Ш.БАТЦЭЦЭГ: Дипломат ёсоос гадна хүний харилцаа талаас нь бодож ажилласан даа

2017-08-14 11:06:44

Сүүлийн сар гаруйн хугацаанд твиттер хаягаар холбогдож, ойр ойрхон хаа байгааг нь асууж сураглаж байж уулзсан, ярилцахыг хүссэн зочин маань Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Ш.Батцэцэг хэмээх энэ хатагтай байлаа. Элчин сайдаар ажиллах хугацаандаа хийсэн бүтээсэн нь олон нийтэд ил, өрнүүн дэлгэр харагдсан учраас хэн хүнээс түрүүлж ярилцлага авах, тэр дундаа гоё сайхан яриа дэлгэн суумаар санагдсан хэрэг. Ингээд ярилцлагаа хүргэе.

-Танд өдрийн мэнд хүргэе. Элчин сайдаасаа бууж ирээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч олон хүн таныг эргээд аль нэг орон руу Монголоо төлөөлж яваасай хэмээн ерөөж буйг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрснөө дэлгэе. Өнгөрсөн жилийн хугацаанд бараг л Монгол Улсаас гадаадад улсад суугаа бүх Элчин сайдын яамны үүдийг дэлгэх нь халгүй нээлттэй ажиллалаа шүү дээ, Та?

-Баярлалаа. Ямар ч байсан өөрт гайгүй ажиллачихав уу даа гэсэн бодол төрсөн. Ер нь ч гайгүй ажилласан гэдэгтээ итгэлтэй байна. Төсвийн жаахан мөнгөндөө найдаад ажилласан бол арга хэмжээ зохион байгуулах битгий хэл хөлөө ч хөдөлгөхөд хэцүүхэн л санагдсан. Ер нь ганц Индонези ч биш бусад бүх Элчин сайдын яамдууд адилхан бололтой юм билээ. Ажилтан, ажиллагсдын цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалаас хальж гарах мөнгө үнэндээ бидэнд байгаагүй. Хувь хүний маань туршлага ч бас дулимаг. Дипломат албаны хувьд шүү. Харин хийнэ гэсэн сэтгэл бол дүүрэн байсан.

-Тэгээд та юунд найдаж ажлаа эхлүүлсэн юм бэ?

-Ёстой одоо хэлэхэд том мөрөөдөлтэй зэрэгцээд багагүй айдас байсан. Юунаас эхлэх, хэрхэн хийх, яаж бусдаас дэмжлэг авах вэ гэсэн. Тэгж байхдаа нэг зүйл бодсон маань “хүн хоорондын харилцаа”. Олон жил төрийн бус байгууллагаар явж, хүнтэй ажилласных энэ бодол маань надад их түшиг болсон. Дипломат алба, дипломат харилцаа гэж албан ёсоор хэлэх ч эцсийн бүлэгт монгол, индонез нь хамаагүй хүн хоорондын л харилцаа болж таарч байгаа юм. Би хүнтэй харилцахгүйгээр Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсын төлөө хуруугаа ч хөдөлгөж чадахгүй. Яг энэ бодлоороо ажлаа эхлүүлсэн. Өндөр төвшний дипломат айлчлал бараг 5-8 жилдээ ганц удаа болдог учраас тийм айлчлал, арга хэмжээг хүлээвэл ажил урагшаа явахгүй нь тодорхой байсан. Цоо шинээр шаваа тавьж эхэлж байгаа Элчин сайдын яамны хувьд бол юун гурван жил. Бараг арван жил ч хүрэлцэхгүй байх. Тэгээд л эхнээс нь хүмүүстэй уулзаж эхэлсэн. Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдлаа гэсэн мэдээллээр олон ч хүн уулзах, танилцах санал тавьсан. Дипломат арга хэмжээнд ч олон оролцсон. Ярилцлага, уулзалт бүрээсээ ажиллах хүсэл тэмүүллийн оч үсэргэх, улмаар хамтарч ажиллах зорилго тавьсан.

-Оч гэдэг нь харилцааны арга байв уу. Эсвэл түс тас ажил хэргийн яриа байв уу?

