Б.Баатар: Би бол золиос. Уран бүтээлч хүн улстөрчид шиг өөрийгөө хамгаалах дархлаа суугаагүй гэнэн байдаг юм байна./ярилцлага-1/

2017-09-04 11:43:38

Монголын кино урлаг, нэвтрүүлгийн салбарт уран бүтээлээрээ тэргүүлж, үлгэрлэн загварлаж буй уран бүтээлч гэвэл яах аргагүй “Херо” энтертайментийн захирал Б.Баатарыг нэрлэнэ. Харин бичлэг алдсан, бичлэг алдагдсан тухай олон удаагийн баримтат бичлэг болон Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжигчийн хувиар хийсэн нэвтрүүлгийн агуулга, үзэл санааны хувьд түүнийг өмгөөлөхөд бэрхтэй. Учир нь, түүнийг уран бүтээлчийн хувиар бус улстөрчдийн, Монголын улс төрийн нөхцөл байдалд нэгэн тоглогч болж харагдах болсон талаас нь харвал тэрбээр цагаан цаас биш байж мэднэ. Тэр дундаа олны санаа бодлыг тунгаан үзэх нь ээ шүү. Гэсэн ч аливаа хүнд өөрийнхөө тайлбарыг хүргэх, санаа бодлоо илэрхийлэх эрх байдаг хэмээн үзвэл Б.Баатарыг ярилцлагад урьж, ярилцлах нь өнөөдрийн хамгийн сонирхолтой сэдэв байж таараа. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Өдрийн мэнд хүргэе. Ерөнхийлөгч Х.Баттулгын кино урлагийн салбар хариуцсан орон тооны бус зөвлөх болсонд тань баяр хүргэе?

-Баярлалаа.

-Гэхдээ та жүжигчин Н.Оргилын хамт кино урлагийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэх болсонд олон хүн гайхах шиг болсон. “Амин чухал салбар биш хоёр зөвлөхөөр яах нь вэ дээ. Үүнийхээ оронд шууд өнгөрсөн хугацаанд зүтгэсэн хүч хөдөлмөрийг нь үнэлээд зөвхөн Б.Баатарыгаа тавьчихсан бол шулуухан байхгүй юу” гэх мэт олны яриад та ямар хариулт өгөх вэ?

-Яг энэ асуултад Ерөнхий­лөгчийн Тамгын газрын өмнөөс хариулж мэдэхгүй байна. Яахав өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд хамт байсан уу, хамтран ажилласан уу, дэргэд нь зогссон уу гэвэл байсан, зогссон, хамтарсан. Тэр хэрээр сүүлийн үед хүмүүс намайг “Х.Баттулгын хүн” гэж хардаг болчихсон байх. Буруу ч биш л дээ. Гэхдээ хувь уран бүтээлчийнхээ хувиар би кино урлагт, ер нь урлагт үнэн сэтгэлээсээ хайртай хүн. Энэ чин сэтгэлийг минь Ерөнхийлөгч мэддэг учраас бодож үзээд орон тооны бус зөвлөхөөр тавьсан болов уу. Дээр нь, сүүлийн үеийн дуулиан шуугианаас үүдээд хамгаалах зорилгоор томилов уу даа гэсэн бодол төрсөн.

-Ерөнхийлөгчийн хамгаалалт танд ямар хэрэгтэй гэж?

-Та өөрөө миний одоогийн нөхцөл байдлыг надаар тайлбарлуулалтгүй мэдэж байгаа биз дээ. Ер нь бол миний хувьд хэцүү цаг үе тохиож байна. Хамгаалалтын тухайд үнэний хамгаалалт хэрэгтэй байна.

Хэдийгээр надад бусадтай хувийн хонзон, дайсагнасан харилцаа байхгүй ч гэлээ нөхцөл байдал таагүй байгаа нь үнэн. Хувь хүнийхээ хувьд бусдад хорсож, гоморхох шалтгаан надад байхгүй. Би хүнтэй муудалцаад явдаг, муухай зантай хүн биш. Гэхдээ удаа дараагийн бичлэг алдагдсанаас эхлээд асуудал байна л даа. Ер нь бол системийн дарамт гэх юм уу даа. Сонгуулийн үр дүнгээс хамаарсан хэрэг.

-Уучлаарай, ярилцлага ид дундаа орохоос өмнө танд өөрийн зүгээс нэг баталгаа өгье. Энэ удаад бичлэг хийгч нь би, бичүүлэгч нь Та болчихоод байна. Тэгэхээр би бичлэгээ алдахгүй, дамжуулахгүй учраас та чөлөөтэй ярьж болно. Харин таны хувьд миний яриаг бичиж үлдэх нь яаж ч бодсон сонирхолтой биш байж таараа. Үүнд бас их олзуурхаж байна. Дахин уучлал гуйя... Урдаас тань хараад ингэж хэлэх таагүй санагдаж байгаа байх. Гол нь би өөртөө итгэж байгаа ч таныг надад итгэж байгаа эсэхэд бас их эргэлзэж байна л даа. Энэ бол яах аргагүй таны эмзэг сэдэв шүү дээ?

-Зүгээр дээ. Ингэж асуух шалтаг гаргасан нь миний буруу. Миний муугийнх болохоор эмзэглэх эрх ч алга, хоёрт сонирхол ч алга. Гэхдээ би нэг ч бичлэг задлаагүй. Энэ тухай телевизээр ч ярьсан. Сошиалаар ч тайлбарласан. Итгэх нь итгээд, итгэхгүй нь итгэхгүй л байх. Ер нь хэвлэл, киноны салбар таны хэлдгээр “бичлэгээр л” амьдардаг. Цаасан дээр, хальсанд, дуу хураагуурт. Гэхдээ тагнаж, чагнаж мөшгих, дарамтлах бол “өргөст тортой” холбоотой мэргэжил. Харин бид уран бүтээлийн бичлэг хийж амьдралаа залгуулдаг. Арав гаруй ажилтнуудынхаа цалинг тавьдаг. Уран бүтээл хийдэг. Гэхдээ хэн нэгнийг чагнаж тагнаж мөшгөх зорилгоор, бичлэг хийж байгаагүй, олон нийтийн сүлжээнд цацаж байсангүй. Энэ амьдралынхаа туршид шүү. Яг үнэндээ гар утас ч сайн ажиллуулж мэддэггүй. Камертай бол ажиллана.

-Гэхдээ итгэхэд хэцүү юм л даа. “Б.Баатар бол хөнжилдөө ч, машиндаа ч, утсандаа ч, камертаа ч бичнэ” гэдэгт хүмүүс итгэчихсэн байна шүү дээ?

