Монголын өвдөлт

2017-08-16 10:01:42

Олны хөлд гишгэгдэн гуйлга гуйж шөнийн бор хоногийг өнгөрүүлэх жаал хүүгийн өглөгийн хайрцаг сэтгэлд мөр гарган үлдсэн үдшийг дурсах нь ээ, сэтгэл хөндүүрлэнэ. Хэдий насанд хийсэн үйл үр нь бол хэмээн бодох ч завдал өгөхгүй түүний нас дэндүү балчирхан. Ээжийн тухай дуу хадаан, хоолны мөнгө гуйх энэ үдэш түүний хувьд ганц биш. Өмнө нь хэд хоног, цаашид ч хэр урт удаан он жилийг ийн өнгөрүүлэхийг тааварлах аргагүй. Нас биед хүрэхийн алдад зовлон бэрхшээлд ээрүүлсэн сэтгэл нь дэвтэж, зөөлөрнө хэмээн итгэхэд ч хэцүү. Ийн хорвоогийн хар бараан өнгөн дунд өсөн бойжиж буй түүний тухай бодох нь ээ, улстөрчдийн хувь зайны тоглолт, хөөсрөн давалгаалах түрлэг адил тэднийг эзлэн эзэмдэж буй мөнгөний сүлжээ, эрх мэдлийн тулаан нэгийг бодогдуулна. Нэг өдрийн хоолных нь төлбөр тэрхүү жаал хүүгийн нэгэн сар, магадгүй нэг жилийн хоолны мөнгө байхыг үгүйсгэмгүй. Учир нь, ард түмний хоолны хольц багасахын хэрээр улстөрчдийн хуваалдан тэмцэлдэх мөнгөний уут түнтийж, чи, бидээ тулан өдгөө өрсөлдөгчөө намнахаас ч сийхгүй болсон гашуун дүр зураг тодрох аж. Энэ дунд нэгэн гол дүр бүтээгч нь НИТХ-ын дарга Ц.Сандуй. Улаанбаатар хотын захиргаанд Газрын алба шинээр буюу 1997 онд байгуулагдахтай зэрэгцэн тэрбээр газрын байцаагчаар ажилд орсон нэгэн. Он жил 20-ийг давж, 2017 онтой учран золгох энэ мөчид тэрбээр Монголын төрийг 60 тэрбум төгрөгийн золиос /зөвхөн мэдэгдэж буй нь/, Монгол Улсыг шударга бус хуйвалдааны төлөөс болгосон нь илчлэгдсэн ч даргын зөөлөн суудал, эрх мэдлийн тамгыг атгасаар суугаа нь гайхмаар хэрэг ээ.

ГАЗАР: Улаанбаатар хотод газрын харилцаа хэмээх шинэ зохицуулалт бий болж, иргэн бүр 0.07 га газар өмчлөх эрх нээгдсэн нь Нийслэлийн Газрын албаныхны хувьд нэг талд үүрэг хариуцлага, нөгөө талд ашиг хонжоо олон эх үүсвэр болсон нь мэдээж. Харин үүнийг дагаж өөдлөн дэвшсэн, жирийн нэг байцаагчаас эхлэх байцаагч, хэлтсийн дарга, Нийслэлийн Газрын албан дэд дарга, Нийслэлийн газрын албаны дарга хэмээх өндөр шатаар өгссөн түүнд ураадах зам гэж байсангүй. Зам, жим болгонд эргэж буух, эргэн уруудах чиг шугам хэмээн байдаг гэж үзвэл өнөөдөр түүний хувьд тэр цаг хугацаандаа ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Нагац ахынхаа зөвлөсөн “Газрын харилцаа бол цоо шинэ зүйл. Чи ажиллаад үз” гэсэн зөвлөгөөгөөр тэрбээр анх уг албанд ажилд орж байж. Улаанбаатар хотын 40 мянгатын унаган хүүхэд, Москвагийн Эдийн засаг статистикийн дээд сургуулийг төгссөн шинэхэн төгсөгчийн хувьд тэр үедээ боловсролтой, сэхээтэн бүлэглэлд багтаж байсан нь тодорхой. Тэр дундаа аав Ж.Цэндсүрэн Хотын намын хорооны Хянан шалгах комиссын дарга, Улаанбаатар хотын Засаг даргын орлогчийг хашиж байсан хотын том хөдөлгүүрийн нэг байсан түүхтэй. Тиймээс ч хотын удирдлагад шат ахисан амжилтыг хувь хүнээс нь төдийгүй аавынх нь залгамжилж үлдээсэн өв хэмээн дүгнэхэд буруу зүйл үгүй. Хэдийгээр хэн нэгний мууг үр хүүхэд, аав ээжийнх нь ариун сайхан дурсамжтай хольж хутгах хэрэггүй хэмээн сэтгүүл зүйн номыг нь үзэж, ёс суртахууныг нь уламжлахыг хичээн яваа ч энэ бол бодох л ёстой сэдэв. Амьдралын тэгш гараан дээр дарга, өндөр албан тушаалтны хүүхэд зэрэг уралддаггүй гэдэг батлагдсан туршлагаас бодоход шүү дээ.