-Юм хиймээр байна, тэр санаагаа хүнд хүргэх яриа. Яаж хамтарч ажиллаж болох вэ гэдгийг л ярьсан. Их дайчин үзсэн. Хувь хүний маань мөн чанар, зан чанар ч нөлөөлсөн байх. Найрамдалт харилцаа тогтоосны өнгөрсөн 60 жилийн хугацаанд нэг ч удаа Элчин сайдын яам байгуулагдаж байгаагүй гэдэг утгаар Индонезид ч их сонирхолтой байсан байх. Ер нь аль аль талаасаа сонирхсон, ёстой л оч үсэргэсэн уулзалтууд болж байлаа. Дээр нь, анхны Элчин сайд гэдэг их сайхан нэр хүндтэй байдаг юм байна. Та түүх эхлүүлж байна, Монгол Индонезийн харилцаанд түүхэнд бичигдэх шинэ зам тавьж байна гэж хандсан. Их сайхан. Анхны их том завшаан бол Индонезийн Ерөнхийлөгчид Элчин сайдын жуух бичгээ барих тэр үе. Миний хувьд тэр хүнтэй байнга уулзаж чадахгүй нь ойлгомжтой юм чинь энэ уулзалтын таван минутыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ, юу гэж хэлэх вэ гэж нэлээн бодсон. Ер нь л их юм бодно шүү дээ. Өөрийгөө ч нэлээн бэлдсэн. Есөн Элчин сайдыг хүлээж авахад би яг Ерөнхийлөгчийнх нь дэргэд суусан. Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно 2012 онд манайд айлчилсан учраас Монголын талаар сонирхож “Хоёр жилийн өмнө айлчлахад Элчин сайдын яам байгуулахаар ярилцсан. Тэр санал амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна. Би таныг хараад их эрч хүч авч байна. Та их эрч хүчтэй эмэгтэй юм” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд айдас бага зэрэг арилаад “Манай Элчин сайдын яам анх удаа байгуулагдаж байгаа учраас бүх төвшинд амжилттай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлээрэй” гэж хэлсэн. Ёстой тэр эрчээрээ явсан. Засгийн газар, парламент, бизнес эрхлэгчид гээд уулзаж болох бүх л чиглэлээр уулзалтаа эхлүүлсэн. Тэр хугацаандаа бас Элчин сайдын яамаа тохижуулах их ажилаа зэрэгцүүлсэн дээ.

-Та нар хоосон өрөөнд очсон уу?

-Хоосон, хоосон. Зургаан жижиг өрөөтэй гучин найман давхарын бизнесийн оффист төвхнөж эхэлсэн дээ. Хамгийн өртөг багатайгаар, хамгийн аятайхан харагдаж болох байдлаар тохижуулсан. Компьютер, ширээ сандал авна. “Монгол Костюм”-аас авч явсан монгол үндэстэн, угсаатны цаг тооллын хуудсыг салгаж, жаазласан маань их гоё болсон. Хямд өртгөөр л гоёод байгаа маань тэр шүү дээ.

-Хамгийн эхний уулзалтын үр дүн юу байв. “Үгүй ээ, нээрээ ингээд бүтчихдэг гэж байх уу” гэж эргэлзүүлсэн тийм уулзалт?

-Бүх хичээл нь англи хэлээр явагддаг, Индонезийн хамгийн том их сургуулийн нэг “Президент” их сургууль дээр болсон уулзалт. Жакартагаас нэлээн зайтай. Сургуультай нь танилцаад Монголоос 20 оюутан тэтгэлгээр сургахаар ярилаа. Тэр үед ёстой төгс англи хэлтэй, нэг их даруухан хүн нэлээн хол суугаад намайг ажиглаад байна. Дуудлага нь бол төгс. Тэндээсээ гольфын талбай руугаа биднийг авч явлаа. Боловсрол, соёлын талаар ч ярилцлаа. Сүүлдээ сэдэв хот байгуулалтын чиглэл рүү яваад орлоо. Эцэст нь “Президент” их сургуулийн үүсгэн байгуулагч төдийгүй, Жабабэка хэмээн нэрлэгдэх үйлдвэрийн хотыг байгуулсан Сэтионо Жуанди Дармоно гэж хүн болохыг мэдэж авлаа. Тэгсэн хэрнээ ямар даруухан гэж бодно. Үнэхээр мундаг. Индонез чинь 17500 аралтай. Тэрнийхээ ерөөсөө 6000 мянга дээр нь засаг захиргааны нэгж байгуулж, хот болгосон. Мань хүн яг тийм нэг хэсгийг авч үйлдвэрийн хот байгуулсан юм байна лээ. За тэгээд яриад байсан чинь Монголд нэг удаа ирсэн болж таарлаа. “Монгол бидний хувьд цоо шинэ ертөнц. Би хүүгээ дагаж нэг удаа очоод ямар сайхан тайван орон бэ гэж бодсон. Манай олон найз нар Монгол руу явах талаар ярьдаг ч яг яаж очих, хэрхэн виз авахаа мэддэггүй. Тэгэхээр та одоо Монголоо л сайн таниулах хэрэгтэй” гэж байна аа. Тэгж хэлэнгүүт нь би түүн рүү итгэлтэй хараад  “Хоёулаа хамтарч танилцуулья. Та тусална биз дээ” гээд хэлээд тавьчихсан. Эхний удаад 10 хүүхдийг тэтгэлгээр сургая, дараагийн ээлжинд 20 болгоё. Индонезийн боловсролын түвшинтэй монголчууд танилцах боломж олгож тэтгэлэгтэй сургах боломж олгооч гэв. “За” гэж байна.

-Манайхан үүнийг чинь барьцаа лавшруулах гэж хэлдэг дээ. Та юу андах вэ дээ. Тийм үү?

