С.БАТБОЛД: Олон хүний амьдралыг эергээр шийдэж байгаадаа кайф авна. Заримдаа ч бас хэцүү

2017-08-07 09:43:14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа. Улстөрчийн хувиар уулзахад хууль, хэрэгжилт ярьдаг байсан түүний хувьд энэ удаад аж ахуйгаас холдож ярьсангүй. Хотын даргын ажил гэдэг 1.3 сая хүний ахуй амьдрал, цаашлаад дэд бүтцийн асар том сүлжээний аюулгүй байдлыг хангах гэдэг утгаар өөр утга санаа орох шаардлагагүй ч байж мэдэх юм. Ямартай ч, өвлийн бэлтгэл, намрын хичээл сургууль, газрын зохицуулалт гээд олон сэдвийн мэдээллийг нэгэн дор багцлан хүргэхийг ярилцлагаараа зорилоо.

-Улаанбаатар хотын хувьд зуны урин дулаан эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил зай завсаргүй өрнөх нь бий. Энэ жилийн тухайд харьцангуй орой эхэлж байна уу даа гэсэн бодол нийслэлчүүдэд төрөх шиг болсон. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хойшлуулсан ажил байгаа байх. Ер нь юунаас үүдэн ингэж хойшлов?

-Тодорхой хэдэн шалтгаантай. Уг нь тендерүүдээ оны эхэнд зарласан. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх зорилго тавиад манайх бүх төрийн байгууллагуудаас түрүүлж тендерүүдээ зарласан. Гэхдээ өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй цөөн тендер зарласан. Өмнөх онд эхлүүлсэн их олон ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон. Дээр нь, тендер цөөхөн гэдгээс үндэслэн нэг цэцэрлэгийн барилга дээр гэхэд бараг 10 гаруй компани саналаа өгч байх жишээний. Тэр хэрээр их гомдол ирсэн. Тэр болгоныг Сангийн яаманд шалгах, нягтлах гэсээр байгаад хоёр сарын хугацаа алдах жишээний. Үүний дараа дахин гомдол гаргавал дахиад нэг сараар сунгагдана. Энэ мэт чирэгдэл байсан. Замын тухайд хоёр улсын гэрээ байгуулагдахыг хүлээж хойшилсон. Гэхдээ өнөөдөр бол бүх асуудал цэгцрээд хотын бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байна гэж хэлж болно.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд?

-Тийм зүйл байхгүй. Улсын хэмжээнд яасныг би хэлж мэдэхгүй. Харин хотын хувьд баталгаатай хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хойшилсон нэг ч бүтээн байгуулалтын ажил байхгүй.

-Гол нь тэгээд гомдолгүй зохион байгуулж болдоггүй хэрэг үү?

-Бид хүмүүсийн санаа оноог удирдаж чадахгүй шүү дээ. Тэр хэрээр дор бүрнээ манайх бага үнэ хэлсэн, сайн санал дэвшүүлсэн гэх мэтээр тухайн тендерт оролцсон 10 гаруй компани гомдол гаргах бүрэн эрхтэй. Түүнийг нь ч хуулийн дагуу шалгуулж, нягтлуулах үүргийг бид хүлээж ажилладаг. Энэ дагуу л асуудал явсан.

-Нийслэлчүүд өнгөрсөн дөрвөн жилийн замын чиглэлийн бүтээн байгуулалтад ихэд сэтгэл хангалуун байдаг нь нууц биш. Үүнтэй холбоотой шинэ зам барих тухай нэг их хүлээлт байгаагүй байж мэдэх юм. Тиймээс ч зуслан руу шинэ чиглэлд зам тавих хүсэлт олноор ирсэн байх талтай. Таны хувьд замын шинэ бүтээн байгуулалтын зургийг хэрхэн гаргасан бэ?

-Хотын бүтээн байгуулалт дуусна, төгсгөлдөө хүрсэн гэдэг ойлголт дэлхийн аль ч улсад байдаггүй. Харин ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зуслан руу зам тавих нэрийн дор олон үр ашиггүй чиглэлд концессын гэрээгээр асар өндөр үнэтэй зам тавьсан. Тэрийг нь бидний хувьд нэгэнт эхлүүлсэн учраас заримыг нь үргэлжлүүлээд явж байна. Яг энэ жилийн тухайд Улаанбаатар хотод сүүлийн 60 жилийн турш шинэчлэгдээгүй байсан дөрвөн гүүрийг шинэчилж, шинээр барьж байна. Сонсголон, Яармаг, Баянзүрхийн гүүрийг шинэчилж, Замын цагдаагийн урд гүүрэн гарц барьж байгаа. Энэ дөрвөн гүүрийг Хятадын Засгийн газрын 320 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барина. Хотын замын бүтээн байгуулалтын энэ жилийн гол үр дүн энэ болно. Мөн Улаанбаатар хотын гарцын хувьд өмнө зүг рүү болон баруун  зүг рүү гардаг замын гарцыг шинэчлээд дуусч байгаа. Одоо зүүн зүг рүү гардаг буюу зургаан аймаг, гурван дүүрэг гардаг Налайхын гарцыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Гэхдээ хоёр улсын хоорондын хэлэлцээнд гарын үсэг зураагүй байгаа учраас түр хүлээгдэж байна. Өөр нэг гол ажил бол улсын чанартай гурван эмнэлгийн гадна зогсоолыг шинэчилж, дуусгалаа. Миний хувьд хотын дэд бүтцийг шинэчлэх нэрийн дор хэрэгтэй хэрэггүй ажил гаргаж ирж, асар их мөнгийг үр дүнгүй зарахаас зайлсхийхийг зорьж байгаа. Болж байгаа бүхнээ шинэчлэх нэрийн дор төсвийн мөнгийг урсгаад байж болохгүй. Энэ дагуу нийслэлчүүдээс санал авахад эмнэлгүүдийн өмнөх талбайг тохижуулах, машины зогсоолтой болгох хүсэлт их ирсэн. Ингэснээр Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг, Улсын төв гуравдугаар эмнэлгийн урд талын талбайг шинээр тохижуулж, засварласан. Сонгинохайрхан дүүр­гийн нэгдсэн эмнэлгийн гадна талбайг мөн засварласан. Ингэснээр иргэд машины зогсоолд санаа зовохгүй эмнэлэгт үзүүлэх, ар гэрээ эргэх, гадаа салхилаад суух боломжтой болсон.