Ингэж Улаанбаатар хотын Газрын албатай холбогдсон Ц.Сандуйгийн хувьд мөн л 2003 онд батлагдсан Газрын тухай хуулийг гардан хэрэгжүүлэх том үүрэг хүлээсэн нь ойлгомжтой. Энэ цаг үеэс нийслэлийн ашигтай, үнэтэй газар бүхэн хувийн компанид шилжиж, иргэд 0.07 га газар олох гэж чардайн тэмцэлдэж, газрын албаны байцаагчдыг царай алдан байдгаа барьж суухад тэд газартай, үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Үүнд Ц.Сандуйгийн үүрэг оролцоо хэр байсныг мэдэхгүй. Гэхдээ л өнгөрсөн 20 жилийн турш Улаанбаатар хотын газар хулганы нүх ч үлдэхгүй болтлоо хөрөнгөтэй, бэлтэй хүмүүсийн гарт очсон гэвэл бурууг бусдаас бус Ц.Сандуйгаас хайхаас өөр аргагүй юм. Гол ус дагуу газар олгохыг хориглолоо л гэнэ. Байшин бариад л эхэлдэг. Богд уулын ойр орчим бол аялал жуулчлалын бүс. Нутагших боломжгүй л гэнэ. Өвлийн, зуны хаусаа өнгө бүрээр нь л барилаа. Хотын төв талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулнаа л гэнэ. Цэцэрлэгт хүрээлэн гэж итгэн хүлээсээр байтал өндөр барилга бариад л орхино… Хотын иргэд гэхээр ой санамжгүй болж техник, мөнгө, амьдралын боол болоод маргаашийг санахаа байчихна гэж итгэсэн үү, яаасан бүү мэд. Ийм юм яриад тийм л юм хийдэг гэдэг шиг л зүйл болж өнгөрдөг. Гагцхүү энд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Ингэсээр байгаад өнөөдөр Улаанбаатар хотын өнцөг булан бүр эзлэгдэж, ядарсан иргэд 0.07 битгий хэл 0.04 га газраа ч олж авч чадахгүй айлын хашаанаас айлын хашаа руу хөөгдөж, дөрвөн ханатын гэрийн буурь худалдаж авах ч боломжгүй болтлоо тэнүүчилж яваа нь нууц биш ээ. За тэгээд суурьшлаа, хотод бүглээ бүглээ гээд Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой хотуудыг тэргүүлдэг болчихсон. Энэ нь эргээд газрын зохион байгуулалт байхгүй болсны л нэг илрэл. Үүнийг нь далимдуулж, хэд хэдэн олон улсын байгууллага бүртгэлийн сүлжээ байгуулах, газрыг үнэд оруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн болж ядуу Монголын нийслэлээс баян түнш болоод буцсан нь ч бий. Ядарсан олноо Ц.Сандуй мэт нь дээрэлхээд байхад явуулын хүн ашиг тонших нь ч бас буруу биш юм л даа.