-Тэгж хэлж болно. Яриа ч цаашаа нэлээн үргэлжилсэн л дээ. Хоёр талын ашиг сонирхол татахуйц яриа энгийн хэлбэрээр үргэлжилсэн учир цааш хамтран ажиллах зам эндээс нээгдсэн юм. Өөрөө ч санал хэллээ.

-Ямар санал?

-Индонезийн бизнесмэнүүдийн ажил хэргээ амралт чөлөөт цагтай холбох хамгийн гол хобби нь гольф байдаг. Танай бизнес эрхлэгчид хэр тоглодог вэ. Магадгүй нэг өдөр манай гольфын талбайд хоёр орны гольфын тэмцээн зохион байгуулж болно шүү дээ гэж. Тэр даруйд нь “Хэзээ нэгэн цагт биш ээ. Хоёулаа яг дөрвөн сард Монголын нэрэмжит Гольфын тэмцээн яг энд зохион байгуулья ” гээд л шуурхайлчихсан.

-Та тоглодог байсан юм уу?

-Мэдэхгүй шүү дээ.

-Тэгээд яаж хурдан хугацаанд зохион байгуулж чадна гэж бодос юм бэ?

-Гол нь миний тоглох эсвэл манайхан тоглох чухал асуудал биш санагдсан. Монголын нэрэмжит гэдэг утгаараа Монголоо сурталчлах нь л гол байсан. Яриа, ярилцлага, харилцаанаас оч үсрэх гэж би үүнийг хэлээд байгаа юм. Тэдний гольфын клуб 450 гишүүнтэй. Арга хэмжээнд 200 гишүүн нь оролцох боломжтой гэнэ. Ийм л ажил хэргийн анхны уулзалт болж тэр эрчээ алдалгүй яриа болгоноо хэрэгжүүлсэн гурван жил болж өнгөрсөн дөө. Эхний жил харамсалтай нь, 10 хүүхдийн тэтгэлэг зарлахад манайхаас долоон хүсэлт ирсний, хоёр нь тэнцсэн. Манайхан халуун орныг нь голсон байх. Уг нь голох орон ч биш л дээ. Азид эдийн засгийн өсөлтөөрөө эхний тавд бичигдэж байгаа орон шүү дээ. Гольфын тэмцээний тухайд зардал багатай. Монголоосоо мөнгө, зэс аяга аваачиж, Индонезийн чулуугаар цомын суурь хийж их гоё өвөрмөц цом гардуулсан. “Монгол хорхог” хийж гольфчдоо дайлсан. Зорилтод энэ бүлэгтээ Монголын танилцуулга хэвлүүлж, илтгэл тавьсан. Тэмцээндээ бусад  Элчин сайдуудаа хамруулсан. Их гоё. Монгол хорхог маш их сонирхож идсэн. Ганц хоёр “Чингис” архитай. Түүнийгээ хүртээх гэж хөөрхөн юм болсоон бас.

-Тэр 200 бизнесмэн бол их нөлөөтэй, том хүмүүс биз?

-Томоор барах уу. Индонез, Өмнөд Солонгос, Японы томоохон бизнесмэнүүд нэг дор цугларсан. Дээр нь, Элчин сайдууд ирэхээр хүмүүсийн сэтгэл ханамж хийгээд тэдэнтэй зэрэгцэж гольф тоглож, хамтдаа зоог барихаар өөрт нь их хүндэтгэлтэй санагддаг юм билээ. Зиндаа дээшилж байгаа хэрэг л дээ. Манай Азийнхны бас онцлог байх. Тэр үеэр олон ч бизнесмэн Монголд жуулчлахаа илэрхийлж, багаа тэр дундаасаа бүрдүүлж байсан. Анхны Монголын нэрэмжит гольфын тэмцээн хүн бүрийн оролцоог хангаж чадсан учир  амжилттай болж,  энэ арга хэмжээний дараа Сэтионо Жуанди Дармонотойгоо их сайхан найзууд болсон. Өөөрөө ер нь ажилч, хичээнгүй хүнд би дуртай хэмээн байнга ярьдаг хүн л дээ. Дараа нь, Монголын соёлын элчээр ажиллуулах саналыг биднийг тавихад шууд л хүлээн зөвшөөрсөн.

-Монголын соёлын төвийг байгуулах санал хэзээ нь яригдав?

-Бид хамтраад Монгол Улсын тусгаар тогтнолын баяраар аялал жуулчлалын 250 компанийн төлөөлөгч урьж монгол ахуй соёлоо танилцуулсан. Ирсэн зочид маань ч их сонирхсон. “Гэрт хаана нь унтах вэ. 00 байгаа юу. Бороо ороход зүгээр үү. Тусдаа унтлагийн өрөө байгаа юу” гэх мэтээр олон асуулттай амьд арга хэмжээ болсон. Тэр үеэр Монголын соёлын элч болон бид хоёрт зэрэг ижил санаа орж ирснийг уулзалтын дараа ярилцаж мэдсэн. Тэр дагуу Ява арлын баруун эрэгт Танжунг Лесунг эргийн амралтын газрын ойролцоо бидэнд 100 га газар өгсөн нь өнөөдрийн БНИУ-д сүндэрлэн боссон Монголын Соёлын Төв юм.

