Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхэд шилжсэн ЭЕРЭГ тоонууд

2017-10-16 09:22:40

 

 

Г.ЭНХЛЭН

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэгчлэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тамга шилжүүлээд чамгүй хоногийг үджээ. Энэ хугацаанд хэн гэгч улстөрч У.Хүрэлсүхийн багт орж ажиллах вэ гэдгийг олон нийт ч, УИХ-ын гишүүд ч ярилцсанаас бус шинэ гүйцэтгэх засаглалд ямар эдийн засгийн тоон үзүүлэлт, үр дүн, эерэг, сөрөг нөлөөлөл үлдээснийг та бид шохоорхож ч болов харсангүй. Магадгүй энэ нь өнөө цагийн улс төр хийгээд олон нийтийн сэтгэгдэл хөөрөл, хөөсрөл дунд явагдаж буй гэдгийн илэрхийлэл байж болох юм. Иймд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тамга дамжуулж үлдээсэн эерэг тоон үзүүлэлтийг У.Хүрэлсүхээс нэхэх хариуцлагатай хамт түүвэрлэн хүргэе.

  1. “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” хэмээн үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон Ж.Эрдэнбатын Засгийн газрын хувьд дефолт зарлахад ойрхон байсан Монголын эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг дагалдсан байдаг. Тиймээс  ч богино хугацааны хурд нэхсэн шийдвэр, санаачилгын үр дүнд одоогоос ердөө хагас жил хүрэхгүй хугацааны өмнө та бид “Монголын эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ” хэмээн итгэл найдварын оч ассан тухай мэдээллэж байжээ. Түүнийг ажил авахтай зэрэгцэн уг үзүүлэлт -1.6 хувьтай байсан гэж үзвэл энэ бол яах аргагүй Ж.Эрдэнэбатын Засгийн газарт харьяалагдах бодит үр дүн юм.
  2. Ам.долларын ханш 2016 оны төгсгөлд 2700 төгрөгт хүрч, Монгол Улсын түүхэнд байгаагүй энэхүү огцом өсөлтийн тухай дуугараагүй, шүүмжлээгүй хүн ховорхон. Ингэхдээ оношийг нь Монгол Улсад хөрөнгө оруулалт байхгүй, гадаад худалдаа алдагдалтай гарсан гэдэг хоёр л шалтгаанд оноож байсан. Харин Олон улсын валютын сан Монголын Засгийн газартай хамтран ажиллах хатуу боловч тустай гэрээ байгуулахаа зөвшөөрснөөр өнөөдөр ам.долларын ханш 2440 орчим төгрөгт тогтворжоод буй. Магадгүй зөвхөн ам.долларын ханшийн тогтворжилт гэдгээс илүүтэй Монгол Улсад 5.5 тэрбум хөнгөлөлттэй зээлийн эдийн засгийн хөшүүрэг оруулах үүд хаалгыг нээснээрээ Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ирээдүйд үнэлэгдэх, цаашлаад богино хугацааны зөв менежмент хийсэн гэдэг тодотголд жишээ болон байлагдах үнэ цэнийг авчирсан байх талтай.
  3. Хэдийгээр мэргэжлийн Засгийн газрын огцрох шалтгаан нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тухай шийдвэр байсан ч эргээд их наяд төгрөгийг нэмж тусгах санхүүгийн боломжийг хэрхэн нээсэн тухай нь МАН-ынхан дотроо, АН-ынхан гаднаа ярихыг хүссэнгүй. Магадгүй хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаснаасаа болж огцорсон Засгийн газар гэдгээрээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар түүхэнд эергээр үлдэх биз ээ.
  4. Монголоос хөрөнгө оруулагчид зугтаж байна… Яг энэ дүгнэлтийн араас мэргэжлийн Засгийн газар Япон улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг улс нэг тэрбум төгрөгийн бага хүүтэй зээл олгох болсныг дуулгасан. Эдгээр хэлэлцээрийг яаравчилж, үр дүнг нь хурдасгахын тулд Ерөнхий сайдын дэргэд хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг дэмжих зөвлөл байгуулж ажилласан нь дээрх нэр бүхий улс орнуудтай хийх гэрээнд түлхэж өгсөн байх талтай.
  5. Олон улсад Монголын нэр хүнд унахтай зэрэгцэн, төрийн ч хувийн хэвшлийн ч хамгийн том эрсдэл нь зээлжих зэрэглэл байдаг. Яг энэ жишгээр арилжааны банкууд болон Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос тасралтгүй буурсаар 2017 оны хоёрдугаар сард САА1 буюу хамгийн муу зэрэглэлд тулж очих нь тэр. Харин энэ үзүүлэлт нэг сарын дараа буюу гуравдугаар сараас тогтворжиж эхэлжээ.
  6. Он удаан жилийн турш арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа тухай шүүмжлэлийг ард олон ч, бизнес эрхлэгчид ч олонтаа шүүмжилсэн. Гэсэн ч аль ч Ерөнхий сайдын үед зээлийн хүүнд өөрчлөлт орж байсангүй. Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед дотоодын зах зээл дээрх Засгийн газрын үнэт цаасны хүү 17 хувиас шууд 12.5 хувь болж буурсан. Мөн тэтгэврийн зээлийн хүү 18 хувиас 15 хувь болж буурсан. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэг, эмнэлгийн албан хаагчдын цалингийн зээлийн хүүг бууруулах шийдвэрийг ч арилжааны банкуудтай харилцан тохиролцох замаар гаргуулж чадсан юм. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарт тамга шилжихтэй хамт дамжиж очсон эерэг тоон үзүүлэлтүүд. Үүнийг мэргэжлийн Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн гэдгийг харин тамга авсан ч, тараан огцруулсан ч булааж чадахгүй нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн гүйцэтгэх засаглалын гавьяа биз ээ. 

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)