Гавьяа: Ц.Сандуй 2012 онд Нийслэлийн Монгол Ардын намын дарга боллоо. 20 орчим жилийн хугацаанд үргэлжилсэн нийслэлийн газар олголтыг түшиглэж байгуулагдсан хотын фракц гээчийн хувьд Ц.Сандуй яах аргагүй түшиг тулгуур нь. Амьдрал төвхүүлж ч амжаагүй залуу мэргэжилтний хувиар гар хөлд нь зарагдаж, гадас, хадаас зоож, газрын зөвшөөрөлд гарын үсэг зурж явсан түүнийг энэ фракцийн ирээдүй үе хэмээн итгэхгүй бол өөр хэнд ч ах нар нь итгээ гэж. Тэр итгэлээр тэрбээр МАН-д элссэнээсээ 12 жилийн дараа буюу 2012 онд Нийслэлийн Монгол Ардын намын дарга болсон. Энэ үед МАН УИХ-ын сонгуульд ялагдаж, овоо дээгүүр явсан өнгө төрхүүд нь АНУ-руу зугтаж, нутагтаа үлдсэн хэд нь намынхаа байр руу өлмийгөө ч тавихаа больсон байв. Тэр утгаар нь харвал Ц.Сандуй гэж хүний МАН-д оруулсан хувь нэмэр чамгүй их. Ядарч, зүдэрсэн дөрвөн жилд нь Нийслэлийн Монгол Ардын намыг удирдаж, үйл ажиллагаагаа санхүүжүүлж, намынхаа ажилтнуудыг цалинжуулж, амийг нь тасалчихгүй шиг явна гэдэг бол яах аргагүй гавьяа. Тэр хэрээр нэр хүнд нь өсч, намын даргын бойжуулсан улстөрчийн хувиар зангараг нь ч, зан нь ч өөрчлөгдсөн байх. Ямар сайндаа л 2016 онд болох УИХ-ын сонгуулийн дүнг урьдчилан төсөөлж, хөрөнгө босгох стратеги төлөвлөгөө боловсруулаад суух вэ дээ.

60 тэрбум: Газрын албанаас өсөж бойжсон, дэс дараагаар нь өөдөө дэвшсэн тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би ямар 20-той хүүхэд биш. 40 нас хүрсэн хүн амьдралаа авч явах боломжтой байж таараа. Өөрийн гэсэн бизнестэй” хэмээн ярьсан байдаг. Хэдийгээр албан тушаалын өндөрлөг хийгээд намтар түүхээрээ тэрбээр ийн ихэрхэн хариулж болох ч төрийн албан хаагчийн хүрээнээс хальж үзээгүй, улс төрд эрчтэй хүчтой ноцолдож амжаагүй хүний хувьд уг нь бол далдирах л хариулт. “Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэгт өөрөө өөрийгөө сайн дураараа элсүүлсэн гэдэг талаас нь энэ хариултыг нь хараад үзээрэй. Ойролцоогоор 1.5 тэрбум төгрөгийн орон сууцтай, 263 сая төгрөгийн хадгаламжтай, Ц.Сэргэлэн гэгчээс 80 сая төгрөгийн авлагтай гэж байгаа. Бизнесийн салбараас орж ирсэн улстөрчдийн хувьд энэ нь өчүүхэн жижигхэн мэт харагдах ч, төрийн албаар дамжсан хувь хүнийх нь намтартай нааж үзэхэд бас л хэцүү сэдэв. Харин яг үүнтэй залгаж, тодруулах ёстой сэдэв бол 60 тэрбум төгрөг. Иргэн Г.Доржзодовын задалсан 60 минут, 40 минутын бичлэгт энэ тухай хангалттай олон бичигдсэн учраас нэг их дэлгэрүүлээд хэрэггүй байх. Гэсэн ч тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийг урьдчлан тааварлаж, зөвхөн нийслэлээс гэхэд 60 тэрбум төгрөг босгох, тооцоог тооны машин дээр хийж суугаа чимээ нь дуулдсан. “5000 хүний нэгээс нь 10 сая гээд бодохоор хэд байна, Сандуй” гэхэд “50 тэрбум” гэх өөрийнх нь дуу хоолой ч бичигдэж. “Хар машин руу юм хийх аргаа олчихсон” гэж ярих нь ч тодоос тод юм. Ийм хүнд итгэж саналаа өгдөг нийслэлчүүд та бид гүй мөн сонин хүмүүс шүү. Тэр дундаа өөрийн биеэр “Хоёр жилийн өмнө Нийслэлийн МАН-ын стратеги, тактик боловсруулах уулзалт болсон. Тэр уулзалтын бичлэг алдагдсан байна лээ” гэж хэлсээр байхад та бид нийслэлд МАН-ыг ялуулсан. Ийм л ард түмэн. Нөгөө юу гэдэг билээ, “Ард түмэн цагаан цаас ш дээ, дарга аа” гэдэг үгийг бид нар өөрсдөө л хэлчихсэн байгаа юм даа.

