Түймэр унтраахад тусалж буй иргэдэд өдрийн 40 мянган төгрөгийн урамшуулал олгоно

2017-07-18 14:17:42

Ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулан эрчимтэй ажиллаж байна. Ням гарагт шуурхай зарласан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гал түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдыг дэмжиж, сайн дураараа нэгдэж буй иргэдэд урамшуулал олгох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт чиглэл өгчээ.

Энэ чиглэлийн дагуу урамшууллын мөнгийг нэг хүнд өдөрт 40 мянган төгрөгөөр тооцон олгохоор боллоо. Уг мөнгийг Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардал буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед ажилгүй иргэдийг дайчилж ажиллуулахад зориулагдаг зардлаас санхүүжүүлэхийг даалгасан байна. Одоогоор нийслэл, есөн дүүрэг, түймрийн голомтот бүс нутаг болох хоёр аймагт нийт тэрбум 59 сая төгрөг хуваарилаад байна. Урамшуулал олгох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан. Үүнээс сүүлийн өдрүүдэд төв суурин газрыг тойрсон түймрийн тохиолдол 20 гаруй гарснаас унтрааж, цурманд оруулж эхэллээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)