-Харамсалтай, үнэхээр харамсалтай. Хийсэн бүтээсэн бүхэн минь энэ цуу үг, муу нэрийн дор бусдад үнэлэгдэхгүй үлдэх вий гэж бодохоос уран бүтээлчийн хувиар харамсдаг. Би чинь жирийн уран бүтээлч, нийгмийн өчүүхэн эд эс байхгүй юу. Гол нь, яг улс төрийн орчинд ажиллаад, хүмүүстэй хамтраад ирэхээр хүн золиослогддог юм байна. Үнэнийг нь хэлье. Би золиос болсон. Наад зах нь, над шиг дэврүүн уран бүтээлчид энэ улс төрд чанагдсан хүмүүст байдаг шиг өөрийгөө хамгаалах дархлаа суугаагүй, гэнэн байдаг юм байна. Маш том бүлэглэлийн  махны машинд хэрчүүлж яваа жирийн нэг иргэн. Саяын сонгуулиар тэр араа шүдний яг гол руу нь өөрийн эрхгүй яваад орчихсон, өөр арга байгаагүй. Тэгээд бодох санах ч юмгүй ажиллаад, ажиллаад л байсан. Гэтэл намайг онилчихсон байж. Түүнээс би ямар гаж донтон биш дээ. Өөрийн чинь хэлснээр хөнжилдөө ч, машиндаа ч, утсандаа ч бичлэг хийгээд явдаг бол яаж хүний амьдралаар амьдрах юм. Боломжгүй байхгүй юу. Гэхдээ ингэж хэлэх боломж олдсон дээр дахиад хэлэхэд яах аргагүй миний буруу л даа.

-Махны машиныг хэн ажиллуулаад байгаа гэж.  Хүмүүс бол Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжих зорилгоор “200 хүний толгойг тасдах хэрэгтэй” гэсэн нэвтрүүлэг хийж цацсанд тань их эмзэглэсэн. Ийм нэвтрүүлэг хийгээд, түүнийгээ цацснаараа та өөрөө махны машин болж харагдсан. Гэм буруутай хүнийг хууль шүүх ялладаг болохоос бус жирийн нэг найруулагч залуу нэвтрүүлгээрээ яллаад байж болохгүй шүү дээ. Дээр нь, энэ санааг дэмжигч нь өөрөө Ерөнхийлөгч болчихлоо. Өөрийгөө тэр 200 хүний нэг нь гэж бодож байгаа хүмүүс лав ихээхэн айдастай байгаа байх. Тийм үү?

-Тэр нэвтрүүлгийг дахиад үзээрэй. Бүр сайн үзээрэй. Учир нь, хүмүүс шууд утгаар нь хүлээж авсан, авах ч юу байх вэ тэгж ойлгуулсан. Уг санаа нь бол “Хахууль  авдаг хүмүүсийг таслан зогсооё. Хахуульчид байхгүй бол Монгол Улс хөгжинө” гэдгийг зүйрлэл хэлбэрээр тоймч Гантулга гуай хэлсэн. “Муу хүмүүсийг” гэж байгаа шүү. Аман домог, үлгэрт ч гэсэн тийм яриа гардаг л биз дээ. Надад бол хурц гоё зүйрлэл санагдсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэр үгийг нь тасдаж аваад дахиад л улс төрийн зорилгоор ашигласан. Гэхдээ тэр нь өөрсдөд нь гай болсон. Чи өөрөө сэтгүүлч хүн. Олон талаас нь харах хэрэгтэй. Шууд нэг талаас нь хараад, тэрэндээ итгээд явж болохгүй байхгүй юу. Миний хувьд УИХ-ын гишүүн болчихоод өөрийнхөө компанийг татвараас чөлөөлж байгаа үйлдлийг зандалчлалын нэг хэлбэр гэж хардаг. Энэ бодлоо хаана ч хамгаална. Ийм шударга бус байдалтай эвлэрч яасан ч болохгүй гэсэн итгэл үнэмшил л байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд махны машин ажиллуулахгүй гэдэгт итгэж болно. Яагаад гэвэл тэр хүн өөрөө энэ махны машины араа шүдэн дундуур ороод гарсан хүн.

-Та баталгаа өгч байгаа юм уу?

-Ерөнхийлөгчийн өмнөөс байр суурь илэрхийлэх хэмжээний том хүн би биш. Гэхдээ өөртэй нь ах дүү болж, олон жилийн турш ойр байсны хувьд хэлж байгаа юм. Хувь хүн нь зөв хүн. Дээр нь, олон ч зовлонг биеэрээ туулсан шүү дээ.

-Ерөнхийлөгч болсноосоо хойш Монголын хамгийн чинээлэг 30 гэр бүлтэй тэмцэнэ гэж ярьсан. Ийм хүнд итгэж болох уу?

-Зөв шүү дээ. Энд буруу юм байхгүй. Чи өөрөө харж байгаа биз дээ. Монгол Улсын гурван сая хүн бүгдээрээ сайхан амьдрах ёстой биз дээ. Тэгэхэд ямар байна вэ.  30 гэр бүлээс бусад олонхи нь яая даа гэсэн хэцүү амьдралаар амьдарч байна. Газрын баялаг нь энэ хэдхэн гэр бүлийн хяналтанд орчихсон. Хаашаа ч хөдөлгөхгүй байгаа биз дээ, монголчуудыг.

-Та тэгвэл яагаад тэр 30 гэр бүлд багтаж байгаа Ерөнхийлөгчийн гэр бүлтэй тэмцэхгүй байгаа юм бэ. 29-ийг нь буруутгаад, нэгийг нь өмгөөлөөд байж болохгүй биз дээ. Энэ хүний хэрхэн хөрөнгөжснийг бүгд л мэдэж байхад шүү?

