Эдийн засгийн өсөлтийг Засгийн газартай хамт огцруулах уу

2017-08-21 11:32:19

Монгол Ардын намын дотоод зөрчил эрчимжиж, ялалт ялагдлыг дагасан улстөрчдийн ааш араншин хувиран өөрчлөгдөж буй нь нэг их шинэ үзэгдэл биш. Сонгууль бүрийн дараа хаврын араншин нь улирлын онцлогийг эс харгалзан  хөдөлж, хэн нэгнээ дарах, нэг нэгнээ дарцаглах хүсэл нь оодрон ондойсох нь ч бий. Тэгвэл энэ удаад Монгол Ардын намын зөрчил мэргэжлийн буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж мэдэх нь. Энэ хүслээ зайлшгүй ажил хэрэг болгох шаардлагатай хэмээх шийдэлд тус намын зарим лидерүүд өнгөрсөн долоо хоногт санал нэгдсэнээ зарласан нь уг санаандаа хурд нэхэж буйн хэрэг биз.

Тэгвэл уг зорилго биеллээ олж, Засгийн газар огцорлоо гээд хэн хожиж, хэн хохирох вэ. Энэ хоёр асуултад хожлын хувьд тодорхой. Харин хохирлын хувьд энэ оны наймдугаар сард Үндэсний статистикийн газраас албан ёсоор мэдээллэсэн 5.3 хувийн эдийн засгийн өсөлт хаана бүдэрч унах вэ гэдэгт хариулах хэрэгтэй болно. Хэрэв жинхэнэ утгаараа энэ өсөлт нь ард түмний амьдралд тустай, бодит үр дүн дагуулдаг гэж үзвэл дээрх эдийн засгийн өсөлт саарах нь та бидний амьдралд сөрөг нөлөөтэй. Харин эдийн засгийн өсөлт Монгол Улсын 3.1 сая иргэнд хамаагүй, цөөнхийн эрх ашигт нийцтэй хэмээн үзвэл энэ нь нэг их асуудал биш байж болох юм.

Гэсэн ч, өнөөдрийн эдийн засгийн өсөлтөд хүргэхийн тулд өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газар ямар зам туулсныг тодотгож харуулъя. Үүнд УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа буюу өмнөх оны есдүгээр сард -1.6 хувьтай байсан. Энэ нь эдийн засгийн өсөлт зогсож, улс орон бүхэлдэ дефольт зарлах төвшиндөө хүрсний баталгаа гэдгийг тухайн үед улстөрчид ч, эдийн засагчид ч олонтаа тайлбарласан, ойлгуулсан. Ард түмэнд шүү. Харин энэ үеэс хойш МАН-ын удирдлагууд, Засгийн газрын гишүүд дор бүрнээ “Эдийн засгаа аврахын тулд….” гэдэг тодотголын дор олон ч тайлбар хийж, улмаар мөн оны арванхоёрдугаар сард “Эдийн засгийн өсөлт 1.2 хувьд хүрлээ. Бид чадлаа” хэмээн бараг л хашгирсан. УИХ дахь МАН-ын 65 гишүүний хэн нь ч энэ үр дүнгээс хол зогсож, нуугдаагүй. Бүгд л хашгирсан. Бид ч сонссон.

Үүнээс хойш хагас жилийн дараа Олон улсын валютын сан Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө хэрэгжүүлэхээр болж, уг сангийн гишүүн орнуудын дэмжлэгээр 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авах үүд хаалга нээгдсэн. Улмаар хүүхдийн мөнгийг 40 хувьд нь олгох хатуу шийдвэрээ Засгийн газар эргэн харж, Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн 20 мянган төгрөгийг олгож эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үүнийгээ Засгийн газраас “Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд эерэг гарсан тул Олон улсын валютын сангаас энэ шийдвэрт хориг тавиагүй. Ойлголцож ажилласан” хэмээн тайлбарласан байгаа. Улмаар уг эерэг үзүүлэлт гэдгийг багцалсан, баталгаа болох тоон баримтыг буюу “Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ” гэдэг мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сард хийсэн.

Эндээс үүдэн бодоход Засгийн газар огцорлоо гэхэд эдийн засгийн өсөлт арай давхар унах юм биш байгаа гэдэг айдас. Ердөө л хоёр жилийн өмнө тухайн үеийн эрх баригч нам болох АН-ынхныг Засгийн газраа огцруулахад МАН-ын гишүүд “Улс орны эдийн засаг улс төрийн савалгааг дагаж ганхдаг. Төрийн тогтворгүй байдлын ард хөрөнгө оруулагчдын итгэл найдвар бөхдөг” хэмээн зааварлан зөвлөж байсныг санахын зэрэгцээ тухайн үед эдийн засгийн өсөлт -.1.6 хувьд хүртлээ унан доройтон байсныг давхар бодоцгооё. Гэхдээ мэдээж шинэ Засгийн газар бүрэлдээд улс орныг нүд ирмэхийн зуургүй өөд нь татаад хөгжүүлчихвэл хамаа алга. Гэсэн ч төрөөрөө тоглосон дөрвөн жилийн түүх мартагдаагүйг санаж, дор бүрнээ бодлогоо зөв тодорхойлж, залгамж халаагаа зөв таньж мэдэхийг хүсье. Харин эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн гавьяаны тухайд ам асуух хэрэггүй. Хэн нэгэнд нялзаах гэсэнгүй. Тэр дундаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ч манлайд нь бичихээс зайлхийе. Шадар сайд У.Хүрэлсүх болон танхимын бүх сайдуудын хамтад нь байгуулсан амжилт юм хэмээн ойлгосны хувьд шүү. 

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)