-Ингэж гэрлийн хурдаар дэмжигдэнэ гэдэг үнэхээр гайхалтай хэрэг. Танд их л итгэж дээ?

-Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол дипломат харилцаа бол хүмүүс хоорондын харилцаанаас эх улбаатай гэдгийг хүн бүр ойлгох нь чухал. Нөгөө хүн хоорондын харилцаа, итгэлцэл энд чухал нөлөө үзүүлсэн байх. Бүтэн жил ажиллаж, бэлдэж байж нээлтээ хийсэн. Монголоос авч очсон гэрүүдээ Монголын өв соёл, ахуйтай нь авч очихыг их зорьсон. Зэрэгцээд монгол үндэсний хоолны сургалт явуулж нийт 21 тогоочийг бэлтгэсэн. Ер нь бол урт настай, амьд хөтөлбөр болгон орхих зорилгодоо их түлхүү анхаарч ажилласан. Монгол Улсын Элчин Сайдын Яам нээгдээд хоёр жилийн дотор Монголын Соёлын Төв Ява арлын баруун эрэгт тэгж л  сүндэрлэсэн дээ. Одоо бол байнгын дотоодын жуулчдын хөлд дарагдаж байгаа гэсэн. Бидний зорилго бол энэ төвөөр дамжуулж Монгол Улсаа Индонезийн иргэдэд танилцуулах явдал байсан. Энэ зорилгодоо ч хүрч чадсан гэж дүгнэдэг. Нээлтийн ажиллагаа их сайхан болсон. Ийм гоё төв байгуулсан юм чинь монгол хоол, монгол ёс заншлыг хамтад нь үзүүлэх хэрэгтэй гээд Төв аймгийн Угтаал сумаасаа хоёр тогооч аваачиж, 14 хоног монгол үндэсний хоолны сургалт явуулсан. Хорхог, цуйван, бууз гээд монгол хоолыг 21 тогоочид заасан.

-Тэр төвийн эзэмшил нь хэн дээр байгаа вэ?

-“Жабабэка” группын аялал жуулчлалын бизнесийн нэг чиглэл болж үлдсэн. Хүнд зориулсан юм хүндээ л үлдэх нь хамгийн зөв. Элчин Сайдын Яамд төсөв хөрөнгө үрэх шаардлага ч байхгүй. Монголоо таниулах нь л бидний үүрэг шүү дээ.  Одоо “Жабабека” групп Монголын соёлын төвийг түшиглээд хоёр дахь шатны хөрөнгө оруулалт буюу Чингис Хаан нэртэй том зочид буудал барихаар төлөвлөж эхэлсэн байна лээ. Би явсан ч байгуулсан Монголын соёлын төв маань Индонезид үлдэж, Монгол Улсыг сурталчилж, таниулж, аялал жуулчлалын шинэ жимийг Монгол руу гаргах болсонд баяртай байгаа.

-За таны хувьд жил гаруйн хугацаанд бизнесмэн, Элчин сайдуудыг цуглуулсан нэлээд том арга хэмжээнүүд зохион байгууллаа. Энэ хэрээр таны нэр хүнд хэр өссөн бэ. Элчин сайдуудын зиндаархал гэж бас их чухал зүйл байдаг бололтой юм билээ?