-Нэгдүгээрт Х.Баттулга гэж хүнийг би багаасаа мэднэ. Зураач гэдэг утгаар нь би хүндэлдэг байсан. Миний хувьд домог шиг эр хүн. Тодорхой хэмжээнд амьдралынх нь жаргал зовлонд хамт байж, хамтарч ажиллаж, нөхөрлөж яваагийн хувьд хэлэхэд энэ хүн хэзээ ч ард түмнээсээ хулгайлах хүн лавтай биш. Амьдралын философи, үнэт зүйл нь өөрөө зөв байхгүй юу. Хүн чинь нэг мэдэгддэг дээ. Хэрвээ тэр хүний мөн чанар муу байсан бол би нэг их удахгүй салаад явах байсан. Би чинь бас хүн шүү дээ. Хүний муу сайн, муухай сайхныг ялгаж харж чадна аа даа. Дандаа хүнд тусалдаг. Гэхдээ баян тарган, улстөрч, нэртэй төртэй гэхээс илүүтэй эгэл жирийн, хэн ч танихгүй хүмүүст байнга тусалж явдаг. Хариу хардаггүй. Тэрийгээ сурталчилж, нэр хүнд олохдоо ашигладаггүй. Энэ чанарыг нь хүндэтгэдэг. Өөрөөр би тахин шүтдэггүй. Мөн чанарыг нь мэдэхийн хувьд хүндэлдэг. Түүнээс бус сохроор аялдан дагалддаггүй юм. Хүн л юм хойно надад чинь бас зовлон бэрхшээлтэй, сэтгэл эмзэглүүлсэн үе тохиолдоно. Тэрийгээ хэлнэ. Ах хүний ёсоор их сайхан зөвлөгөө өгнө. Урам сэргээнэ. Сайхан эр хүн байхгүй юу.

-Ямар зөвлөгөө авах уу?

-Тэр болгоныг тоочвол чи бид хоёрын өнөөдрийн цаг хүрэлцэхгүй. Ямар нэгэн сэдэв гаргаж ирлээ гэхэд дандаа юун түрүүнд ард түмэнд ямар ашигтай юм бэ гэдэг талаас нь хардаг. Тэгж хийхийг шаарддаг. Үнэхээр муу хүн байсан бол, нэр бүхий хүмүүсийг үзэн ядагч, нухчин дарахыг хүсдэг бол үзэл бодол арга барил таардаггүй хүмүүсийнх нь тухай болоод тэдний ажил хэргийн байр суурийг олон нийтэд хүргэхээр нэвтрүүлэг хийхэд хөрөнгө санхүүгээр  тусалж дэмждэгээрээ түрий барьж  хориглох байсан байх. Тэгэхэд боль, байг гэдэг үг нэг ч удаа хэлээгүй. Тусалж дэмждэгээрээ гул барьж Б.Баатар гэж хүний хувийн уран бүтээлд хориг саад тавихгүй, үүнийг боль, түүнийг хий гэдэггүй нь өөрөө эерэг үзүүлэлт байхгүй юу. Ерөөсөө л Монголыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг концепцийг цогцоор нь гаргачихсан хүн. Хэзээ ч яриад суухад хоосон барин тавин таамаг ярьдаггүй. Дандаа тоо, гаргалгаа ярьдаг. Гаргалгааны хувилбарууд боловсруулдаг. Харин түүхэн улбаатай тайлбар бол хийдэг. Би их олон идеа авдаг. Тэр бүхэн нь прагматик, бас их амьдралд ойр байдаг.

-Гэхдээ та зөвхөн Ерөнхийлөгчтэй хамтран ажилладаг биш шүү дээ. Олон улстөрчдийг “Монгол тулгатны зуун эрхэм”-д оруул­сан. Сонгуулиар ч хамтран ажилла­сан байх. Тэднээс тань илүү гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байх нь. Тийм үү?

-Ховор. Нийтээрээ яаж чинээлэг болох вэ гэдгийг ярьдаг хүн цөөхөн байсан. Магадгүй би ярьдаг, хийдэг хүмүүстэй нь уулзаж амжаагүй байж мэднэ л дээ. Ямар ч байсан өнөөдөртөө Х.Баттулгаас өөр гаргалгаатай, тооцоо шинжилгээ, төлөвлөлтөө үргэлжид хянан сайжруулдаг багуудыг холбож дэмжиж ажиллуулдаг  хүн гараагүй л байна. Тусгаар тогтнолоо хэрхэн хамгаалах, Монгол Улсын ирээдүйн баталгаа юу юм бэ гэдгийг харж чадсан хүн. Түүнийгээ хийх гэж зүтгэж байгаа. Магадгүй чиний хувьд энэ нь буруу байж болно. Буруу санагдаж мэднэ. Гол нь миний харсан өнцөг л энэ байхгүй юу даа.

-Эргэлзэх үе гарч байв уу?

-Өнөөдөртөө алга. Ирээдүйд ч гэсэн эргэлзэх шалтгаан гарахгүй гэдэгт итгэдэг.

-Одоо Монгол Улсын Ерөнхий­лөгч болчихлоо. Энэ ялалт таны ажлын үр дүн мөн үү?

-Миний ажлын үр дүн гэхээс илүүтэй хувь заяа нь тэр хүнийг бүтээсэн гэж хэлэх ёстой байх. Буян заяа юм л даа. Төрийн тэргүүн болно гэдэг хэр баргийн аавын хүүд тохиох хувь тохиол биш. Олон сайн сайхан бүхэн нийлсний үр дүн шүү дээ. Миний тухайд ч хувь заяагаараа энэ хүнтэй ажилласан гэж боддог. Үнэхээр сонирхолтой цаг үе. Энэ цаг үе миний намтарт үлдэж таараа. Тэгэхээр тодорхой хэмжээнд миний ажлын үр дүн нөлөөлсөн гэж хэлж болно. Гэхдээ хувь заяа бол хэн ч өөрчилж, эс бол эргүүлж болдоггүй өгөгдөл гэдэгтэй миний хувьд санал нийлдэг. Пиар, улс төрийн хүрээнд бол надад үнэхээр сонирхолтой үеийг үлдээж чадсан.

-Муу муухай нь хамт дагаж байж энэ амжилтад хүрсэн байх гэж та Ерөнхийлөгчийн талаар бодож үзсэн үү?

-Үгүй ээ. Харин ч муу муухай бүхэн дагалдсан бол улам доошилно биз дээ. Монголчууд хэтийн буян заяа, итгэл найдвараа  тийм  муу муухай үйлстэнд тэр болгон даатгаж өгдөг дорд үндэстэн биш гэж боддог. 

-Та хувь хүнийхээ тухайд чамгүй эрсдэл үүрсэн. Энэ эрсдэлийг Ерөнхийлөгчийн зүгээс нөхөх тухай яриа хөөрөө байдаг уу?

-Сэтгэлээрээ нөхнө байх даа. Хэцүү шаналаад явж байхад маань дуудаад, гарын хоолоо хийж өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын хоолыг идсэний дараа гоншигоноод байх бас хаашаа ч юм бэ дээ...

-Ерөнхийлөгч болсныхоо дараа юу?

-Саяхан ш дээ.

-Ямар хоол?