-Улсын төсвөөр хийдэггүй бил үү, эмнэлгийн гадна тохижилтыг?

-Уг нь тийм. Гэхдээ нийслэлчүү­дийн хүсэлтийг харгалзаж үзээд хот өөрсдийн бололцоогоороо завсарлая гэж шийдсэн. Хэрэв иргэд энэ мэт олонд тустай, нийтийн эрх ашигт нийцэхүйц санал хүсэлт илэрхийлбэл бидний зүгээс боломж бололцоо хайж ажиллахад бэлэн. Төрийн ажлын үр дүн өөрөө иргэдийн сайн сайханд чиглэх ёстой учраас энэ мэтээр хамтарч ажиллах боломж байна гэж миний хувьд харж байгаа. Уулзварын тухайд Дүнжингаравын гудамж, Зайсангийн чиглэлийн автозам, 250 машины авто зогсоол, “Өгөөж” чихэр боовны үйлдвэрийн урд талын уулзварыг шинэчилж байгаа. Хөгжлийн банкны зээлээр маш олон жил яригдаж байгаа Толгойтын Нарангийн замыг энэ жил дуусгана. III, IV хорооллын эцсийн зам, Хайлааст-Дарь-Эхийг холбосон замын ажил хийгдэнэ. Энэ дагуу наймдугаар сарын 15 гэхэд бүх уулзварын зорчих хэсгийн замыг нээсэн байх ёстой гэсэн үүрэг өгсөн байгаа. Гол нь, эдийн засаг хүнд, хямралтай байна гээд хотын дэд бүтцийн шинэчлэлийг зогсоох эрх нийслэлийн удирдлагад байхгүй. Бага багаар боломж бололцоогоор нь засч, сайжруулахаар ажиллах хэрэгтэй. Хэрэв засахгүй, сэлбэхгүй, шинээр дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхгүй бол нэгмөсөн унах аюултай. Тэр үед дэд бүтцийг бүрэн шинэчлэхэд асар их мөнгө төлнө. Хотынхны хувь заяагаар наадахтай адилхан зүйл. Ядаж л өвөл дулааны шугам задарвал юу болох вэ гэдгийг төсөөлж бодох хэрэгтэй. Байрууд халаалтгүй болж, тэр хэрээр оршин суугчдын эрүүл мэнд, амь насны асуудал яригдана. Гэр хороололд ч адилхан. Иймд шийдвэр, захирамж бүрээ Улаанбаатар хотын нэг иргэний амь нас, эрүүл мэнд, хөгжин дэвжих боломж бололцоог бодож гаргах хэрэгтэй болж байна.

-Тэгвэл дөрвөн жилийн дараах дэд бүтцийн шинэчлэлийн зургийг яаж харж байгаа вэ?

-Бүх гүүрэн гарц шинэчлэгдсэн байх учиртай. Нийтийн тээврийн шинэчлэл бүрэн хийгдэнэ. Засгийн газарт санал тавьсны дагуу эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэрийг шийдсэн байх болов уу. Хэдийгээр өнөөдөртөө Улаанбаатар хот дулаан болон цахил­гааны дутагдалгүй байгаа ч эдийн засаг өсөхийн хэрээр 4-5 жилийн дараа дутагдалд орж эхэлнэ. Иймд Улаанбаатар хотод зайлшгүй тавдугаар цахилгаан станцыг барих хэрэгтэй гэдгийг Засгийн газарт хэлж байгаа. Мөн Богд хан уулын тойрсон төмөр замыг бий болгохоор ажиллаж байна. Улаанбаатар, Зуунмод хот, Налайх гээд Богд хан уулыг тойрсон цахилгаан төмөр замыг бий болгосноор хотын түгжрэлийг саармагжуулж чадна. Гэр хорооллын тухайд Азийн хөгжлийн банкны зээлээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Улаанбаатар хот өнөө­дөр нэг төвтэй байгаа. Бага тойрууг тойрч, төвлөрсөн. Энэ төсөв хэрэгж­сэнээр найман төвтэй болно. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн дэд төвийн ажлыг эхлүүлж, хоёрыг нь иж бүрэн цогцолбороор нь хүлээлгэж өгнө. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ төв орно. Дараагийн ээлжид Яармаг, Дамбадаржааг ашиглалтад оруулна.

-Та бүхнийг шууд жижиг хот байгуулчихна гэж яриад байгаа. Танай оролцоо ямар төвшинд байх юм бэ. Иргэдийн оролцоог хэрхэн шийдэх юм. Эхнээс нь сайн ойлгуулахгүй бол ойлцолцлын зөрүү хаа хаанаа их байх шиг санагддаг?

-Манайх дэд бүтцийг нь шийдэж өгнө. Компаниуд иргэдтэй тохирч орон сууц барьж, амьдрах орчныг нь сайжруулна. Түүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн шинэ төлөвлөлт хийгдэнэ.