-Байна аа, байна. Дипломатууд хамгийн энгийн, ажилсаг хүнээ илүү хүндэлдэг юм гэдгийг мэдэрсэн шүү. (инээв) Дипломат корпустаа хүлээн зөвшөөрөгдөж танигдана гэдэг амаргүй. Та богино хугацаанд өөрийгөө маш сайн таниулж чадсан байна хэмээн тухайн үед салбарын сайд байсан Л.Пүрэвсүрэн сайд урам өгөөд буцаж байсан. Миний ажлыг хүмүүс, тухайлбал суугаа орны иргэд, Засгийн газар л дүгнэнэ шүү дээ. Тэднээс маань гомдол ирээгүй л байгаа.  Бүх төвшинд надад их хүндлэл үзүүлж байсаныг дурьдах хэрэгтэй болов уу. Үүрэгт ажилдаа ормогц 2014 оны зургаадугаар сард болсон сонгуулийн дүнгээр бүрдсэн Индонезийн шинэ Засгийн газрын Гадаад хэргийн яам, Эдийн засгийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх яам, Хөдөө аж ахуйн яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, Парламентын доод танхимын дарга, гишүүдтэй хийсэн анхны уулзалтуудаар хоёр орны харилцааны бодит байдлыг ярьж, харилцааг урагшлуулах талаар ярилцахад шинэ Засгийн газрын бодлого нь нэн түрүүнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судлах, гадаадын хөрөнгө оруулалтыг Индонезид татах зэргийг сонирхож байгаа нь тодорхой болсон. Миний томилолтын хугацаанд улс төрийн харилцааны хувьд харилцан айлчлал тэнцвэртэй явагдсан. 2014–2017 онд манай талаас УИХ-ын Дэд дарга,  УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, ГХЯ-ны ТНБД зэрэг албан тушаалтнууд БНИУ-д айлчилсан бол индонезийн талаас БНИУ-ын Дэд ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын дарга, гишүүд зэрэг түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бий болгох, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ажиллаж, Монгол Улсын Их Хурал, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим (Парламент)-ын хооронд Хамтын ажиллагааны санамж бичгийг 2016 онд байгууллаа. 2003 онд хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурагдсанаас хойш анхны хуралдааныг зохион байгуулах асуудал олон жил хойшилж ирсэнтэй холбогдуулан БНИУ-ын ГХЯ-тай нягт ажилласны үр дүнд 2015 онд Жакарта хотноо зохион байгуулсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлох чухал арга хэмжээ болсон. Мөн энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ний төлөөлөгчдийг Индонезийн төрийн өмчит “Букит Асам” компаний удирдлагатай уулзуулж, хоёр орны төрийн өмчит компаниудын хооронд хамтын ажиллагаа тогтоох, туршлага солилцох асуудлаар хийсэн уулзалтыг зохион байгуулав. ЗГХК-ын хоёрдугаар уулзалтыг 2017 онд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөж байна.

-Эдгээр уулзалтын эдийн засгийн үр дүн нь юу байв?

-Индонезийн тал 2016 оноос эхлэн өөрийн бараа бүтээгдэхүүнийг уламжлалт бус зах зээлд нэвтрүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвараа өсгөх зэрэг зорилго тавьж, ихээхэн санаачnлгатай ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2016 онд Индонез, Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээлэл хийж, манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүн экспортлох боломжийг судлах, Монгол руу бизнесийн группын аялал зохион байгуулах зэрэг асуудлаар тохиролцоод байна. Индонезийн тал хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор тус улсын төрийн болоод хувийн тэргүүлэх компаниудын төлөөллийг оролцуулсан бизнес төлөөлөгчдийн аялалыг 2017 оны эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч тус ЭСЯ-ыг хаах болсонтой холбогдуулан энэхүү асуудал зогсонги байдалд орсон. Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор БНИУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хорио цээрийн нөхцлийг судлах, Монголд мал нядалгааны халаль стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг авах, хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын Хамтын ажиллагааны Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулах зэргээр индонезийн талтай ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн анхны уулзалтыг 2015 онд зохион байгуулж, хөдөө аж ахуйн салбарын бизнес уулзалтыг 2016 онд, ажлын хэсгийн дараагийн уулзалтыг 2017 онд хийхээр тохиролцсон.

-Соёлын харилцаа, сурталчилгаа, судалгаа, мэдээллийн ажил бас их хурдтай явах шиг боллоо. Энэ талаар хийсэн ажлуудаасаа дурьдаач?

-2015 оны хоёрдугаар сард Жакарта, Сурабаяа хотуудад Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж, энэ үеэр монгол үндэстний хувцасны цуглуулга үзүүлж, уртын дуу, хөөмий, морин хуурын тоглолт сонирхуулсан. Мөн ЭСЯ-ны санаачилгаар 2015 онд “Хөсөгтөн” хамтлагийн Зүүн Өмнөд Ази, Австралид хийсэн аялан тоглолтыг зохион байгуулж амжсан. 2015 оноос эхлэн жил бүр Монголын нэрэмжит гольфын тэмцээнийг зохион байгуулах болсныг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газраас сайшаагдсан байгаа. Жакарта хотноо Монгол Улсын Соёлын элчийн байранд Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв, Сурабаяа хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын байранд Монголын мэдээллийн төв, аялал жуулчлалын тусгай бүс болох Танжунг Лэсунг-д Монголын Соёлын төвийг тус тус санаачлан байгуулсан. Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2016 онд тэмдэглэх хүрээнд Өргөмжит консул, Соёлын элчийн дэмжлэгтэйгээр Монголын уран бичлэг болон оньсон тоглоомны үзэсгэлэнг гаргаж, “Индонез батикаар Монгол үндэсний хувцас урлахуй” сэдэвт загварын шоу зохион байгууллаа.  Монголын болон индонезийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд долоон ч удаа ярилцлага өгсөн байна лээ. Дипломат харилцааны 60 жилийн ойг угтуулан тус ЭСЯ-наас “Индонезийн батикаар Монгол үндэсний хувцас урлахуй” номыг эрхлэн гаргасан. Индонезийн аялал жуулчлал, зочид буудлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудад зориулж тус ЭСЯ, Номхон далай, Азийн аялал жуулчлалын холбоо (PATA – Pacific Asia Travel Association)-той хамтран Жакарта хотноо 2014 онд “Discover Mongolia” арга хэмжээг зохион байгуулсан нь Монгол Улсыг таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эхийг тавихад чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ болсон гэж боддог. Эдгээр дээр нэмээд онцолж хэлэх нэг том үр дүн, бидний хийж чадсан бас нэг том өөрчлөлт бол суугаа оронд томилогдсон цагаас эхлэн тус улсад визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсыг багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирснийг Индонезийн тал 2016 оноос эхлэн манай иргэдэд аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой болгосон явдал байлаа.