-Гурилтай шөл. Хөлс гараад сайхан болсон. Би хэлээд байна шүү дээ. Х.Баттулга ах хэцүү байхад ямагт гаргалгаа хэлж өгдөг. Найз нар бол “Чи одоо яаана даа” гээд улам дараад байдаг. Тэгэхэд ах маань “Чи амьд байгаагаа мэдэрч байна. Харин ч тэсч гарах хэрэгтэй” гэж хэлж байгаа юм. Энэ үг биз.

-Таны хувьд?

-Үг. Ер нь бол миний алдаа олон. Амьдрал, ажил зөндөө л юм байна.

-Энэ хэрээр танд ямар шүүмжлэл ирж байна уу. Ойр дотны хүмүүсээс тань?

-Найз нөхдүүд дандаа “Чи их гэнэн юм” гэдэг. Уг нь би энэ үгэнд их дургүй. Багаасаа “Гэнэн” гэж хэлүүлсээр байгаад “Тэнэг” гэдэгтэй адилхан сонсогддог болчихсон. Гэтэл одоо ч тэгж хэлүүлээд явж байна. Сүүлдээ ч “Гэнэн байх нь гэгээрлийн нэг хэлбэр юм” гэж боддог болсон.

-Сайн талаас нь харж эхэлж байна гэсэн үг байх нь?

-Үгүй тэгээд ямар гэнэн, итгэмтгий биш дээ чамд ярилцлага өгөөд сууж байх вэ дээ. Ярилцлага эхлэхэд өөрөө “Би ярианы эх бичлэгийг найдвартай хамгаална. Үг алдана гэж айх хэрэггүй” гэж хэлж байна. Надад сайхан сонсогдоогүй ч, тэгж хэлүүлчихээд ярилцлага өгөөд л сууж байгаа биз дээ. Хэрэв муу санаатай хүн байсан бол юу гэж яриа өгөөд, бичлэг хийлгээд сууж байх вэ дээ. “Итгэхгүй байна. Гараар бичээд ав” гэж хэлж болно оо доо. Би тэгээгүй биз. Яагаад гэхээр би чамд итгэж байна. Ингэж хүнд итгэнэ гэдэг чинь гоё байхгүй юу.

-За яах вэ, таныг хүнд итгэдэг, гэнэн, гэгээн гээд бодьё л доо. Гэтэл таны хийсэн бичлэг олонд алдагдаж тэр хэрээр улс төр дагаж савлаад байгаа нь өөрөө олон хүнд ёс зүйгүй харагдах болсон. Нэг ёсны бичлэг алдагдсан удаа дараагийн үйлдэлд хэн ч танаас өөр хүнийг хардахгүй байна гэдэг чинь өөрөө асуудал биш үү. Хөтлөгч П.Анужингийн бичлэг, Шадар сайд У.Хүрэлсүхийн ярианы бичлэг гээд л. Зөвхөн онцлоход шүү?

-Хариулья аа. Нэгдүгээрт У.Хүрэлсүх сайдын бичлэг. Энэ бол хоёр эр хүний хоорондын л яриа. Хоёр найз хоорондоо задгай чөлөөтэй ярьдаг тэр яриа. Энэ яриаг бичиж, тараасан нь өөрөө ёс зүйгүй хэрэг. Хоёрт, нэг удаагийн яриа биш. Олон удаагийн яриаг монтажилж, эвлүүлж тараасан байна лээ. Сайн сонсвол нэг нь дотор өрөөнд байгаа, нөгөөх нь гадаа алхаж явахдаа ярьсан яриа. Кофе шопт суухдаа ярьсан яриа ч байсан. Энэ бичлэгийг би шууд хэлэхэд Тагнуулын ерөнхий газраас хийсэн гэж бодож байгаа. Үүнийг шалгуулна. У.Хүрэлсүх сайдын ярианы агуулгын тухайд би энд тэр хүний өмнөөс тайлбар хийхгүй. Гэхдээ хэзээд энэ хүнийг үнэний талд зогсдог учраас хүндэлж, хүндэтгэж ирсэн. Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр худалдахаар зүгээр л наймаа хийж байгаа юм шиг цээрлэхгүйгээр ярьж сууж байгаад тэр хүн яагаад эмзэглэж болохгүй гэж. Яагаад энэ шударга бус зүйлийн эсрэг тэмцэж болохгүй гэж. Яагаад би урам өгч дэмжиж болохгүй гэж... Энэ үйлдлийнх нь төлөө тэр хүнийг элдвээр муутгаж, гүтгэн доромжилж, утасных нь яриаг бичиж, сошиалд тарааж байгаа юм. Ийм юм байж болохгүй. Харин ч би өнөөдөр энэ хүнийг “Ёс зүйн тухай” нэвтрүүлэг болон “Монгол тулгатны зуун эрхэм”-д оруулсандаа бахархаж байгаа. Эх оронч байна. Зоригтой байна. Бүр ард түмэндээ хандаж “Би зөв хүнийг сонгож, Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оруулсан байгаа биз гэж хэлмээр санагдаад байгаа юм. Нэг ёсондоо би тэр чагнаж бичиж засварлаж залгасан утасны ярианаас  ичихгүй байгаа гэдгээ энэ үгээр хэлээд байна л даа.

-“Эрлийз морьдыг монгол төрийн наадамд уралдуулахгүй” гэдэг үгийг У.Хүрэлсүхээр хэлүүл­­чихсэн юм биш биз гэдэг хард­ла­гын тухайд. Тэр бичлэ­гийн дараа МАН-ын гишүүд төдийгүй олон нийтэд ийм бодол төрсөн шиг байна лээ?

-Тэр бол цэвэр тохиолдол. Ерөн­хий­лөгчийн сонгууль хоёр шаттай бо­лохоор болсон. Тэр үед наадам дөхөж байсан. У.Хүрэлсүх сайд наадмын комиссын даргын хувиар эрлийз морьдыг наадамд уралдуулахыг хориглосон. Тэр үйл явдал цэвэр тохиолдол байсан. Яахав сонгууль болж байсан учраас бид нар үгийг нь дагуулж, пиарын тоглолт хийсэн нь үнэн. Гэм ярих ёстой бол бидэнтэй, надтай ярих хэрэгтэй. Түүнээс бус У.Хүрэлсүх сайдад би үг хэлээд, тэр хүн миний үгийг улсын наадмын комиссын хуралдаан дээр хэлээд сууж байна гэж байхгүй. Тэр бусдаар татуулдаг утсан хүүхэлдэй, хүнээр үг заалгаж улс төр хийдэг “инкубаторын өндөгний тагтаа” биш байхгүй юу. Тэр өөрийгөө бий болгож алдаж онож, унаж босож, тэмцэж ялж ялагдаж намтраа бичдэг  харцага шиг характертай улстөрч.