Алтан сарнай: Сонгуулийн дүн гарлаа. Ц.Сандуйг АН-ынхан илээр, МАН-ынхан далдаар, ард түмэн гэртээ муу хэлэхийн дээдээр хэллээ. Шүүмжлэхийн дээдээр шүүмжиллээ. Баримт нотлогоо дэлгэхийн дээдээр дэлгэлээ. Гэсэн ч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын суудлыг тэр авч чадлаа. Авсан даруйдаа “Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Улаанбаатарчуудыгаа аз жаргалтай болгоно. Улаанбаатарчуудынхаа аз жаргалын төлөө би хоёргүй сэтгэлээр зүтгэнэ… яриад л байна, яриад л байна. 60 тэрбумын бичлэгээс ичиж байгаа, айж байгаа ч юм алга. Ёстой л зориг бүхнийг ялна гэж бодсон уу, гүлдийдгээрээ гүлдийгээд даваад гарая гэж шийдсэн нь үү мэдэхгүй. Хачирхалтай нь, МАН үүнийг нь үнэлсэн үү, 60 тэрбум төгрөгийн зарим нэгийг нь шагналаар аргалахыг тохиролцсон уу мэдэхгүй юм. МАН-ын идэвхтэй гишүүдийн зүүдэлж, мөрөөдөж хонодог “Алтан сарнай” шагналын нийгэм, улс төрийн манлайлагч залуугийн цомыг гардуулаад орхив. “Намдаа зүтгэнэ. Төрдөө зүтгэнэ. Ард түмэндээ зүтгэнэ” хэмээн ярьсаар, хэлсээр.

Шөнийн босс: Яагаад газрыг Ц.Сандуйгаас холтгож ойлгож болохгүй вэ. Энэ асуултын хариулт тун энгийн. Тэрбээр хотын төвд нэр бүхий барилга, үйлчилгээний төвүүдийг эзэмшдэг тухай мэдээллийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Үүний нэг нь Олимпийн гудамжнаа тэг дунд нь, зам хааж барьсан, бул хар чулуу шиг “Хоме плаза”-ын барилга. Тэнд MINT баар, Оne Event Hall хүлээн авалтын ресторан байрладаг. Цагийн хязгааргүй, үнийн өндрөөрөө олныг хуйлруулдаг тус газрын аль аль нь Ц.Сандуйгийн мэдлийнх гэх яриа байдаг. Төрсөн дүү нь, анд найзтай нь ажиллуулдаг гэж байгаа. Хотын төвд байрлалтай “Royal Mauntain” караоке байна. Орсон л бол гарах шаардлагагүй, шөнө дундалж, үүр хаярхын дайдад гарч болохоороо алдартай. Баар, ресторон, караоке шөнийн 24 цагаас хойш ажиллах эрхгүй байхад л дээрх газрууд цагийн хязгааргүй ажилладгаараа алдартай байсан. Улс төр, бизнесийн хүрээнийнхий нууц уулзалтууд ч олонтаа хийгддэг гэх яриа дагалддаг. Харин “Хоме плаза”-ийн тухайд зам таглаж байгуулагдахаасаа өмнө буюу хөрс шорооны ажил эхлэх үед олимпын цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиг үүрэгтэй хэмээн олон нийтэд итгүүлсэн. Үүнийг нь дуулаад тэр хавийн оршин суугчид эсэргүүцлийн лоозонгоо хурааж, үр хүүхдээ салхилуулах төв талбай горьдон хүлээсэн. Харамсалтай нь, үнэтэй дэлгүүр, архидан согтуурсан залуусын зам руу хальтирч унан амь насаа алдаж мэдэх машин замтай нийлсэн аюулын тойрог болж хувирах нь тэр. Энэ бол түүний шөнийн боссын үүрэг хүлээж, газрын зориулалтыг хэрхэн хувирган өөрчилж чаддагийнх нь нэг том баталгаа.