-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр сонсоход сайхан ч яг хэрэгжилтийн хувьд өнгөрсөн хугацаанд хоёр хувилбартай байж ирсэн. Нэг хэсэг нь орон сууцанд орсон байхад олонхи нь хашааны газраа чөлөөлсөн ч өнөөдрийг хүртэл орон сууц ч үгүй, хашаа байшин ч үгүй хохироод явж байна. Ийм чирэгдлийг яаж шийдэх юм бэ. Уг нь шинэчилнэ, үр дүнг сайжруулна гэж ярьж байгаа дуулддаг ч яг зорилтот бүлэг нь бол сэтгэл дундуур л байх юм билээ. Арга ч үгүй шүү дээ, орон сууцны чимээнээр түрээсийн орон сууцанд амьдралаа өнгөрүүлж байгаа нь олон байхад?

-Өмнөх удирдлагын үед 24 цэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэхдээ 24 байршлын нэгд нь ганц компани асар том газар авчихаад иргэдийг хүлээлгэчихсэн байсан. Эндээ 10 жилийн дотор мянган айлын байр барина. Манай чадал энэ гэж хэлдэг. Үүнийг болиулаад 76 болгож хуваагаад, тухайн компанийн чадалд нийцэхүйц газартаа барилгын ажлаа яаравчлах үүрэг өгсөн. Тэгэхгүй бол хот баахан мөнгөөр дэд бүтэц бариад байдаг, барилгын компани хүлээлгээд байдаг байж болохгүй. Дараагийн ээлжинд сервис дэд бүтэц барих ажлын хүрээнд 200-500 айлыг нэгтгэж, хороолол болгох ажлыг эрчимжүүлнэ. Манайх зам тавьж өгнө, зургийг нь хийж өгнө. Гурав дахь гэр хороолол дээр барьж байгаа бодлого бол урьдчилгаагүй орон сууцтай болох боломж. Улаанбаатар хотын орон сууцны фонд гэж байгуулна. Тэндээсээ иргэдийн газрыг тодорхой үнээр авч, тэр мөнгөөрөө орон сууцны урьдчилгаа хийх боломжийг олгоно.

-Энд тодруулж асуухад, гэр хорооллыг орон сууцжуулах нэг, хоёрдугаар бүсийн тухайд энэ шийдвэр гарсан байсан. Гэхдээ иргэдийн хувьд хэрэв 400 ам метр газартай л бол шууд орон сууцны урьдчилгаатай болох боломжтой юм байна гэж ойлгоод байгаа. Энэ зөв үү?

-Орон сууцных нь хэмжээ 80 ам метр дотор байна. Ер нь бол Улаанбаатар хотын хэмжээнд тансаг орон сууцны хүртээмж хангалттай болчихсон байгаа. Борлогдохгүй байгаа орон сууц бүгд дөрвөн өрөө, 100 ам метрээс дээш, эсвэл таун хауснууд байгаа. Иймд үнэтэй газар чөлөөлсөн байруудад ийм орон сууц бариулахгүй гэсэн бодлого барьж байгаа. Эхний ээлжинд 40-60 ам метр орон сууцнаас эхлүүлнэ. Сингапур жишээ нь, анх орон сууцжуулах хөтөлбөр эхлүүлэхдээ 22 ам метрээс эхэлсэн байдаг. Япон, Өмнөд Солонгос ч адилхан. Бага талбайтай орон сууцнаас эхлүүлсэн. Бидний хувьд гол нь эхний ээлжинд аль болох олон хүнийг орон сууцжуулах хэрэгтэй байна. Үүний тулд бага талбайтай байр барих шаардлага тавьж байгаа. Хэрэв талбайг нь нэмээд эхэлбэл чөлөөлсөн газар нь орон сууцны урьдчилгаанд хүрэхгүй.

-Нэгдсэн үнэ байгаа юу?

-Байхгүй. Өөрөө хэдэн төгрөгийн байр авахыг хүснэ, тэндээ тохирсон байраа авах эрх нь нээлттэй. Сонголт хийх эрх нь тухайн иргэний асуудал. Урьдчилгаандаа тааруулж болно. Өөрөө тодорхой хэмжээний мөнгө нэмээд илүү тансаг зэрэглэлийн орон сууцанд ч орж болно. Гол нь тохиролцох.

-Хотод гол нь мөнгө байгаа юу?

-Энэ жилийн тухайд бид нарэнд таван тэрбум төгрөг байгаа. Үүгээрээ 200 орчим айлыг орон сууцтай болгох боломжтой гэж үзэж байгаа. Ирэх жилээс Засгийн газарт санал тавиад бүтвэл 20 тэрбум орчим төгрөгийн фондтой болох зорилго байна. Дээр нь, хот өөрөө газрын фондтой болох зарчим барина. Ядаж л нийслэлээс сургууль, цэцэрлэг барина гэхээр газаргүй болчихоод байна. Үүнийг бас л бодлогоор шийдэх хэрэгтэй.

-Энэ жил хэр олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орох вэ?

-13 цэцэрлэг, 10 сургууль ашиг­лал­тад оруулна. Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор 30-ийг барьж байгаа. Зарим нь энэ жил ашиглалтад орно. Заримыг нь ирэх жилээс хүлээж авна. Цэцэрлэггүй 25 хороо байдгийн зургаа нь энэ жил цэцэрлэгтэй болно. Байгууллагын дэргэдэх цэцэрлэг дөрвөөр нэмэгдэнэ. Мөн 3000 гаруй хүүхдийн хувьсах зардлыг нь нийслэлээс өгч, хувийн цэцэрлэгт сургах боломжоор хангана. Нэмж 36 хувийн цэцэрлэгт шинээр тусгай зөвшөөрөл өгсөн байгаа.

-Хувьсах зардлыг нь өгдөг хувийн цэцэрлэгийг яаж сонгодог юм бэ?

-Өөрсдөө хүсэлт гаргасан бол норм стандартыг нь шалгаад хувьсах зардлыг нь шууд олгодог. Энэ нь эцэг эхээс шууд 250-300 мянга гарахгүй. Төлбөр нь хөнгөлөгдөнө гэсэн үг.