-П.Анужингийн бичлэгийн тухайд. Эмэгтэй хүн байж энэ тухай лавшруулж асуух нь таагүй санагдаж байгаа ч ярилцлага гэдгийг ойлгоорой?

-Нэгмөсөн бүгдийг нь яриулах гээд байна. Тийм үү?

-Ойлгосонд баярлалаа.

-Би бичлэг хийгээгүй. Юу үнэн энэ үнэн. Бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн нь үнэн. Би энэ талаар үнэндээ өөр үг хэлж чадахгүй. Хүний амьдралын тодорхой цаг хугацаанд хамтарч уран бүтээл хийж явсан хүний хувьд өөр юу хэлэх вэ дээ. Харамсалтай нь, хуулийн байгууллагад тэр бичлэгийн асуудлаар хандсан ч шалгалтын хариу ирээгүй байна. Яг Анужинтай адилхан надад ч үнэнийг нь олох сонирхол байна. Зорилго ч бий. Ер нь бол бусад ямар ч сэдвээр асуусан би хариулж болж байна. Харин энэ сэдвийг бол хоёулаа хаая тэгэх үү. Үргэлжлүүлээд ярихад би өөрөө ч халгаж байна шүү дээ. Энэ надаас гадна өөр хүний хувийн амьдралтай холбоотой асуудал шүү дээ.

-Яадаг ч байсан бичлэг хийгээгүй гэдгийг тань хариултанд авлаа. Харин эргээд У.Хүрэлсүхийн бичлэг рүү ороход “Нэг ахыгаа уралдуулчихлаа. Амжилттай. Одоо таныг…” гэдэг ярианд ямар тайлбар өгөх вэ?

-Ойлгох гээд оролд л доо. Би монтаж байсан гэж хэлээд байна шүү дээ. Мэргэжлийн бус хүмүүс ч энэ мөшгин чагнасан бичлэгийн цаад шум, ярилцаж байгаа хүмүүсийн амьсгалын хэмнэл, үгийн хуваарилалтууд, интона­циас ч олон өөр яриануудыг таслан залгасныг анзаарч сонсвол мэдэж болно.  Дам мэдээллээр миний яриаг Тагнуулын ерөнхий газраас тавдугаар сараас хойш чагнасан гэж дуулсан. Албаны хэллэгээр “техникийн хяналт” гэдэг гэсэн. Гэхдээ би мундагтаа тэдэнд хянуулаад явсан юм биш. Төр улсаа худалдаж зардаг гэмтэн гэж намайг үзсэн хэрэг ч биш. Зүгээр л би өгөөш байхгүй юу. Тэртэй тэргүй миний ажил чинь сонгуулийн PR. Олон хүнтэй уулзана, олон хүнтэй утсаар ярина. Тэр бүхнийг улс төрийн тоглоом болгож эвлүүлж, нийлүүлж тавьсан байна лээ. “Тулга, Хүрэлсүх хоёр холбоотой” гэд­гийг миний олон удаагийн яриаг эвлүүлж, хүмүүст хүчээр ойлгуулах гэсэн улстөрчдийн л захиалга байхгүй юу.

-Итгэлтэй байна уу?

-Өөр юу байх юм бэ. Увайгүй үйлдэл шүү дээ. МАН-ын УЗ-ийн хурлын өмнөх орой ажлын цаг дууссан хойно, гэнэт хүчтэй сүлжээ ашиглан тараасан байсан. Тэгэхэд би Бурхан Халдунд зурагтай явж байсан. Тэр тухай сонссон даруйдаа хямраад хот ирсэн. Ёстой сэхээ самбаагүй давхисаар орж ирэхэд Ерөнхийлөгч ярьж, “Ирж хоол ид” гээд гарын хоолоо хийж өгч тайвшруулсан. Үнэхээр хэцүү байсан үе.

-Энд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн асуудал зүй ёсоор хөндөгдөнө л дөө. Тэр хүн таны төрсөн дүү. “Херо” энтер­тайментийн 25 хувийг эзэмшдэг. Тэгсэн хэрнээ Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигчийн сошиал пиарыг хариуцсан. Та болохоор АН-ын нэр дэвшигчийн ерөнхий пиарч. Магадгүй УИХ-ын дарга М.Энхболдыг таны дүүг сонгулийнхаа сошиал пиарчаар тавьсных нь төлөө ёстой жинхэнэ утгаар нь гэнэн итгэмт­гий хүн гэж хэлж болмоор. Таны хувьд бараг олз болсон байхыг үгүйсгэх аргагүй. Ингэж асуулаа гээд Л.Оюун-Эрдэнэ гишүүнд итгээгүйдээ биш л дээ. Нөхцөл байдал нь өөрөө эргэлзээ үүсгээд байна шүү дээ. Ядаж л Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та хоёр уулзсан байж таараа. Тэр үедээ юу ярилцаж байсан юм бэ?

-Уулзалдаж байсан. Уулзаагүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ манай дүүд нэг том чанар бий. Тэр нь ёс суртахуун. Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар, нэр дэвшигчийнхээ талаар надтай юу ч яриагүй. Би ч асуугаагүй. Яръя гэхэд хэн хэнд нь эвгүй, болохгүй санагдахаар юм билээ. Ах нь байна даа дүүгээ бас мэднэ биз дээ. Би ч гэсэн Х.Баттулга гэж хүний талаар юу ч яриагүй. Хэрэв М.Энхболд нэр дэвшигч ялсан бол энэ асуулт дүүд тавигдах байсан даа.

-Тэр маргаангүй. Гол нь хүмүүсийг энэ үгэнд итгэнэ гэж бодож байна уу?

-Үнэн нь энэ. Хүмүүс итгэх эсэх нь тэдний өөрсдийнх нь  амьдралын дадал зуршил, хандлага арга барилаас нь шалтгаална. Оюукагийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиар намдаа, нэр дэвшигчдээ бүх хүчээрээ ажилла­сан. Хүн нь өөрөө угаасаа олон нийтийн ажлаас хойшоо суух хүн биш. Байдаг чадвараа гаргадаг. Хамт ажилласан намынх нь нөхөд ч хэлнэ байх. Хөдөө тойргоороо ч их ажилласан...

-Та хоёр тэгээд юуны тухай ярьдаг байв. Сонгуулийн үеэр уулзаад?