Оффшор: Панамын баримтууд дэлгэгдэж, Монголын нөлөө бүхий улстөрч, бизнесмэнүүд Виржиний арлуудад оффшор данс эзэмшиж байгаа мэдээлэл олонд ил цацагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ дунд дээр мэдээллэсэнчлэн Ц.Сандуйгийн авлагатай гэж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 80 саяын авлагатай гэж мэдүүлсэн Ц.Сэргэлэн гэх төрсөн дүүгийнх нь нэр бичигдсэн байдаг. Ц.Сэргэлэн нь Виржиний арлуудад бүртгэлтэй "Joy Key Develoment Limited" компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байж. Харин Ц.Сэргэлэн нь өнөөдрийг хүртэл ямар ажил алба, бизнес эрхэлж байгаа нь тодорхой. Дээрх шөнийн цэнгээний газруудыг удирддаг төдийхнөөр яригддаг. Ийм байхад ямар мөнгөө оффшор бүсэд хадгалсныг Ц.Сандуйгаас асуухгүй өнгөрч боломгүй. Гэсэн ч тэр хариулдаггүй. Бусдынхаа нэгэн адил мэдэхгүй гэдэг үгээр мянган үгний таглаа хийх нь бий.

Шантааж: МАН-ынхан мэдээж бүгдээрээ мангар биш. Газрын наймаагаар хөлжсөн, оффшор бүсэд төрсөн дүү нь данстай, 60 тэрбум төгрөгийн авлигын сүлжээг санаачилсан, гардан гүйцэтгэсэн байх магадлалтай, хувь улстөрч нь намаа хурцалж, улс төр хийгээд байх хэмжээний хүчтэй биш… гэх мэт олон шалтгаанаар түүнийг Нийслэлийн МАН-ын даргаас, НИТХ-ын даргаас чөлөөлж дөнгөх л байсан. Ядаж л дотроо хадгалсан энэ бүх шалтаг шалтгаанаа халамцуу гөлөмцүүдээ гаргаж, хашгирч, зандарч болох л байсан. Гэвч тэгсэнгүй. Үгүй ядах нь ээ, намынх нь удирдлагууд МАН-ыг аврахын тулд ганц хуруугаа хөдөлгөхөд л Ц.Сандуйг явуулахад ядах юм байхгүй. Харин яагаад түүнийг өнөөдрийг хүртэл хадгалж, хамгаалж, хайрлаад байна вэ. Энэ тухай учрыг асуух нь ээ, “Эргээд намынхаа удирдлагуудыг шантаажилсан сураг байна лээ” гэсэн яриа чих дэлссэн нь үнэний оргүй яриа биш л болов уу. Тэр бүү хэл, нэгдүгээр эгнээнд зогсоож зургийг нь авахуулахгүй гэсэндээ хослолоос нь чангаасан онигоо ч бий. Гэсэн ч тэр нэгдүгээр эгнээнд зогссоор л байсан. Тэр үед араас нь чангаагаад дийлээгүй бол урдаас нь түлхэж болох л байсан байх. Гол нь, яагаад тэгээгүй вэ гэдэгт дээрх хэлсэн шалтгаан оршиж буйг үгүйсгэх аргагүй юм.

