Д.Гантулгыг хамгаалсан МАН охид, бүсгүйчүүдийг хамгаалж чадах уу

2017-07-20 11:04:50

УИХ-ын гишүүн Д.Гантулга  С хэмээх бүсгүйг хүчирхийлсэн эсэх тухай маргаан дэгдээд сар орчмын хугацаа өнгөрлөө. Энэ үеэр түүний эгч болох Наранзаяа хэмээх бүсгүй олон нийтээс хамгаалалт, дэмжлэг, тусламж хүссэн. Улмаар энэ хэргийг шалгахтай зэрэгцээд уг хэргийг нуун дарагдуулсан цагдаа, прокурор гээд хууль хяналтынхан гээд цөөнгүй хүн гэмт хэрэгт холбогдож, хэрэг үүрэг болно хэмээн мэдээллэсэн.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга “Хүчингийн хэрэг хийгээгүй. Намайг гүтгэж байна. Ер нь Хан Хэнтий нутгийн улстөрчдийг хүчингийн хэрэгт зохиомлоор гүтгэдэг жишиг байдаг. Энэ дагуу намайг Шадар сайд У.Хүрэлсүхийн нэгэн адил хүчингийн хэрэгт гүтгэж байна. Би тэр айлд хоносон нь үнэн. Өглөө дотуур хувцсаа өмсөөд гарсан” гэдэг хэвлэлийн хурал хийсэн.

Хэдийгээр тэрбээр уг хэргийг хийгээгүй, тодорхой сэдлээр буюу улс төрийн зорилгоор асуудлыг дэвэргэсэн байлаа ч гэсэн энэ нь УИХ-ын гишүүний төдийгүй хувь хүнийх нь тухайд ёс зүйгүй үйлдэл болсон нь мэдээж. Гэр бүлтэй, хүүхэдтэй өрхийн тэргүүний хувьд таарсан болгонтойгоо шоудаж, айлаар хоноод явна гэдэг Д.Гантулга гэлтгүй айл өрхийн тэргүүн бүрийн хувьд яаж ч бодсон сайшаах үйлдэл биш. Улмаар С хэмээх бүсгүйг янхан, бие үнэлэгч мэтээр олон нийтэд харуулахын тулд найз охиноос нь ярилцлага бэлтгэж, цацсан. Сошиалд бүхэлдээ энэ мессежийг тараахыг чухалчилсан. Гэсэн ч энэ бол цэвэр хариуцлага, Монгол төрийн үнэ цэнийн тухай асуудал юм.

Иймд УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх замаар уг асуудлыг шийдвэрлэхгүй энэ хэвээр үлдээвэл МАН, цаашлаад Монголын төр муухай харагдаж таараа. Тэр дундаа Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг баталж, өдгөө мөрдөн хэрэгжүүлэх ажлыг нь шуурхайлж буй энэ үед захын эр хүн УИХ-ын гишүүн Д.Гантулга шиг үйлдэл хийчихээд түүнтэй барьцан өөрийгөө өмгөөлөөд байвал юу болох вэ.

Үүнийг бодож УИХ дахь МАН-ын бүлэг, цаашлаад МАН-ын нийт гишүүд өөрсдийн саналаар УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түтгэлзүүлж, хууль хяналтын байгууллагад үнэн зөвийг нь олох эрхийг нээлттэй үлдээхийг хүсье. Эс бөгөөс МАН-ыг охид бүсгүйчүүдийг хамгаална гэж итгэхэд бэрх болох нь ээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)