-“Гэр хороолол хэзээ ч цэгцрэхгүй” гэдэг итгэл үнэмшил бараг ихэнх хүнд байдаг байх. Алсаас яг тогтож харахад бас л их хэцүү харагддаг шүү дээ. Хотын даргын хувьд танд харин энэ талаар ямар бодол байдаг вэ. Та ажлаа аваад жил гаруйн хугацааг үдлээ. Итгэл төрөх юм уу?

-Хэцүү. Захаас нь хумихад анхаарах хэрэгтэй. Мэдээж бүр байхгүй болно гэж бараг байхгүй. Харин байлгахдаа яаж дэд бүтэцтэй, хүний амьдралын наад захын шаардлагыг хангах халуун, хүйтэн устай болгох вэ гэдгийг л бид өнөөдөр ярих хэрэгтэй. Халуун оронд шугамыг нь ил явуулахаас эхлээд харьцангуй бага зардлаар хийгдэнэ. Манайд бол өвөл хөлдчих учраас газрын хөрсөнд булахаас өөр аргагүй. Тэр хэрээр нэмэлт газар хэрэгтэй болдог.

-Гэхдээ сервис дэд бүтцийн хүрээнд гэр хороолол бүхэлдээ цэвэрлэх байгууламжийн үнэрт дарагдах аюултай юм биш үү. Иргэд бас энэ асуудалд их санаа зовдог юм билээ?

-Мэдээж айл бүрээс төв шугам руу татна гэж байхгүй. 200-500 айл дунд нэг цэвэрлэх байгууламж тавьж, тэндээсээ төв шугам руугаа татна. Цаг өөр болж байна. Цэвэрлэх байгууламжийн олон шинэ технологи гарсан байгаа. Тэр орчин үеийн технологийг оруулж ирэхэд энэ асуудлаар хүндрэл үүсгэхгүй болов уу. Мөн Мянганы сорилтын сангийн шугамаар 300 гаруй сая ам.долларын төсөл хэрэгжинэ. Түүгээр гэр хороолол руу цэвэр усны шугам татна. Ядаж цэвэр ус оччихоор харьцангуй бага зардлаар дэд бүтцийг нь барих боломжтой болно.

-Төв цэвэрлэх байгууламж бас л таны толгойны өвчин биз?

-Асуудал. Гэхдээ барилга байгууламжийн ажил нь одоо Барилга, хот байгуулал­тын яаман дээр явж байгаа. Бохир усны үнэ дээр тохиролцохгүйгээс үүдээд түр хүлээлтийн байдалтай болсон байна лээ.

-Үе үеийн хотын дарга нарын шийдвэрлэж чаддаггүй хэд хэдэн асуудал байдаг. Үүний нэгд Туул гол дагасан хайрга олборлолт, хоёрт арьс ширний үйлдвэрийг хотоос гаргах. Шийднэ гэж хэлдэг ч, яг таг шийдвэрлэгддэггүй энэ хоёр хүндрэлийг яах ёстой юм бэ?

-Хайргыг бол Туул голын эргээс олборлохоо больсон. Зөвшөөрөлтэй нэг ч компани байхгүй. Хайрга олборлолтын чиглэлээр нэг ч хайрга зөвшөөрөл олгоогүй.

-Гэхдээ шөнө, орой зөөгөөд байна л гэх юм билээ?

-Хулгайгаар олборлож байгаа зүйл байж магадгүй. Нийслэлийн цагдаагийн газар нэлээн сайн тэмцэж байгаа. Яг хот руу орж ирж байгаа нь бол үнэн. Энэ их бүтээн байгуулалт хайргагүй бол явахгүй. Иймд барилгын ажилд хайрга бус дайрга буюу уулын хайрга ашиглах захирамж гаргасан. Мөн Улаанбаатар хотын хориглогдсон цэгээс бус Төв аймгийн газар нутгаас олборлож байгаа хайрга орж ирдэг. Үүнийг “С.Батболдын захирамж хэрэгжихгүй байна” гэж шүүмжлээд байх шиг байна лээ. Миний захирамж Улаанбаатар хотод хэрэгжихээс Төв аймагт хэрэгжихгүй нь ойлгомжтой. Арьс ширний үйлдвэрийн тухайд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк гэж олон жил яригдсан. Энэ пар­кийн төслийг Олон улсын санхүү­гийн байгууллагаас шинэчилж байгаа. Одоогийн байдлаар дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийг нь бариагүй байгаа учраас компаниуд гарахгүй байна. Ер нь бол хотын удирдлагын хувьд гаргах байр суурьтай байгаа. Тэгж байж Туул голын цэвэрлэгээ, бохирдлыг ярих боломжтой болно.

-Авто паркийн асуудал бас байна?

-Нэлээн хэл амтай ажил. Улаанбаатар хотоос автомаши­ны захуудыг гаргах ёстой. Үүнд нэлээн цаг хугацаа орох болов уу. Гол нь бүгд газраа өмчлөөд авчихсан байдаг. Тэр хэрээр “Би өөрийнхөө газар дээр юу эрхлэх нь миний дур” гэсэн байдлаар асуудалд ханддаг.

-Улаанбаатар хотын орц, гарцыг нээх санаачилга нэлээн үр дүнтэй хэрэгжсэн. Сүүлийн үед харин жаахан хурд нь саарчихав уу, яав?