-Хүүхдүүдээ ярина. Зурсан зураг, хичээл дугуйлан гээд нэг аавын хүүх­дүүд юу эсийг ярих вэ дээ. Амьдралаа л ярина шүү дээ. Тэгээд ч сонгуулийн хугацаа богино, ажил ихтэй, цөөн удаа хальт уулзсан болоод л өнгөрсөн.

-Та гэхдээ дүүгээ эрсдэлд оруулснаа бол ойлгодог биз дээ. “Б.Баатарын  дүү шүү дээ” гэх энэ үгийн ард асар их хардлага дагалдаж байгаа?

-Үнэн. Гэхдээ улстөрч бол улстөрч л байхгүй юу. Муудна, сайндана, хардагдана, чичлүүлнэ. Өөрөө тэр бүхнийг ойлгож л улс төрд орсон байх. Хүмүүс эмзэглэж байна гээд улс төрөөс гарахгүй нь тодорхой. Гол нь дааж гарах нь чухал. Гэхдээ өөрөө энэ талаараа ярих биз дээ. 

-Та ярилцлагын явцад хүний итгэл гэж нэлээн ярилаа. Тэгвэл тэр алдагдсан итгэлийг олж авахын тулд яг одоогийн нөхцөлд зогсох, эсвэл энэ бүх эргэлзээг таслаад цорын ганц үнэнг олох зорилго бий юу. Хулгайч нь хэн болохыг ч юмуу?

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оруулсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бэлтгэлийг хийж эхлэх үеэс ерөнхийдөө асуудал бишдэж эхэлсэн. Олон ч хүн нэвтрүүлгийн зураг авалтаа зогсоохыг шаардсан. Дарамталсан, шахсан. Нэвтрүүлгийн хар дүрсийг үзэх, харах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Яг үнэндээ Б.Баатар гэдэг хүндээ бус асуудлын гол нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын яриа гэдэгтээ асуудал хурцдсан. Олон хүнийг айлгаж, бас сандаргаж эхэлсэн. Бидний зүгээс тэр бүх дарамтыг тэсвэрлээд ажлаа хийсэн. Нэвтрүүлгээ ч гаргасан. Их удалгүй тэр нэвтрүүлгийн хар дүрс алдагдаж, би өөрийн тань хэлснээр “Бусдын хувийн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр нэг цаг хугацаанд дөрвөн  өөр байршлаас зохион байгуулалттайгаар түгээх сүлжээ үүсгэж цацдаг Баатар гэж нэг хүн” болж хувирсан. Тухайн үед бичлэг алдагдсан талаар цагдаад өргөдлөө өгсөн. Гэтэл миний өргөдлийг надаас авсан албаныхан “Б.Баатар өргөдөл гаргаагүй ээ” гээд зурагтаар хэвлэлийн бага хурал хийгээд сууж байсан. Дээр нь, Х.Баттулга ахтай холбоотой төмөр замын “захиалгат зохиомол” хэрэг үүсч, манай баг бүхэлдээ сандралдаж эхэлсэн. Хэцүү цаг үе байсан. Иймд нэг баг болж явчихаад хүнд үед нь хамт байж чадахгүй, “Миний асуудал хэцүү байна” гээд гонгиноод явж болохгүй биз дээ. Би тэгж бодож тэр асуудлыг хойшлуулсан. Одоо бол харин эцсийг нь хүртэл явна. Миний алдсан гээд байгаа бүх бичлэгийг хэн хулгайлсан, хэн тараасныг шалгуулна. Ямарч эрсдэл гарз гарсан ч бай энэ удаа эздийг нь олно. Яагаад гэхээр сая У.Хүрэлсүх сайдтай ярьсан яриа цацагдсаны дараа ээж маань утасдаад “Миний хүү одоо элдэв янзын бичлэг хийхээ боль. Энэ юу болоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Хэзээ ч өмнө нь надад энэ үгийг хэлж байгаагүй. Болж байгаа бүхнийг сонсож мэдсэн хэрнээ ганц удаа ч ган хийж үзээгүй хүн байхгүй юу. Тэгэхэд энэ удаад үнэхээр тэсэхээ болиод хэлж байна гэдэг нь надад мэдрэгдсэн. Магадгүй, намайг элдэв янзаар хэлсэн олон удаагийн тохиолдол, гүтгэлэг, доромжлол, шүүмжлэлийн аль нь ч надад ийм хүнд сэтгэгдэл үлдээгээгүй байх. Ёстой орой руу орсон. Ээжийн минь үг шүү дээ. Тэгэхээр одоо надад уран сайхны кино, гоё нэвтрүүлэг гэхээс илүүтэй чагнаж, мөн зохион байгуулалттай тараасан эздийг нь олох ганц л зорилго байна. Ээждээ би чинь хүү нь байхгүй юу. Хүүгээ гэмгүй, буруугүй гэдгийг мэдэх хүсэлд нь хариу барья л гэж байгаа юм...

-Ээжийн тань хувьд аргагүй л дээ. Хэцүү байгаа байх?

-Ээж минь шүү дээ. Харин энд залруулж болох зүйл нь би хүний муу, хог шаар болсны эцэст Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод Ерөнхийлөгч Х.Баттулгатай гар нийлж, Монгол Улсыг цэгцэнд нь оруулж, хөгжлийг нь хурдасгавал ёстой хамаа алга. Эдийн засгийн хөгжил бүх хүнд ээлтэй болчихвол болж байна. Түүхийн үйл явц дунд намайг дүгнэнэ. Тэр цагт өнөөдрийн миний  гүтгүүлэх чичлүүлэх бол ёстой нэгэн зуны ялааны насгүй асуудал. Миний ээж л хэцүү байна. Магадгүй миний амьдралыг задлаад, тэрнээсээ кайф аваад, улс төрийн хэрүүл болгох нь зарим хүмүүст сайхан байж болно. Тэр ажлын хөлсөөр үр хүүхэддээ хоол авч өгч байгаа бол харин ч буян болно биз. Уг нь бол үүнийхээ оронд баян ядуугийн ялгааг бууруулах, нийгмийн баялгийн тэгш хуваарилалтаа яривал олон хүнд буян болмоор юм. Түүнээс бус би өнөөдөр дарга болохгүй. Хэзээ ч дарга болох тухай бодож ч байгаагүй. Албан тушаал гуйхгүй. Улстөрч болохгүй. Би зүгээр л уран бүтээлч. Миний хүүхдийн ирээдүй сайхан байгаасай гэж боддог тийм л уран бүтээлч. Хүү минь том болоод “Та нийгэмдээ юу хийсэн бэ” гэж хэлбэл “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг үзүүлнэ. Энэ надад хангалттай. Тэр ч утгаараа би энэ нэвтрүүлгийг уран бүтээл гэхээс илүүтэй түүх бичиж үлдээж байгаа гэдэг талаас нь харж, хариуцлагатай ханддаг. Миний аав надад “Өдөр болгоныг өнөөдөр үхнэ гэж бодож амьдраарай” гэж хэлж байсан. Амьдралын филисофи маань энэ. Яахав тухайн үед бага залуу байсан учраас нэг их юм бодоогүй. Харин нас яваад ирэхийн хэрээр улам их бодогдож байна. Өдөр болгон үхнэ гээд бодохоор хүнд буруу юм хийхгүй, муухай юм бодохгүй байж чаддаг. Ийм хүн өнөөдөр дуртай бичлэгээ цацаад өөрийгөө та нарт чичлүүлээд суух уу. Үгүй байхгүй юу. Үнэ цэнтэй, үнэ хүндтэй амьдармаар байна ш дээ.

