ҮНДЭСНИЙ ШУУДАН” Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Naran.D      ip : 202.9.41.222 2017-10-17 11:02:54
Baharhdag shuu ene l daruuhan zangaaraa baigaarai duu mimi

САМДАН      ip : 112.72.12.79 2017-10-16 23:42:42
нэмий штээ, протугаль, гялаалаа, болжийна ГЭХ МЭТ ХАР ЯРИАНЫ ҮГ, АЛДААТАЙ ГАДАА ҮГ ХЭЛЛЭГЭЭ ЗАСЧИХААРАЙ ХӨ.

Төгс      ip : 66.181.186.219 2017-10-16 15:26:24
Аварга үнэхээр аварга сэтгэж сайхан ярилцлага болсон бна Их ч ухаан сэтгэл гаргаж явдаг мундаг Аварга юм бнаа Монголын бахархал залуу үеийн бахархан дууриах сайхан үлгэр дууриалал ховорхон төрсөн Булган брэнд





(0/800)