-Та зөвхөн БНИУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд төдийгүй АСЕАН-д суух элчин төлөөлөгч байсан гэж ойлгосон. Энэ чиглэлээр ахиц гарсан уу?

-Монгол Улсыг тус байгууллагын яриа хэлэлцээний түнш болгох чиглэлээр АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газартай нягт холбоотой ажилласан. АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад анх удаа айлчилж, АСЕМ-ын Дээд түвшний арваннэгдүгээр уулзалтад оролцсон. Мөн АСЕАН-ы Сангийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал олон солилцсон. АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийгэмлэг 2015 онд байгуулагдсантай холбогдуулан, Нарийн бичгийн дарга нарын бүтцэд өөрчлөлт орж, Монгол Улсыг хариуцах нэгж 2016 онд тодорсон. АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болохын тулд АСЕАН-ы гишүүн орнуудтай явуулж буй эдийн засгийн, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг ахиулах, Монголын талаас АСЕАН-ы бүс нутгийн хүрээнд болж буй арга хэмжээнд оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатайг ч АСЕАН-ы ЕНБД удаа дараа хэлж байсан. Ингээд АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA)-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ач холбогдол өгч ажилласан. Монгол Улс тус байгууллагын Яриа хэлэлцээний түншийн харилцааг үргэлжлүүлэх, цаашид гишүүн болоход анхаарч ажилласан.  Тухайлбал, ERIA-гийн Удирдах зөвлөлийн наймдугаар хуралдаан болон ERIA, Монгол Улсын яриа хэлэлцээний түншийн уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцсон байгаа. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг ERIA-ийн Ерөнхийлөгч Х.Нишимүратай 2015 онд уулзах үеэр АСЕМ-ын Дээд түвшний арваннэгдүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулахтай холбогдуулан хамтарсан судалгаа хийх саналыг тавьсны дагуу хамтарсан хоёр судалгааны ажлыг хийсэн. Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнгээс Зүүн Ази, АСЕАН-ы эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Х.Нишимүрад АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох урилга ирүүлснийг зохих журмын дагуу хүргүүлж, тэрбээр Ази, Европын бизнес форум болон Ази, Европын Дээд түвшний уулзалтад тус тус оролцож, Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн судалгааны ажлаа танилцуулсан. Цаашид манай улс ERIA-тай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээр Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад  оролцоход түлхэц өгнө гэж ойлгож байна.

-Таны ажлын тайлан ингээд үргэлжлүүлээд яриад байвал нэлээдгүй урт үргэлжлэх бололтой шүү?

-Өө, нэлээн өргөн шүү. Ерөнхийлөгчтэй нь гэхэд зургаан удаа уулзсан байна. Дэд Ерөнхийлөгчтэй нь таван удаа, парламентын даргатай нь таван удаа уулзсан. Холбогдох яамдын сайд нартай 1-5 удаа улзсан. Дандаа ажил хэргийн уулзалтууд. Эмэгтэй сайдуудтай нь сайхан ч андууд болцгоосон. Хувь хүнийхээ хувьд бас нэг том арга хэмжээг санаачилсан.“Эмэгтэйчүүдийн нүдээр” олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлыг анх удаа Индонезийн Парламентын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Манай улсаас УИХ-ын гишүүн асан О.Эрдэнэчимэг оролцож илтгэл хэлэлцүүлсэн. Үүний дараах нь Индонез-Монголын парламентын бүлэг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан түүхтэй.

-Та анхнаасаа төрийн бус байгууллагаар явсан болохоор харьцангуй нээлттэй байсан байх. Тийм үү?

-Ерөөсөө миний явсан зам мөр л дөө. Би чинь хүмүүс дунд явсан.

-Таныг Төв аймгийн Батцэцэг гэхээр улс төрийнхөн ч, төрийн бус байгууллагынхан ч андахгүй. Тухайн үед таныг “Төв аймгаасаа ажилдаа ирж очдог” гэдгээр ярьдаг байсан санагдаж байна. Оюутан байхдаа Либераль эмэгтэйчүүдийн санд идэвхтэн байх үедээ таны талаар олон сонсож байлаа?