-Гэхдээ та Ерөнхийлөгчийн сонгуулиар хулгайн бичлэг дээр ажиллаж, эвлүүлж тараасан нь бол үнэн шүү дээ?

-Үнэн. Ажилласан.

-Яагаад тэгээд өөрийн тань бичлэгийг цацахаар эмзэглээд өрөөлийн бичлэгийг болохоор хулгай гэдгийг нь мэдсээр байж тараагаад байгаа юм бэ. Та өөрөө бичлэг алдагдахын зовлонг биеэрээ мэдэрч байгаа хүн байх шүү дээ. Өөрийн тань яриагаар бол?

-Тэр бол сонгууль. Бичлэгээ өөрсдөө “алдсан”. Дотроосоо авчирч өгсөн. Түүнээс бус “Херо” энтертаймент тэнд очиж нэг ч бичлэг хийгээгүй, хулгайлаагүй. Төрийн тусгай хамгаалалттай газарт тэр дундаа “Их тэнгэр”, “Төрийн ордон”-д хэн дуртай нь бичлэг хийдэггүй юм. Үнэн биз дээ. Сонгуулийн пиар удирдсан хүний хувьд ийм материал байна гээд аваад ирэхээр уур амьсгалыг нь харж байгаад цацах шийдвэр гаргасан нь үнэн. Бичлэг биш бүр монтажтай, бэлэн нэвтрүүлэг орж ирсэн шүү дээ. Түүнээс “Херо” дээр монтажилж нэвтрүүлэг хийсэн ч юм биш. Та харин энэ асуултыг асуухаасаа өмнө тэр нэвтрүүлэгт гарч байгаа хүмүүсийн үйлдэл нь өөрөө ёс зүйгүй байсан гэж бодоодоогүй юу. Олон нийт, нийгэмд хортой гэмт хэргийн шинжтэй үйлдэл, ёс бус хуйвалдааныг  мэдээлсэн илчилсэн нотлох баримтыг нь дамжуулсан иргэдийг ёс зүйгүй гэх юм бол энэ нийгэмд ямар ёс ноёлж, ямар ашиг сонирхолд үйлчилж байгаа вэ гэж тунгаан бодоцгооё л доо. Гэхдээ дахиад хэлье. Үйлдэл нь өөрөө бүр илүү ёс зүйгүй байсан. Би тэр агуулгаар нь өөрийгөө өмөөрч болно байх. Тийм үү.

-Гэхдээ та нарын энэ арга барил дараа дараагийн сонгуулийг бохир заваан технологийн үүр уурхай болох эхлэлийг тавьсан байвал яах вэ. Монгол Улсын бүх шатны сонгуулиар хүмүүс бодлого ярихгүй бичлэг хулгайлж өрсөлддөг болж мэдэх нь. Бид нар ч гайхахаа байх нь?

-Дэлхийн бүх улс оронд сонгуулийн үер бичлэг алдагдах, цацах тохиолдол байдаг. Монголд ч цоо шинэ зүйл биш. Манай өрсөлдөгчид өөрсдөө төгөлдөржүүлсэн технологи. Би хэллээ шүү дээ, нэвтрүүлэг нөгөө талаас ирсэн гэж... Тэр ёс зүйгүй үйл явдлын бичлэг ил тод болсон нь Монгол Улс цэвэрших, нийгэм эрүүлжих, давалгаа үүсэх эх үндэс болохыг үгүйсгэх аргагүй. МАН-ынхан ч бас өөрийгөө цэвэрлэх аргаа энэ гэж сонгосон байхыг ч үгүйсгэхгүй, би тааж чадахгүй. Тэр нь одоо ч үргэлжилж байх шиг. 60 тэрбумын бичлэг бол өмнөх сонгуулиар зах зухаасаа ил болчихсон байсан.Тэр ч утгаар нь ойлгосон сонгогчдын олонхи Ерөнхийлөгч Х.Баттулгад саналаа өгсөн байж таараа. Аливаа өөрчлөлт, хувьсгал ч бай, хувьсал ч бай дандаа эрсдэл дагуулдаг. Ер нь намайг энэ асуудалтай хутгаж, ёс бус санаархал, хуйвалдааныг илчилсэн иргэдийг гутаан доромжилж нэр хаяг зүүхийг оролдож байгаа нь өөрсдийнх нь булхайн бичлэг дахиж гарах боломжийг л бөглөх гэсэн оролдлого шүү дээ. Өөр юу ч биш.  Тэгээд ч 60 тэрбум төгрөгийн урьдчилгаа авах төлөвлөгөөний бичлэг задарсны дараа чи надаас ийм ёс зүйн тухай асуух нь өөрөө утгагүй байхгүй юу.

-Би сэтгүүлчийнхээ ажлыг л хийж байна?

-Ойлгож байна. Гэхдээ дахиад хэлье. Тийм увайгүй үйлдлийн дараа тэдний ёс зүйг өмгөөлж бол болохгүй байхгүй юу. Ёстой илүүц хэрэг. Тэр хүмүүс өөрсдөө ийм юм хийсэн. Өөрсдөө шалтгааныг нь гаргасан. Ёстой жинхэнэ утгаараа бол ёс зүйг надаас биш харин тэр хүмүүсээс асуу. Тэгвэл ярилцлага чинь зөв болно шүү...

-Уучлаарай, хоёулаа харьцуулаад үзье. 60 тэрбум төгрөг босгох тухай яриатай хамт төмөр зам барихаар 280 сая ам.доллар зарцуулна гэж санхүүжилтийг нь аваад, төмөр зам ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон үйлдэл хоёрыг та тэгвэл харьцуулж үзсэн нь үү, ер нь. Энэ тохиолдолд би ёс зүйг хэнээс нэхэх ёстой вэ. Аль алинаас нь биш гэж үү?