-Яг ч саараагүй байх. Иргэд амралт, зугаалга гээд манайд хандах нь багассан байх талтай. Зөвхөн сошиал сүлжээгээр гэхэд 207 иргэн манайд зураг явуулсны 115-ыг нь очиж чөлөөлсөн. 92 орчим нь өөрсдийнх нь эзэмшил газар байсан. Нэг бол та нар захирамжаа цуцал, төлбөр өг, эсвэл бид газраа мэднэ гэдэг тайлбар хийсэн. Тэр хэрээр нэлээн маргаан гарч байгаа. Хот өөрөө 112 байршлыг тодорхойлсон. Үүнийхээ 78-ыг нь чөлөөлсөн. Гол нь энэ бол дээр гурван эмнэлгийн гадна тохижилтыг иргэдийн өргөдөл, хүсэлтэд тулгуурлаж хийсэн гэдэгтэй адилхан мөн л хотын захиргаа, нийслэлийнхээ иргэдтэй хамтарч хэрэгжүүлсэн үр дүнтэй санаачилгын нэг нь. Ер нь иргэдийнхээ үгийг сонсож, ажил хэрэг болох тал дээр нь анхаарч ажиллаж чадвал үр дүн нь харьцангуй сайн гардаг гэдгийн жишээ болсон санаачилга юм.

-Сошиал ер нь таны ажилд тус болж байна уу. Ус болох юм уу?

-Заримдаа хэцүү. Бүх зүйлийг надтай холбож, үзэхээр бэрх. Гэхдээ гомдол, санал бүрийг ажил хэрэг болгох тал дээр анхаардаг. Тэр талдаа яах аргагүй тус болно. Энд манай ажлын хэсэг ерөнхийд нь сошиалаар явж байгаа саналыг нэгтгээд ажлын хэсэг рүү өгөхөөр асуудал харьцангуй түргэн шуурхай, үр дүнтэй шийдэгддэг. Ажил авсны дараа нэлээн ширүүн дайрсан. Одоо харин дэмжиж, хамтран ажиллах чиглэл рүүгээ орж байна. Үүнийг нь миний хувьд их олзуурхаж, санал хүсэлтийг нь ажил хэрэг болгох талд анхаарч байгаа.

-Таны гаргасан нэлээн хатуу бөгөөд дэмжлэг, шүүмжлэл хоёрын аль алиныг нь хүртсэн шийдвэр бол “Нийслэлд газар олгохгүй” гэдэг захирамж. Энэ шийд­вэрийг дагаад олон хүн ажил хөдөлмөр, гэр бүлээ босгох тал дээр хохирч байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө талд хотын утаатай холбоотой гаргахаас өөр сонголт танд үлдээгүй байж болох. Ер нь ойрын хугацаанд та энэ шийдвэрийг цуцлах талаар бодох уу?

-Би газартай холбоотой хэд, хэдэн захирамж гаргасан. Нэгдүгээрт, сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын дунд дахиж, газар олгох захирамж гаргахгүй гэдэг шийдвэр байсан. Өмнө нь хууль бусаар олгосон байсан зөвшөөрлөөс цуцалж байгаа. Заримдаа газрын маргаан гарч байгаа нь үүнтэй холбоотой. Яг хуулийн дагуу гаргасан бол би цуцлаад байж бас болохгүй. Хоёрдугаарт, өөрөө асуулаа. Хот үндсэндээ өгье гээд ч газаргүй болчихсон байна. Дөрвөн уулын дунд газар олгох ямар ч зай завсар байхгүй. Харин Багануур, Багахангай, Налайхад газар олгож эхэлсэн байгаа. Төвийн дүүрэгт ямар ч боломжгүй.

-Энэ гурван дүүрэгт ч олгохгүй байна гэж дуулсан?

-Чөлөөлсөн захирамж гаргаад удаагүй байгаа. Очоод уулзаарай. Хэрэв энэ гурван дүүрэгт газар авах хүсэлтэй бол бичиг баримтаа аваад очиход асуудалгүй. Дээр нь, шинэ суурьшлын бүс нэрээр сугалаагаар олгосон газрууд байна. Ямар ч дэд бүтэц очих боломжгүй хэцүү газрууд. Эргээд малын бэлчээрийн газар олгосон гэдгээс эхлээд нэлээн их маргаан дагуулдаг. Гол нь хэт төвлөрлийг сааруу­лах л хэрэгтэй байна. Үүнийг улс нэгд­сэн бодлогоор аймгийн төв­дөө ядаж 50-60 мянган хүнийг шингээвэл Улаан­баатар хотын асуудал бага ч гэсэн хөнгөрнө. Би болохгүй, бүтэхгүй, олгохгүй гээд байгаа юм биш. Өгөх газар үнэндээ алга.

-Шинээр шилжин ирэгсдийг ч тэгвэл бүртгэж эхлэх хугацаа нь тодорхой бус байгаа гэж ойлгож болох уу?

-2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэхгүй. Дахиад ч сунгахыг бас үгүйсгэх аргагүй. Хэрэв миний оронд өөр хэн нэгэн хүн Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон байсан ч энэ шийдвэрийг гаргах л байсан байх. Яагаад гэвэл бидэнд өөр арга зам байхгүй. “Улаанбаатар хот гамшгийн байдалд орчихлоо” гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зарласан. Ингэж гамшиг тохиолдсон үед онцгой байдал зарлах эрх нь тухайн хот, аймгийн Засаг даргад байдаг. Тэр дагуу шийдсэн. Улаанбаатар хот гамшгийн бүс болчихсон байхад та суурьшиж ирлээ гээд таны эрүүл агаар, ажлын байр, сургууль, цэцэрлэг, амьдрах газраар хангаж чадахгүй гэж хэлж байгаа гэсэн үг. Үндсэндээ аюултай байдалд орсноо зарлаж байгаа юм.

-Энэ хариултад “Бид тэгээд энэ гамшигт нэрвэгдэх ёстой юу” гэж хотынхон бухимдаж мэдэх юм?

-Давхар хотын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргаж, хязгаар­лахгүй бол болохгүй байсан. Нэг талд нь орон сууц нэмж бариад байхад цаад ууланд нь нэмж буугаад байвал шилжин ирэгсэд төдийгүй хотын иргэдийн эрх ашиг улам л хохирно биз дээ. Энд арван яндан цөөлөхөд цаана 100 яндан нэмэгдэнэ гэсэн үг. Иймд нэг тодорхой цэг дээрээ зогсоод арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Хотынхон харин энэ шийдвэрийг нэг их шүүмжлээгүй шүү.