-Тийм ээ. 2004-аас 2008 он хүртэл Төв аймгаас явсан. Нэгд надад хотод орон байр байсангүй. Авах боломж ч алга байлаа. Хоёрдугаарт, түгжрээ гэж тэр үед байсангүй. Өглөө гарахад ядах юмгүй хот руу ороод ирнэ. Хотод уулзалт болоход нэг ч хоцрохгүй. “Төв аймгаас гарсан хүн ирчихээд байхад” гэж бусдыгаа бас жаахан зэмлүүлнэ ээ. Тэгж явж байгаад 2008 онд ер нь нэг орон байртай больё гэж шийдээд хотод төвхнөсөн.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “ЭБИ” бодлогын судалгааны хүрээлэнг анхнаас нь бараг байгуулалцсан хүн шүү дээ. Саяхнаас хүү нь удирдаад үйл ажиллагааг нь өргөжүүлж байгаа гэдэг мэдээлэл гарсан байна лээ. Одоо таны оролцоо тэнд байгаа юу?

-2008 он шүү дээ. Элбэгээ дарга АНУ явж ирчихээд бодлогын судалгааны хүрээлэнтэй болцгооё.Мэргэжлийн судалгааны байгууллага төрийн бодлогод ихээхэн тусалдаг юм байна. “Чи судлаад ир” гээд явуулсан. Гурван сар шахуу энэ чиглэлээр АНУ-д судалгаа хийж ирээд байгуулсан. Бүр нэрийг нь хүртэл би өгсөн шүү. Удирдах зөвлөл нь их хүчтэй байлаа. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Германд Элчин сайдаар томилогдсон Д.Ганбат, Ерөнхийлөгч өөрөө мэдээж орсон. Байгуулагдсан цагаасаа хойш АНУ-д 280 гаруй залуусыг сургасан. Энэ хугацаанд би бодлого судалгааны байгууллагын удирдлагын бараг Монголын анхны магистер болж, АНУ-д мэргэшсэн хүн. Миний оролцоо хэрэгтэй бол би ямагт хүрээлэнгийн ажилд туслахад бэлэн.

-Таны хувьд амьдрал гэж чухам юу вэ. Зам мөрөө эргэж харах, бодох нь насны хамаарлаас үл шалтгаалан хэнд ч байдаг зүйл шүү дээ?

-Таашаал, мэдрэмж. Тухайн байгаа орчиндоо, амьдарч байгаа цаг хугацаандаа сэтгэл хангалуун, бусдад тустай, өөрөө өөртөө зөв амьдрах. Бие хүний энэ төлөвшлөөс улс орны хувь заяа их шалтгаалдаг. Манайхан одоо өөрөөсөө гадна бусдад туслах нийгэмд суралцах хэрэгтэй.

-Амьдрал бол таашаал гэж хэлэхэд тань бодлоо л доо. Таны хувьд нэлээн эрх чөлөөтэй. Магадгүй багагүй пээдгэр хүн харагддаг. Тэр хэрээр амьдралын зам мөр гэдэг зүйлийг хэрхэн бүтээхийг хүсдэг вэ. Хүн бүрт л өөр өөрийн зорилго гэж байдаг даа?

-Тийм ээ, би ер нь бие даасан эрх чөлөөгөө эдлэх дуртай нэгэн. Хүнээс хамаарал их багатай. Гэхдээ бас даруулгатай. Хүнээс дээш сууна, бусдаас дээшээ авирна гэж байхгүй. Гэхдээ ямар ч даргын дэргэд ажилласан өөрийнхөөрөө л байдаг. Ер нь бол нэгдүгээр эгнээнд гарч ажиллахаас илүүтэйгээр арын фронтод ажиллах дуртай. Миний хэлсэн “Шударгаар амьдарч яваа хэнийг ч үл гомдоосугай” гэж хэлсэн үг Ардчилсан хүчний холбооны уриа болсон байна билээ. Би хүн бүр заяагдмал тэгш эрхтэй гэдэгт итгэдэг.

-Та зогсоо чөлөөгүй гэрээ цэвэрлэж, ширээ сандлаа цэгцлэх юм. Энэ бас л дадал зуршил уу?

-Би чинь заваан, бохир орчинд ээжийнхээ буянаар өсөөгүй хүн. Ээжийн минь амбаарыг өөрсдийнхөө гэрээсээ ч цэвэрхэн гэж манай хүргэчүүл ярьдаг байсан юм. Байнга л цэвэрч өрхөөр шалгарна. Найман хүүхдийн хэн нь ч зүгээр суухгүй. Гэр орноо цэвэрлэх, эмх цэгцтэй байх асуудал бидний хувьд тогтсон хэв заншил болсон. Орж ирсэн хүн бас зовоож мэдэхээр л зан шүү. Больё гээд бас чадахгүй ээ. Аав, ээжийн суурь хүнд ингэж өвлөгддөг юм байна. Харин ёстой хурааж хумисан өв хөрөнгө бол манайд байгаагүй шүү.