-Тэр төмөр замын асуудлыг бол би мэдэхгүй. Тэнд би хүрз шорооны нэмэргүй байсан хүн...

-Мэдэхгүй гэж хэлэх чинь өөрөө асуудал юм биш үү. Хуулийнхан шалгаж байхад. Тэр дундаа таны дэмждэг Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал шүү дээ?

-Тэгвэл би өөр дээрээ бодож үзье. Бичлэг задлаагүй байхад задалсан гэж намайг гүтгэж байна аа даа. Миний хувьд төмөр замын асуудал энэ асуудалтай адилхан гэж хардаг. Төмөр зам барихад олгогдсон мөнгө нь зохих ажилдаа  зарцуулагдсан байхад ороогүй ээ гээд дайраад байна. Том бүлэглэл гүтгэж чаддаг байхгүй юу.

Харин ч бүр чадсан шиг чаддаг. Даланг нь очоод үзээрэй. Төмөр зам барихад сууринд нь ихэнх мөнгө нь ордог гэж ярьдаг юм билээ. Тэр дагуу зарцуулсан гэж ойлгож байгаа. За тэгээд бодоод үз дээ. Ерөнхийлөгч, хууль шүүх, цагдаа бүгд Х.Баттулгын эсрэг байсан цаг үе. Ийм нөхцөлд үнэхээр буруутай байсан бол тэр хүнийг барьж хорих шиг амархан юм байхгүй. Ядаж 2016 онд ялагдсаных нь дараа гэхэд тэр олон жил шуугисан асуудлаар, яаж ийгээд барьж хорих л байсан. Тэгтэл барьж, хорьж чадаагүй байхгүй юу. Үнэн нь ерөөсөө л энэ. Юу ч олдоогүй. Х.Баттулга гэж хүнтэй холбоотой бүх бизнес, хүмүүсийг шалгасан. Бүгд цэвэр гарсан. Том бүлэглэлийн нөлөөнд түрэгдэж захиалгат зохиомол хэрэг бүрдүүлж байсан тухайн албад нь бантацгаасан. Харин 60 тэрбумын хувьд факт нь ил гарсаар л байна.

-Та ярилцлагын бичлэг эхлүүлээгүй байх хугацаанд “Ерөнхийлөгчийн сонгуулиар эмзэг­лэх, жаахан халшрах үе байсан” гэж хэлж байсан. Энэ нь таны гарт орсон хулгайн бич­лэгүүдтэй холбоотой үг гэж ойлгосон. Зөв үү?

-Тодорхой хэмжээнд. Гэхдээ бид нар харин ч өөрсдийгөө их дарж ажилласан. Гол нь факт. Хар сонгууль гэдгийн тухайд чиний зургийг хэн нэгэнтэй эвлүүлж тавиад “Энэ явдалтай хүүхэн” гэвэл бохир технологи болно. Харин 60 тэрбумын бичлэг бол факт. Баримтат сэтгүүл зүй. Цагаан сарын үеийн жирийн нэг золголтыг дэлгэсэн бол мэдээж муухай. Тэгэхэд Сонгуулийн ерөнхий хорооны дэд дарга нь оччихсон “Ялуулсан уу, Ялуулчихсан”, “Надад тэгвэл Алтансарнай өгчихгүй юу”, “Сонгуулийн дараагаас Сандуй их том байгаа” гэлцээд суусан нь өөрөө баримт юм. Тэгж ярьснаараа тэр хүмүүс муухай харагдсан. Ер нь бол яахаараа ч тийм бичлэг хийлгээд сууж байдаг юм. Мэтгэлцээнд зүгээр л орно биз дээ. Яах гэж тэгж бичлэг хийлгэсэн юм. Энэ бол өөрсдийнх нь асуудал. Үнэнийг хэлэхэд сонгуулийн сүүлийн хоногуудад улайрсан нь үнэн. Сонгууль угаасаа тэгж явдаг. Нэг ёсны тэмцээн байхгүй юу. Боксын рейнгинд хоёр тамирчин гарч байгаатай адилхан. Манай штаб хөрөнгө мөнгө, хүн хүч, мэдээллийн хэрэгсэл, засгийн эрх мэдэл, улстөржих ёсгүй цагдаа хүчний байгууллагын дарга нарын улстөржсөн үйлдүүд гээд олон зүйлээр өрсөлдөгчөөсөө хамаагүй дутуу байсан шүү дээ!

-Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд ялсан бол гэж боддог уу. Өнөөдөр та юун Ерөнхийлөгчийн зөвлөх, бүр хэцүү нөхцөл байдалд байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэгж бодохоор аймшигтай санагдахгүй юу?

-Яг ч тэгж бодож байсангүй. Гэхдээ М.Энхболд даргыг нэг их өшөө хорсол тайлах гээд улайраад гүйхгүй гэдэгт бол итгэлтэй байна. Хүн нь уг нь их аятайхан хүн шүү дээ. Ийглийн “Бүрэн зураглал” хийхэд хамт байсан. Өмнө нь таньдаг байсан ч тухайн үед нэлээн сайн танилцсан. Доогуурх долоогч нар нь байхгүй болгосноос бус хувь хүн нь хүн хорлох гээд, надаас хариугаа авах гээд явах тийм өөдгүй эр хүн биш л дээ. Ялагдсаны хорслыг дэвжээнээс буугаад мартдаг бол энэ тэмцээн, ардчилал мөн. Харин ингэж хэмжээ хязгааргүй дэвжээгүй дүрэмгүй үргэлжлэхдээ тулбал улс төрийн хямрал, зодоон болно. Үүнийг улстөрчид түүний багийнхан ойлгодог байх ёстой. Дандаа ялдаг тал гэж хаа ч байхгүй, бүх юм өөрийн цагтай.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

ЗОЧИН      ip : 103.212.116.81 2017-09-04 12:52:40
БААТАРААС ЯРИЛЦЛАГА АВСАН СЭТГҮҮЛЧ ЯМАР МУДАК ХҮҮХЭН БЭ ?!! 60- ТЭРБУМЫН ГЭХ БИЧЛЭГТ БУЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХОР АЮУЛЫГ ОГТ МЭДЭХГҮЙ НЭГЭН АЖЭЭ !!! ДАЛД САНАА НЬ М.ЭНХБОЛД , Ц.САНДУЙ НАРЫН ГАР ХӨЛ БОЛСОН ШАР ХЭВЛЭЛИЙНХНИЙ НЭГ Л БАЙНА !!!





(0/800)