-Үндсэн хуулийн Цэцэд хүний эрх зөрчлөө. Үндсэн хууль зөрчлөө гэж өргөдөл өгмөөр юм. Өгөөгүй юу?

-Өргөдөл гаргасан хүн алга л байна. Тухайн үед Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаж магадгүй гэдэг мэдээлэл явсан ч яг бодит байдал дээр өгөөгүй шүү. Тэгэхээр хотын 1.3 сая хүн хүчтэй байна гэж ойлгож болно байх.

-“Аз жаргалтай Улаанбаатар” гэж Нийслэлийн Ардын намын асар том мөрийн хөтөлбөрийг та хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээндээ ер нь хот нийтийн аз жаргал гэдэг юуг хамруулж, юунд анхаарлаа төвлөрүүлж, ажиллаж байгаа вэ. Ярилцлагын турш та бид хоёр зөвхөн л ажил, бүтээн байгуулалт, ажил төрлийн холбоотой мэдээ, мэдээллийн тухай ярилцаж байна шүү дээ. Эдгээрээс гадна өөр тайлбар, гаргалгаа гэж энэ мөрийн хөтөлбөрт бий юу. Харьцангуй хийсвэр ойлголт шүү дээ, аз жаргал гэдэг. Өөрөөр хэлбэл, хот дээр үүнийг хэрхэн тайлбарлаж байгаа вэ гэсэн үг л дээ?

-Дэлхийн хотуудыг аз жаргалын индексээр нь ангилж үздэг. Үйлдвэржилтийн индекс­тэй адилхан. Хотын иргэд юундаа сэтгэл хангалуун байгаа вэ гэдгээр нь хэмждэг үзүүлэлт. Үнэхээр өөрийн тань хэлснээр хийсвэр ойлголт. Аз жаргалтай гэр бүлийн хувьд өглөө ажилдаа явахдаа, орой гэртээ харихдаа сэтгэл хангалуун байж, эрүүл энх амьдрахыг хэлдэг. Хүн бүр л тэгж боддог. Миний хувьд Улаанбаатар хотын иргэдээ тийм байгаасай гэж хүсдэг. Тэр хэрээр аз жаргалтай Улаанбаатарт энэ бүгд багтсан байх ёстой. Ялангуяа нийгмийн бодлогын чиглэлд анхаарч ажиллахыг зорьж байна. Мэдээж дөрвөн жилийн дотор бүх асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой. Гэсэн ч цаг алдахгүй хийх хэрэгтэй. Гол нь зогсож болохгүй.

-Энэ жил нэг наст цэцгийг харьцангуй бага тарих шиг болсон. Үрэлгэн зардал гэдэг талаас нь хассан гэж ойлгоод байгаа. Зөв үү. Зарим хүмүүс болохоор хот уйтгартай, зуныг мэдрүүлэхгүй саарал харагдаад байна гэж шүүмжлээд байсан. Хотын даргаас ярилцлага авч байгаа учраас нэлээн аж ахуйн чиглэлийн асуултад хариулт авахыг зорьсон, сонирхоод асууж байгаа хэрэг шүү?

-Угаасаа хотын даргын ажил гэдэг өөрөө аж ахуйн ажил болохоор асуух чинь зөв өө. Асуух ёстой л асуулт байна. Энэ жилийн хувьд нэг наст цэцгийн оронд олон наст шилмүүст мод тарьж, зүлэг суулгасан. Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй гэдэг утгаар утааны хорыг шүүдэг ач холбогдлыг нь бодож шилмүүст мод тарьсан. Ургахдаа ч сайн юм байна. Гурван жил цэцэр­лэгжүүлэлтийн компаниуд нь хариуцах учраас үр дүнтэй болох болов уу гэж бодож байгаа. Мөн дүүрэг бүрт цэцэр­лэгт хүрээлэн байгуулна. Туул гол, Сэлбэ голын эргээр амралт, зугаалгын бүс байгуулна.

-Ингэхэд та “Шөнийн гэрэлт гудамж” руу хэр очиж байна?

-14 хоногт нэг удаа заавал ажил шалгах далимдаа эргэж очно оо. Очихоор их гоё. Залуус их сайхан урам өгнө. Зураг зурж, хөгжим тоглож, дугуй унаад өөр өөрийнхөө цагийг зөв боловсон, их гоё хөгжилтэй өнгөрүүлж байгааг нь харахаар сайхан санагддаг. Үүнийгээ залууст зориулж хийсэн нэлээн сайн төслүүдийн маань нэг гэж харж байгаа.

-Улстөрч бүрт хувь хүний бодлого, стратеги гэж байдаг. Таны хувьд аж ахуйн ажил гэхээс илүүтэй хуульч гэдгээрээ парламентад дөрвөн удаа буюу үеийнхнээсээ хамгийн олон сонгогдсон УИХ-ын гишүүн. Энэ үүднээсээ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэлээн сууж ажиллаж байгаа болов уу. Магадгүй нийслэлд таны бүтээх нэг том түүхийн нэг нь энэ байхыг үгүйсгэхгүй байх. Тийм үү?