-Та чинь их олон гоё найзтай хүн шүүдээ. Их чөлөөт хувцаслалтай. Ёстой л их догь бүсгүйчүүд байгаа санагддаг?

-Өө, бид нар чинь цөм залуу сэтгэлээрээ шүү дээ. Этгээд хувцас өмсөнө. Албан ажил л биш бол дуртайгаа өмсөнө, мода, загварын мэдээлэл солилцоно, бүгд өөр өөрийн стиль имиджтэй улс.

-Гурван жилийн хугацааны үр дүнг тань, тэр дундаа хоёр улс хоорондын дипломат харилцааны түүхэнд нэг л өдөр хатуу шийдвэр гаргахыг сонсох танд ямар байсан бэ. Мэдээж таатай санагдаагүй нь ойлгомжтой. Гол нь хамтран ажиллаж байсан хүмүүсийнхаа царайг харах их ойрын хүндрэл байсан байх?

-Үнэхээр хэлэх тайлбаргүй болдог юм билээ. Индонезийн тал ч их гайхсан. 2000 оны үед тэдэнд эдийн засгийн нэлээн том хямрал нүүрлээд зарим элчин сайдын яамаа шууд хаалгүй үүрэг гүйцэтгэгч үлдээгээд бусад хүнээ татсан байдаг. Тэр туршлагаа манай Гадаад Харилцааны Яам руу бичгээр явуулсан, шийдвэрээ ч дахин харж үзэхийг хүссэн юм. Мөн Монголын Элчин сайдын яам өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн сайн ажилласан. Дээр нь, танай Элчин сайд ажиллаараа сайн нь шүү хэмээн магтсан юм шиг байгаа юм. Бидэнд ярианы хувь нь ирсэн л дээ. Харин тэр бичиг зохих шатны байгууллагуудад танилцагдах ёстой байсан уу гэвэл байсан. Үүнийг танилцуулах хүсэл сонирхол хэн нэгэнд байгаагүйгээс өнөөдрийг хүртэл Индонезид суугаа ЭСЯ-ыг татан буулгах шийдвэр эрх бүхий байгууллагаас гарсан эсэх нь тодорхой бус хэвээр үлдсэн.

-Харамсалтай хэрэг, ярилцлагын төгсгөлд та юу хэлмээр байна?

-Бүх юм цаг хугацаатай, эзэнтэй. Тухайн цаг хугацаанд, ноогдсон үүргээ нэр төртэй биелүүлэхсэн гэдэг миний бодол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ямар ажил улс надад өгнө би түүнийг сайн л хийхийг хичээх болно. Бид цөөхүүлээ ажилласан ч маш сайн баг хамт олон болж ажилсаны үр дүнд Индонез улс бидний тухай, Монгол орны тухай сэтгэл өндөр бодолтой үлдсэн байх гэж боддог. Дэлхийд хүн амын тоогоороо дөрөвт, эдийн засгийн өсөлтөөрөө эхний 20 яваа Индонез улсад ажилсан цаг үеэ би ямагт сайн сайхнаар бодож явах болно. Тэнд олон сайхан нөхөд минь байгаа шүү дээ.

"Үндэсний шуудан" сонин Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

360 санхүүгийн санхүүжилт      ip : 197.211.59.137 2017-08-23 01:49:56
Таныг мэндчилье !!!

Хөрөнгийн бирж дээр хязгаарлагдмал, нэр хүндтэй, хууль ёсны, итгэмжлэгдсэн зээлийн компаниас. Бид энэ хэрэгслийг ашиглан найдвартай, үр ашигтай туслалцаа үзүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдье, зээлдэгчдэд 2% -ийн хүүтэй зээлийг санал болгож байгаадаа баяртай байна.

Үүнд:

* Гэрийн сайжруулах зээл

* Өрийн нэгтгэсэн зээл

* Зээлийн шугамын зээл

* Бизнесийн зээл

* Хувийн зээл

* Олон улсын зээл.

Имэйлээр надтай холбоо бариарай: capital360.plc@gmail.com

Хүндэтгэсэн, 360 санхүүгийн санхүүжилт

Баагий      ip : 103.229.122.182 2017-08-15 02:36:46
Энэ хүн ажлаа сайн хийсэн, яг үнэндээ сосормаа та 2 шиг эх орноо төлөөлсөн чадвартай сэтгэлтэй элчин сайд харсангүй мэдэхгүй юм. Мөнх оргил үүнийг мэдэж бөйгаач коммунисть зангаа тавихгуйл дээ!!

Khishigbaatar      ip : 49.0.216.191 2017-08-14 13:47:53
shagnalaar yvchihaad yu geed bgaan be! Chamd hangalttai ardchilal gej 20 jil savsagnasniih Elchin bolson odoo bolno! Naad uls chini tusuvtei turtei ym Indonesia-d elchin bh ymar ch hereg baihgui MAN harin zuv shiidver garsan ym!





(0/800)