Монголын өвдөлт: Яаж ч сульдаж, унан доройтлоо гээд төр бол төр юм. Гэтэл төрийнхөө сүлдэнд сүү өргөн залбирдаг монгол түмний итгэл үнэмшил дээр төрийн нэрээр зөвхөн ганц Ц.Сандуй биш олон зуун Сандуй гишгэлэн тоглож, бүжиг эргэж ирсэн байна. Цаашид тэд олон зуугаараа биш олон мянгаараа болно. Гурван сая гаруйхан монголчуудын сонголт, итгэл үнэмшлээр хэдэн Сандуй тоглож байж тэдний бүлэглэлийн сэтгэл ханах вэ… Үүнээс өөр асуулт үнэндээ үлдсэнгүй. Ажил тарах мөч ойртон гэрийн зүг алхахдаа мөнөөх жаал хүүгийн дэргэдүүр би гарна. Хоолой нь сөөж, цахиртан орилох ч итгэл үнэмшил Ц.Сандуй нарын эрх ашгийн өлмийд гишгэгдэж, ирээдүй нь бүүдгэр харанхуй дунд тэмтчин, нуран унах биз. Ийм л төрийн түшээ Монголыг өвтгөж, монголчууд харин энд оёлж, ядуурч байна. Тэр төрийн, түмний, бүр Монголын өвдөлт болчихлоо. Төрд итгэх итгэлийг үнэгүйдуулж, улстөрчдийн өс санасан хорслыг агсамнуулж, МАН-ын ирээдүйг ч нураан унагаж байна. Гэхдээ энд, МАН-ын ирээдүй бус харин Монголын ирээдүй чухал байгааг эцэст нь сануулья. Үүнийг бодож зүрх сэтгэлийн өчүүхэн жаахан хэлтэрхий үлдсэн бол үдшийн бүрийд гудамжнаа эгшиглэх “Ээжийн бүүвэйн дуу”-г сонсоорой. Сэтгэл тань дэвтэж, Монголын өвдөлтийг илааршуулна гэж найдая. Ийм сэдвээр Монголын гол дүр болох ч гэж дээ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

зочин      ip : 202.9.42.76 2017-08-16 13:40:42
Өвдөлт гэж хачин муухай, буруу ярьж бичихээ болиоч ээ. Мэргэжлийн хүмүүс нь ингээд байхаар жирийн улс яах вэ? Өвчин, эсвэл зүгээр үйл үгийг нь хэрэглэх ёстой.

ЗОЧИН      ip : 103.212.116.143 2017-08-16 11:06:08
М.Энхболд булайгаа гар хөл рүүгээ чихүүлжээ

ЗОЧИН      ip : 103.212.116.143 2017-08-16 10:44:36
60 - Н ТЭРБУМЫН СХЕМИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ Ц. САНДУЙ , ГАНБААТАР НАР БИД ХУУЛЬ БУС ТӨРИЙН ЭСРЭГ МАШ АЮУЛТАЙ ЮМНУУД ХИЙХ БОЛНОО ?! БИДЭНД ХУУЛЬ ХҮЧИНИЙ ХАМГААЛАЛТ , ХАЛХАВЧ ХЭРЭГТЭЙ ГЭХЭД НӨХЦЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЖ ӨГСӨН М. ЭНХБОЛД , С.БЯМБАЦОГТ , Ж. МӨНХБАТ НАРТ ХУУЛЬ , ШҮҮХ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ! Ц.САНДУЙ , ГАНБААТАР НАР БОЛ ОЙЛГОМЖТОЙ ЯЛАА ЭДЛЭХ НЬ ГАРЦААГҮЙ !!! ХАРИН ТЭД М.ЭНХБОЛД НАРТАЙГАА ХАМТ УНАНАА ГЭЭД ЗУУРАЛДАЖ БУЙ НЬ БОДИТОЙ ҮНЭН!

Ганчимэг      ip : 103.212.116.143 2017-08-16 10:36:14
Ц.Сандуй нарын 60-н тэрбумын схемын хэргийг олон тоонд оруулж сарниулах гэсэн бодлоготой захиалгат нийтлэл байна!

МАН -ын гишүүн      ip : 103.212.116.143 2017-08-16 10:30:51
Энэ сэтгүүлч яаж ийм хоёр үзүүртэй зүү шиг юм бичиж чадаж байнаа !

ЗОЧИН      ip : 103.212.116.143 2017-08-16 10:26:31
Г.ОТГОНЖАРГАЛ ГЭГЧ ЭНЭ БИЧИГЧ Ц. САНДУЙ НАРЫН ЗАХИАЛГААР БИЧИГЧ ЮМ!!!





(0/800)