-Ерөөсөө л Улаанбаатар хотын иргэн та ямар эрх, үүрэгтэй байх юм бэ гэдгийг хуульчилна. Дөрвөн жилийн дотор бүх асуудлыг нь шийдэж чадахгүй ч зөв зам руу орох хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгоод өгчих зорилготой байна. Энэ нь УИХ-ын гишүүн байсан С.Батболд гэж хүн хотын дарга болсны гол ач холбогдол байгаасай гэж хүсч байна. Хүмүүст ч ийм хүлээлт байхыг үгүйсгэх аргагүй. Мэдээж олон жил хуультай ноцолдсоны хэрэг гарч байна. Дээр нь, манай хуулийн баг маш сайн бүрэлдсэн. Энэ хүмүүсийн хичээл зүтгэл их гарч байна. Дээр нь, бага зардлаар их юм хийж болдог. Бүтээн байгуулалтыг бага төсвөөр хийж болдог гэдгийг батлаад харуулчих хувь хүний зорилго бас байна.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Үндсэн хуультай зөрчилдөхгүй юу. Яг ийм асуулт хэлэлцүүлгийн явцад өрнөж мэдэх юм?

-Аливаа улс орны нийслэл тусгай статустай байдаг. Өөрийн гэсэн хуультай. Тэр дагуу хуультай болох ёстой. Анх боловсруулахдаа Үндсэн хуультай зөрчилдөхүйц хэд хэдэн заалт оруулсан байснаа Засгийн газартаа яриад, яг өнөөдрийн мөрдөж байгаа Үндсэн хуулийн хэм хэмжээнд нийцүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн асуудал үүсэхгүй. Гол нь л, та хотын иргэн бол ил задгай бие засч болохгүй, хориглолтын бүсэд амьдардаг бол нүүрс түлж болохгүй, дуртай газраараа зам гарч болохгүй гэх мэт тодорхой эрх, үүргийг хуульчилна. Хотыг ийм дүрэмтэй, журамтай болгохгүй бол дуртай нь, уулын орой дээр гэрээ барьчихаад хотод амьдарна гээд хашгираад байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд нэлээн системгүй, зохион байгуулалтгүй явж ирлээ шүү дээ. Тэр хэрээр хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна л гэсэн үг.

-Таныг хотын дарга болох­той зэрэгцэн “Аж ахуй мэдэхгүй хүн хот удирдана гэж байхгүй” гэдэг шүүмжлэл их байсан. Энэ шүүмжид зөв хариу барих гэж хувь хүнийхээ чамгүй хичээл зүтгэл гаргасан байх. Одоо бол таны ажил гарт тань орсон уу?

-Цаг хугацааны зүйл л дээ. Зөвхөн би ч биш өмнөх хотын дарга Э.Бат-Үүлийг ч тэгж шүүмжилж байсан. Миний хувьд сэтгэл гаргаад зүтгэхэд асуудал гарах нь бага байна гэж харж байгаа. Яг хуультай зууралдахаас аж ахуйн ажилд гар бие оролцох нь бас их сайхан байдаг юм байна. УИХ-д хууль батлаад байдаг, хэрэгжилт талыг нь бүрэн хянаж чаддаггүй. Энд бол цэвэр гардан хэрэгжүүлж байна. “Шийднэ” гэж шийдвэр гаргасан бол тэр шийдвэр нь удлаа гэхэд сарын дараа ажил хэрэг болж байх жишээний. Гол нь гүйцэтгэл, хурд. Олон хүний амьдралыг эергээр шийдэж байна. Тэр хэрээр бас кайф авна. Хэцүү үедээ бас хэцүү. Нэлээн нервтэнэ.

-Та бид хоёрын ярилцаж байгаа энэ байр одоо Голомт банкны мэдэлд байна уу. Та­най хотын захиргааных уу?

-Шүүх дээр маргаан явж байгаа. Өмнөх удирдлага Голомт банктай  шинэ байр бариулаад тэндээсээ хотын захиргаа тодорхой өрөө эзэмших гэрээ хийсэн байсан. Шүүх дээр нааштай шийдэгдэх болов уу гэж бодож байгаа.

-Та бол хуулийн туршла­гаараа алдахгүй биз дээ. Шүүх дээр?

-Аа, тэгээд нэлээн үзнэ дээ. Ер нь шүүх дээр л очиход одоогийн байдлаар унахгүй л яваад байна. Тэр хэрээр захирамж гаргах бүртээ хуулийн тааас нь алдахгүйн тулд нэлээн сайн хянадаг. Дээр нь, захирамж гаргахад хуулийн зөвлөхийн туслалцаа бас их бий.

-Ярилцлагын төгсгөлд асуухад, та утааны эсрэг тэмцэх зорилгоор гурван ч хатуу шийдвэр гаргасан. Таны хувьд нэг их хий алдаа гаргаж, унах хэмжээний туршлагагүй улстөрч биш шүү дээ. Энэ утгаараа эрсдэ­лээ тооцсон байж таараа, тийм үү?

-Яах аргагүй хатуу шийдвэр. Суурьшлын бүсийг тусгаарлаж, шинээр суурьшихыг, агаарын чанарын бүсэд нүүрс түлэхийг хориглосон. Дээр нь, хотод шилжин ирэхийг хориглочихоор яалт ч үгүй хатуу л даа. Өөрт мэдээж бодол байсан. Гол нь, яг тэр үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрлээ. С.Батболдын захирамж зөв юм байна” гэж хүлээн зөвшөөрснөөр асуудал эерэг хандлага руугаа орсон. Хэрэв Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэгж үзээгүй бол асуудал хаашаа ч эргэж мэдэх л байсан байх. Бас л зориг гаргасан цаг үе шүү.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Momi      ip : 103.9.90.130 2017-08-10 12:34:50
Бусад дарга нараас илүү Батболд захирагч утаан дээр бусдад таалагдахгүй ч шийдвэр гаргаж хотын тэлэлт энэ эмх замбараагүй байсан газар олголт ТҮЦ*ийг цэгцэлсэн хүн шүү дээ. Ямар ч л байсан бусад дарга нараас илүү их ажил хийж байна гэж харж байгаа

Btju      ip : 103.9.90.130 2017-08-10 12:14:50
Энэ хүнийг зурагт радиогоор бага гардаг ямар ажил хийсэн юм бэ гэх мөртлөө зассан зам, нээсэн гудамжаар нь зугаалж чөлөөлсөн замаар нь гэрлүүгээ товчилж харьж байх жишээний хүн муулахаасаа өмнө амьдралд ойрхон ажлууд дээр энэ хүний хийсэн ажлууд их бий амбиц багатай болхоор тв реклам хийлгэж улсын мөнгийг батүүл шиг зүгээр үрдэггүй л хүн дээ

Jagaa      ip : 103.9.90.130 2017-08-10 12:14:34
Хорооллын эцсийн зам маш гоё болсон байна лээ урд нь бол үнэхээр лайны зам нүх тойрч хоорондоо мөргөлдчих гээд байдаг бсан ядаргаатай зам байсан одоо тэрүүгээр явахад амар болсон түгжрэл ч багатай хорооллын ооршин суугчийн хувьд баярлалаа гэж хэлмээр байна

Монгол ялна      ip : 66.181.164.181 2017-08-08 15:02:35
Шинэ юм нэг ч алга дандаа өнгөрсөн 4 жилд төлөвлөсөн байсан ажлууд бна. Нэр ус өнгө будгийг нь өөрчлөөл төсөв өө нэмцэн болохоос ямар ч сонин гойд юм алга даа! Хүний хийж бүтээснийг өөрөө чадахгүй байж гутааж харлуулдаг хөдөө зангаа одоо хүртэл засч чадахгүй байж яаж хотын замыг засна даа

Zochin      ip : 139.59.19.247 2017-08-08 12:10:58
Зөв алхам. Ядаж л хүүхэд багачууд нь айх айдасгүй байг дээ

zaza      ip : 188.166.67.108 2017-08-08 12:08:02
Хотод ганц ажил хийж байгаана хотын дарга. УИХ засгийн газрын гишүүд юу хийж байна. Амаараа худлаа бүлт бүлт том юм ярьж хуулийн өөрчлөлт гэж байхаар хотын дарга шиг нүдэнд харагдахаар ганц ч болтугай ажил хиймээр байндаа эрхэм гишүүдээ.

зочин      ip : 202.9.47.177 2017-08-07 20:43:38
Бат-үүл хогийг бодвол, сэтгэлээсээ хотын төлөө юм хийж байгаа хүн гэж бодoж байна. уул нь би Батболдод дургүй лд, гэхдээ одоо бол дэмжиж байна, сүүлийн 20 жилд энүүн шиг сэтгэлтэй дарга байгаагүй шүү.

Зочин      ip : 188.213.171.174 2017-08-07 12:25:59
Хотын даргаа хашаааны хэдэээ цэгцэлж амжаагүй байж хөдөөнийхөнийг оруулж болохгүй шүү.гэр хорооллыг жинхэнэ утгаар нь дахин төлөвлөж хотыг утаанаас нь салгаарай

Зочин      ip : 139.59.19.247 2017-08-07 12:24:22
энэ хүнийг хөдөөнийх гээл муулаад шүүмжлээд байдаг гэтэл хотын төлөө их ажил хийж байгаа юм байнадаа.Нүдэнд харагдсан олон ажил хийж байна.Монголд ажил хийж байгаа хүн л муу хэлүүлж гүтгүүлж доромжлуулж шүүмжлүүлдэг.танд амжитл хүсье.олон сайхан ажил хийгээрэй

Зочин      ip : 139.59.42.43 2017-08-07 12:06:31
Бат Үүл хотын өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг зардаг новш юмдаа.Одоо байгаа байрыг Голомт банкинд өгөөд оронд нь яг ийм хэмжээтэй байшин Баянхошуунд бариад тэр байшингаа Хотод өгөөд өөрсдөө Хотын төвд байдаг хотын захиргааны байрыг авах гэрээ хийсэн байгаан.Бат Үүл хэдийн авлига авсан болоо? яг Худалдаа хөгжлийн банкны байр шиг юм хийсэн байгаан.талбайн урд талын тэр том цагаан байшин 27 тэрбум төгрөгөөр зарчаад улсад 2 давхарыг нь 28 тэрбумаар зарсан байгаан.яг ийм аргаар Хотын захиргааны байрыг зарсан.Бат Үүл новшоо чи ичиж амьдараарай.ард түмэн чамайг харж байгаа шүү

Зочин      ip : 139.59.156.98 2017-08-07 12:01:35
саяхан гэмтэл орсон тохижилт нь гоё болсон байналээ.бас манай 10-р хорооллын замыг үнэхээр гоё засаж тохижуулж өгсөн шүү.одоо төв цэвэрлэхийн асуудлыг шийдчихвэл та 20 онд дахиад Хотын дарга болно шүү.амжилт

Зочин      ip : 167.114.238.98 2017-08-07 11:59:22
зам чөлөөл аян ёстой гоё ажил болсон.Нийтийн эзэмшилийн газар дураараа хашаа бариж,өргөтгөл хийж,төлбөртэй зогсоол барисан байсаныг болиулж чадсан мундаг ажил байсан шүү

зочин.      ip : 158.69.94.44 2017-08-07 11:57:16
Хөдөөнөөс хүн ирээл дуртай газраа хашаа бариад яндан гозойлгоод байж болохгүй шдээ.Тэгвэл энэ утаа чинь яаж буурахын?! Гэр хорооллын дахин төлөвлөлт ганцхан Бат Үүлийн бандийг эрхлүүлэх ажил байсныг таслан зогсоосонд баярласан шүү

Зочин      ip : 103.75.117.108 2017-08-07 11:49:06
Зөв шдээ.хүн болгон хаа дуртай газраа хашаа хатгаад буугаад байж болохгүй шд.Хотод амьдарч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан зөв шийдвэр гаргасан шүү.Амжилт





(0/800)